Л.Болд: МАН-д 2020 оны сонгуульд ялах ямар ч шаанс үлдээгүй

2018-01-09

УИХ-ын гишүүн Л.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-“ЭРДЭНЭТ”-ИЙГ ГАР УТАС ХУЛГАЙЛЖ БАЙГАА ЮМ ШИГ АВЧИХАЖ БОЛОХГҮЙ-

-УИХ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах шийдвэр гаргаад нэг жил орчим болсны дараа Засгийн газар дахин ийм утга бүхий шийдэлд хүрлээ. Та “Эрдэнэт” тойрон өрнөж буй эдгээр үйл явцыг хэрхэн харж байна?

-“Эрдэнэт”-ийн хувьчлал олон талаасаа хууль зөрчсөн гэдэг нь тодорхой байгаа. Энэ сэдвээр сонгуулийн шоу хийж, МАН парламентад 65 суудал авсан. “Эрдэнэт” үйлдвэрийг Ардчилсан нам идчихлээ гэж МАН зарласан учраас ард түмэн бухимдсан нь ч үнэн. Монгол Улсад хууль бус өмчлөл өчнөөн л явагддаг байсан. Гэхдээ “Эрдэнэт”-ийн асуудал бол өөр. “Эрдэнэт” үйлдвэр бол Монгол Улс. Ард түмэн ч ингэж хүлээж авдаг учраас сонгуулийн дүн ердөө нэг хоногийн дотор эргэсэн гэж би хувьдаа дүгнэдэг. Түүнээс биш Ардчилсан нам өнөөгийнх шиг цөөн суудал авахааргүй байсан. Бүхэл бүтэн 100 мянган хүн амтай, Монголын томоохон аймгийн асуудал улс төрийн хүрээний тоглоом болж болохгүй. Тиймээс ч “Эрдэнэт”-ийг зүгээр нэг гар утас хулгайлж байгаа юм шиг авчихаж болохгүй. Одоо “Эрдэнэт”-ийг хар. Том асуудал руу огт орохгүй, тойроод яваад байна.

-Та УИХ-ын тогтоол, Засгийн газрын шийдвэр, ажлын хэсгийн дүгнэлтүүдийг хэлж байна уу?

-“Эрдэнэт”-ийг МАН ярихаараа нэг сонин тогтоол, тооцоо, маргааны хүрээнд яриад байна. Шийдвэрүүд нь ийм байдлаар гараад байгаа учир шүүх дээр тэр нь унаад байна. Ингээд тоглоод байгаа юм. Тиймээс ч би “Эрдэнэт”-ийн асуудал дээр эрх баригчдад итгэхгүй байгаа. Үүний цаана өөрсдөө байгаа гэдгээ өдөр бүхэн нотолж байна. Мэдээж эрх баригч нам дотор шударга хүмүүс байгаа. Харамсалтай нь тэдний хүчин мөхөсдөж байна. Ард түмэн МАН-ыг сонгохдоо “Эрдэнэт”-ийг тодорхой болгоно л гэж итгэсэн. Угаасаа нэг өдрийн дотор эргэсэн сонгуулийн үр дүн үүнийг харуулдаг. Гэтэл өнөөдрийн бодит үр дүнг хар. “Эрдэнэт” цэвэр сонгуулийн луйвар болсон. Асуудлыг өнөө хүртэл барьж авахгүй, тойроод л гүйгээд байх юм. Миний хувьд энэ утгаараа эрх баригчдын хийж буй алхам бүрд эргэлзэж байгаа гэдгээ хэлье.“Эрдэнэт”-ийн цаана эд нар өөрсдөө байгаа. Тиймээс ч эд нарыг өөрсдийг нь давхар шалгах ёстой. МАН “Эрдэнэт”-тэй холбоотой хүмүүсээ элчин сайдаар томилж, хаацайлан хамгаалж байна. Харин дотооддоо шүүмжилсэн хүмүүсээ алж талахад бэлэн байна. Өмч хувьчлал явагдах үеэр “Зууны луйвар” гэж хүмүүс тодотгож ярьдаг байсан. Харин энэ зууны луйвар “Эрдэнэт” болоход маш ойрхон байна.

