А.Адъяасүрэн: АН-ын бүлгийн гишүүд цөөдөж байгаа ч шударга ёсны төлөө тэмцсээр байх болно

Өнөөдөр Ардчилсан нийгмийн үнэт зүйл болох шударга ёс, хууль дээдлэх ёс, ёс зүйн тухай ойлголт УИХ-ын энэ танхимд булшлагдаж, үүний гэрч болоод энд сууж байгаадаа харамсаж байна.

Хүмүүнлэг ёс, эрх чөлөөний баталгаа болдог хувь хүний сонгох сонгогдох эрхэнд хуйвалдан халдаж байгаа Ардын намын олонхийн түрэмгийлэлд АНын бүлгийн гишүүд бид үнэхээр хүч мөхөсдөж байна.Хувь хүний сонгох, сонгогдох эрхийг хуульчлан хасдаг байсан дарангуйлалын үеээ санагалзсан Ардын нам. Энэ санаархалаа биелүүлэхэд хэдхэн минут үлдлээ.

Бид үнэхээр цөөдөж байгаа ч Монголын ард түмэн цөөдөхгүй ээ. Тун удахгүй, та бид, Ардын намыг шүүмжилж,эсэргүүцэл илэрхийлснийхээ төлөө хавчигддаг, дарамтлуулдаг он жилүүд эхлэх гэж байна. Ингээд ард түмний үг хэлэх, жагсан цуглах эрхийг ч хязгаарлах болно.

Монголчуудын ярьдагаар өрсөлдөгч нь хүчтэй байх тусам ялалтын алдар суу нь түмний бахархал, түүх судрын чимэг болж дуурсагдаж ирсэн Монгол эрчүүдийн ёс зүй хаачсан юм бэ. Эрх баригчид аа. Аархалаар хүч түрж, монгол төрийн ёс зүйн манаачийн үүрэгтэй цэцийг ёс бус үйлдэлдээ татан оруулснаараа, нийгмийг тогтворгүй байдалд, улс үндэстнээ хагаралд түлхсэн байдал чинь танай намын 100 жилийн намтар дахь түүхэн хар толбуудын тоог улам бүр тодруулан нэмж байна шүү.

АН-ын бүлэг энэ удаад хүчин мөхөсдөж байгаа ч зөв зүйлийн төлөө сөрөг хүчний байр сууриа ахин дахин илэрхийлсээр байх болно.

Иймд энэ танхимаас түрэмгийлэл, мунхаглал зайлж, ардчилал, шударга ёс эргэн ирэх болтугай.

2021-04-29