Мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэлд хийх УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дүгнэлт

Мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэлд хийх УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дүгнэлт УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ! Монгол Улсын Засгийн Газар “асуудлын араас хөөж, эрсдэлтэй нөхцөл үүссэн хойно нь онцгой байдлын арга хэмжээ авдаг” хуучирсан арга барилаасаа салах шаардлагатай байна. Засгийн газар татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулж, тогтвортой хөгжлийн суурь асуудлуудад хөрөнгө оруулах үүрэгтэй. Хөдөө аж ахуй /ХАА/-г байгалийн эрхшээлээс үл хамаарсан бодлого руу чиглүүлж, улмаар инноваци суурьтай, ухаалаг шийдэлтэй, тогтвортой хөгжил рүү тэмүүлэх ёстой. Гэвч ХАА-н салбар “хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх” арга ядсан байдлаасаа салахгүй зууралдсаар… Өнгөрсөн өвөл Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь зэрэг 11 аймгийн 90 гаруй суманд өвөлжилт хүндэрч, зудын байдлаас хаврын хавсаргатай золголоо. Багагүй хэмжээний мал хорогдож, малчдын аж амьдралд хүндээр тусаж байна. Жишээлбэл, Баянхонгор аймагт 2019 оны мал тооллогоор 5.9 сая мал тоологдсон бол, 2020 оны мэдээгээр 3.8 сая мал тоологдож 36%-иар буурсан байна. Он гарснаас хойш өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс хамаарч малын зүй бус хорогдол улам нэмэгдэж байгааг Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам анхааралдаа авч алсыг харсан оновчтой арга хэмжээ авах шаардлагатайг илтгэж байна. Засгийн газар гамшигтай тэмцэх чиг үүргээсээ давж алсыг харахгүй бол улсын төсвийн хөрөнгийг жил бүр үр ашиггүй зарцуулдаг социалист арга нь улам даамжирсаар байна. Улмаар төсвөөс хальж, гадаад орны зээл тусламжийг төсвийн алдагдал нөхөх, бодлогын алдааг халхлахад ашиглах боллоо. Тухайлбал, мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхээр олгосон Дэлхийн банкны санхүүжилтийн зориулалтыг нь өөрчлөн малын өвс тэжээлд зарцуулж байгаа нь эрх баригчдын бодлого байгаа онохгүй гажсаныг харуулж байна. Түүгээр ч зогсохгүй, дотоодын өвс тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлэх, тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх, малын тэжээл тариалах малчид, хувийн хэвшлийг бодлогоор дэмжихийн оронд мал, амьтны бүх төрлийн тэжээл, өвсийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь түр аргацаасан шийдвэр төдийгүй, энэ жилийн дотоодын малын тэжээлийн тариалалт, борлуулалтад сөрөг нөлөө үзүүлэхээр байгааг анхааруулъя. Малын зүй бусын хорогдлоос илүүтэйгээр гантай зунаас хамаарч өвлийг давахгүй болсон малаа эрт нядалж, чанар муутай мал нь зах зээлд борлогдохгүй, орлого нь буурч, зардал нь өссөн малчид тэжээл худалдан авах мөнгөгүй сөхөрч эхлээд байна. Эл байдал социалист нийгэмд ч байсан, өнөөдөр ч байсаар байгаа нь 1921 оны хувьсгалаас хойш 100 жилийн 92-д нь засагласан эрх баригч намын үнэн төрх гэлтэй. Мал аж ахуйн салбарт буруу бодлого баримталж чанар бус тоо хөөсөн бодлого оршсоор байна. “Асуудал байгаа нь ашигтай” хэмээн зовлон дээр зоолох аргаасаа яаралтай ангижрах болсныг цөлжилт, ХАА-н салбарын хөгжлийн зогсонги үзүүлэлтээс харж болно. 2020 оны байдлаар 411.1 мянган тонн улаанбуудай хураан авсан нь нийт хэрэгцээт улаанбуудайн 83%-ийг хангасан. Гэсэн атлаа ОХУ-аас 156.2 мянган тонн улаанбуудай импортоор нийлүүлсэн нь нийт хэрэгцээт улаан буудайн 32%-тай дүйцэхүйц байна. Энэ нь нэг талаас хэт илүүдэл бий болгосон эс бөгөөс ургац хураалтын мэдээг худлаа гаргаж дутсан хэрэгцээгээ импортоор нөхсөн үзүүлэлт гэж харагдаж байна. Дээрх үзүүлэлтээс харвал улсын дунджаар 1 га-гаас 1 тонн буюу 10-хан центнер ургац хураан авсан нь га тутмаас 60 орчим центнер ургац авдаг зарим аж ахуйн нэгжтэй харьцуулахад 6 дахин доогуур үзүүлэлттэй байгаа нь технологийн дэвшлийн эрин үед нэн хангалтгүй үзүүлэлт юм. Нэгж талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх, үр тарианы чанар, соортыг сайжруулах, усалгаатай тариалалтыг эрчимжүүлэх зэргээр тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэхийн оронд тариалах талбайн хэмжээг нэмэгдүүлэх замаар өрсөлдөөнд тулгуурласан бус зорилтот тоонд хүчээр хүрэх төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн балансын арга үйлчилсээр байгаа нь харамсалтай. Нэмүү өртгийн сүлжээ бол анхдагч үйлдвэрлэгч болсон малчид, тариаланчдыг чадавхжуулах, нэгж мал, нэгж талбайгаас авах ашиг шимийг дээшлүүлэхэд хэрэгжүүлэх бодлого байх ёстой. Улмаар боловсруулах үйлдвэрлэл, тээвэр логистик, худалдааны салбарыг уялдуулах, кластераар төрөлжүүлэн хөгжүүлэх явдал. Гэтэл улс төрөөс хамаарсан удирдлагатай, төрийн өмчит компанийг олшруулснаар 10 их наядаар хэмжигдэх өртэй, өрсөлдөх чадваргүй ТӨК-ийн тоо төдий хэмжээгээр нэмэгдэж төсөвт дарамт үүсгэж, Засгийн газрын өрийг нэмэгдүүлэх болохыг эрх баригчид ойлгож байгаа хэрнээ өөрчлөхийг хүсэхгүй байгаа нь харамсалтай байна. Бизнес болон хөгжилд оруулах төрийн оролцоо нь өөрсдөө бизнес хийх бус, бизнесээ явуулах боломж, орчин нөхцөлийг бүрдүүлэх зөв бодлого гэдгийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс зөвлөж байна. Эрх баригчдын өнөөдрийн байгаа байдал та бүхний тодорхойлсон алсын хараатай нийцэхгүй байна гэж Ерөнхий сайд таны хийсэн өнөөдрийн мэдээллээс дүгнэлээ. УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ

2021-03-19