С.ОДОНТУЯА: ЦАГ ХУГАЦААНЫ ЯВЦАД ТЭДНИЙГ ТҮҮХ ЦАГААТГАСАН БОЛОВЧ, АЛБАН ЁСНЫ БАРИМТ БИЧИГ БАЙХГҮЙ

.

       Монгол улсад Ардчилсан тогтолцоо бүрэлдсэнээр хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нэгэн чухал төрийн байгууллагыг байгуулсан. Энэ бол Улстөрийн хэлс хэрэгт хэлмэгдэгсдийн асуудлыг хариуцсан “Цагаатгалын комисс” юм. УИХ-ын гишүүн С.Одонтуяа, дэд даргын хувьд “Цагаатгалын комисс”-ыг ахлан ажиллаж байгаа. Өмнө нь УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү, Л.Цог, Я.Санжмятав нар цагаатгалын ажилд онцгой ач холбогдол өгч ажилласаны үр дүнгүүд гарч, нийт шүүхээр 3314 хүн улстөрийн хэлс хэрэгт хэлмэгдсэн байна гэж шүүхээр цагаатгагдсан байдаг хэмээн хэвлэлийн хурлын эхэнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа дурьдлаа. Тэрбээр: “Цагаатгалын бүх үйл ажиллагаа хуулиар зохицуулагдаж, энэ хуулийн үйлчлэлээр 2020 оны 12 сарын 31-нээс хойш шүүхэд ямар нэгэн өргөдөл гомдол авахгүй байхаар зүйчлэгдсэн байгаа. Тийм учраас бид МУ-ын төрийн тэргүүнээр 44 жил ажилласан Юмжаагийн Цэдэнбал, түүний гэргий А.И.Цэдэнбал-Филатова нарыг хууль ёсны дагуу шүүхийн шийдвэрээр цагаатуулахаар өнөөдөр “Иргэний хэргийн анхан шатны шүүх”-д холбогдох материалын дагуу өргөдөл гаргаж байна. Өмнө нь эдгээр хүмүүс цагаатаж байгаагүй юмуу гэж зарим хүмүүс гайхдаг. Цаг хугацааны явцад тэднийг түүх цагаатгасан боловч албан ёсоор шүүхийн шийдвэр гарч, өнөөдрийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомжын хүрээнд цагаатгасан албан ёсны нэг ч баримт бичиг байхгүй. Тийм учраас би УИХ-ын дэд даргын хувьд энэ олон жил сунжирсан цагаатгуулах ажлыг дуусгахаар ажиллаж байна” гэлээ.

Ю.ЦЭДЭНБАЛ, А.И.ЦЭДЭНБАЛ-ФИЛАТОВА НАРЫГ ЦАГААТГАЖ, НЭР ТӨРИЙГ НЬ СЭРГЭЭХ ЁСТОЙ

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.2.3, 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос төр, нийгмийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал, түүний гэргий А.И.Цэдэнбал-Филатова нарын нэр төрийг сэргээж, цагаатгуулахаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, өргөдөл хүсэлт гаргажээ.

Ю.Цэдэнбалын үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд болон судлаач, түүхч эрдэмтэд, төрийн бус байгууллагуудаас Ю.Цэдэнбал агсан болон түүний гэргий Цэдэнбал-Филатова нарыг цагаатгуулах асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд удаа дараа хандаж байсан хэдий ч албан ёсоор шийдвэрлэгдээгүй өнөөдрийг хүрсэн юм. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст Ю.Цэдэнбалын үр хүүхэд болон ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас дахин шинээр өргөдөл, хүсэлт ирүүлсэнтэй холбогдуулан шүүхэд хандаж байгаа ажээ.

1984 онд Ю.Цэдэнбалыг албан үүргээс нь чөлөөлөөд зогсохгүй,  эх орондоо амьдрах эрхийг нь хязгаарлаж, паспортыг нь хураан авч 1991 онд насан эцэслэх хүртэл нь 7 жилийн турш эхнэр А.И.Цэдэнбал-Филатовагийн хамт гэрийн хорионд байлгаж байв. Тэдний төрөөс хүртсэн алдар цол, гавьяа шагнал, тэтгэврийг хасах, хувийн эд хөрөнгийг хураах, үзэн ядуулах ажлыг хэвлэлээр зохион байгуулж чичлэх зэргээр хүний жам ёсны эрх, эрх чөлөөг хаан боогдуулсан, шударга бусаар хэлмэгдүүлж байсан нь баримтаар тогтоогджээ.

Монгол Улсын хөгжил дэвшил, хүүхэд залуучуудын төлөө санаачилж хийсэн ажлуудыг нь үнэлж А.И.Филатовад олгосон төрийн цол, шагналыг БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар хураан авч, хассан. Өнөөдрийг хүртэл уг зарлигийг хүчингүй болгож буцаан сэргээхийг хичээхгүй байна.
Нутагтаа амьдрах эрхийг нь хааж, эх орондоо ирэх боломжийг нь хориглосон, гэр бүлийнх нь нэр төр, алдар хүндэд халдаж, гэрийн хорионд оруулсан, эд хөрөнгийг нь хураан авсан зэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрх, НҮБ-ийн “Олон Улсын Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг олон зүйл заалтаар ноцтой зөрчсөн юм.

Уг нь 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр УИХ-ын дэд дарга Л.Цогийн захирамжаар хуульч, эрдэмтэн, судлаачдын бүрэлдэхүүн бүхий ажлын хэсгийг байгуулж, “Ю.Цэдэнбалыг улс төрийн талаар цагаатгах бүрэн үндэстэй” хэмээх санал дүгнэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргэсэн байдаг. Гэтэл Ю.Цэдэнбал, түүний гэргий А.И.Цэдэнбал-Филатова нарын нэр төрийг сэргээж, цагаатгасан хууль ёсны шийдвэр өнөөг хүртэл гараагүй байна.

Иймд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу, цагаатгуулах тухай гомдлыг иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.

2020-08-27