Н.Ганибал: Долдугаар сарын 1-ний жагсаал 10 тэрбумын намын байртай болгосон. Өчигдрийнх У.Хүрэлсүхийг ерөнхийлөгчид дэвшүүлэх нь

31 жилийн өмнө Монголын ардчилсан холбооны залуучууд Монгол Улсад анхны жагсаал цуглаан хийж, тухайн үеийн тоталиторь дэглэмийг халж, өнөөдрийн ардчилсан нийгмийг эхлүүлж байсан. Миний хувьд 2008 оны долдугаар сарын 1-нд тухайн үеийн эрх баригч нам, МАХН иргэдийн саналыг луйвардсан үйлдэлд залуу хүнийхээ хувьд, шударга бус үйлдлийг эсэргүүцсэнийхээ хувьд оролцож явсан. Өчигдөр ч бас би УИХ-ын гишүүн болж, АН-ын өнөөдрийн хамгийн үнэт зүйл болох үг хэлэх, хэвлэн нийтлэх, жагсах, цуглах эрх чөлөөгөө эдэлж, иргэнийхээ хувьд, УИХ-ын гишүүнийхээ хувьд ч тэр жагсаал цуглаанд өөрийн биеэр очиж оролцсон. Өнөөдөр МАН-ын Ерөнхий сайд энэ асуудлыг далимдуулан ажлаа өгч байгаа, Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж байгаа энэ асуудал 2008 онд болсон тэр жагсаал цуглааны дараа болсон үр дүнтэй ижил байдалтай, үнэхээр танил технологи харагдаж байна. Тухайн үед долдугаар сарын 1-нд иргэд өөрсдийнхөө эрхийн төлөө жагссаны төлөө тухайн үеийн эрх баригчид иргэдийг хүчээр тарааж, таван хүний алтан амь эрсдэж байсан түүхтэй. Тэр жагсаал цуглаанаас хэн хожсон бэ? Тэр жагсаал цуглаанаас эрхээ хамгаалах гэсэн, үгээ хэлэх гэсэн иргэдийн жагсаал цуглааныг МАН –ын 10 тэрбум төгрөгийн өртөгтэй цагаан ордон баригдсанаар өндөрлүүлж байсан. Өчигдрийн тэр жагсаалаар дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвших эрхээ олж авч байгаад үнэхээр харамсаж байна. Хүрэлсүх сайд манай нутгийн ах. Нутгийн иргэд таныг энэ ажлаа хийж, Монголын ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулаасай гэж мэссеж бичиж байна. Би ч гэсэн таныг Ерөнхий сайдын ажлаа үргэлжлүүлж, үнэхээр Ерөнхийлөгчид нэр дэвшихийг хүсч байгаа бол энэ ажлаасаа дараагийнхаа ажил руу боломжоо нээж оролцоосой гэж хүсч байна.

2021-01-22