-“Эрдэнэт”-ийг 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болголоо гэхэд үйл ажиллагааны чадамж, орлого төлөвлөгөө нь сайжрах магадлал байгаа юу?

-Стратегийн орд ард түмний мэдэлд байх ёстой. Яг энэ утгаараа “Эрдэнэт” хувьд очих ямар ч боломж байхгүй. Гадна талдаа дэлхийн өөр улсуудтай хамтарч болно. Гэхдээ Монгол Улс зуун хувь өмчилж байгаа тохиолдолд энэ нь ард түмний л өмч байх ёстой. Төр чиглүүлж, ард түмэн хяналтаа тавиад явах учиртай. Хэдэн тэрбумаар нь урьдчилж гэрээ байгуулаад, мөнгийг нь авчихсан байдаг. Гэтэл үүнийгээ яагаад ил тод мэдээлэхгүй улам бүр нуугаад байгаа юм бэ. Өөрсдөө л энэ бүхний цаана байна гэсэн үг. Үүн дээр эрх баригчдыг хардах 100 хувь үндэслэлтэй. Би ингэж л харж байгаа. Тэгэхээр бид “Эрдэнэт” дээр яг бодитой хариулт өгөх цаг болсон. УИХ нэг тогтоол батлаад, ард түмний толгойг бүтэн жил эргүүлээ. Одоо Засгийн газар дахиад нэг тодорхойгүй шийдвэр гаргачихлаа. Сонгуулийн өмнө дахиад баахан сэгсрэхээр төлөвлөж байна. Ингэж эрх баригчид дураараа загнаж болохгүй.

-“ЗАСГИЙН ГАЗРЫН 100 ХОНОГ” ГЭГЧИЙГ ХИЙЖ ЯАДАГ ЮМ БЭ-

-Шинэ танхим бүрдээд, 100 хоногтойгоо золгох гэж байна. Тодорхой байдлаар ахиж, үйл ажиллагаа нь эрчимжиж байгаа байдал танд анзаарагдав уу?

-Засгийн газрын сайд нар өөрчлөгдсөн ч яг шинэ засаг бүрдсэн гэж хэлэхэд хэцүү. МАН-ын засаг л эрхийг барьж байгаа. Тиймээс Засгийн газрын 100 хоног энэ тэр гэж хийгээд яадаг юм бэ. Гол нь ажлуудаа үнэн мөнөөр явуулах ёстой. Тухайлахад, “Эрдэнэт”-ийг шийдэж байгаа нь энэ Засгийн газрын 100 хоногтоо хийж буй нааштай алхам. Энэ нь үнэн байх ёстой. Хэсэг хугацааны  асуудал буцах арга замгүй болж гацах ёсгүй. Эд нар яах вэ, ажлаа хийчихсэн гээд буугаад явчихна. Том жүжиг болоод өнгөрөх вий. Зоригтойгоор ажлаа хийгээд, асуудлуудаа шийдээд явах юм бол заавал шүүмжлээд байх хэрэг ч алга. Гол нь цаад үнэнийг нь мэдмээр байна. Алхмууд нь  зөв байж, ард түмний эргэлзээг тайлах ёстой юм. Бид сөрөг хүчин гээд юм л бол шүүмжлээд байж болохгүй. Зөв зүйлийг нь дэмжиж, бурууг нь шүүмжлээд явна.

-Засгийн газраас ОУВС-тай татварын нэмэгдлийг бууруулах асуудлаар хэлэлцээр хийнэ гэж мэдэгдсэн. Татварын нэмэгдлээр олж буй мөнгийг өөр эх үүсвэрээс бүрдүүлэх бодит боломж байгаа юу?

