З.Нарантуяа: Ерөнхий сайдад эдийн засгаа сэргээх өөрийн бодлогыг эхлүүлэх боломжийг хоригоор олгоод байна

2017-12-07
|
Ярилцлага

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс 2018 оны төсөвт хэсэгчилсэн хориг тавьлаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

Хоригийг зарчмын зөв шаардлага гэж бодож байгаа. УИХ өндөр алдагдалтай төсөв баталсан нь буруу, зардлаа өмнөх оны хэмжээндээ байлгаж, Засгийн газрын дотоод, гадаад өрийг нэмэх биш багасган банкуудаас зээлсэн мөнгийг сулла. Тэр хэмжээгээр аж ахуйн нэгжүүдэд санхүүжилт олгох боломж бий болгож, ажлын байрыг нэмэгдүүлэх нь зөв гэсэн үндсэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан.

Эдийн засгийн нөхцөл байдал маань олон хүчин зүйлээс хамаарч, эмзэг байгаа энэ үед төрийн гол институциудын баримтлах чиг хандлага ижил байх ёстой. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар болон төсвийн бүх захирагч нар байгаа нөөцөө хамгийн үр ашигтайгаар зарцуулж, бүсээ чангалах зүйл дээр чангалж, хатуу сахилга баттай байж, хямралыг давна гэдгийг бүгдээрээ маш сайн ойлгож байгаа. Үүн дээр нэгдмэл байр суурь баримтлах нь Монгол Улсын нийтлэг эрх ашиг. Энэ бол эдийн засгийн аюулгүй байдлын асуудал. Ялангуяа УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газар хоёр төрийн ажлын ёс жаягийг сахиж, ажил хэргийн түвшинд харилцан хүндэтгэлтэйгээр бодлого, асуудал дээрээ төвлөрч, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн өрсөлдөгчдийн байр сууринаас бус нийтлэг эрх ашгийн төлөө зарчимдаа захирагдаж ажиллах хэрэгтэй.

УИХ, Засгийн газар төсвийн үр ашиг, хяналт, сахилга хариуцлагыг тэргүүн зорилтоо гэж өнгөрсөн 4 жилийн муу муухай байсныг байнга л ярьж ирсэн ш дээ. Ерөнхийлөгч энэ асуудлыг тавихаар яагаад буруу, хүлээн зөвшөөрөх боломжгүй болдог билээ? Төсвийн үрэлгэн байдлыг шүүмжилж байсан УИХ-ын гишүүдийн зарчмын байр суурь хэвээрээ л байгаа гэж бодож байна. Улс төрийн болон эрх ашиг, сонирхлын зөрчилтэй холбогдоод байр суурь, шийдвэрүүд ажил хэрэг болохгүй байна шүү дээ. 2018 оны төсвийн төлөв яг л ийм байдлын илрэл болсон.

Тэр нь юугсэн үг вэ. Анхнаасаа л төсөв мордохын хазгай байсан гэж үү?

Шинээр байгуулагдсан Засгийн газрын хувьд ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг үргэлжлүүлнэ, өмнөх Засгийн газрын алдааг засна гэсэн. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх шиг төсвөө хуульгүй хуваариладаг явдлыг таслан зогсооно, замбараагүй хөрөнгө оруулалтын зардлыг 7 концесс шиг явуулахгүй гэж гарч ирсэн. Тиймдээ ч нийгэмд хариуцлагатай байх нь дээ гэдэг хүлээлтийг бий болгосон.

