Шүүхийн тухай хуулийн төслийг дэмжив

.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2020.11.04/ ээлжит хэлэлцүүлгээ зохион байгууллаа. Энэ удаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын өргөн барьсан хувилбар бүрээр хэлэлцсэн юм. 

Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд ШЕЗ-ийг бүрдүүлэхдээ Дээд шүүхийн шүүгчид дээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн олонхийг багтаасан шүүгчдийн зөвлөл сонгохоор заасан.

Энэ нь шүүгчдийг ялгаварлан гадуурхаад зогсохгүй Үндсэн хуулийн 49.5 заалтыг зөрчжээ. Харин Ерөнхийлөгчийн санаачилсан төсөлд ШЕЗ-ийн таван гишүүнийг Монгол Улсын нийт шүүгчдийг багтаасан бүрэлдэхүүнээс сонгох агуулгатай байна.

Ингэхдээ шүүгчид биечлэн, цахимаар, шуудан гэх мэт олон аргаар санал өгөх боломжтой байхаар тусгажээ. Энэ нь Үндсэн хуульд нийцсэн заалт байх бөгөөд үүнээс гадна олон дэвшилттэй заалт байгааг онцлов. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж, Засгийн газрын төсөлтэй нэгтгэн аль аль төсөлд буй шаардлагатай заалтуудыг авч болно гэж гишүүд дүгнэлээ. 

Хэлэлцүүлэгт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор Т.Мэндсайхан, А.Эрдэнэцогт, О.Мөнхсайхан, Т.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

2020-11-05