З.Нарантуяа: Төв банкны ерөнхийлөгч өөрөө өөрийнхөө төсвийг баталж, цалингаа нэмүүлнэ гэж санал оруулж ирсэн нь ёс зүйгүй асуудал

2018-01-04

УИХ-ын гишүүн З.Нарантуяаг “Ярилцах танхим” буландаа урьж, ярилцлаа.

-АН-ын бүлэг Төв банкны тухай хуулиар тав хоногийн завсарлага авсан. Завсарлага авсан гол шалтгаан нь юу байв?

-Төв банкны тухай хууль, Банкны тухай хууль, Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль гэсэн банкны салбарын үйл ажиллагааг зохицуулдаг гурван хуулийн төсөл тусдаа яригдаж байсан. Үүнийг нэгтгэж, нэгдсэн ажлын хэсэг байгуулж, хуулиудынхаа зохицуулалтын хоорондын уялдааг сайжруулъя гэдэг байр сууринаас хандаж, АН Төв банкны тухай хуулиар завсарлага авсан. Байнгын хорооны хуралд тус тусдаа ажлын хэсгүүд анхны хэлэлцүүлэг хийлгэчихвэл дараа засах зүйл гарахад хүндрэлтэй болдог. Тиймээс анхны хэлэлцүүлгийг хойшлуулж байгаад хамтарч, нэгдсэн байдлаар ярилцахаар шийдсэн. Өнөөдөр /өчигдөр/ нэгдсэн ажлын хэсгийн хуралдаан боллоо. Энэ хуралдаанд орж, саналаа хэллээ.

-Төв банкны бие даасан хараат байдлыг нэмэгдүүлэх чиглэлийн заалтууд шинэ хуулийн төсөлд цөөнгүй байгаа. Гэхдээ хараат бус байдал гэж чухам юу юм. Хэнээс, хаанаас хараат бус байх ёстой юм бэ. Манай улсад Төв банкны бие даасан байдал алдагдсан гэж амтай болгон шүүмжилдэг шүү дээ?

-Төв банкны бие даасан, хараат бус байдлыг  дөрвөн үндсэн зүйлээр хэмждэг. ЗГ буюу Гүйцэтгэх засаглалаас хамааралгүй байх, Улс төрөөс хараат бус байх, Санхүү, төсвийн хувьд төсвөөс хараат бус байх, Шийдвэр гаргалт нь мэргэжлийн байх гэсэн шалгуураар дүгнэдэг. Өргөн баригдсан хуулийн төсөлтэй холбогдуулж Монголбанкнаас гаргасан дүгнэлт, танилцуулгад манай улсын хувьд Төв банкны шийдвэр нэг хүнээс буюу Ерөнхийлөгчөөс нь, нэг улс төрийн намаас буюу түүнийг томилсон намаас хамааралтай байна гэсэн байна лээ. Тодорхой хэмжээнд ийм нөлөөлөл байгаа. Гэхдээ үүнийг засахаар оруулж ирсэн хуулийн төслийн заалт нь эргэлзээтэй байна.

Одоогийн хуулиар Ерөнхийлөгч өөрөө шийдвэрээ гаргаж, хариуцлагаа хүлээхээр байгаа учраас үүнийг өөрчилж, хамтын шийдвэр гаргадаг болгохоор Мөнгөний бодлогын зөвлөлийг Ерөнхийлөгчид зөвлөдөг биш хамтарч шийддэг байхаар тусгасан байгаа. Хамтын шийдвэр нь зөв хэдий ч энэ зөвлөлийн гурван гишүүн нь Монголбанкны гурван Ерөнхийлөгч, дөрвөн гишүүн нь Монголбанкны Ерөнхийлөгчийн санал болгож, нэр дэвшүүлсэн хүн байхаар өөрчлөгдсөн нь ерөнхийдөө эрх мэдлийг Ерөнхийлөгчид нь бүрэн өгчихөж байгаа юм. Ажиллах журмыг нь Монголбанкны Ерөнхийлөгч өөрөө батална. Хэрвээ хамтын шийдвэр буруу үр дагавар авчирвал Монголбанкны Ерөнхийлөгч хариуцлага хүлээхгүй. Учир нь хамтаараа хүлээнэ. Энэ чигээрээ батлагдвал харин ч эсрэг үр дүнд хүргэж болзошгүй тул дөрвөн гишүүнийг гаднаас, судалгааны байгууллага, олон нийтийн төлөөлөл болон Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг макро төвшний бодлогын байгууллагуудын төлөөллөөс оруулж, бодлогын уялдааг хангах нь зөв байх гэсэн санал гаргасан ч олонхи маань сонссонгүй, санал уналаа.

