Монгол Улсын 2018 оны төсвийн талаархи УИХ дахь Ардчилсан намын бүлгийн санал, дүгнэлт

2017-11-09
|
Мэдээ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, ЭРХЭМ ГИШҮҮД ЭЭ !

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2018 оны Tөсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг судалж, энэхүү санал, дүгнэлтийг танилцуулж байна.

Дэлхийн эдийн засаг сэргэж, манай улсын экспортын орлогын дийлэнхийг бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүний гадаад зах зээлийн эрэлт нэмэгдэж, үнэ өссөн мөчлөг 2017 оноос эхэлж, ойрын жилд үргэлжлэх таатай орчин нөхцөл тохиож байна. 2017 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр ДНБ өсөлт 3,3 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7,112.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос даруй 1,277.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэх урьдчилсан тооцоо гарсан байна.

Уул уурхайн экспортын голлох бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээ 2016 оны зургаан сарын 30-ны байдлаар 1.8 тэрбум ам.доллар байсан бол 2017 оны 9 сарын 30-ны байдлаар 4.0 тэрбум ам.долларт хүрчээ. Эдийн засгийн сэргэлт эхэлж, төсвийн орлого өсөж таатай орчин бий болж эхэлсэн ч Засгийн газар суурь эдийн засгийн хүндрэлүүдийг арилгах, төсвийн алдагдал, өр, хүүгийн төлбөрийн дарамтыг бууруулах боломж болгон ашиглаж чадахгүй байгаад харамсаж байна.

Нэгдсэн төсвийн төслийг төсвийг бүхэлд нь авч үзвэл:

Нэгдүгээрт, 2018 оны нэгдсэн төсвийн төсөл УИХ-аас 2017 оны 5 дугаар сарын 31-нд баталсан Монгол улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулиар баталсан төсвийн тогтвортой байдлыг хангах үндсэн 9 шалгуур үзүүлэлтийн 5-ыг нь хангаагүй байна. Хэрэглээний үнийн индексийг 2.5 хувиар, нэгдсэн төсвийн зардлын дээд хэмжээг 200.9 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардлыг 366.5 тэрбум, нийгмийн халамжийн зардлыг 146.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байна. Нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээл урд жилүүдэд байгаагүй өндөр хэмжээнд буюу 9 их наяд 651.8 тэрбум төгрөгт хүрч 2017 оны батлагдсан түвшинтэй харьцуулахад 1 их наяд 81.9 тэрбум төгрөг буюу 12.6 хувиар нэмэгдэж байна.

Ж.Эрдэнэбатын Засгийн газар “Үндэсний хэмнэлтийн бодлого” хэрэгжүүлнэ гэж жил гаруй ярьж, ОУВС-тай төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах хөтөлбөр баталж хэрэгжүүлж байгаа ч эрх баригчид та бүхний үг, үйлдэл бодитой хэрэгжиж чадахгүй байгааг энэ тоонууд харуулж байна. Шинээр байгуулагдсан Засгийн газар үүнд онцгой анхаарал хандуулахыг анхааруулъя.

Хоёрдугаарт, Өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн Засгийн газрын өрийн нийт хэмжээг 2018 онд 24 их наяд 309.,6 тэрбум төгрөг байхаар шийдвэрлэсэн нь 2016 оны 2 улиралд 16 их наяд 612 тэрбум төгрөг байснаас даруй 7 их наяд 697.6 тэрбумаар нэмэгдэж ОУВС-гийн аргачлалд заасан гадаад өрийн тогтвортой байдлын 4 шалгуур үзүүлэлтийн 2 нь хангагдаагүй байна.

