Олон улсын парламент хоорондын хуралд Д.Мурат гишүүн улсаа төлөөлж оролцлоо

2017-12-07
|
Мэдээ

Казахстан улсын нийслэл Астана хотноо болсон Олон улсын парламент хоорондын бага хуралд УИХ-ын гишүүн Монгол – Казахстаны парламентын бүлгийн дарга Д.Мурат Монгол Улсаа төлөөлөн оролцлоо.

Энэ оны арваннэгдүгээр сарын 27-нд Астана хотноо Казахстаны Парламент Мажилисаас Казахстан улсын анхны Ерөнхийлөгчийн өдөрт зориулан зохион байгуулсан Олон улсын Парламентын бага хуралд УИХ-ын гишүүн, Монгол – Казахстаны парламентын бүлгийн дарга Д.Мурат оролцов.

Энэхүү бага хуралд ОХУ, Унгар, Болгар, Турк, Азербаджан, Узбек, АНЭУ-ын Парламентын дэд дарга нар Европын Холбоо, Хятад, Испани, Итали, Туркмен, Таджик зэрэг 15 орны парламентаас гишүүд ирж оролцлоо. Бага хурлыг нээж Казахстаны Парламент Мажилисын дарга Н.Нигметулин үг хэлэв.



Тэрбээр хэлсэн үгэндээ “…Казахстан Улс тусгаар тогтноод зууны дөрөвний нэг хугацааг өнгөрөөж байна. Энэ хугацаанд Казахстан Улс хөгжил, бодлогоороо дэлхийд танигдсан шинэ Казахстан Улс болж хөгжлөө. Үүнийг олон улсад “Хөгжлийн Казахстаны загвар” гэдэг боловч бид үүнийг Казахстаны Анхны ерөнхийлөгчийн санааачилсан “Хөгжлийн Назарбаевын загвар” гэж үздэг…” гэлээ.

Үдээс хойш үргэлжилсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Монгол – Казахстаны парламентын бүлгийн дарга Д.Мурат үг хэлэв. Тэрбээр хоёр орны харилцаа тэр дотроо Парламент хоорондын харилцааг улам хөгжүүлэхийг хүсээд Монгол, Казахстан хоорондын худалдааг өргөжүүлэхэд парламентээс дэмжлэг өгч ажиллах нь зүйтэй талаар ярилаа.

Мөн Казахстаны Парламент Мажилисын гишүүн, Казахстан – Монголын парламентын бүлгийн орлогч дарга А.А.Смагуловтой уулзаж хоёр орны харилцааны асуудлаар санал бодлоо солилцлоо. Энэхүү уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийг Казахстан Улсад айлчлуулах асуудлыг 2018 оны эхний улиралд багтаан хэрэгжүүлэх талаар аль аль талаас дэмжлэг өгч ажиллах, Монгол Казахстаны хооронд ОХУ-аар дамжуулан шууд транзит тээвэр хийх коридор нээх, Улаанбаатар-Aстана хот хооронд зорчигч тээвэрлэлтийг сэргээх асуудлыг хөндөж ярилцав.

Эх сурвалж: dardas.mn

Ангилал


Twitter


Facebook