-Гүйцэтгэх засаглалын хувьд?

-Төв банкны бодлого үйл ажиллагаа Гүйцэтгэх засаглал буюу Засгийн газрын үйл ажиллагаанаас ангид байх ёстой.  Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд сонгуульд ялсан улс төрийн хүчний мөрийн хөтөлбөрийг Засгийн газрын мөрийн хөтөлбөр болгож хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан бодлого, арга хэмжээг хэрэгжүүлдэг. Түүнд улсын төсвийн орлогоос давсан санхүүжилт шаардагдах нийгэм, эдийн засгийн олон хөтөлбөрүүд тусгагдсан байгаа. Засгийн газрын хувьд сонгогчиддоо таалагдахын тулд төсөв мөнгө олдож байвал хэчнээн л бол хэчнээн хэмжээгээр зардал гаргаж, хэрэглээг өдөөдөг. Мөнгөний нийлүүлэлт ихсэх тусам төгрөгийн үнэ цэнэ нь бууруулна. Цаашлаад инфляцийг хөөрөгдөнө. Харин Төв банкны үндсэн үүрэг бол үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах. Үнийг тогтвортой байлгахад оршдог. Энэ утгаараа Засгийн газрын хязгааргүй зарцуулах хүслийг мөнгөний бодлогоороо хумиж байх ёстой байдаг. Энэ зарчим үеийн үед алдагдаж байсан. Засгийн газраас гаргасан үнэт цаас бүрийг нь мөнгөжүүлж, дотоодын өрийг нь өөгшүүлж, төсвийн алдагдлыг нэмэгдүүлдэг. Энэ удаа ч энэ байдал давтагдаж байгаа. Үүнийг засах хуулийн заалт орж ирээгүй. Төв банкны Ерөнхийлөгч Засгийн газрын хэрэглээ ихсээд байхад Засгийн газрын хуралдаанд зөвлөх эрхтэйгээр орж, зөвлөж, сануулж, анхааруулдаг эрхийг хуульд заагаад өгчихсөн байгаа ч энэ эрхээ ашиглаж, доритой дуугарч, бодлогоо хатууруулж чадахгүй, хараат байдалд ажиллаж байгаа.

УИХ-аас Төв банкны Ерөнхийлөгчийг томилдог. Засгийн газраас томилдоггүй. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байдаг бол Монголбанкы Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил. Хуулиар хараат бус, бие даасан бодлого хэрэгжүүлэхийг нь одоогийн хуульд 22 жилийн өмнө заагаад өгчихсөн байгаа ч хараат байгаад байгаа нь хуулиндаа бус хуулиа дагаж мөрдөж, баримтладаггүйд, Ерөнхийлөгч нарын ёс зүй, мэргэжлийн ур чадвараас шалтгаалж байна.

-Төв банкны хуульдаа гар хүрэх цаг нь болсон уу. Хараат бус байдлыг хангах заалтууд нь батлагдсанаар үнэхээр бие даасан байдлаар ажиллах чадах уу?

