С.Эрдэнэ: МАН-ынхан дэд сайдуудаа татан буулгаж зарим агентлагуудаа болиулах хэрэгтэй

2018-01-08
|
Ярилцлага

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Өнгөрөгч даваа гаригаас татварууд нэмэгдсэн. Эдийн засаг хүнд байгаа ч татвар нэмэх зайлшгүй шаардлага байгаа юу. Татвар нэмсэн хэрнээ “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ гээд байна. Нэг гараараа татвар нэмж, нөгөө гараараа мөнгө тараадаг энэ тогтолцооны талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Эхлээд бодит байдлаа тодорхойлох гэж оролдъё. Өнөөдөр үнэхээр эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн үү. Хүндэрсэн гэдгийг нь хэн нотлоод байгаа юм. Манай улсын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ гадаад зах зээлд өмнө нь байгаагүйгээр өслөө. 2012-2016 онд зарим жил бүр 650-700 тэрбум төгрөгийн төсвийн эх үүсвэр дутагдаж байсан. Энэ хүнд үед Ардчилсан намын тэргүүлсэн Засгийн газар татварыг нэг ч төгрөгөөр нэмээгүй. Харин ч эсрэгээрээ боломжит хувилбаруудыг сонгож, “Сайн” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтүүдийг бууруулахгүй, бүтээн байгуулалтуудын эрчмийг сааруулахгүй байх бодлогыг барьсны үр дүнд эдийн засгийг аваад гарсан.

Гэтэл өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ. Эрх баригчид гарч ирээд нэг жил зургаан сар боллоо. Энэ хугацаанд юу хийв, юу бүтээв, ямар том төсөл хөдлөв. 2012-2016 оны хооронд эвслийн Засгийн газрын эхлүүлсэн, хийж бүтээж байсан ажлуудын нээлтийн туузыг МАН-ынхан одоо хайчилж байна. Тэд өөрсдөө санаачлаад юу хийсэн бэ. Хоёр дахь Засгийн газар нь гараад ажиллаж байна л даа. Эдийн засгийн бодит нөхцөл байдалд дүгнэлт хийх ёстой. Эдийн засаг муудсан гэж бодож байна уу.

-Хаа хаанаа мөнгөгүй улсын данс улайлаа л гэх юм байна шүү дээ?

-Эдийн засаг муудаагүй шүү дээ. Харин ч эсрэгээрээ эдийн засаг сайжирсан. Эдийн засаг 1.3-5.3 хувь буюу дөрвөн хувиар өслөө. Энэ дөрвөн хувийн өсөлтийг хэн хийсэн юм бэ. Уг өсөлтийг өнөөгийн эрх баригчид баялаг бүтээгээд, бүтээн байгуулалт хийгээд өсгөсөн үү гэвэл үгүй. Тухайн үед нүүрсийг уурхайн аман дээр 20 ам.доллараар борлуулж байсан бол өнөөдөр 81 ам.доллар хүрч, боловсруулаад гаргавал 200 ам.доллар хүрч байна. Энэ бодит орлого хаашаа, юунд урсаад байгаа юм бэ. ОУВС-гийн нэрээр долоон төрлийн татвар нэмсэн. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсанаар Монголын эдийн засаг аврагдлаа гээд нийгмийн тархийг угаасан буруу сурталчилгаа маш хүчтэй явж байна. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүллээ гээд Монголын эдийн засагт ямар эерэг үр нөлөө авч ирсэн юм бэ. Магадгүй ОУВС-гийн ард хөрөнгө мөнгийг нь барьж байдаг улс орнууд ОУВС-г дэмжих зорилгоор монгол руу орох мөнгөний урсгал жаахан нэмэгдсэн байх. Өөр ямар ч эерэг үр дүн гараагүй.

Эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрлээ гээд рекламдаад байна. Иргэдийн орлого хэдэн төгрөгөөр нэмэгдсэн юм бэ. Цалин, тэтгэвэр нэмсэн үү, хүүхдийн мөнгийг бүрэн олгосон юм уу, хөрөнгө оруулалт хийгдсэн үү. Яг юу хийсэн юм бэ, монголд. Харин ч хуучнаасаа улам дордож байна. Тэгсэн хэрнээ орон тоо, сайд нарын хангамж, тансаглал нь нэмэгдээд л. Сүүлдээ мөнгөө юунд зарцуулахаа мэдэхээ байгаад 50-60 тэрбумаар нь төрийн албан хаагчдад нэг удаагийн тусламж болгоод олгосон. Энэ хэнд, юунд хэрэгтэй юм бэ. Энэ 300 мянган төгрөгөөр хэн юу хийв. Ямар бодит хөрөнгө оруулалт болж үлдэв. Нийгмийн амьдрал сайжирсан юм юу байна. ОУВС гэж байгууллага орж ирээд юу гийгүүлэв.

