Ж.Батсуурь: Би Улаанбаатарчуудыг 36 мянгаар мах ав гэж хэлээгүй

.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХЫН ТУЛД НИЙТ ЭДИЙН ЗАСГАА ДОР БАРИАД БАЙНА-

-Байнгын хорооны хуралдааны үеэр “Улаанбаатарчууд 36000 төгрөгөөр мах авч идэх ёстой” гэж хэлсэн тань олон хүний шүүмжлэлд өртөөд байна. Чухам яагаад ингэж хэлэх болов оо?

-Гурван өдрийн өмнө Төсвийн байнгын хороо хуралдсан. Хуралдааны үеэр би таван минутын хугацаанд хоёр хэсэг үг хэлсэн. Эхнийх нь найман хувийн хүүтэй орон сууцанд орох мөрөөдөлтэй иргэд маш их байна. Иймд бага талбайтай түрээсийн орон сууцыг их хэмжээгээр бариад түүнийгээ таван жилийн хугацаанд түрээслүүлэх замаар өмчлүүлэх асуудал чухал байна. Энэ тэргүүнд үнс шороо, утаа униараасаа салах эрмэлзэлтэй хүмүүс асар их гэж ярьсан. Хоёр дахь хэсэгт нь коронавирусийн цар тахлын үед хямралаас гаргах гол зүйл уул уурхай мөн болов чиг үүнээс илүү гол зүйл хөдөө аж ахуй юм аа гэдгийг хэлсэн. Уул уурхай бол хэзээ нэгэн цагт шавхагддаг баялаг. Хөдөө аж ахуй бол хүн төрөлхтөн бий үүссэн цагаас байсан, одоо ч бий, цаашид ч байх баялаг. 70 сая толгой малтай монголчууд энэ жил 20 сая төл авсан. Зөвхөн төлийн хэмжээний борлуулалт хийлээ гэхэд 20 орчим сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж байна. Манай улс асар уудам газар нутагтай, цөөн хүн амтай бөгөөд хөдөө аж ахуй дээр суурилсан нүүдэлчин ард түмэн. Тэгэхээр малчдын хөдөлмөрийг өнөөдөр хэн ч анзаарахгүй байна. Малчид монгол улсын тусгаар тогтнолыг баталгаажуулж, нутаг ус, байгалийн баялгаа харж хамгаалж байна. Өвлийн тэсгэм хүйтэн, хаврын хавсарга, зуны аагим халууныг давж байж малласан малын махаар нийт монголчууд өнөөдөр тэжээгдэж байна. Гэтэл төвийн буюу нийслэлчүүдийн хэрэгцээг хангах зорилгоор нийт эдийн засгаа доор бариад байна.

-Жаахан тодорхой яривал?

-20-30 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулаад дэлхийн хөдөө аж ахуйн үнэд хүргэх юм бол Монголын мал аж ахуй түүнээс хүртэх эдийн засгийн өгөөж 2-4 дахин өснө гэсэн санааг хэлсэн юм. Үүн дээрээ энгийн жишээ авч хэлсэн. Өнөөдөр Өвөрмонголын малчид нэг төлгөө 400-500 мянгаар борлуулдаг болохоор нэг килограмм мах нь Монгол мөнгөөр 36 мянган төгрөгийн үнэд хүрдэг гэж хэлсэн санаа юм. Түүнээс биш Улаанбаатарчуудын буюу төвийнхний махыг 36 мянган төгрөг болгоё гэж хэлээгүй. Эдийн засаг нь зөв системтэй улсын малчин иргэн махаа 36 мянгаар зараад баян амьдраад байдаг. Ар Монголд болохоор “чи баяжиж хөрөнгөжиж болохгүй” гээд бүгдээрээ нийлээд нүдээд байдаг.

