Ардчилсан намын бүлгээс өгөх дүгнэлт

 

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслүүдэд Ардчилсан намын бүлгээс өгөх дүгнэлт

УИХ-ын дарга, эрхэм гишүүдээ. 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямрал, 2013–2015 оны түүхий эдийн үнийн шокийн нөлөөллөөс бүрэн гүйцэд ангижраагүй байхад 2020 онд цар тахал тархаж дэлхий нийтэд тэр тусмаа манай улсын нийгэм, эдийн засагт хүнд цохилт ирсэн. Мөн Украйн ОХУ-ын хооронд өрнөж буй дайн улаан буудай, бордоо, түлш шатахуун, эрчим хүчний бүтээгдэхүүний үнэ ханш өслөө. Энэ бүхэн та биднийг уруудсан бизнес, унасан цалингаа “өсгөх”, өссөн инфляц, буцалсан үнийн өсөлтийг буулгах томхон сорилттой нүүр тулгаж байна. Гэвч Монголын Засгийн Газрын төсөв, мөнгөний бодлого ямар хэмжээнд байгааг илүүц олон үггүйгээр үнийн өсөлт, төгрөгийн ханшийн сулралаас харж болно. Инфляц гуравдах жилдээ хоёр оронтой тоонд үргэлжилж өрхийн бодит орлого буурлаа. Монгол улс дундаж давхаргагүй Африк, Латин Америкийн буурай орнуудын эгнээ рүү эрчимтэй алхсаар байна. Манай улсын бүтээмж удааширч, уул уурхайгаас улам бүр хараат болж, нийгэмд тэгш бус байдал гаарч, халамжийн орон боллоо. Гэтэл өнөөдрийг хүртэл эрх баригчид инфляц өсч, иргэдийн цалин, орлого, тэтгэвэр үнэгүйдэж буйн үндсэн шалтгааныг “оношилж” чадаагүй байгаа нь өргөн барьсан тодотголоос тодорхой харагдаж байна. Инфляц бол “төрийн үл үзэгдэх татвар”. Төрийн буруу бодлогын үр дүн инфляцаар хэмжигддэг. Өнгөрсөн жилүүдэд хурдтай тэлсэн төсвийн хажуугаар тооцоо судалгаагүй 15.1 их наядын хоёр ч хөтөлбөр хэрэгжсэн ч өнөөг хүртэл тайлангаа тавьсангүй. Ковидын үед “иргэдийнхээ эрүүл мэнд, улсынхаа эдийн засгийг хамгаал”, гэж донор орнууд, олон улсын санхүүгийн байгууллагууд нэг тэрбум ам.доллар буюу бараг 3 их наяд төгрөгийн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл өгчээ. Эрдэнэт үйлдвэр нэг их наяд төгрөг, Оюу Толгой ХК-ний арбитрын шүүхийн барьцааны 1.2 их наяд төгрөгөө хандивласан. Аж ахуй нэгжүүд ч зүгээр суугаагүй. Өөрөөр хэлбэл, манай Засгийн газар дэлхийн бусад улсуудтай харьцуулахад хангалттай хэмжээний хөрөнгө “Ковидтой тэмцэх”-д зарцуулсан ч үр дүн нь үлэмж хангалтгүй байгааг албан статистикаас ч, иргэдийн амьдралаас харж болохоор байна. Зах зээл дэх мөнгөний нийлүүлэлт 2016 оны 2-р улиралд 11 их наяд байсан бол өнөөдөр 30 их наяд болж гурав дахин өсжээ. Гэтэл сүүлийн арав гаруй жилд манай ДНБ монгол төгрөгөөр өссөн дүнтэй харагдавч ам.доллароор 13-15 тэрбумд эргэлдэж царцсан хэвээр л байна. Их наядын хөтөлбөрүүдийн үр дүн хангалтгүй байсныг олон зуун аж ахуй нэгж хаалгаа барьж, ажилгүй, орлогогүй ядуусын эгнээ өргөжсөнөөс харж болно. Ид ажиллах насны залуучууд гадаад руу бөөн бөөнөөрөө тэмүүлж, Монгол улсын 3 иргэн тутмын 2 нь ажилгүй, орлогогүй банаа гэдэг нь дэндүү харамсам үзүүлэлт. Өнгөрсөн хоёр жилд өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ гэрлийн хурдаар өсч, эдийн засаг хүндэрсэн шалтгааныг эрх баригчид зөвхөн цар тахлаас болсон, улс орон бүр ийм хүнд байгаа мэтээр ойлгуулахыг хичээж байна.. Инфляц өрхийн орлогоос 14 их наяд төгрөг “хумсалсан” гэж Монголбанкны удирдлага УИХ-ын Эдийн Засгийн Байнгын Хорооны хурал дээр мэдэгдсэн. Энэхүү алдаагаа засахаар төсвийн орлого, зарлагыг тус бүр 1.8 их наяд төгрөгөөр өсгөх төсвийн тодотгол өргөн барьсан нь ардаа урхаг ихтэй бодлогын томоохон алдааны эхлэлийг тавьж магадгүй байгааг Ардчилсан намын бүлгээс анхааруулж байна. 