Ардчилсан намын бүлэг мөнгөний бодлогыг эсэргүүцэв

.

      УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын 2021 оны Төсвийн тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэв. Энэ үеэр Ардчилсан намын гишүүд эсэргүүцлээ илэрхийлсэн бөгөөд хуралдааны дараа олон нийтэд хандан мэдээлэл өглөө.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Ардчилсан намын бүлэг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд  төгрөгийн ханшийн  уналтыг бараа бүтээгдэхүүний үнээр бодитоор харуулж байна. Үүгээрээ иргэдийн амьдрал, худалдан авах чадвар хэрхэн буурсныг эрх баригчдад харуулахыг зорилоо.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Төсвийн асуудал дээр бид маш шүүмжлэлтэй хандаж байгаа. Бүх асуудлыг ковид руу чихдэг баялаг бүтээх,  ажлын байр нэмэгдүүлэх, ашиг олох чиглэлд улсын төсөв огт тавигдаагүй. Зөвхөн хавтгайрсан халамжид чиглэсэн төсвийг оруулж ирсэн. Энэ асуудлыг ярихаар олонхоор хүч түрээд шийддэггүй. Үйлдвэр аж ахуйн газрууд хаалгаа барьж байна. Энэ мэтчилэн олон асуудлыг АН-ын бүлгээс УИХ-ын чуулганд тавина. УИХ төсөв хэлэлцэх явцдаа АН-ын бүлгийн тавьж байгаа асуудлуудыг шийдэхгүй бол 11 гишүүн жагсаал цуглаан зохион байгуулах зэрэг  дараагийн арга хэмжээг авах болно. Монгол Улсын Ерөнхийлөгчид ч  төсөвт хориг тавиулах талаар  хандана.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: Зах зээлийн нийгэмд шилжсэн 26 жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлт нь 10.1 их наяд төгрөг байсан. Гэтэл сүүлийн дөрөвхөн жилийн дотор 22.3 их наяд төгрөг болж, зах зээлд хоёр дахин их мөнгө нийлүүлснээр ханш огцом хөөрөгдсөн. Бизнес эрхэлж  байгаа компани, аж ахуй нэгжүүд, ЖДҮ эрхэлж байгаа хүмүүст хамгийн тулгамдаж байгаа асуудал бол зээл олдохгүй байх. 2021 оны төсөвт ЖДҮ-г дэмжих төсөвт нэг ч төгрөг суугаагүй. Мөн банкны хугацаа хэтэрсэн  зээл 10.1 их наяд төгрөгт хүрсэн. 10 ихнаядаас дээш гарсан тохиолдолд банкны салбар хямарсан гэж үздэг. Энэ бүхэн зөвхөн Монгол банкны асуудал биш эрх баригчид, Засгийн газрын алдаатай бодлого явуулсны дүн юм.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: 25 жилийн өмнөх 4.7 тэрбум долларын өрийг тухайн үеийн ханш болох 1700-р, 2016-2020 он хүртэлх 3.1 тэрбум долларыг 2851-р үржвэл өрийн хэмжээ зуугаас илүү  хувь өсчээ. Саяхан иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй гэж байсан. Одоо энэ өр 27 сая болсон байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Дэлхийн хөгжиж байгаа, хөгжингүй орнууд төсөв, мөнгөний бодлогоороо ЖДҮ-г хөгжүүлэх, ажлын байр бий болгох, импортыг орлох үйлдвэрүүдийг бий болгоход хөрөнгө оруулалт хийгээд татвар хураамжаар  орлогоо нэмэгдүүлж нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг. Улстөрчид төсвийг рейтингээ өсгөх, дахин сонгогдох хэрэгсэл болгон ашиглаж байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: Улсын мөнгөний бодлого үндэсний үйлдвэрлэлийг дэмжихгүй байна. Төрийн мөнгө гэж байхгүй татвар төлөгчдийн мөнгө гэж бий.

 

 

 

 

 

2020-11-05