-Төв банкны тухай хууль 1996 онд батлагдсан. Тухайн үед Төв банкны тухай хуулийг баталж байхад нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал арай өөр байсан. Харин өнөөдрийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал маш өөр болсон. Тиймээс төв банкийг үйл ажиллагаа, зарчим, хэрэгжүүлж байгаа бодлогынх нь хувьд хуулийг нь өөрчилж, боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага бий.

Тэр утгаараа Төв банкны хуульд оруулж байгаа өөрчлөлтүүдийг дэмжиж байна. Харин хараат бус байдлаа үнэхээр хангасан заалтуудыг баталж чадаж байна уу гэвэл чадахгүй байна гэж хэлнэ.  Эсрэгээрээ эрх мэдлийг хэт төвлөрүүлсэн, хяналтгүй болгож байна.

Төв банкны үйл ажиллагаанд хяналт тавьдаг Хяналтын зөвлөл гэж байдаг. Тэр Хяналтын зөвлөлийг УИХ томилж, ажиллах журмыг нь баталж өгдөг байсан. Одоо  ажиллах журмыг нь Ерөнхийлөгч нь өөрөө батлах болгож байгаа.

-Төв банкны удирдлагууд ажлаа өгснөөс хойш хоёр жилийн хугацаанд амьжиргааны төвшнийг нь бууруулахгүй байх үүргийг төр хүлээх утгатай заалт орж ирсэн байсан. Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Төрийн өндөр албан тушаалтнуудын цалингийн сүлжээг УИХ-ын тогтоолоор баталдаг. Энэ тогтоол Төв банкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нарт ч хамаатай. Яг өнөөдрийн нөхцөлд Төв банкны Ерөнхийлөгч цалингаа нэмүүлэх санал оруулж ирсэн нь ёсзүйн хувьд цагаа олоогүй гэж бодож байна. Тэр тусмаа өөрөө өөрийнхөө цалингийн төсвийг батална гэдэг байж болохгүй асуудал. Монгол Улсын нийт иргэдийн 40 орчим хувь нь 800 хүрэхгүй мянган төгрөгийн цалингаар амьдарч байгаа. Сард саяас дээш төгрөгийн цалин авдаг цөөн хэдхэн хүнийхээ халаас руу шатлалтай татварын тогтолцоогоор “гар дүрчихлээ”. Ийм үед өөрсдийнхөө цалинг нэмнэ гэж ярьж байгаа нь зохимжгүй л дээ.

-Арилжааны банкуудыг эрсдэлд орсных нь дараа арга хэмжээ авахад нэгэнт оройтсон байдаг. Тиймээс эрсдэлд орох дохио илэрсэн үед нь яаралтай арга хэмжээ авч байя гэсэн утга бүхий заалт байгаа юм билээ. Энэ нь арилжааны банкны дотоод асуудалд хэтэрхий их оролцох эрх мэдлийг бий болгох аюултай биш үү?

-Төв банк арилжааны банкуудын үйл ажиллагааг хянах, зохицуулах ёстой. Арилжааны банкуудад ямар нэг эрсдэл гарахгүй, зээл нь хугацаандаа төлөгддөг, үйл ажиллагаа нь доголддоггүй, төлбөр тооцоог саадгүй гүйцэтгэдэг байх нь санхүүгийн тогтвортой байдлыг хангана. Тэр утгаараа арилжааны банкинд хувьцаа эзэмшдэг хүмүүсийн банкиндаа оруулах өөрийн хөрөнгийн хэмжээ, шалгуур шаардлагыг тогтоож, хяналтаа чангатгах, сайжруулах ёстой гэдэг нь зөв. Мэдээж банкны үйл ажиллагаа аль хэдийнэ доголдсон үед очиж, татан буулгах арга хэмжээ авах биш урьдчилсан сэргийлж, ямар эрсдэл байна вэ гэдгийг эрт илрүүлэхэд чиглэсэн хяналтаа сайжруулах хэрэгтэй.

