Монгол Улсад авилга, ажилгүйдэл, ядуурал тулгамдсан асуудал болсон гэж дүгнэжээ

.

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, бүлгийн гишүүн О.Цогтгэрэл Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга Д.Амарбаясгалан нар Монгол Улс дахь Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (IRI)-гийн суурин төлөөлөгч Крейг Кастаньягаар ахлуулсан төлөөлөгчидтэй уулзлаа. ​Уулзалтаар Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (IRI)-ээс хийсэн Монголын залуучуудын санал бодлын судалгааны дүнг танилцуулсан юм.

Уг судалгааг Монгол Улсын 18-аас 40 насны нийт 2.494 иргэнийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч хийсэн байна. ​

Харин судалгаанд оролцсон залуучуудын дийлэнх нь Монгол Улсад тулгамдаж буй хамгийн чухал асуудал бол ажилгүйдэл, авилга, ядуурлын тодорхойлжээ. ​

Улс төрийн хувьд залуучуудын 94 хувь нь Монгол Улсын насанд хүрсэн хүн амын дийлэнх нь улс төрийн шийдвэр гаргах үйл явцад оролцох нь чухал, түүнчлэн Монгол улсад Ардчилсан тогтолцоог илүү хөгжүүлж цаашид хадгалж авч явах нь зөв гэж үзсэн байна.

Уулзалтын үеэр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд төлөөлөгчдөөс судалгааны үр дүнтэй холбоотой асуулт асууж хариулт авлаа. Мөн цаашид тус хүрээлэнтэй хамтарч ажиллах боломжтой гэдгээ илэрхийлэв.

2020-10-06