Д.Бат-Эрдэнэ: Говьд ус аваачихад хувийн хэвшил, хөрш орнуудаа татан оролцуулах хэрэгтэй

Маш чухал асуудал хэлэлцэж байгаа болохоор Ерөнхий сайд мэдээлэл хийх байх гэсэн хүлээлттэй байлаа. Дэлхийн дулаарал явагдаж байна. Олон оронд Монголын говийн шороо гэж цөлжилтийг ярьдаг боллоо. Энэ асуудалд бид онцгой анхаарах ёстой. Одоогоор эдийн засаг маань бага байна. Цаашдаа заавал тэлэлт явагдах шаардлага үүснэ. Монголын эдийн засгийг гурав дахин тэлж байж улс төржиж “халуурахгүй”, хүн ард тайван амьдрах боломж бүрдэнэ. Ингэхийн тулд уул уурхайн бүтээгдэхүүн дээр ус аваачсанаар нэмүү өртөг үйлдвэрлэнэ. Өнөөдрийн хэрэглээ хоёроос гурав дахин нэмэгдэхэд говьд усгүй болно. Энэ төслүүд зогсоно. Бидний ногдол ашиг авах гээд байгаа, авч байгаа энэ төслүүд бүгд зогсоно. Энэ асуудалд ямар бодлого баримтлах юм. Говьд хэрхэн ус аваачих вэ. Төсвийн хөрөнгөөр явахгүй нь ойлгомжтой боллоо. Тэгэхээр үүнийг явуулах бодлогоо өөрчлөх хэрэгтэй. Энэ төслүүдээ бизнесийн төсөл болгож, хөрш орнуудыг татан оролцуулах нь зөв юм. Болохгүй байгаа асуудлаа өөрчилж шийдэхгүй байсаар арав гаруй жил боллоо. Оюутолгой,Тавантолгой төслүүдийг тэлж байж эдийн засаг тэлнэ. Нэг хүн амд ногдох орлого нь ядаж арван мянган ам.доллар хүрэх юм бол бид тайван амьдрах боломжтой. Үүнд ус маш чухал. Усны бодлого дээр өөрчлөлт хийх хэрэгтэй. Баримтлах чиглэлүүд хэдэн жилийн өмнөх хэвээрээ байна. Газрын гүний усыг ашиглах асуудалд онцгой анхаарах шаардлагатай. Газрын гүний ус нь цэнгэг байгаа тохиолдолд, ундны ус цэнгэг байгаа үед ашиглаж болохгүй гэсэн эрх зүйн баримт бичиг 2010 оны ҮАБ-ын зөвлөмжид байдаг эсэх талаар тодруулмаар байна. Говь руу усыг хэрхэн аваачих талаар тодорхой хариулт өгнө үү.

2021-04-30