Харин банк төлбөрийн чадваргүй болоогүй, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчид нь эрх үүргээ хуулийн дагуу биелүүлж байгаа үед хяналт, шалгалтын хүрээнд очиж, эрх мэдлийг нь цуцалж, гүйцэтгэх захирлыг нь халаад, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийг нь ТУЗ-д орохыг хориод байвал буруу. Хяналт, шалгалтын зарчим алдагдаж, тухайн банкны дотоод асуудал руу хэт орох эрсдэлд оруулдаг. Тийм байлгахгүйн тулд банкны хуульд оруулах гэж байгаа өөрчлөлтүүдээ зөв томъёолох шаардлагатай гэсэн зарчмын саналуудыг гаргасан. Хуулийн зүйл заалтынхаа үүсгэж болох эрх зүйн үр дагаварыг нь сайтар бодож, зөв тодорхойлох ёстой.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсантай холбоотойгоор арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийсэн. Одоогоор чанарын үнэлгээ хийсэнтэй холбоотой ямар нэг мэдээлэл хийгээгүй байна. Гэтэл хоёр банк хэцүүхэн байдалд орчихлоо гээд цахим ертөнцөөр цуурч эхэллээ. Яг ийм үед өөрчлөх гээд байгаа банкны хуульд нь эвгүй заалтууд орж ирээд байна. Магадгүй хуулиа энэ чигээр нь баталж аваад, таны дурьдаад буй албадлагын шинжтэй үйлдлийг гаргах юм биш биз дээ. Цаашлаад Төрийн банкны хувьчлалтай ч энэ асуудлыг “наах” гаргалгаа гараад байгаа шүү дээ?

-AQR-ийн үнэлгээ буюу банкуудын өөрийн хөрөнгийн үнэлгээг хийгээд дуусчихсан гэж сонссон. Энэ талаар банкуудынхаа удирдлагуудад танилцуулж, авах арга хэмжээнийхээ төлөвлөгөөг гаргаж, төв банк дотооддоо чимээгүй ажлаа хийх хэрэгтэй. Хэт их хардлага үүсгэж, улс төрийн ярианы сэдэв болгох нь банкныханд айдас төрүүлж, иргэдийн итгэлийг сулруулна. Төв банкныхан  өдөр тутам хийдэг, хийх ёстой ажлаа чимээгүйхэн тэндээ хийгээд ордон руу гишүүдийн өрөө рүү аль бага гүйх хэрэгтэй. Эс тэгвээс байнга л улстөрчдийн нөлөөлөлд автана. Төрийн банкийг хувьчлах шийдвэр УИХ-аас нэгэнт гарсан учир Сангийн яам хувьчлалд нь бэлтгэж, үнэ цэнийг нь нэмэгдүүлэх талаар ажиллах үүрэгтэй. Активынх нь чанар муудахаас өмнө яаралтай хийх нь зөв. Үр ашиггүй, үрэлгэн бүтцээр ажиллаж байгаа. Сангийн сайд анхаарч байгаа болов уу.

-Танай намын тавьж байгаа шаардлага, таны гаргаж буй саналыг хууль санаачлагчид, эрх баригч намынхан хүлээж авахгүйгээр хуулиа баталчихвал ямар сөрөг үр дагавар гарах магадлалтай вэ?

-Банкны салбар маш их эмзэг. Харилцагчдынхаа итгэл дээр тогтдог учраас аль нэг банкны талаар цуу үг тарах, систем нь доголдлоо гэх худал, үнэн нь мэдэгдэхгүй мэдээлэл гарах нь маш аюултай. Улстөрчид хэлэх үгээ сайн бодож, энэ асуудалд нухацтай хандах ёстой. Товчдоо, энэ удаагийн нэмэлт өөрчлөлт энэ хэвээр батлагдвал энэ салбарт хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс багасах байх. Учир нь банкны хувь нийлүүлэгчдэд мэргэжлийн шалгуур, шаардлагууд их тавьж байгаа. ТУЗ-д орж ажиллах эрхийг нь үүгээр  хязгаарлагдмал болгосон.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

Ангилал


Twitter


Facebook