10 их наядын хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой гэв

.

    УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Засгийн газраас цар тахалтай тэмцэхэд зарцуулсан 5,1 их наяд төгрөгийн тайланг олон нийтэд өгөх  ёстой гэдэг шаардлага тавьж байсан. Өнөөдөр хэвлэлийн хурал хийж 10 их наядын хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцүүлэх ёстойг санууллаа.

Тэрээр "Засгийн газар 500 мянган залууд 500 тэрбум төгрөгийг хүмүүжлийн хичээлд суусных нь төлөө зарцуулах гэж байгаа нь үргүй зардал болохыг би шүүмжилсэн. Гэтэл үүнийг багасгаж, 5000 залууд 11 тэрбум төгрөгийн сургалт явуулахаар болсон байна. Шүүмжлэлийг Засгийн газар хүлээж авсанд талархаж байна. Цар тахалтай холбоотой эдийн засгийн хүндрэл ардын нам, ардчилсан нам гэхгүйгээр бүх иргэдэд хүнд тусч байгаа тул иргэдийнхээ амьдралыг дэмжих хэрэгтэй. Монголбанкнаас хэрэгжүүлж буй репо санхүүжилтийг нэг тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсныг дэмжиж байна. Ипотекийн зээлд гурван их наяд төгрөг зарцуулахыг Монголбанкинд даалгасан.

Ипотекийн зээл бол төсвийн шинжтэй арга хэмжээ учраас Монголбанкнаас уг хөтөлбөрийг санхүүжүүлэхийг хуулиар хориглочихсон. Цар тахлын хууль хэрэгжиж дуусах хүртэл Монголбанк хариуцаж болно. Харин хуулийн үйлчлэл дууссанаас хойш төсвийн шинжтэй арга хэмжээг Төв банк хэрэгжүүлбэл Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч дараа нь шоронд орно.

Том төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулах 3 их наяд төгрөгийг дан ганц хувийн хэвшилд өгөх учир дутагдалтайг бид өнгөрсөн хугацаанд хангалттай харсан. Хувийн хэвшлүүд төрөөс том дүнтэй зээл авч, бүтээн байгуулалт хийнэ гэдэг боловч эргээд зээлээ төлдөггүй. Тиймээс 3 их наяд төгрөгийг төрөөс хэрэгжүүлэх том төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулах ёстой. Эхний ээлжид буюу зэсийн үнэ өндөр байгаа энэ үед Зэс баяжуулах үйлдвэр барих ёстой. Ингэснээр "Эрдэнэт" үйлдвэр илүү ашигтай ажиллах нөхцөл бүрдэнэ. Мөн Тавантолгойн цахилгаан станцад зарцуулах шаардлагатай.

Хөдөө аж ахуйг дэмжих, малчдын орлогыг нэмэгдүүлэхэд 500 тэрбум төгрөг зарцуулахыг бүрэн дэмжиж байна. Гэхдээ суманд эрх мэдлийг нь өгч байж хөтөлбөр илүү үр дүнтэй болно.

Засгийн газар 10 их наяд төгрөгийн хөрөнгийг зах зээл рүү оруулсанаар инфляци өснө. Дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, ханш унах зэргээр иргэдийн орлогод шууд нөлөөлөх учраас Засгийн газар давхар иргэдийн орлогыг хамгаалсан хавсарсан арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй. Мөн энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Засгийн газрын өр нэмэгдэнэ.

10 их наяд төгрөгийн хөтөлбөр төсвийн шинжтэй хөрөнгө оруулалтууд учраас зайлшгүй улсын төсөвт тусгагдах ёстой. Засгийн газарт мөнгө байхгүй, зөвхөн төсвийн мөнгө л бий. 2021 оны төсөвт тодотгол хийж, мөн Монголбанкны Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах Үндсэн чиглэлд өөрчлөлт оруулах шаардлагатай. Холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахгүйгээр Засгийн газар дангаараа шийдвэл танхимаараа хуулийн байгууллагуудад очдог шиг уламжлал Л.Оюун-Эрдэнэд ч учирна. Өмнөх ийм олон жишээ байгаа" гэв.

Мөн тэрээр Монгол Улсын эдийн засагтай холбоотой бүх үйл ажиллагааг УИХ хэлэлцэн шийдвэрлэх бүрэн эрхтэй. Энэ эрхийг цар тахлын хууль нэрээр Засгийн газарт төвлөрүүлэх нь буруу гэдгийг онцолсон юм.

 

2021-03-16