Улсаа өрийн дарамтаас гаргана гэж та бүхний ард иргэддээ амласан сонгуулийн амлалт хаачив? Засгийн газрын зээлийн үйлчилгээний төлбөрт өнөөдөр 1.15 их наяд төгрөг төлж байна. Энэ нь нэгдсэн төсвийн орлогын 19.8 хувийг эзэлж байгаа бөгөөд цаашид өрийг нэмэгдүүлснээр төсвийн орлогын 37.5 хувьд хүрэх эрсдэл байна. Энэ бол үндэсний эдийн засаг, санхүүгийн байдалд бодит аюул учруулах, үнэхээр сэрэмжлүүлэх хэмжээ гэдгийг та бүхэн аливаа улс төргүйгээр үнэлж, дүгнэж өрийн хэмжээг бууруулах шийдвэртэй арга хэмжээ авахыг АН-ын бүлгээс шаардаж байна.

Гуравдугаарт, Төсвийн Ерөнхийлөн захирагчдын багцад 2 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 690 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төсвөөс 625.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг батлах гэж байна. Нэгдсэн төсвийн 2018 оны нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 2017 оны батлагдсан хэмжээнээс 497.3 тэрбум төгрөгөөр нэмж, нийт өсөлтийн 69 хувийг нэг удаагийн шинж чанартай нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд зарцуулахаар, 31 хувийг эрүүл мэнд, боловсролын салбарын эрэлт хэрэгцээг сайжруулахад чиглэсэн арга хэмжээнд зориулна гэжээ. Эдгээр салбарын ашиглалтын зардал 28.0 тэрбум, гэрэл цахилгааны зардал 7.1 тэрбум төгрөгөөр, түлш, халаалтын зардал 15.9 тэрбумаар нэмэгдэх гэж байна. Ийм байдал цаашид үргэлжилбэл ирээдүйд эрүүл мэнд, боловсролын салбарынхаа зардлыг Монгол улсын төсөв даахгүй хэмжээнд хүрч, ноцтой байдал үүсэхээр болжээ. Сургууль, цэцэрлэгийг олноор байгуулах шаардлага байгаа ч төсөвт урсгал зардал ихээр нэмэгдүүлэх энэ аргыг өөрчилж, үр ашигтай, өгөөжтэй шинэ арга хэлбэрийг бодох олох үүрэг Та бүхний өмнө тулгарсан байгааг сануулъя.

Гадаадын зээл тусламжийн өртөг багатай эх үүсвэрийг ашиглахаасаа татгалзан дотоодын өндөр өртөгтэй үнэт цаас гаргаж алдагдлаа нөхөж, түүхэнд байгаагүй өндөр хэмжээний төсвийн алдагдлыг баталж, төсвийн хөрөнгө оруулалт, санхүүжилтээ нэмэх туйлын шаардлага байна уу.

Засгийн газар нь УИХ-ын гишүүддээ, УИХ-ын гишүүд нь нийгмийн тодорхой салбарынханд тал засаж, төсөв баталдгаа одоо болих цаг болжээ. ЗГ-ыг хариуцлагатай ажиллуулахад хяналт тавих УИХ-ын бүрэн эрх, үүрэг бүдгэрч байна. Засгийн газар эдийн засгийн бодит нөхцөл байдалд нийцсэн, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах “ухаалаг бодлого” хэрэгжүүлэх улс төрийн таатай орчныг бүрдүүлж өгөх шаардлагатай байна. Энэ бол олонхийн бүлгийн гишүүд Та бүхний өмнө тулгамдсан хамгийн том асуудал болсныг хатуу анхааруулъя.

Дөрөвдүгээрт, Төсвийн хөрөнгө оруулалтын арга хэмжээний үр ашиг, сахилга хариуцлага, бодит төлөвлөлтөд дүгнэлт хийх цаг болсон байна. Төрийн Аудитын үйл ажиллагааны эрч хүчийг сулруулахгүй, улс төрөөс хараат бусаар ажиллуулах шаардлагатай байна. Нэг төрлийн барилга байгууламж, төсөл арга хэмжээний төсөвт өртөг, үнэлгээ асар хол зөрүүтэй байгаад Үндэсний Аудитын газар, Сангийн яам цаашид анхаарах хэрэгтэй байна. Тухайлбал, Эрүүл мэндийн төвийн 10 ортой барилгыг Баян -Өлгийн аймгийн Алтанцөгц суманд 120.0 саяар, харин Архангай аймгийн Цахир суманд 1,440.0 барихаар тусгасан байна. 150 ортой цэцэрлэгийн барилгыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багт 1,600.0 сая төгрөг, харин Булаг багт 800.0 сая төгрөгөөр барих гэж байна. Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн барилгыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 982.6 саяар, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1,258.5 сая төгрөгөөр, Өмнөговийн Даланзадгад 2,514.5 сая төгрөгөөр барихаар төсөвт тусгасан байгаа нь төсөв боловсруулах, төлөвлөхөд дэндүү хариуцлагагүй хандаж байгаагийн илрэл гэж үзэж байна.

