С.Одонтуяа: Цэцийн гишүүд хоорондоо нэгдсэн дүгнэлтэд хүрээгүй байхад УИХ дүгнэлтийг хүлээж авсан нь буруу

2012-2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байхад Үндсэн хуулийн Цэцээс маш олон дүгнэлт гардаг байсан. Гэхдээ арай ч өнөөдрийнх шиг ийм улстөржсөн захиалгаар ажилладаг байгаагүй. Цэц өнөөдөр ямар байгууллага болчихсон юм бэ. Монгол Улсын Ерөнхийлөгчий сонгуулийн тухай хуульд зүйл заалт тусгаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг түүхэнд байгаагүй маргаан үүсгэсэн. Энэ нь үүссэн цагаасаа эхлэн дүгнэлт гарах хүртэл бүхэлдээ хууль бус алдаатай байна гэдгийг Цэцэд ажиллаж байсан мэдлэгтэй туршлагатай хуульчид бүгд хэлсэн. Өмнө нь иргэд гомдол гаргахад хуульд зүйлт заалт оруулаагүй нь Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг дээр огт маргаан үүсгэлгүй буцааж байж. Гэтэл өнөөдөр яагаад үүнд маргаан үүсгээд ийм байдалд хүргэв гэдэг сонин байна. Бага суудлын хуралдаанд оролцогч нь өөртөө ашиггүй болохоор нь хурлаа орхиод явчихдаг. Өөрт нь хэрэгтэй болохоор орж ирээд дунд суудлаа даргалчихдаг. Ийм ёс зүйгүй үйлдэл байна. Цэцийн хоёр гишүүн нь ийм хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлэн гомдол гаргаад байхад хүлээж авдаггүй. Цэцийн гишүүдийн ёс зүй, хариуцлага, өргөсөн тангараг хаана байна. Үндсэн хуулийн бүх гишүүд хүлээж аваагүй байгаа дүгнэлтийг УИХ хүлээж авах нь буруу. Тийм учраас энэ хоригийг хүлээн авч хууль зүйн дагуу шийдвэрээ гаргах нь ёстой.

2021-04-29