А.Адъяасүрэн: Аймгийн төвийн хэмжээний хүн амтай суурьшлын бүсэд тог цахилгаан байхгүй, эмч эмнэлгийн ажилтангүй өдий хүрлээ

Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа нүүрс тээвэрлэлтийн жолооч нарын ажиллах нөхцөл, эрүүл мэнд зэрэг нийгмийн асуудал ихээхэн хоцрогдож байна. УОК-оос Өмнөговь аймгийг эрүүл, аюулгүй бүс болгох талаар мэдэгдсэн.

Тэгвэл нүүрсний экспортын тал хувийг тээвэрлэж байгаа "Гашуун Сухайт" боомт буюу Цагаан хаданд нийт 13.5 мянган жолооч ажиллаж байна. Тэднийг дагасан үйл ажиллагаа эрхлэгчид нийлээд 20 мянган хүний амьдардаг суурьшлын бүс бий болсоор удаж байна. Аймгийн төвийн хэмжээтэй хүн амтай суурьшлын бүсэд тог цахилгаан байхгүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх нэгж, эмч эмнэлгийн ажилтангүй өдий хүрлээ.

Жолооч нар осол аваар гаргах, өвдөх, эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээ хэрэгтэй болоход хамгийн ойр Цогтцэций эсвэл Ханбогд сумын эмнэлэгт очиж цаг алдах, өвчнөө хүндрүүлэх, цаашлаад эрүүл мэндээрээ хохирох эрсдэл гарч байна.

Үүнтэй холбогдуулан хэдэн асуулт байна.

2018 онд Гашуунсухайт, Цагаан хад суурьшлын бүсийг байнгын цахилгаантай болгох талаар ярьсан ч хэрэгжээгүй. Энэ ажлыг хийх хэвээрээ юу. Засгийн газрын төвшинд яригдаж байгаа юу?

Нүүрс тээврийн жолооч нар хүнд, хортой нөхцөлд хамруулж өгөөч гэсэн хүсэлтийг удаа дараа тавьж ирсэн, танай яаманд ч ирүүлсэн байх. Энэ асуудалд салбарын яам байр суурьтай байна вэ, асуудлыг шийдэх талаар холбогдох яам, газруудтай хэрхэн хамтран ажиллаж байна вэ.

Эцэст нь хэлэхэд, Зам тээврийн хөгжлийн яам нүүрсний тээврийн жолооч нарыг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгааг харгалзан “Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун , хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ад хамруулах талаар ажиллаасай гэж хүсч байна.

Зам тээврийн сайд аа! Та цагаан хаданд хонож үзсэн үү? жолооч нар ямар нөхцөлд ажиллаж амьдарч байгааг мэдэх үү. Төрийн зүгээс аж ахуй нэгжийг асуудлаа шийд гэдэг. Амрах байр нь хичнээн тохитой байсан ч жолооч нар ачаагаа орхиод бааздаа ирэх ямар ч боломжгүй байдаг. Нэг цагийн өмнө ч болсон ачаагаа өгөхийн тулд дугаарлаж зогсдог. Эдгээр жолооч нарын дунд цар тахал тарвал яах вэ.

2020-12-05