-ОУВС орж ирэхгүй бол энэ хямралыг даван туулж чадахгүй гээд байгаа шүү дээ. Ардчилсан намыг засаглаж байхад МАН-ынхан тэгж ярьдаг байсан. Одоо ч тэгж ярьдаг...

-Монгол Улсын эдийн засгийг зөв явуулъя, босгоод ирье гэж ОУВС хүссэн бол өнгөрөгч оны гуравдугаар сард батлуулсан УИХ-ын тогтоолыг хүчингүй болгуулсан юм бэ. Өөрсдийн баялгаас орж ирж буй мөнгөний урсгалыг Монголын банк, санхүүгийн шугамаар явуулъя гэсний төлөө яагаад хориг тавьж байгаа юм. ОУВС яахаараа хаа хамаагүй Рио Тинто гэдэг компанийн эрх ашгийг хамгаалдаг юм бэ. Энэ нь зөв юм уу. Өнөөдөр монголд уул уурхай хамгийн замбараагүй байна. Уул уурхайн олборлолт, борлуулалт, тэндээс олж буй мөнгөний урсгал Монгол Улсад огт хамаагүй байна шүү дээ. Ямар ч хамааралгүй Монголоос гадуур мөнгө урсаж байна. ОУВС-гийн хэдэн ам.доллар юу юм бэ. Захын нэг уул уурхайгаас олдог ашиг шүү дээ. Монголчууд өөрсдөө баялагаа мэдье, орлогоо мэдье гэсний төлөө хориг тавьсан. Эрх баригчид ОУВС-гийн шахалтанд ороод бүхэл бүтэн УИХ-ын тогтоолыг хүчингүй болгосон. Оюу толгойгоос орж ирж буй мөнгөний урсгал, орлого хаашаа явж байна вэ. Үүнийг хэн хянаж байгаа юм. Сангийн яам, гааль, татварынхан аль нь ч хянаж чадахгүй байгаа. Монгол Улсын Засгийн газар Оюу толгойд ямар ч оролцоо байхгүй. Бодит байдал дээрээ эдийн засаг хүндэрлээ гээд байх юм. Байгаа юмаа хүнд луйвардуулж, гадныханд идүүлчихээд юун ОУВС яриад байгаа юм бэ. Уул уурхайн олборлолт, борлуулалт хийж буй компаниуд дээр төр хяналтаа чангатгаачээ. Бодит хэчнээн хэмжээний хүдэр, баяжмал үйлдвэрлэж байгаа юм. Хэдээр борлуулж байна вэ, хэдий хэмжээний ашиг олж байгаа, мөнгөний урсгал нь хаагуур орж, хэн дээр очиж байгаа вэ, Монгол борлуулалтын татвар, хүртэх ёстой ашгаа хүртэж байна уу гэдгээ хяна. Ингэж чадвал юун татвар нэмэх, юун ОУВС бэ.

Гадны мэдээллийн сайт дээр “Рин Тинто компани Оюу толгой ордоос хэдэн тэрбум ам.долларын ашиг олсон байх магадлалтай” гээд гарч байгаа шүү дээ. Гэтэл манай оронд хэдэн сая ам.долларын татвар төлж байгаа билээ. Би ганцхан Оюу толгойг л ярьж байна. Гэтэл манайд олборлолт хийж буй хичнээн компани байна вэ. Үүн дээрээ бид хяналт тавьж чадаж байгаа юм уу. Оюу толгойд Монгол Улсын Их хурлын гишүүн очоод шууд нэвтэрч чадахгүй байна. Цэрэгжсэн хамгаалалт авчихсан. Тэд монгол дотор дахиад улс байгуулчихсан. Дураараа авирлаж байна. Би ганц зэс, молибдень яриагүй. Үүнийг дагаад гарч буй дагалдах металиуд болох алт, мөнгө, цайраас эхлээд тэр олон ховор металийг гарц, үнэлгээг хэн тогтоож байгаа юм. Үүнийг нарийн судлаад, тооцоод гаргадаг лаборатори манайд байхгүй. Зэс, молибдень нэрээр хэдэн зуун вагоноор нь гаргаж хятадад ангилж байгаа. Тэндээс хэдэн тонн алт ямар ч татваргүй цаашаа гарч байгааг хэн мэдэж байгаа юм. Хэн ч мэдэхгүй л байгаа байхгүй юу. Эцэст нь энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ. Өнөөдөр л болж байгаа бол маргааш хамаагүй гэдэг хүний сэтгэлээр хандаж болохгүй. Боллоо, хангалттай. Ашиг олж чадахгүй байгаа юм бол зогсоо. Байгалиараа байж л байг. Ашиглаж чаддаг болсон цагтаа хуультай болж байгаад ашиглая л даа. Яагаад заавал өнөөдөр ашиглах гээд улайраад байгаа юм бэ.

