Коронавируст халдвар, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дүгнэлт

Эрхэм УИХ-ын дарга, гишүүдээ!

Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

Дэлхий дахинаа коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэж, зарим улс орон хүндрэлийг бүх хүчээрээ даван туулж байгаа бол зарим нь халдварын хоёр дахь үе давлагаалж газар авч байгаа хүндхэн цаг үеийг бид туулж байна.

Монгол Улсын хувьд коронавируст халдварт цар тахлыг дотооддоо алдалгүй хяналтдаа авч ирсэнд Монгол Улсын Засгийн газар болон цар тахалтай тэмцэх үйл хэрэгт хүчин зүтгэж буй нийт ажилтан албан хаагчдад, түүний дотроос цар тахлын халдварыг хүний эндэгдэлгүйгээр эмчлэн эдгээж буй эмч, эмнэлгийн байгууллагын албан хаагчдадаа талархал илэрхийлье.

Цар тахал гэдэг бол нэг улсаар тогтохгүй хүн төрөлхтний хэмжээнд аюул занал учруулж, хүний эрүүл мэндээс гадна улс орны эдийн засаг, улмаар нийгмийн байгуулалд хүртэл гай тарьж, мэрэн сүйтгэдэг гамшиг юм. Нэг улс дангаар тэмцэж чадахгүйн нэгэн адил нэг орны Засгийн газар ч дангаар тэмцэх боломжгүй юм. Коронавируст цар тахалтай Монгол Улсын иргэн бүр, байгууллага бүр төрийн хувийн, хэвшил гэлтгүй өргөн хүрээнд хамтран тэмцэх шаардлагатай. Бид цар тахлын эхний тархалтыг амжилттай даван гарсан ч хөрш орнууд дахь нөхцөл байдал, дахин дэгдэлт нь биднийг илүү том сорилтын өмнө авч ирж байгааг мартаж болохгүй бөгөөд илүү өндөр түвшний бэлэн байдлыг зүй ёсоор шаардаж байна.

Улсын Их Хурал /УИХ/ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг үгүйсгэхээс илүүтэйгээр бодит шүүмжлэлийг товчхон дурдахын зэрэгцээ, зайлшгүй чухал зүйлсийг санал болгохыг зорилоо. Цөөнхийн бүлгийн зүгээс хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэн коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн эрх баригчдын өнгөрсөн хугацааны ажлуудад дараах шүүмжийг өгч байна.
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахал дэгдээд бараг бүтэн жил болох гэж байхад бид өнөөдөр бэлэн байдлыг хангах чиглэлээр “ажиллаж эхэлж байгаа”-гаа тайлагнаж байгаа нь хамгийн ихээр сэтгэл түгшээж байна. Ерөнхий сайдын мэдээллээс харахад стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа, нарийвчилсан төлөвлөгөөнд тусгахаар төлөвлөж байгаа, бэлтгэж эхэлнэ, төлөвлөж байгаа гэх мэтээр хэрэгжүүлэх ажлууд ирээдүй цаг дээр дурдагдаж байгаа нь бид өнгөрсөн хугацаанд хөл хорио тогтоосноос өөр стратегигүй явж ирсний илрэл гэж дүгнэхээр байна.

Улс орны нийгэм, эдийн засгийн чухал асуудлууд цар тахлын нөлөөллөөс үл хамааран урт хугацааны бодлогын чиглэл рүү хэрэгжиж байх ёстой атал авч хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлогууд, 2020 оны төсвийн тодотгол, 2021 оны улсын төсвийн төсөл зэрэг нь эрэмбээ зөв тодорхойлоогүй, өрийг нэмэгдүүлсэн, төсвийн алдагдлыг бууруулахгүйгээр зардал хэт өндөр байгаад анхааран дотоод нөөц, үрэлгэн байдалдаа зөв менежмент хийх боломж байхад буруу төлөвлөчихөөд асуудал бэрхшээл бүрийг “Ковид” уруу чихэх нь гарц биш шүү гэдгийг анхааруулмаар байна.

Эдийн засгийн хүндрэлийн үе дэх Засгийн газрын үйл ажиллагаа, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний дутагдалтай асуудлуудад шүүмжлэлтэй хандсан нэгэн рүү хэт эмзэгээр хандаж, “Цар тахлыг улс төржүүлэхгүй шүү” гэх байдлаар хариуцлагаас зайлсхийх нь зөв хандлага биш юм.