2023 оны төсөв анх “Халамжаас хөдөлмөрт” гэсэн хачин гоё уриа, лоозонтойгоор өргөн баригдаж, батлагдсан. Гэвч өдөр өнгөрч, цаг явахын хэрээр өнөө хөдөлмөрт шилжих, бизнесийг дэмжих уриа маань сонсогдохоо больж, халамж, тэтгэмжийг нэмэх, өргөтгөх санаачилгуудад дарагдлаа. Халамжаас хөдөлмөрт шилжинэ гэсэн бодлогоо Монгол Улсын Засгийн Газар хаана гээчихэв ээ. Бүтээмжийг урамшуулах, бизнесүүдийг дэмжих бодит санал, санаачилгуудыг ярихаа болиод удлаа. Уул уурхайгаас бусад бизнесийнхнийг дэмжих, тэр бүр хэл тэдний асуудлыг анхааран сонсдог нь ч орхигдлоо. Үр дүнд нь халамж хавтгайрч, ажилгүйдэл нэмэгдэж, залуус гадагшаа дүрвэж байна. Мөн хүүхдийн мөнгийг зорилтод өрхүүдэд олгоно, энэ бол халамж гэж Засгийн Газраас зарласан. Гэвч жил хагасын дараа хүүхдийн мөнгийг хавтгайд нь олгох нь зөв юм байна гэж дүгнэснээ энэхүү тодотголоор харуулж байна. Одоо та бүхэн хүүхдийн мөнгө гэдэг чинь халамжийн бодлого юм уу? хүн амыг өгсгөх, байгалийн баялгаас иргэддээ, ирээдүйдээ тэгш хүртээж буй бодлого юм уу? гэдэгтээ тодорхой хариултаа өгөх цаг нь болжээ. Хэрэв халамж юм бол, одоогийнх шиг халамжийн сангаас олгох юм бол Монголын бүх хүүхэд халамж авах, хүртэх нөхцөлд аж төрөн суугаа гэсэн үг үү? 2023 оны эхний 6 сарын байдлаар 25.8 сая тонн нүүрс өндөр үнээр экспортолж төлөвлөгөө давж биелсэн, энэ байдлаараа энэ жилийг давж 50 сая тонн нүүрс экспортолно гэж Засгийн Газар үзжээ. Тийм гүйцэтгэл гардаг бол тун сайн. Гэтэл өнөөдөр Хятадын Циньхуандао боомтод нэг тн нүүрс 108 ам.доллароор зарагдаж байгаа бөгөөд ойрын хугацаанд 85 ам.доллар хүрч буурах талаар Хятадын шинжээчид анхааруулж байна. Хятад жилдээ ойролцоогоор 70-80 орчим сая тн коксжих нүүрс импортоор худалдаж авдаг. Тэд мөн өнгөрсөн 4 дүгээр сарын 1-нээс коксжих нүүрсэндээ 3 хувийн импортын татвар авч эхэлсэн бөгөөд 2020 онд Австралийн коксжих нүүрсэнд тавьсан хориг цуцалсан. Нэмээд ОХУ болон Индонез улс коксжих нүүрсийг асар их хэмжээгээр нийлүүлэх төлөвлөгөөтэй гарган идэвхийлэн ажиллаж байна. Энэ бүхэн Монгол улсын коксжих нүүрсний борлуулалт удахгүй саарах өндөр магадлалтайг харуулж байна. Төсвийн орлого их наяд давж өссөн нь тодотгол хийх нэгэн шалтгаан болохыг ЗГ тодотгожээ. Харамсалтай нь, энэ бол бодит өсөлт биш үнийн өсөлтийг дагаж “инфляцын татвар” нэмэгдсэн л үзэгдэл. Өөрөөр хэлбэл, импортоор оруулж ирдэг хүнс валютын ханшаас шалтгаалж үнэ нэмэгдэхэд НӨАТ болон бусад татварын хэмжээ өсч, “татварын хөөс” үүссэн гэдгийг тэд хэлэхгүй байна. Төрийн албан хаагчдын цалин болон ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг нэмснээр цар тахлын хүндийг арай ядан туулсан олон мянган хувийн хэвшлийнхэн дахин цалингаа нэмэхийн тулд үнээ өсгөх эсвэл хаалгаа барих хоёр сонголтын нэгийг сонгох хүндхэн шийдвэртэй нүүр тулж байна. Цалин тэтгэвэр, тэтгэмж нь сар бүр тогтмол гарах зардал. Харин түүхий эдийн ханш тогтмол өндөр ханштай байдаггүй. Нүүрсний үнэ унавал гаднаас зээл авч төсвийн алдагдлаа нөхөхөөс өөр арга байхгүй. Гэтэл Засгийн газрын гадаад өрийн тааз тулчихсан байдаг. Валютын ханш чангарвал гадаадын хөрөнгө оруулалт ч буурна. Ийнхүү инфляц нэмэгдэж, монгол төгрөгийн ханш сулрах “чөтгөрийн тойрог” руу гулсан орон эрсдэл төсвийн тодотголын цаана нуугдаж байгааг хэлэхгүй өнгөрч боломгүй байна. УИХ дахь Ардчилсан намын гишүүд цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхийг огтхон ч эсэргүүцээгүй. Харин Засгийн газрын бодлого ихээхэн эрсдэл дагуулж буйг анхааруулж байна. Засгийн газар гоё ганган уриа лоозонгоор хөөцөлдөх бус төсөв, мөнгөний бодлогоо зөв удирдах, буруу шийдвэрүүдээ засаж залруулах, хямралд сөхөрсөн аж ахуй нэгжүүдээ дэмжих, гадаад өрийн хэмжээгээ багасгах, үнэ тогтворжуулах тооцоо судалгаатай бодит ажил хийх шаардагдаж байгааг Ардчилсан намын бүлэг дахин анхааруулж байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа

2023-06-15