-ЦОГЦ БОДЛОГО ЯРЬЖ БАЙХАД ЗУРГААХАН СЕКУНДЫГ НЬ ТАСДАЖ АВААД ГҮТГЭЭД БАЙХ ЮМ-

Монгол улсад өнөөдөр Тариалан эрхлэлтийг дэмжих, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Тэтгэврийн, Даатгалын, Нийгмийн даатгалын гэсэн маш олон сан бий. Үүнтэй адил малчдын сан яагаад үүсгэж болохгүй гэж. Өнөөдөр малчин нэг килограмм махаа 8 мянган төгрөгөөр үнэлж худалддаг. Үүнээс ачаа тээврийн хөлс гэх мэт үйл ажиллагааны зардлаа хассаар 1кг махаа 3-4 мянган төгрөгөөр борлуулж байна. Ингэж хөдөлмөрөө үнэгүйдүүлснээс өндөр үнэтэйгээр гадаадын зах зээлд гаргаж зарвал малчдад өнөөдөр илүү ашигтай. Харин түүнээсээ тодорхой хэмжээний сан үүсгэх хэрэгтэй. Тэр сангаараа бага орлоготой иргэд, хүүхэд, ахмад настнуудынхаа амьжиргааг өнөөдрийн байдлаас нь дордуулахгүйгээр барих бүрэн боломжтой. Ирэх жил мах өсөх үү, өсөхгүй юу гэж санаа зовох асуудалгүй болно шүү дээ. Тэртээ тэргүй тэр сангаараа дамжуулж дотоодынхоо үнийг барьж байгаа юм чинь. Гэтэл “Эрээн, 36 мянган төгрөг” гэдэг үгийг оруулаад хэдхэн секундийн буруу ойлгогдохоор видео цацсан. Монгол Улсын мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх цогц бодлого яриад байхад нь л 6 секундийг нь тастаж аваад л гүтгээд байгаа юм л даа.

-Улаанбаатарынхан яагаад үнэтэй мах идэх ёстой гэсэн санааг  илэрхийлэх болов?

-Өнөөдөр Улаанбаатар хотод бизнес эрхэлж байгаа хүмүүс болон улстөрийнхний зарим нь гадаадаас сүши зөөж, Австрали үхрийн махыг өндөр үнээр оруулж ирж идэж байгаа. Гаднын махыг 20, 30 мянгаар авч онгоцоор зөөж иддэг хирнээ Монголынхоо махыг үнэгүйдүүлдэг. Засгийг газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгах агуулгаар л санаагаа хэлсэн. Үүнээс 6 хан секунтын бичлэг тараасан. Зургаахан секундэд хүн агуулга хэлнэ гэж байхгүй шүү дээ. Миний хэлсэн саналыг зургаан секундэд багтаагаад асар их мөнгө төлөөд гутаан доромжилж байна. Цөөнхийн үгийг кнопоор боож үзэж байна. Эсвэл хэлсэн үгэн дээр нь дөрөөлөөд бусдаар үзэн ядуулах үйл ажиллагаа хийж байна. Үүнээс ухраад няцаад байх зүйл байхгүй.

-МИНИЙ ХЭЛЭХ ГЭСЭН САНААГ БҮТНЭЭР НЬ СОНССОН МАЛЧИД БАЯРЛАЖ БАЙНА ЛЭЭ-

-Тухайн үед та андуураад хэлчихсэн гэсэн үг үү?

-Андуурсан зүйл байхгүй. Өвөрмонголд мах кг тутам нь 36 мянга гэж байгаа нь үнэн үү, үнэн. Монголд мах кг тутам нь 8 мянган төгрөг гэж байгаа нь үнэн үү, үнэн.  Үргэлжлүүлэн тогтворжилтын сан ярих байсан ч, харамсалтай нь 5 минутын хугацаа нь дууссан. Гадны барааг дэлхийн зах зээлийн өндөр үнээр авдаг хэрнээ хөөрхий малчдаас малынх нь махыг 8 мянга буюу түүнээс доош үнээр авдаг. Ингэж болохгүй биз дээ. Жилд 20-30 сая толгой малын махыг 8 мянгаар өгөөд байх 30 мянгаар өгөөд байх хоёр чинь асар их ялгаатай шүү дээ. Гадаад гараад дөрөвхөн алхаад үнэтэй мах иддэг мөртлөө Монголдоо орж ирээд малчдынхаа хөдөлмөрийг үнэгүйдүүлээд байж болохгүй биз дээ. Сэтгэлгээний өөрчлөлт хийх ёстой. Миний хэлэх гэсэн санааг бүтнээр нь сонссон малчид баярлаж байна лээ. Улаанбаатарынхан л гээд хэлчихсэн болохоор биш.

