Ш.Адьшаа: Дээд шүүх, УИХ-тай хаяа нийлсний гор гарч байна

УИХ, хуулийг дээдлэж ажиллах зарчмаасаа гажсан бодлого, шийдвэр гаргаж байна. Шүүхийн тухай хуулийг өөрчлөх замаар хууль тогтоох эрх мэдлийн харьяанд шүүхийг авчирсны нөлөө илэрч эхэллээ. Цэцийг гишүүнийг томилох асуудлыг Үндсэн хуульд тодорхой заасан. Дээд шүүх Цэцийн гурван гишүүнийг санал болгон томилж, чөлөөлүүлдэг. Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг чөлөөлөх томилох асуудлыг дээд шүүхийн нийт шүүгчдийн гуравны хоёроор томилж чөлөөлөх хүний нэрийг тодруулж УИХ-д өргөн мэдүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүйгээс өнөөдрийн асуудал үүссэн. Хууль зүйн байнгын хороон дээр шийдээгүй асуудлыг нэгдсэн чуулган дээр оруулж Ш.Цогтоог чөлөөлсөн. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар тухайн нэр дэвшигчийг томилж чөлөөлөх тухай асуудлыг Дээд шүүх УИХ-д ирүүлэх ёстой. Гэтэл тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч гэдэг хүн албан бичгээр харьцаж байна. Төрийн эрх мэдлийн хуваарилалт зохицуулалт хаана байна. Олонхи дүгнэлт хийх хэрэгтэй. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл харилцан нэг нэгэндээ хяналт тавьж Ерөнхийлөгчийн институт уг үйл ажиллагааг зохицуулах ардчилсан зарчим алдагдлаа. Шүүх үндсэн хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байна. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч үндсэн хуулийн дагуу хориг тавьсан. Энэхүү хоригийг хүлээж авах нь хуулиа хэрэгжүүлж буй УИХ-ын илрэл болно. Ерөнхийлөгчийн хоригийг дэмжинэ.

2021-04-06