-Өмнөх Засгийн газраа л муулах арга. Одоо ОУВС-тай ярилцах асуудал дэлгэж байна. Эдийн засгийн хүндрэлээ хэрхэн яаж давах талаар өөрсдөө санаачлагатай ажиллаж чадахгүй байна. Сэтгэл ч алга. Тийм учраас нийгмийн дунд давхаргаа холгосон, бизнес эрхлэгчдээ дарамталсан аргаа ядсан арга зам сонгоод байгаа юм. Энэ бол үнэхээр учир дутагдалтай асуудал. Яг үнэндээ татварын нэмэгдлээр маш бага мөнгө төсөвт төвлөрүүлэхээр байгаа. Гэтэл гурван сайдын багц 800 тэрбум хол гараад явчихаж байна. Бодит байдал дээр ийм л байна. Татвар төлж буй хэсэгт нэмэгдэл маш хүндээр тусна. Тийм байхад сайд нар хэрээс хэтэрсэн төсөвтэй хэвээр л байна. Эхлээд үүнийгээ бид дотооддоо засах ёстой. Түүнээс биш ОУВС-тай хэлэлцээр хийх нь чухал биш. Яг үнэндээ ОУВС биднийг орлого зарлагаа тэнцвэржүүл. Төгрөгөө тогтвортой байлга. Эдийн засгийг эрүүлжүүл л гэсэн. Энэ бол маш ерөнхий, эрүүл шаардлага. Түүнээс биш хүүхдийн мөнгийг хас, бизнес эрхлэгчдээ дарамтал гэж шаардаагүй. Ийм байхад МАН өөрсдийн эрх мэдэл, орон тоо, албан тушаал, мөнгө хөрөнгө, тендер, концессоо авч үлдэхийг чухалчилж байгаа юм. Золиосонд нь хүүхэд, тэтгэврийн насныхан, ид ажиллаж буй залуус, бизнес эрхлэгчид өртөж байна. Энэ хандлага чинь өөрөө буруу. Үүнийгээ засах ёстой.

-Урьдач нөхцөлүүд Олон Улсын гэрээний хүрээнд хөдлөх боломж, нөхцөл байгаа юу?

-ОУВС-гийнхан байнга хэлж байгаа. Эцсийн эцэст бид шахаж шаардаад, хатуу нөхцөл тавиад байгаа юм байхгүй. Бид ерөнхий шаардлагаа тавьсан. Яг аргачлалуудыг нь эрх баригчид чинь гаргасан шүү гэж хэлээд байгаа. МАН хэн рүү ч буруугаа чихэх боломжгүй. Яах вэ, өнгөрсөн жил өмнөх засаг руугаа буруу зүйлүүдээ бухаж болж байсан. Одоо эрх баригчид засаглаад хоёр жил болчихлоо. Хэн рүү буруугаа гөвөх юм бэ. Өөрсдөө л ажил хэрэгч байж, энэ асуудлаа цэгцлэх ёстой.

-Ажил хэрэгч гэснээс шинэ парламент гурав дахь чуулганаа хийж байна. Гарч буй шийдвэр, хэлэлцэж байгаа хуулийн төслүүдээс харахад хэт ажил хэрэгч биш байгаа нь шүүмжлэл дагуулдаг. Та энэ асуудал дээр ямар суурь илэрхийлэх вэ?

-УИХ-ыг улс төрийн тоглоомынхоо нэг хэсэг болгоод хаячихлаа. Энэ нь их харамсалтай юм. Албан тушаалаа хуваадаг, засгаа өгөлцөж авалцдаг, хувийн бизнесийнхээ төслүүдийг батлуулдаг. Зөвхөн хувь сонирхлоор УИХ ажиллаж байна. Ард түмний эрх ашиг гэж байхгүй болчихлоо. Бүлэглэлийн эрх ашиг л явж байна. Яаж өнөөдрийн нөхцөл байдал дээр тоглолт хийж, ард түмнээ хуурч илбэдэх вэ, энэ хооронд нь ямар байдлаар өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргах вэ гэж бодож байна. Маш эмгэнэлтэй. Тиймээс ч бид яаралтай парламентын хувьсгал хийх ёстой. Ингэж чадахгүй бол маш осолтой нөхцөл байдал үүсээд байна. Ерөнхийлөгч амнаасаа парламентыг тараах тухай үг хүртэл унагалаа. Энэ бол байдал ноцтой түвшинд очсоныг л илтгэж байгаа юм. Үүн дээрээ парламент дүгнэлт хийх ёстой. Шүүмжлэх яах вэ, хэзээд болно. Үндсэн хууль, ард түмэн, сөрөг хүчин энэ бүхнийг шаардсаар байна.