Эцэст нь төсвийн орлого давж биелсэн нь уул уурхайн эрдэс баялгийн түүхий эдийн үнийн өсөлтөөс гадна та бүхний өнгөрсөн жил нэмэгдүүлсэн 7 төрлийн татварын үр дүн гэж ойлгож болно. Цалин болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогоос 2018 оны 1 дүгээр сарын 1 өдрөөс эхлэн 10-25 хувиар татвар авах гэж байна.

Төсвийн алдагдлыг төрийн үйл ажиллагааны үр ашиг муутай бүтцээ өөрчилж, түүнийг дагасан урсгал зардлаа танаж, хорогдуулах замаар бус иргэд, аж ахуйн нэгждээ татварын дарамт үүрүүлэх замаар шийдэж байгаа та бүхний шийдвэрийг жирийн ард иргэд таагүй хүлээж авч байгааг дахин сануулъя.

Эрхэм гишүүдээ

Эдийн засаг өсч, төсвийн боломж харьцангуй нэмэгдэж байгаа энэ үед улсаа хуримтлалтай, иргэдээ амьжиргааны эх үүсвэртэй, ажилтай, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлсэн бодлогыг шингээсэн төсвийг батлах хэрэгтэй байна.

Ажлын байр нэмэгдүүлэх шинэ бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэхэд онцгой анхаармаар байна. Төрийн олон хууль, бодлогын бичиг баримтад тусгагдсан ч цаасан дээр үлдсэн үйлдвэрлэлийн салбарыг төслүүдээ эхлүүлэх хэрэгтэй байна.

Багш эмч нарын цалин хөлсний хэмжээ улсын дунджаас доогуур байгаа учраас хөдөлмөрийн үнэлгээгээ нэмэгдүүлэх тэдний шаардлагыг урамшуулал нэрээр халхавчлан орхигдуулж болохгүй. Тэр тусмаа үр дүн тооцдог урамшууллын хэлбэр болгох нь туйлын буруу бодлого гэж үзэж байна. Цалин, хөдөлмөрийн хөлсийг инфляцын өсөлттэй уяж, хувийн салбарт ажиллаж байгаа мянга мянган иргэддээ ч хүртээмжтэй байдлаар улсын хэмжээнд, цалин хөлсний цогц бодлого байдлаар боловсруулж, хөдөлмөрийн хөлсийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй.

Хүн амын бодлого, хүүхдийнхээ хөгжил, хамгаалалтад онцгой анхаарал тавих шаардлага бий болсон байна.

“Хүүхдийн мөнгө” бол халамж биш. Цөөн хүн амтай манай улсын үе үеийн Засгийн газрын анхаарлын төвд байсан хүн амаа өсгөх, хүүхдээ хөгжүүлэх, хамгаалах бодлогын үргэлжлэл юм. Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг зорилтот бүлэгт чиглүүлэхээр шийдэж нийт хүүхдийн 60 хувьд хамруулснаар, үлдсэн 456 мянган хүүхдээ энэхүү төрийн бодлогын гадна үлдээж хэрхэвч болохгүй юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно”. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1. заасан “хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх” гэсэн хүүхдийн эрхийн үндсэн зарчимд харшлах, бодлогоо эргэж үзэн бүх хүүхдээ хүүхдийн мөнгийг олгохыг АН-ын бүлэг шаардаж байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

 

УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ

Ангилал


Twitter


Facebook