УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дүгнэлт

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛД

Бүх шатны боловсролын байгууллагын чанар, хүртээмж, сургууль, цэцэрлэгт хамрагдалтын байдал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа арга хэмжээний талаар МУ-ын Ерөнхий сайдын мэдээлэлд хийх УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дүгнэлт

Эрхэм УИХ-ын дарга, гишүүдээ!

Монгол Улсын Засгийн газар үндэсний боловсролын бодлогоо тодорхойлж, үр дүнг нь урт хугацаанд тооцон урт, дунд, богино хугацааны үечлэлээр гүйцэтгэлийг нь ханган ажиллаж, хэрэгжилтийн явцыг бодлого тодорхойлогчдодоо танилцуулж, мэдээлж, сайжруулж байх үүрэгтэй билээ.

Боловсрол нь иргэн бүрийн насан туршийн амьдралын чанарыг дэмжин баталгаажуулах, улс орны нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түлхүүр хүчин зүйл, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа хэмээн үзэж, Монгол Улсын төрөөс боловсролыг нийгмийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ хэмээн төрөөс боловсролын салбарт баримтлах бодлогын баримт бичигт тодорхойлжээ.

Гэвч “Бүх шатны боловсролын байгууллагын чанар, хүртээмж, сургууль, цэцэрлэгт хамрагдалтын байдал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа арга хэмжээний талаар” Ерөнхий сайдын хийсэн мэдээлэлд боловсролын бодлого, тогтолцоо, түүний хэрэгжилтийн талаар нэг ч мэдээлэл дурдагдсангүй бөгөөд боловсролын салбарт хийж байгаа барилгын ажлын явцын талаарх мэдээлэл төдий болсонд туйлын харамсаж байна.

Эрх баригчдын боловсролын салбарт баримтлахаар баталсан бодлогын баримт бичиг, тавиур дээр тоосонд дарагдан орхигдож, асуудлын мөн чанарт бус тоонд анхаарсан, хэлбэр хөөсөн байдал нь Монгол улсын ирээдүйн хөгжлийг төдий хугацаагаар хойш татаж байгааг хатуу анхааруулж, боловсролын салбарын өнөөдрийн байгаа байдалд доорх дүгнэлтийг хийж байна. Үүнд:

  1. 2016 оноос хойш боловсролын салбарыг гаргуунд гаргаж, 5 жилд 6 сайд солин эрх мэдэл, албан тушаалын төлөөх зөрчилдөөн үүсгэж, салбарын удирдлага зохион байгуулалтыг цалгардуулсны үр дагавар хүүхэд, оюутан залууст хүндээр тусаж байна.

  2. Үндэсний боловсролын бодлого нь улс орны нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түлхүүр хүчин зүйл, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа байх ёстой атал 2012-2016 оны хооронд боловсролын салбарт хийсэн реформыг зогсоож, ухралт хийснээр өнөөдөр хүний хөгжлийн олон улсын индексээр 2015 онд 92-т байсан зэрэглэл 7 байраар ухарч 2019 оны үзүүлэлтээр 99-д эрэмбэлэгдсэнээс харж болох бөгөөд Монголын залуу үеийнхний дэлхийн залуустай өрсөлдөх чадвар төдий хэмжээнд буурч байна.

  3. Боловсролын салбарт сургууль, цэцэрлэгийн барилга барих ажилд хийж байгаа хөрөнгө оруулалт, сургууль цэцэрлэгийн байрны хүрэлцээ нь сургуульд хамрагдах хүүхдийн тооны өсөлтийг гүйцэхгүй байгаа нь боловсролын салбарт хийгдэх хөрөнгө оруулалт тооцоо судалгаагүй, төлөвлөлтгүй байгаа нь үүнээс харагдаж байна. 2015-2016 онд нийт 768 ерөнхий боловсролын сургуульд 546,215 суралцагч хамрагдаж байсан бол 2019-2020 оны хичээлийн жилд 820 сургуульд 646,839 суралцагч суралцаж байсан статистик байна. Эндээс харахад сургуулийн хичээлийн байрны тоо 4 жилд 52-оор нэмэгдсэн байхад, суралцагчийн тоо нь 100,000-аар нэмэгдсэн нь харагдаж байна. Түүнээс гадна сургууль анги танхимын хүрэлцээг сайжруулж 3 ээлжээр хичээллэх нөхцөлийг 2 ээлжид шилжүүлж байгаа гэх боловч стандарт нөхцөл зөрчин 1 ангид 50-60 хүүхэд суралцуулж байгаа нь шийдэл хийгдээгүйг харуулж байна. Тийм ч учраас боловсролын салбарт ДНБ-ны дөнгөж 4.1%-ийг зарцуулж буй үзүүлэлтээрээ дэлхийд мөн л 98-д эрэмбэлэгджээ.

