Хот байгуулалтын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг зохион байгууллаа

.

 Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ээлжит хэлэлцүүлгийг Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд салбарын яам болон нийслэлийн мэргэжилтэн, судлаачид оролцлоо. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа удирдав.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, “Манай улсын эдийн засгийн гол цөм нь Улаанбаатар хотод төвлөрч байна. Нийт үйл ажиллагаа явуулж буй ААНБ-ын 64.2 хувь нь нийслэл хотод төвлөрч, нийт ДНБ-ий 64.7 хувийг энд бүрдүүлж байгаа.

Сүүлийн жилүүдэд хотжих явц эрчимтэй өрнөж байна. Бүсийн төвийн тулгуур төвүүд болох Дархан, Эрдэнэт, Чойбалсан зэрэг хотуудын  хүн ам үйлдвэрлэл үйлчилгээний төвлөрөл нь нийгэм эдийн засгийн олон тулгамдсан асуудлыг бий болгож, хүрээлэн буй орчин, хөрс, ус, агаарын бохирдлыг аюултай төвшинд хүргэж байна.

Энэхүү өөрчлөлт шинэчлэлттэй холбоотой хот байгуулалтын салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомжийг олон улсын төвшинд хүргэх, нийцүүлэн боловсронгуй болгох, төрөөс хот байгуулалтын талаар баримтлах бодлого тогтолцоонд өөрчлөлт оруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа.

Ногоон байгууламж хүүхдийн тоглоомын талбай явган хүний зам зэрэг үзүүлэлтүүд энэ хуульд тун хангалтгүй байна. Нийслэл, аймаг, сум, дүүрэг, хорооны цахим засаглал мэдээллийн нээлттэй байдал сул, түүнийг даган төрийн үйл ажиллагааны хүртээмж сайнгүй байна.Иргэдийн өмнө төсвийн удирдлага хаалттай, иргэдийн төсвийн эрх мэдэл сул хэвээр байгаа зэрэг засаж залруулах ажил их бий.

Монгол Улсын хөгжилд зайлшгүй шаардлагатай иргэн бүрд хамаатай энэхүү хуулийг засаж сайжруулах анхаарах асуудалд та бүхний дуу хоолойг хүргэх зорилгоор УИХ дахь АН-ын гишүүд энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа" гэж онцлов.

 

Бүлэг “нэгжийн” тухай хуулиар хэлэлцүүлэг зохион байгууллаа

Өчигдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 21-нд Үндсэн хуулийн танхимд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр Ардчилсан намын ҮБХ -ны гишүүдийн хүрээнд хэлэлцүүлэг явагдлаа.

Бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Н.Ганибал нар хэлэлцүүлэгт орцолож хэлэлцүүлгийг О.Цогтгэрэл гишүүн удирдан явууллаа. Хэлэлцүүлгийн үеэр тухайн хуульд орсон зарим зүйл заалтад зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа талаар Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд болон хуульчид ярьж байлаа.

Тухайлбал:Орон нутгийн чиг үүргийг хэт ерөнхийлөн тодорхойлсон байх тул иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргад хамаарах чиг үүргийн давхардлыг арилгаж, бусад улс орны туршлагаас судлан тусдаа хуулиар зохицуулах нь зүйтэй, Сум, хорооны ачааллыг харгалзан хүн амын дээд хязгаарыг тогтоох шаардлагатай зэрэг чухал саналуудыг гаргаж байсан юм.

Ерөнхийдөө хуулийн шинэчилсэн найруулга нь үзэл баримтлалын хувьд болоод төслийн хувьд хангалттай биш, зөрчилдөөнтэй зохицуулалтууд их байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж, төслийг хойшлуулж сайтар судлах шаардлагатай байна гэсэн саналууд гарч байлаа.

2020-11-09