Коронавируст цар тахлын үед дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа олон асуудал байгаагаас анхаарал хандуулах нэгэн чухал зүйл бол цар тахлын үеийн хорио цээрийн дэглэм нь Ардчиллын үнэт зүйлсэд заналхийлж, хүний эрх, эрх чөлөөг боомилох, хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах оролдлогууд байгааг Нэгдсэн Үндэстний Байгууллагаас анхааруулах болсон. Ардчилсан Монгол улсын хувьд бидний эрхэмлэн нандигнах зүйл нь ямар ч хүндрэл бэрхшээлийн үед хүний эрх, эрх чөлөөг хамгаалах замаар ардчилсан тогтолцоогоо бэхжүүлэх явдал болохыг УИХ дахь Ардчилсан намын зүгээс онцгойлон мэдэгдэж байна.

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед гадаад дотоодын байгууллага, иргэдээс ирүүлсэн хандив, зээл, тусламж түүний зарцуулалтыг ил тод болгох нь Засгийн газрын үүрэг бөгөөд түүний зарцуулалтад хяналт тавих боломжийг иргэдэд олгох нь зүй ёсны хэрэг гэж үзэж байна. Дотоодод бий болсон хандив, тусламжийн мөнгөөр дунд шатны дарга нар нэгнээ шагнаж, гадаад орны донор байгууллагуудаас өгсөн зээл, тусламжийн хөрөнгийг хэрхсэн нь өнөөдрийг хүртэл нууц байсаар байгаад иргэд бухимдалтай байгаа. Аюулт цар тахалтай тэмцэх үед гавьяа зүтгэл гаргаж буй хүмүүсийг шагнаж урамшуулах нь зүй ёсны бөгөөд гагцхүү шагнал зөв хүндээ хүрч буйд хяналт тавьж дарга нар, улс төрчид нэгнээ шагнаж буй асуудалд хариуцлага тооцох шаардлагатай байна.

Цар тахлын үед тогтоосон хөл хорооны дэглэмийг улс төрд ашиглах, нэг нам жагсаал цуглаан хийхэд үйлчлээд нөгөөд үйлчлэхгүй байх, сургууль сургалтын байгууллагын хаалга бариастай байхад бар караокэг нээдэг байдлаар илт ялгамжтай, оновчгүй зохицуулалт, нугалаа хийгдэж байсныг эргэн хараарай.

Дэлхий нийтийн өмнө тулгараад буй энэ аюулт цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлд бид бүх төвшинд хамтран ажиллах ёстой. Иргэд нь хариуцлагатай, бизнес нь стратегитай, төр нь бодлоготой, гүйцэтгэлтэй, ёс зүй болоод дэг журамтай байж, олон улсын хэмжээнд хамтран ажиллах нь нэн чухал билээ. Монгол улс цар тахалтай тэмцэх бодлого, стратегийг дараагийн шатанд шилжүүлж, илүү өндөр төвшний бэлэн байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн байх ёстой. Гэвч төлөвлөгөөний шатанд яваа энэ үед авч хэрэгжүүлэхүйц саналуудыг хүргүүлж байгааг хүлээн авна уу.

Үүнд:

Нэг. Дотоодод халдвар алдахгүй байх стратеги төлөвлөлтийг үргэлжлүүлэх нь нэн тэргүүний зорилт гэдэгтэй санал нэгдэж байгаа ба энэ хүрээнд Монгол улсад нэвтрэх иргэдийн урсгалд дэвшилтэт технологи, зохион байгуулалттай арга хэрэгсэл нэвтрүүлэх, хүнд суртлыг бууруулахад санаачилгатай ажиллах. Хөл хорио тогтоож буй дэглэм, журмыг олон улсын стандартад нийцүүлэх, тусгаарлах байрны хоногийн тоог 21 хоногоос өндөр түвшний 14 хоногт шилжүүлэх, байр, хоолны чанарт анхаарах,


Хоёр. Цар тахлын үеийн хорио цээрийн дэглэмийн үед хүний эрх, эрх чөлөөг боомилсон арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй байхад онцгой анхаарч нэг талаас иргэний үүрэг, хариуцлагыг ойлгуулах, нөгөө талаас “хорих” бус “сонгох боломж”-ийг түлхүү ашиглах,

