А.Адъяасүрэн: Хоригийг хүлээж авах нь эрх баригчдын хувьд ялагдал биш, алдаагаа засах боломж

Сүүлийн үед МАН-ын Их хурал дахь бүлэг, МАН-ын засгийн газар бүх зүйлийг хүч түрж асуудлыг шийдэж байгаагийн нэг жишээ нь өнөөдөр яригдаж байгаа Цэцийн гишүүнийг огцруулах, томилох асуудал юм. Олонхиор аархсан явцуу улстөрийн түрэмгийлэл нь УИХ-аас хальж, ялах магадлалтай өрсөлдөгчөө Цэцээр намнуулах гэсэн Ардын намын энэ төлөвлөгөө сайн зүйл авч ирэхгүй. Өрсөлдөгчөө намнаж байж Ерөнхийлөгчтэй болох гээд итгэл үнэмшилээрээ шийдвэр гаргасны төлөө ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоог хууль бусаар огцруулах гэсэн оролдлого хийж байгааг хүлээн зөвшөөрч болохгүй. Би эмэгтэй хүнийхээ хувьд Цэцийн гишүүн Солонгыг авч үлдэж байгааг дэмжиж болно. Гэхдээ зэрэг томилогдож зэрэг бүрэн эрх нь дуусах ёстой ийм нөхцөлд тэгш бус хандаж байгаа нь буруу. Дээд шүүх энэ орон тоон дээр өөр эмэгтэй хуульчийн нэрийг оруулж ирж хамтад нь шийдэх ёстой. УИХ жил 4 сар хүлээж чадсан, дахиад 14 хоног хүлээх боломжтой. Зарчим хоёрдвол завхрал гэдэг. Эмэгтэй хүний эрхэнд халдсан гээд дэлхий даяар Монгол Улсын нэр хүндийг шившиглэсэн хүндээ УИХ хариуцлага тооцоогүй. Нөгөө гэмт хэрэг үйлдсэн ҮХЦ-ийн гишүүн нь намынхаа хамгаалалтад орж, намын даалгавраар Цэцийн хурлаа хаяж зугтаасан нь ёс зүйгүй гишүүн гэдгээ дахин нотолсоор байна. Асуудлыг хүч түрж, монгол төрийн ёс зүйн манаачийн үүрэгтэй энэ байгууллагыг бусниулж болохгүй. Их хурлын гишүүд ирсэн шигээ, явах өдөр ирнэ. Түүхэнд үлдээх гэм буруугаа ойлгоцгооё. Муйхар хүчээр шийддэг энэ байдлыг ард түмэн харж суугаа.Тиймээс хоригийг хүлээн авах нь та нарын хувьд ялагдал биш, алдаагаа ухамсарласан улс төрийн соёлыг харуулна. Ард түмэн биднээс ийм л хандлагыг хүлээж байгаа. Хэн энэрэнгүй байна, түүнд хүч бий. Хэн хүч түрж аархана, түүнд айдас бий. Эцэст нь асуудалд ноён нуруутай цэгц шударга хандахыг эрхэм гишүүдээсээ хичээнгүйлэн хүсье.

2021-04-08