Ардчилсан намын бүлгээс 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн санал дүгнэлтийг уншиж танилцууллаа

.

Moнгол улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн талаарх УИХ дахь Ардчилсан намын бүлгийн санал, дүгнэлт

 

 

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг нягт нямбайгаар судалж хэлэлцээд улс орон, ард иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг үндэс болгон гаргасан дүгнэлтээ танилцуулж байна.

2020 оны эхнээс гадаад зах зээлийн эрэлт буурсантай холбоотойгоор түүхий эдийн ханш буурч манай улсын хувьд эдийн засаг хүнд байдалд орох нь тодорхой болсон юм. Тухайн үед Ардчилсан намын зүгээс цаг алдалгүй төсвийн зарцуулалтын бүтцээ өөрчилж, элдэв төсөл, хөтөлбөрт зарцуулахаар төлөвлөсөн санхүүжилтээ эрэмбэлэн ялгаж, төсвийн тодотгол хийх ёстой гэдгийг удаа дараа анхааруулж, сануулж байв.

Гэтэл Монгол улсын Засгийн газар “Төсвийн тодотгол хийх шаардлага байхгүй. Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд маш ихээр сайжирсан” гэж иргэд, сонгогчдоо хууран мэхэлж байсан нь хэдхэн сарын өмнө билээ. Монголын төр иргэддээ үнэн бодит мэдээлэл өгөх үүрэгтэй. Сүүлийн арван жилийн турш Монгол улсын ДНБ үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгөөр өсөж буйг шагшин магтаж ирлээ.

Гэвч үнэн хэрэгтээ бодит өсөлтгүй 10-12 тэрбум ам.долларт эргэлдсээр удаж байна. Нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээг валютаар тооцвол өсөх биш харин ч буурсан дүр төрхтэй гарна. Ядуурал, ажилгүйдлийн тоо ч буурахгүй байна. Арван жилийн өмнө 30 орчим хувьтай байсан ядуурлын хэмжээ хөөсөрсөн эдийн засаг, байгалийн болзошгүй хүчин зүйл, урагшгүй эрх баригчдын үйл ажиллагаанаас шалтгаалан Монгол улсын хоёр иргэн тутмын нэг нь ажилгүйдэл, ядууралд өртөх нөхцөл байдалд орж магадгүй байгаагаа иргэдээсээ нуух шаардлага огт байхгүй.

Засгийн Газар энэ оны 03 дугаар сарын 27-ны өдөр ээлжит бусаар хуралдан эдийн засгийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх долоон арга хэмжээний талаар гаргасан шийдвэр нь хувийн хэвшлийн бизнес эрхлэгчдэд дорвитой дэмжлэг болж чадаагүйгээр үл барам эдийн засгийн идэвхжил буурч, авч хэрэгжүүлсэн нийгмийн халамжийн арга хэмжээнүүд нь зөвхөн сонгуулийн санал авахад чиглэгдсэн нь ийнхүү улс орны эдийн засгийг “элгээр нь хэвтүүлэх”-ийн эхлэл байжээ.

Монгол улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлд “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж төрийн үүргийг тов тодорхой зааж өгсөн байдаг. Энэ чухал үүргийг биелүүлэхийг шаарддаг “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулийн тусгай шаардлагын үйлчлэлийг түдгэлзүүлэх тухай хуулийн төслийг олонхийн Засгийн газраас оруулж ирснийг Ардчилсан нам хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Ийнхүү Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдал 2020 онд байгуулагдсан шинэ парламентын өнгөн дээр улам хэврэгшиж эхэллээ.

Монгол улсын 2020 оны төсөвт 1.8 их наяд төгрөгөөр санхүүжүүлэх дүн бүхий 1293 төсөл арга хэмжээг хийхээр төлөвлөснөөс дөнгөж 134 төсөл арга хэмжээг хассан нь ерөнхий дүнгээрээ ердөө 53.9 тэрбум төгрөг болж байгаа нь төсөв тодотгох шалтгаан огт биш. Гэтэл төсвийн алдагдал 4.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 12.5 хувьтай тэнцэхээр оруулж иржээ. Энэ нь манай улсын валютын ханш, зээлжих зэрэглэл, хөрөнгө оруулалтад сөргөөр шууд нөлөөлөх нь гарцаагүй юм. Засгийн газрын 2020 оны төсвийн жилд нэмэгдүүлэх өр болон өрийн баталгааны дээд хэмжээг 4 их наяд 850.5 тэрбум төгрөг болгон даруй 2 их наяд 715 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь ганцхан жилийн хугацаанд 1.7 тэрбум ам.долларын өр үйлдвэрлэх асуудлыг Улсын Их Хурал дээр шийдвэрлэж байна.
Монгол улсын эдийн засаг түүхэнд байгаагүйгээр агшив

