Үе үеийн АН-ын бүлгийн гишүүдийн уулзалт болов

.

      УИХ дахь Ардчилсан намын бүлэг 2008 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан намын гишүүдийнхээ хүрээнд чөлөөт уулзалт зохион байгуулав. Уулзалтаар Ардчилсан намын өнөөгийн нөхцөл байдлын талаар санаа бодлоо солилцож, цаашид харилцан ойлголцох, нэгдэж нягтрах гарц шийдлийн талаар ярилцлаа.

Уулзалтын үеэр Намын бүлгийн дарга Д.Ганбат “Ардчилсан намд бий болоод байгаа үл ойлголцлыг нэг тийш болгож, харилцан ойлголцоход УИХ дахь Ардчилсан намын бүлэг санаачилга гарган, эвлэрүүлэх оролдлогууд хийж байна. Бидэнд та бүхний зөвлөмж, санал бодол тун чухал байна. Та бүхэн бол хууль тогтоох байгууллагад намаа төлөөлөн ажиллаж байсан үе үеийн төлөөллүүд учраас энэ намын хувь заяатай салшгүй холбоотой хүмүүс билээ. Тийм учраас та бидний оролцоо, зөвлөмж энэ намыг авч явах залуус, дараа үеийнхэнд чухал ийм түүхэн цаг үе иржээ.” хэмээн онцлов.

Уулзалтад ирсэн намын гишүүд намын эв нэгдлийг хангуулах чиглэлд санаачилгатай ажиллаж байгаа УИХ дахь Ардчилсан намын бүлэгт талархал илэрхийлэхийн зэрэгцээ, гишүүн бүрийн оролцоо, сэтгэл, үзэл баримтлал дээрээ нэгдэх итгэл үнэмшил чухал болох талаар санал, зөвлөмжөө өгч, дор бүрнээ санаа бодлоо илэрхийлцгээв.

2021-03-18