Гэтэл 2018 оны төсөв батлах цаг хугацаа МАН-ын Их хуралтай давхацсан учраас намын удирдлагын зүгээс нийт намын гишүүддээ хандаж, намын мөрийн хөтөлбөртөө тусгасан “Цалинтай ээж”, “Хүүхэд бүрт цэцэрлэг”, ахмад, өрх толгойлсон эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэснээ тайлагнах, багш нарт урамшуулал шийдсэн, сургуулиудыг ээлжгүй хичээллэх боломж бүрдүүлсэн, тойргийн хөрөнгө оруулалт, санхүүжилтын асуудлуудыг шийдсэн гэх зэргээр олон нийтээс улс төрийн сайн үнэлгээ авах л гэж чиглэсэн гэж болно. Тиймээс төсөв, санхүүгийн байдал сайжиртал, ядаж 1-2 жил тэвчиж болох зардлуудыг хасч чадсангүй. Сангийн сайд мэргэжлийн хүний хувьд төсвийн зардлын реформыг хиймээр байсан ч хийх боломжийг нь улс төрийн нөхцөл байдал олгоогүй гэж бодож байна. Цаашдаа ингэж явахгүй байх гэж найдаж байгаа.

Танай намын бүлгийн гишүүдийн зүгээс орлого, зарлагын зөрүү их байхад шинээр өр үүсгэлээ гээд байсан даа...

УИХ нийт зардлын өсөлтийг өмнөх оны анхны батлагдсан дүнгээс 1 их наяд 277.8 тэрбумаар, 2017 оны 2 дахь тодотгосон дүнгээс 497.0 тэрбумаар ихэсгэж баталсан нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг -2 их наяд 420.1 тэрбум байхад нөлөөлөөд байгаа юм. Орлого, зарлагын зөрүү ийм байхад зөрүүг нь 2 их наяд 583.1 тэрбумын шинэ өр үүсгэж санхүүжүүлэх эрхийг Засгийн газарт өгч байгаа хэрэг.

Иймээс л Ерөнхийлөгч Намын их хурлаараа намын дарга болсон Монгол Улсын Ерөнхий сайдад улс төрийн хамаарал нь дууссан тул эдийн засгаа сэргээх өөрийн бодлогыг эхлүүлэх боломжийг хоригоор олгоод байна гэж ойлгож байгаа.

МАН-ын бүлэг хоригийг хүлээж авахгүй гэсэн шийдэлд хүрсэн байна лээ...

Төсвийн байнгын хороогоор өнөөдөр (өчигдөр) хэлэлцэх үед гишүүд хоригийг хүлээн авахгүй гэсэн бүлгийн байр суурин дээрээ нэгдмэл байгаа нь харагдаж байна лээ. Харамсалтай л байна. Тиймээс хориг дэмжигдэхгүй байх магадлал өндөр байна. Хоригийг далимдуулаад Ерөнхий сайд болон шинэ Засгийн газрын хувьд төсвийн хэрэггүй зардлуудыг зоригтойгоор хасчих, төрийн данхар бүтэцдээ зарим өөрчлөлтүүдийг хийчих боломж байна даа уг нь.

Ерөнхийлөгч байн байн хориг тавиад байгаа нь тэгээд зөв юм уу. Энэ удаагийнхтай гурав дахь удаагаа хориг тавьлаа. Төрийн ажлыг гацаагаад байна гэх шүүмжлэл гарч байгааг анзаарсан байх, та?

Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогдсон. Нийтлэг эрх ашгийн үүднээс ЗГ, УИХ-ын шийдвэр буруу байнаа гэж үзвэл УИХ-ийн баталсан хууль, шийдвэрт хориг тавих, Засгийн газарт чиглэл өгөх Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхтэй. Эрх баригчид сөрөг хүчнээс нэр дэвшсэн хүн Ерөнхийлөгчөөр сонгогдсонтой эвлэрч чадахгүй байна. Ерөнхийлөгчийн үг, үйлдэл бүрийг сөрж хараад, эмзэглэж хүлээн авч  байгаад асуудлын гол нь байна. 65 суудалтай үнэмлэхүй олонхи болсон намын бүлгийн улс төрийн шийдлийг юу ч өөрчилж чадахгүй энэ үед улс орны эрх ашигт үл нийцэх ямарваа шийдвэр гаргуулахгүйн тулд Ерөнхийлөгч хяналтын чиг үүргээ илүү хэрэгжүүлэхээс ч өөр аргагүй байдалд байна. УИХ-ыг алдаатай зүйл хийлгэхгүйн тулд шүү дээ. Эдийн засгийг хэт хумиж, зогсонги байдалд оруулаад байгаа нь валютын сангийн хөтөлбөр дууссаны дараа урт, дунд хугацаандаа илүү сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй байна, бодлогоо эргэж хараа гэж хэлснээр төрийн ажил гацахгүй. Үүнийг ажил гацаагаад, садаа болоод гэж үзээд байвал төр засгийн ажил харин ч хоорондоо авцалдахаа байж, жинхэнээсээ гацах болно.