Гурав. Дотооддоо халдвар тархаагүй энэ үед дампуурахдаа тулж, ажилчдаа цомхтгон үүдээ барьж байгаа аялал жуулчлал, үйлчилгээний зэрэг бизнесийн салбарт тохирсон оновчтой бодлого хэрэгжүүлэх, дотоодын аялал жуулчлалыг дэмжих, бизнесийг эргэлтийн хөрөнгийн эх үзсвэрээр дамжих замаар орлогыг тогтвортой байлгах, ажлын байрыг хадгалах, төсвийн зардлыг тэлэхээс илүүтэй эдийн засгийг тэлэхэд анхаарах,

Дөрөв. Цар тахлын хөл хорио тогтооход хамгийн ихээр өртөж буй боловсролын салбарт өөрчлөлт шинэчлэлт, дасан зохицох оновчтой бодлогыг цаг алдалгүй авч, бэлэн байдлын зэргийг нэмэгдүүлэхийн сацуу, онлайн сургалтын үр дүнтэй хувилбарыг сонгох, цахим технологийн шилжилт хийх,

Тав. Цар тахалтай тэмцэж буй салбар, нэгжүүд, түүний дотор эмнэлгийн байгууллагуудын байр, техник хэрэгслийг сайжруулах, эмч, эмнэлгийн ажилтнуудыг сургах, бэлтгэх, эмнэлгийн чанар хүртээмжийг дээшлүүлэх замаар бэрхшээлийг боломж болгон ашиглаж, цар тахлын халдвартай амжилттай тэмцэх, цаашид Ковидын дараах үед эрүүл мэндийн гарах урсгалыг орох урсгал болгох чадавхтай салбар болгоход Ковидтой тэмцэхэд өгч буй гадаадын орнууд, донор байгууллагуудын зээл, тусламжийг бодлогоор чиглүүлэх,

Зургаа. Ерөнхий сайдын мэдээллээс харахад манай улсын хүн амын дунд халдвар тархаж, 1 хувь буюу 32,000 хүн халдварт өртвөл түүний 4.935 хүний биеийн байдал хүндрэх, 1.645 хүний биеийн байдал маш хүнд эрчимт эмчилгээнд орохоор байгааг дурджээ. Гэвч төлөвлөлтөөр орны тоо яригдсанаас бус эрчимт эмчилгээний тасаг, тэнд шаардлагатай амьсгалын аппарат зэрэг нэн чухал төхөөрөмжүүдийн бэлтгэл хангалтгүй байгаад анхаарч шийдвэрлэхгүй бол хоосон ор цар тахалтай тэмцэхгүй болохыг анхааруулъя. Ковид-19-ын вакцинд хэт найдлага тавин хүлээлт үүсгэхгүйгээр ХӨСҮТ, Зоонозын өвчин судлалын төвийг мэдрэг чадвар өндөртэй, илүү хурдан оношлох коронавирусын оношлуураар бүрэн хангаж бэлтгэх ажлыг нэн тэргүүнд зохион байгуулах шаардлагатай байна.

Коронавируст халдварт цар тахалтай тэмцэх үйл хэрэгт Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь шат дараалсан улс төрийн сонгуульд бус иргэдийнхээ эрүүл мэнд, эдийн засгийн боломжийг хамгаалахад чиглэх ёстойг ч энэ ташрамд дурдъя.

Нийгмийн аль ч цаг үед олон нийтийн хараа хяналтыг алдагдуулахгүй байх, иргэдийн мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилохгүй, хөл хорио, тусгаарлалтын дэглэм нэрээр хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлахгүйгээр хамтран ажиллаж, цар тахалтай бүх нийтээр тэмцэхэд бодлогын гол цөмийг чиглүүлэхийг эрх баригчдад уриалж байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс коронавируст цар тахалтай тэмцэх, түүний нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахтай холбоотой Засгийн газрын аливаа бүтээлч үйл хэргийг дэмжин, зөв чиглүүлэхэд санаачилгатай, хяналттай ажиллах болно.
Улс орон амар амгалан, иргэд маань энх тунх байх болтугай.

 

Анхаарал хандуулсанд баярлалаа.

УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