Эрх баригчид 2016 оны II улиралд 1.4 хувийн өсөлттэй эдийн засгийг хүлээж аваад өнгөрсөн дөрвөн жилийн турш "болохгүй, бүтэхгүй" гэж байнга гоншигнож ирлээ. Гэтэл 2020 оны 2-р улиралд эдийн засаг хасах 9.7 хувьд хүрч, Монгол Улсын сүүлийн гучин жилийн түүхэнд байгаагүй огцом уналт хийгээд байна. Ийм гамшигт байдалд хүргэхэд МАН-ын олонхийн Засгийн газрын “бай”-гаа оноогүй, асуудлаа зөв эрэмбэлээгүй төсөв, сангийн болон мөнгөний бодлого нөлөөлснийг энд нурших илүүц биз ээ.

Асар их хэмжээний төсвийн алдагдалтай он жилүүд үргэлжилж байна

2016 оны Улсын Их Хурлын сонгуулиар үнэмлэхүй олонхи болсон МАН-ын парламент өнгөрсөн дөрвөн жилд баталсан төсвийн алдагдал 4 жилийн нийлбэр дүнгээрээ 9 их наяд төгрөг болсон.Тэгвэл өнөөдөр өргөн барьж буй төсвийн тодотголд Нэгдсэн төсвийн тэнцлийг бас дахин 2 их наяд 771 тэрбумаар нэмэгдүүлж орж ирснийг нийт татвар төлөгчид уучлахгүй нь мэдээж. Ердөө дөрөвхөн жилийн өмнө Монгол гэдэг айлын төсвийн зарлага 6-7 их наяд төгрөгийн хэмжээнд тогтвортой эргэлдэж байсан бол 2020 оны төсөвт 13 их наяд 872 тэрбум төгрөгт хүрч хоёр дахин данхайгаад байна. Өргөн барьсан тодотголд дахин 704 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж орж ирлээ. Баялаг бүтээгч аж ахуй нэгж, иргэдийн хөлс хүчээ шавхан байж төлсөн татварын хөрөнгийг дарга нарын тансаглалд “цоорхой сав” мэт урсгаж байгааг зогсоох шаардлагатай байна.

Монгол Улсын гадаад өр дефолт зарлах хэмжээнд очлоо

Монгол Улсын нийт өр 2016 оны зургадугаар сарын 30-ны өдөр 24 тэрбум 260 сая ам.доллар байснаа 2020 оны гурван сарын 31 байдлаар 30 тэрбум 461 сая ам.долларт хүрч зөвхөн дөрөвхөн жилийн хугацаанд 6 тэрбум 201 сая ам.доллар буюу бараг 18 их наяд төгрөгөөр өссөн байна. Энэ нь та бүхнийг шүүмжлэх дуртай Чингис бондыг 4 дахин нугалах мөнгө. Ийм их хөрөнгөөр иргэдийн хамгийн их зорчдог Дархан-Улаанбаатарын хатуу хучилттай гол замыг там болгожээ.

Засгийн газрын нийт өр 1991-2016 онуудад 4 тэрбум 785 сая ам.доллар байсан бол 2020 оны эхний улиралд  7 тэрбум 235 сая ам.долларт хүрч даруй 2 тэрбум 400 сая ам.доллараар нэмэгдлээ. Ийм их хэмжээний өрийг өмнө нь аль ч Улсын Их Хурал, Засгийн газар үйлдвэрлэж байсангүй. Өрөөр хамгийн их улс төрждөг улс төрийн хүчин өнөөдөр монгол улсын эдийн засаг, тусгаар тогтнолын аюулгүй байдалд бодитойгоор аюул занал учруулах хэмжээний өртэй болгожээ.

Валютын ханш тэнгэрт хадлаа

Монгол улсын нийт импортын 70 хувийг ам.доллараар хийдэг ба хэрэглээний сагсны 40 хувь нь импортын бараа байдаг. Тиймээс ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн чангаралтаас шалтгаалж өргөн хэрэглээний барааны үнэ өсч, улмаар иргэдийн амьдралд хүндээр нөлөөлж, ажилгүйдэл, ядуурлыг улам ихэсгэж байна. Ам.долларын  төгрөгтэй харьцах ханш Монгол банкны мэдээгээр 2020 оны 8 сарын 26 өдөр 2,852 төгрөгт хүрч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд даруй 1000 төгрөгөөр нэмэгдээд байна. Ам.долларын ханшны чангаралт бизнес эрхлэгчид, төдийгүй айл өрх бүрийн амьдралд асар хүнд дарамт болж байна.