-Хариуцлагыг нь хэнээс нэхэх ёстой юм бэ?

-“Оюу толгойн орд алдагдалтай ажиллабал би хариуцлагыг хүлээнэ” гэсэн Ерөнхий сайд С.Баяр хаачсан бэ. Уул уурхайн сайд нь хаачив. Гэрээ хийсэн хүмүүс хаана явна. Өнөөдөр эрх барьж буй нам ч хариуцлага хүлээхгүй. Энэ мэтчилэн зүйлс дээр бид бодитой хандах цаг болсон. ОУВС гэдэг байгууллагыг одоо хазаарлах ёстой. Одоо боль. Ази, европод олон орон ОУВС худлаа байгууллага шүү гэдгийг нотлоод байна. Украин, Грекээс эхлээд ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэн орнууд босоод ирсэн нь хаана байнаа. ОУВС-гийн ард цөөн тооны хөрөнгө оруулагч байдаг. Энэ байгууллага тэдний эрх ашгийг илэрхийлдэг байхгүй юу. Ийм байдлаар явах юм уу. Дэлхийн банк л гэнэ. Бидэнд мянган дэлхийн банк байгаад ч нэмэргүй. ОУВС байгаад ч манайд хэрэггүй. Тэднээс гуйхгүйгээр Монгол хөл дээрээ босох чадалтай. Үүнийг би сэтгэлийн хөөрлөөр хэлж байгаа юм биш. Өнөөдрийн бодит үнэн.

Төр жолоодлогогүй явбал тэдний хоол болоод дуусна. Тиймээс бага алдсан дээрээ асуудлыг зөв болгоод явсан нь дээр.

-Нэгдүгээр сарын нэгнээс нэмэгдээд эхэлсэн энэ татваруудыг болиулах боломж байгаа юу. Иргэдийн нуруун дээр ачаа болж ирж байна гэсэн шүүмжлэл байна шүү дээ?

-Бодит боломж бий. Зардлаа тана. Хэрэггүй олон Дэд сайд нараа болиул. Зарим агентлагуудаа татан буулга. Эсрэгээр нь баялаг бүтээгчдээ дэмж л дээ. Тэдэнд хөнгөлөлттэй зээл тусламж өгч чаддаггүй юм аа татварыг нь битгий нэмээч. Хэвийн ажиллах нөхцлийг нь хангаад өг. Цалин, тэтгэвэр нэмдэггүй. Нийгмийн хамгааллыг нь хөсөр хаячихлаа. Нөгөө талдаа ямар ч төрийн бодлого, дэмжлэг үзүүлдэггүй. Тэгсэн хэрнээ татвар нэмээд байна. Энэ чинь ОУВС-гийн сонгодог арга. Тухайн орны эдийн засгийг бүр унагаачихдаггүй, босгочихдоггүй, үлгэн салган явуулдаг. Тэр дундаас нь тухайн орны баялгийг нь сордог.

Би энэ төрийн төлөө яваа түшээгийн хувьд өнөөдөр энэ үгийг хэлэх ёстой гэж бодож байна. Цаг нь болсон. Үүний төлөө би тэмцэнэ. Бодит амьдралаа хар. Утаа, байгаль экологи, ундны усаа хар. Болж байгаа зүйл байна уу. Ямар юмных нь өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр вэ, ямар юмных нь татвар нэмэх вэ. Хөтөлбөр гэж татвар нэмэхийг хэлээд байгаа юм уу, үгүй л байхгүй юу. Хөрөнгө оруулагч гэхээр л сайн хүн байдаг юм уу. Нэг талын ашигтай гэрээ хэлцлээр яадаг юм. Монголчууд гурван жил бүсээ чангалахад тураад үхчихэлгүй ард нь гарч чадна. Өвөг дээдэс маань бидэнд тийм амьдрах ухааныг үлдээсэн.