Төсөв батлах үед төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон төсвийн тусгай шаардлагын есөн үндсэн үзүүлэлтээс тав нь, өрийн тогтвортой байдлын дөрвөн үзүүлэлтийн хоёр нь хангагдахгүй байхад л хуулийг нь өөрчилж байгаад баталсан.  Үндэсний аудитын газар, УИХ-ын төсвийн зарлагын хяналтын дэд хорооны мэргэжлийн дүгнэлтүүд гарсан. Сөрөг хүчний намын бүлгийн улс төрийн шүүмж, иргэдийн санал бодол бүгд ДНБ-нд эзлэх тэнцлийн алдаглын хэмжээ 8 хувьтай байгааг өндөр байна гэж буруушааж байсан ч хуулийг өөрчлөхөд ямар ч нөлөө үзүүлж чадаагүй. Валютын сангийн тохироо, бүлгийн шийдвэр гээд л явсан. Эрх мэдлийн хэт төвлөрөл хяналтыг үгүйсгэж, учруулах хор хөнөөл нь илүү хоролгон болгодог гэдгийг л мартаж болохгүй дээ.

Ерөнхийлөгчийн энэ хориг ОУВС-гийн хөтөлбөртэй нийцэх үү. Эдийн засаг амаргүй үед ачаа болчих юм биш биз?

Ерөнхийлөгчийн хориг ОУВС-тай хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн цаад агуулгатай тохирч байгаа гэж үзэж байна. Энэ хөтөлбөрийн эцсийн үр дүн Монгол Улсын төсөв үр ашигтай, хөрөнгө оруулалт нь зөв зүйл рүүгээ зардаг байгаасай гэдэг тогтолцоог бий болгохын тулд хийж байгаа ажил. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд үр ашигтай ажлын байрыг нэмэгдүүлэх бодит сектор рүү чиглэсэн хөрөнгө оруулалтыг хязгаарлачихаад байгаа ганцхан зүйлд л шүүмжлэлтэй хандаж байгаа. Түүнээс үгүйсгээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Ирэх оны төсөвт ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд арайхийн 70 гаруй тэрбум төгрөг баталсан. Бүх иргэдийг халамжилна гэж халамжийнхаа мөнгийг хоёр, гурван зуун тэрбум төгрөгөөр нэмсэн хэрнээ халамжийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг дэмжихэд 67 тэрбум төгрөг л тавьсан. Өнгөрсөн 2017 оны төсвийн гүйцэтгэлээр төлөвлөсөн орлогоосоо 9,2 хувийг давуулаад 601 тэрбум төгрөгийг нэгдсэн төсвийн нийт орлогын хувьд олсон. Нэг ч хуримтлал хийлгүйгээр бүгдийг нь сая 2017 оны төсвийн тодотголоор хуваарилсан. Одоо 2018 онд дахиад 1,2 их наяд төгрөгийн орлого төлөвлөсөн байна. Энэ олох орлогоо бүгдийг нь мөн хуваарилаад, дахиад нэг их наяд төгрөгийг дотоодоосоо зээлээд зарах гэж байгаагаа л болих хэрэгтэй. Олсон болгоноо бид нар үрж зарж байна.

 

Эх сурвалж: өдрийн сонин

Ангилал


Twitter


Facebook