  4. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “… олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн агуулгаар баяжуулсан монгол хүний хүмүүжлийг дээдэлсэн, монгол хүний онцлогт тохирсон зан чанар, хүмүүжил, сургалтын хөтөлбөрийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэг, сургуульд хэрэгжүүлнэ” гэж зорилт тавьсан байна. Гэтэл эрх баригчид өөрсдөө эсрэгээр нь хэрэгжүүлж, үндэсний сургалтын тогтолцоогоо үгүйсгэн, Кэмбриджийн сургалтын хөтөлбөрт шилжүүлэхээр хууль тогтоох байгууллага дээрээ “лобби” бүлэг хүртэл байгуулсан нь боловсролын талаарх төрийн бодлого тууштай, үр дүнтэй, нэгдсэн бодлогоор хэрэгжихгүй байгааг харуулж байна.

  5. Боловсролын чанар, хүртээмж нь суралцагчдын хувьд “олж авсан мэдлэгээ амьдрал хэрэгжүүлэх чадвараар тодорхойлогдох” бөгөөд сургууль төгсөөд мэргэжлээрээ ажлын байртай болж байгаа үзүүлэлтээр хэмжигддэг олон улсын жишиг байх атал манай салбарын яам сэтгэл ханамжийн судалгааны дүн төдийхнөөр шийдвэр гаргагчдадаа тайлан бэлтгэн өгч байгаа нь хэт мэргэжлийн бус хандлага болохыг анхааруулж байна.

  6. Өнөөдөр гарч буй эрсдэл нь Монгол орны хувь заяаг 10-20 жилийн дараа авч явах ирээдүйн иргэдийн мэдлэг, чадварын асуудал тул өнөө, маргаашаа харалгүйгээр нухацтай, алсын хараатай авч үзэх шаардлагатай учраас коронавируст халдварын үеийн хөл хорионы улмаас боловсролын шаталсан хөтөлбөрт хичээлийн бүхэл бүтэн 2 жилийн хөтөлбөр тасалдаж байгаа нь үндэсний хэмжээний бодлогын ноцтой асуудал гэдгийг эрх баригчид ухаарах шаардлагатай. Бодит амьдрал дээр айл өрх бүрд интернет, цахим төхөөрөмжийн хүрэлцээ харилцан адилгүй байгаагаас хамаарч цахим болон ТВ-ийн зайн сургалтын хөтөлбөрийн хүртээмж, үр өгөөж хангалтгүй явагдаж байна.

Ерөнхий сайдын “боловсролын чанар, хүртээмж, сургууль цэцэрлэгт хамрагдалтын байдлын талаар” танилцуулж буй мэдээллээс харахад боловсролын салбарын бодлогын хэрэгжилт агуулгаа алдсан, хэлбэр хөөсөн, салбарын үзүүлэлт байшин барилга төдийгөөр хэмжигдсэн тун хангалтгүй түвшинд байгаа болохыг ойлгож авлаа.

Иймд УИХ дахь Ардчилсан намын бүлэг, Гүйцэтгэх засаглалын тэргүүний мэдээлэл төрийн эрх барих дээд байгууллагад танилцуулах хэмжээнд бэлтгэгдээгүй, салбарын бодлого, түүний хэрэгжилт хангалтгүй, цар тахлын үед боловсролын салбарт авч хэрэгжүүлэх төлөвлөгөө, шийдэлгүй, цахим болон ТВ-ээр дамжуулах мэдээллийг боловсролын хөтөлбөр гэж эндүүрсэн байгаа зэргээс хангалтгүй гэж дүгнэн боловсролын салбарын бодлогоо эргэн харж, бүх шатны боловсролын байгууллагад суралцагчдад учирч буй “сургалтын саатал”-ыг залруулах талаар төлөвлөгөө боловсруулан ажиллахыг шаардаж байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

 

 

УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ



 

2021-01-08