-Махны үнэ хөөрөгдөж үе үе 16 мянга хүрэхэд л нийгэм даяараа “хэцүүддэг” шүү дээ?

-Миний хэлээд байгаа санаа чинь тэр хөөрөгдлийг байхгүй болгоно шүү дээ. Дахиад хэлье нийт малчдынхаа малын махыг үнэд хүргэчих. Дараа нь тогтворжилтын сан бий болгочих. Тогтворжилтын сангаараа дамжуулаад өөрийн чинь санаа зовоод байгаа зүйлийг зохицуулах байхгүй юу. Тогтворжилтын бодлого барьчихвал ирэх жил харин ч мах 16 хүрэх бил үү, үгүй бил үү гэж санаа зовохгүй шүү.

-Монголчууд 36 мянган төгрөгөөр мах авах цалинтай бил үү?

-Малчид өөр өөрсдийнхөө малын махыг идчихнэ. 21 аймагт малгүй хүн гэж байхгүй. Тэгэхээр 21 аймгийн иргэд асуудалгүй. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын иргэдээс бусад нь малчин буюу мал бүхий иргэд байдаг. Харин махны үнэ Улаанбатарынхны буюу 20 хувийнхны л асуудал болж байгаа биз. Энэ 20 хувийнхны асуудлыг сан үүсгээд шийдэж болно гэж харж байгаа.

–БИ МАЛЧИН ХҮНИЙ ХҮҮХЭД. ААВ, ЭЭЖЭЭС УЛАМЖИЛЖ ИРСЭН ЦАГААН ИДЭЭ, МАЛЫН МАХ ХЭРЭГЛЭДЭГ-

-Танай гэр бүлийнхэн махаа хаанаас хэдээр авч хэрэглэдэг вэ?

-Би малчин хүний хүүхэд. Аав ээжээсээ уламжилж ирсэн цагаан идээ, малын мах хэрэглэдэг. Гадаад дотоодоос өндөр үнэтэй мах зөөх ямар ч шаардлага байхгүй. Монголчуудын уламжлалт мал аж ахуйн мах амттай.  

-Таны хэлээд байгаа шиг малчид махаа үнэтэй зарахаас илүү ченж нар дундаас нь ашиг хүртэж үнийг нь хөөргөөд байдаг шүү дээ. Үүнийг яаж зохицуулж малчдад өөрсдөд нь ашигтай байлгах ёстой гэж харж байна вэ?

-Хонины махыг сонирхож байгаа хүн дэлхийгээр л нэг байна шүү дээ. Харин хилээр гаргах үнэтэй болгох нөхцөлийг нь төр бүрдүүлж өгөх ёстой шүү дээ. Энэ нөхцөл бүрдээгүйгээс ченж нараар дамжаад үнэ нэмэгдээд байгаа юм л даа. Дэлхийн зах зээлд гараад мах үнэтэй болчихвол ченжээр дамжих шаардлага байхгүй шүү дээ.  Би ийм л бодлогыг яриад байгаа. Улс төрчид үүнийг ярьдаггүй. Айдаг. Ийм хулчгар байж болохгүй л дээ.

-Та үүнийгээ бодлогын хэмжээнд хүртэл нь хүртэл нь ярьж, өргөн барих уу?

-Би өнөөдөр эрх баригчдад саналаа л хэлж байна. Манай нам эрх барьж байсан бол би энэ асуудлаар илүү тууштай дуугарна. Өнөөдөр коронавирус дэгдээд эдийн засаг хэцүү байгаа энэ үед зээл тусламж л ярьж байна. Үүний оронд өөрсдөдөө элбэг байгаа баялгаа үнэд хүргэчихдэг бол болох юм л даа.