-ПАРЛАМЕНТ ХУЙВАЛДААНЫ ЗАРЧМААР ЯВААД БАЙВАЛ БИД ГУДАМЖИНД ГАРНА-

-Магадгүй сөрөг хүчин илүү зоригтой, бүтээлч шаардлагууд тавьж ажиллах ёстой юм биш үү?

-Сөрөг хүчин овоо л шаардлага тавьж байгаа. Бид байр сууриа тодорхой илэрхийлж байгаа. Асуудлыг олон нийтийн анхаарлын төвд оруулах, эрх баригчдыг ичээх хэмжээнд ажиллах гээд оролдож байна. Би ч энэ асуудлыг тодорхой хэлээд байгаа. Парламент хуйвалдааны зарчмаар явах гэж байгаа бол бид гудамжинд гарна. Ард түмэнтэйгээ гудамжинд жагсаж байж эд нарт ойлгуулна. Ингэж л харж байгаа.

-АН-ын шинэчлэл нам жим боллоо. Эрх мэдэл нь дахиад хэдхэн хүний гарт төвлөрлөө гэсэн шүүмжлэл явах болжээ. Та намынхаа дотоод асуудалд хэр оролцож байна вэ?

-Шинэчлэлийн үйл явц өрнөж л байна. Аль ч улс төрийн намтай харьцуулахад АН-ын шинэчлэл харьцангуй бодит. Ер нь нам дотооддоо шинэчлэгдлээ гээд асуудал шийдэгдчихгүй. Бид улс төрийн намын тухай хуулиа зайлшгүй шинэчлэх шаардлагатай. Ингэж байж шинэчлэл жинхэнэ утгаараа явагдана. Улс төрийн хүрээний энэ бохир байдал цэвэр намуудаас хамаарч байна.

-Сонгуулийн хуулиар УИХ дээр ажлын хэсэг байгуулагдсан. Яг тодорхой байдлаар ажил нь явж байгаа юу?

-Сонгуулийн хууль дээр ажлын хэсэг байгуулагдсан. Миний бие ажлын хэсэгт багтсан ч яг тоймтой байдлаар хуралдаад байгаа юм алга. Мэдээж сонгуулийн хууль тойрсон, тойргийг эрэмбэлэх гэсэн янз бүрийн санаархлууд байхыг үгүйсгэхгүй. Өмнөх түүхээ харахад, эрх баригч нам ялалтаа баталгаажуулах зорилгоор Сонгуулийн тухай хуулиараа оролддог. Гэхдээ эрх баригчдын энэ хүсэл эргээд ард түмэнд хайчлуулдаг тал бий. Яг энэ түүх давтагдах болов уу. МАН-д 2020 оны сонгуульд ялах ямар ч “шаанс” үлдээгүй. Яаж ч хуулиа өөрчлөөд, тойргоо зүсч холиод ч бололцоо байхгүй.

-УИХ дахь АН-ын бүлэг дотооддоо Д.Мурат гишүүний асуудлаар ярилцсан уу?

-Гишүүн өөрөө асуудлаа босгож ярихгүй бол бид сөхөж ярих боломжгүй. Өнөөдөр хэнийг яаж ч гүтгэж болохуйц байдал сошиал ертөнцөд хөгжчихөөд байна. Үүнийг бүх хүн мэдэж байгаа. Энэ нь нэг талдаа АН руу, намын гишүүн рүү хийж буй ээлжит дайралт болов уу. Асуудлыг УИХ-ын хамаарах дэд хороогоор хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргах байх гэж бодож байна. Нөгөө талаараа хууль шүүхийн байгууллага асуудлыг нэг талд нь гаргаж шийдээгүй байна. УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага тооцох асуудал саяхан илүү нээлттэй болсон. Тэгэхээр асуудал хуулийн хүрээндээ яригдах болов уу. Түүнээс биш шууд асуудлыг шүүрч аваад хэлэлцэж болохгүй.

Эх сурвалж: www.medee.mn

Ангилал


Twitter


Facebook