-Утааны асуудлаас үүдээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга онц байдал зарлуулах саналаа УИХ-д хүргүүлсэн. Онц байдал зарлах хэмжээнд асуудал хүндэрсэн үү. Ямар нэгэн нам улс төргүйгээр хариулт өгөөч, та?

-Ерөнхийлөгчийн хүргүүлсэн саналыг оройтсон гэж харж байна. Магадгүй таван жилийн өмнө онц байдал зарлах ёстой байсан байхгүй юу. Хүн болж чадахгүй эхийнхээ хэвлийд хэдэн мянган ураг устаж байна. Хэдэн мянган хүүхэд нярайдаа эндэж байна. Хэчнээн хүн суурь өвчтэй болж байна вэ. Энэ бүхэн чинь гамшиг биш юм уу. Онц байдал биш юм уу. Манайх шиг цөөн хүн амтай улсад аюул биз дээ. Аюулын харанга байтугайг дэлдэж байгаа. Юун дайн байлдаан. Тэрнээс олон хүнээ алдаж байна. Онц байдал зарлаж төрийн байгууллагуудыг асуудал руу оруул л даа. Чих нь сонсдоггүй юм бол сонсдог чихийг нь онгойлгож өг. Хардаггүй юм бол хардаг нүдийг нь нээж өг. Онц байдлын түвшинд асуудлаа тавь. Ерөнхийлөгчийн онц байдал зарлуулах санал маш зөв. Харин ч оройтчихлоо.

Утааны бизнесээр хичнээн хүн хагартлаа баяжив. Утаагүй зуух, утаагүй түлш нэрээр хичнээн байгууллага хэдэн зуун тэрбумаар тоглов доо. Тэр нөхдүүдэд хариуцлага тооцох ёстой. Төр гэж байгаа юм бол ажиллах цаг нь болсон. Худлаа лоозон ярьдгаа боль. Хэдэн зуун тэрбумаар гараа угаасан хүмүүсийн толгойг илээ л, тансаглаа л. 1952 онд Лондонд утааны улмаас иргэд хэдэн мянгаараа үхэж байж төр засаг нь сонсч, харсан байдаг. Жилийн өмнө Бээжин ямар байв. Ганц жилийн дотор ямар хурдан арга хэмжээ авч чадав. Нэг жилийн дотор 192 мянган нам даралтын зуухыг шууд устгасан. Бүсчлээд, бүс болгондоо зэрэг тогтоогоод явсан. Танай бүс цахилгаанаар хална, та амьдарна гэвэл энэ шаардлагыг ханга. Энэ бүс зөвхөн газаар хална. Шаардлагаа хангаад энд амьдар гээд утааны асуудлаа нэг жилийн дотор 60-70 хувь шийдэж чадлаа. Монгол төр яагаад чадахгүй байгаа юм. Олонхийн эрх ашгаа бодох цаг болсон.

-Онц байдал зарлах эцсийн шийдвэрийг УИХ гаргах ёстой. Их хурал дэмжих үү?

-Дэмжихгүй бол яах гэж энд сууж байгаа юм. Дэмжихгүй бол яах гэж энэ 76 гишүүн сонгогдсон юм. Ард түмний төлөө үйлчилнэ, би чадна, та нарын төлөө үхэж чадна гэж сонгогдоо биз дээ. Одоо харъя. Улс төрждөг цаг биш. Аль нам олонх байх нь хамаагүй. Нийт монголчуудын эрх ашгийн төлөө асуудал тавьж байна. АН, МАН-гүй бүгд утаанд хордож байна шүү дээ. Эрх баригчдын тансаг хэсгийнх нь хүүхдүүд гадаадад байдаг болохоор мэддэггүй байж магадгүй. Монгол Улсын хүн амын 50 хувь амьдардаг Улаанбаатарынхан хордож байна шүү дээ. Аймгийн төвүүдийг очоод хар. Нийслэлээсээ дутах юмгүй утаатай байна. Уурын зуухнуудын янданд нь ямар ч шүүлтүүр байхгүй. Зарим газраа нүүрсээрээ тургиж байна. Үүнийг яагаад олж харахгүй байна вэ. Үүнд яагаад анхаарал хандуулахгүй байна вэ. Ерөнхийлөгчийн онц байдал зарлуулах саналыг 200 хувь дэмжиж байна. Яаралтай арга хэмжээ авах цаг болсон.

Эх сурвалж: өдрийн сонин

Ангилал


Twitter


Facebook