–ЭРХ БАРИГЧДАД САНАЛ ТААЛАГДАХГҮЙ БОЛОХООР НУХЧИН ДАРЖ БАЙНА-

-Шинэ гишүүн болоод орж ирэхэд парламентынхан таны хувьд хэр ажил хэрэгч санагдав?

-Парламентын төлөвшил сайжирсан, хөгжсөн байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг шиг парламентын засаглалыг байнга дэмждэг хүний нэг нь бий. Удаашралтай, хүнд сурталтай зүйлүүд бий л дээ. Гэхдээ цаашид энэ байдал сайжрах байх.

-Орж ирээд хэр их ажил амжуулав?

-Парламентад сууж байгаа гишүүн бүр төрийн бодлогод саналаа хэлэх ёстой. Энэ дагуу саналуудаа хэлээд л явж байна. Эрх баригчдад санал таалагдахгүй болохоор нухчин дарж байна. Харин миний саяын хэлсэн санал ард түмэнд таалагдсан болохоор бага дээр нь нухчин дарах гэж оролдож байх шиг байна.

Тангараг өргөлөө, чуулгандаа суулаа. Миний хувьд өмнө нь орон нутагтаа амьдарч байсан хүн. Сая “Монгол Улсын Засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хууль”-ийг яаран сандран батлах гэж байсныг нь зогсоож чадлаа. Манай нам завсарлага авсан. Энэ хууль бол Үндсэн хуулийн дараа орох суурь хууль. Нухацтай ярихгүй бол болохгүй. Энэ хуульд өөрчлөлт орвол дагалдах 300 гаруй хуульд өөрчлөлт орно. Хэрэв бидний саналыг хүлээж авахгүй бол дараагийн завсарлагыг авна. Улстөрийн сонгуулийн өмнө энэхүү суурь хуулийг өөрчилж болохгүй шүү дээ. Энэхүү хуулиар бол Ерөнхий сайд аймгийн засаг дарга нарыг томилдог болно. Аймгийн засаг дарга нар сумын засаг даргаа томилно. Хэрэв хууль батлагдвал Монголоор нэг цүнх баригч нар очих эрсдэлтэй. Орон нутгийн бодлого, хүмүүсийн зан ааш, соёлыг мэдэхгүй хүмүүс шууд томилогдож очно гэсэн үг. Энэ мэтчилэн олон асуудал байна.  

–МАНАЙ НАМ ШИНЭЧЛЭГДЭЭД ИТГЭЛ НАЙДВАРАА ОЛООД ИРЭХИЙН ЦАГТ ХҮЧТЭЙ СӨРӨГ ХҮЧИН БАЙЖ ЧАДНА-

-Танай нам хэр сайн сөрөг хүчин байж чадаж байна?

-Хоёр дараалаад хүндхэн ялагдалд орчихсон. Намын удирдлага шинэ их хурлаа хийгээгүй, үүрэг гүйцэтгэгч нар ажиллаж байна. Айхтар мундаг сөрөг хүчин болж чадаж байна гэж хэлэхгүй. Ард түмэн саяын сонгуулиар дүнгээ тавьчихсан. Ардчилсан намаас шинэчлэлийг хүсэж байна.

-Зарим нь танай бүлгийн даргад чамлалттай хандаж, АН-ын түр даргаар ажиллаж байгаа Ц.Туваан баахан намуудтай нийлж сонгуулийн мэдэгдэл хийж байгаа нь ч даарин дээр давс нэмчихлээ.

-Одоо бид шилжилтийн үе дээрээ явж байна. Уналт босолт хоёрын дундуур явна. Д.Ганбат гуай биднийг бодвол УИХ-д хоёр дахиа сонгогдсон. Бидний бодвол туршлагатай, парламентч хүн. Чуулган эхлээд хоёрхон долоо хонож байна. Юу бодож, ямар сайхан зүйл хэрэгжүүлэхийг бид таашгүй шүү дээ. Намын бүлэг бол Монголын ард түмний итгэл найдварын цэг. Нам шинэчлэгдээд, итгэл найдвараа олоод, хүмүүсийн санаа бодол төвлөрөөд ирэхийн цагт хүчтэй сөрөг хүчин байж чадна гэдэгт итгэлтэй байна.

2020-08-28