Дэлхий Монгол улсыг ингэж дүгнэж байна

Өнгөрсөн дөрвөн жилд манай улс дэлхийд байж болох эдийн засгийн бүх хоригт орж дэлхийн улс орнуудын сүүлийг мушгижээ. Ийм шившигт байдалд зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш орж байсангүй.

-      2017 оны 12 сарын 5 өдөр: Европын Холбооны Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалтад оров.
-      2019 оны 10 сарын 18 өдөр: Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх ФАТФ-ын Саарал жагсаалтад оров.
-      2020 оны 5 сарын 7 өдөр: Европын Холбооны Хар жагсаалтад орсны үр дагавар аж ахуй нэгж, ард иргэдийн нуруун дээр даашгүй хүнд ачаа болж нэмэгдлээ. Ийм хүнд байдалд орсноор нэмэгдсэн эдийн засгийн бүхий л дарамт зөвхөн иргэд, аж ахуй нэгжийн нуруун дээр ирсэн.

Ирэх дөрвөн жилд Засгийн газар, гадаад бондын 2.9 тэрбум ам.доллар, Монгол банкны своп, бусад төрийн болон төрийн бус компаниудын 11 орчим тэрбум ам.долларын гадаад өрийг төлөх үүрэгтэй. Ийнхүү Монгол улс гадаад өрөө төлж чадахгүй дефолт зарлах хэмжээнд ойрхон очоод байна.

Өнгөрсөн гурван жилд уул уурхайн бүтээгдэхүүний ханш хэд дахин өсөж, ОУВС-ын хөтөлбөрийн хүрээнд гадаадын донор улс орон болон санхүүгийн байгууллагуудаас их хэмжээний валют манай улсын эдийн засаг орсон таатай үед Монгол Улсын эдийн засаг огцом агшиж, төсвийн алдагдал хэдэн их наядаар нэмэгдэн архагшиж, төсвийн зарлага хоёр дахин данхайж, гадаад өрөнд живж, валютын ханшаа алдаж эдийн засаг дампуурсныг дээр дурдсан эдийн засгийн макро үзүүлэлтүүд харуулж байна. Олон улсын санхүүгийн байгууллагууд ч ийм дүгнэлт хийж байна. Зах зээлийн нийгэмд шилжсэн гучин жилийн түүхэнд Монгол Улсын бие даасан эдийн засгийн дархлаа ингэж сульдаж, доройтож байсангүй.

Төсвийн тодотголоор төсвийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн идэвхжлийг дэмжих, дундаж давхаргаа хамгаалах, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой байв. Таван толгой, Оюу толгой, Эрдэнэтийн томоохон төслүүдийг урагшлуулж Экспортыг эрс нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх бодлогыг нэн яаралтай эрчимжүүлэх шаардлагатай байна.  Мөн ХАА-н салбарын түүхий эдийг боловсруулах нэмүү өртөг шингэсэн төслүүдийг цогц байдлаар хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тухайлбал, коксжих нүүрс, төмрийн хүдрийг түүхийгээр нь экспортлохын сацуу ширэм, ган боловсруулах цогцолбор барьснаар эдийн засгийг дахин тэлэх боломжийг ашиглах шаардлагатай байгааг эрх баригчдыг мэдэж байгаа гэдэгт итгэж байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Засгийн газраас өргөн барьсан “улс орон, бизнес эрхлэгчдээ дампууруулж, ард түмнээ ядууруулах” төсвөөсөө цаашид татгалзаж, ирээдүйн зөв суурийг эхлүүлэх төрийн бодлоготой, тооцоо судалгаатай алдагдалгүй төсөв батлахыг шаардаж, бас уриалж байна. Монгол улсын эдийн засаг хүчирхэг байх нь Монгол улсын эрх ашигт нийцнэ. Төр бизнестэй хутгалдах биш харин хувийн хэвшлээ дэмжиж чөлөөт зах зээлийг тууштай дэмжих бодлого гаргаж байх ёстой гэдгийг дахин сануулъя.

Анхаарал тавьсанд баярлалаа.
 
УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ

2020-08-27