Бидний шинэчлэл улс орны ирээдүй рүү чиглэсэн шинэчлэл болно

2016-10-03
|
Хэвлэлийн хурал

Ардчилсан намын орон нутгийн сонгуулийн штабын менежер, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ирэх аравдугаар сарын 19-нд болох орон нутгийн сонгуульд 7006 мандатын төлөө 15209 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлснээс 7500 орчим нь Ардчилсан намын гишүүд байгаа юм.

Тэрээр “Орон нутгийн сонгууль нь МАН-ын зүгээс хийсэн олон ухралтыг зогсоох, нөгөө талаас ардчиллын төлөөх бусад намууд, иргэний хөдөлгөөнүүд, төрийн бус байгууллагууд нэгдэн энэ бүх ухралтыг зогсоох хариуцлагатай сонгуулийн өмнө ирж байгаа. Тийм учраас Ардчилсан намын сонгуулийн штабын гол зорилго үүнд тулгуурлана. Орон нутгийн сонгуультай холбоотойгоор бүртгэлийн хугацаанд үл ялиг шалтгаанаар нэр дэвшигчийг бүртгэхгүй байх, сонгуулийн хорооны бүтцээ нэг талыг барьж байгуулах зэргээр сонгуулийн хуулийн зөрчлийг үүсгэх зэрэг маргаантай асуудал бий. Хууль хяналтын байгууллага шалгаад шийдвэрээ гаргах байх. Тэгэхдээ сонгуулийн штаб бүх нэр дэвшигчдээ дэмжих, орон нутгийн сонгуульд зохион байгуулалттай орох бэлтгэлдээ орлоо гэж хэлж болно.

Сонгуультай холбоотойгоор эргэлзээ дагуулж буй нэг асуудал нь бүртгэл болоод шилжилт хөдөлгөөн юм. Нэг сонгогч олон газар санал өгөх магадлал өндөр гэдэг маргаан Ардчилсан намд ирсэн. Тиймээс бид уг асуудалд анхаарч ажиллах болно.

УИХ-ын 2016 оны сонгуулиар царцааны нүүдэлтэй холбоотой олон асуудал үүссэн. Үүний маргаантай холбогдуулж Үндсэн хуулийн цэцэд гомдол үүсгээд явж байна. Би үүгээр юуг хэлэх гээд байна вэ гэхээр орон нутгийн сонгуулиар дээрх хууль зөрчсөн үйлдэл дахин битгий гараасай. Энэ бол бидний сонгуульд оролцох, иргэд зөв сонголт хийх ганц боломж юм” гэлээ.

Мөн “Ардчилсан намын шинэчлэлийн асуудалд олон хүн санаа чилээж байгааг ойлгож байна. Нэг чулуун дээрээ бүдэрсэн хүн дахиад бүдэрнэ гэдэг ухаантай хүний шинж биш. Алдаа оноо аль аль нь байсан. Тэгэхдээ нээлттэй нам байсан. Эрх ашигтаа хөтлөгдөж бидний алдаан дээр дөрөөлсөн 2016 оны сонгууль сөрөг үр дүнг авчирсан. Тийм учраас Ардчилсан намын шинэлчлэлийн асуудлыг орон нутгийн сонгуулийн үеэр орхигдуулахгүйгээр цаашаа яриад явна.

Ардчилсан нам байгуулагдсан цагаасаа хойш 16 жилийн нүүр үзэж байна. 2016 оны арванхоёрдугаар сарын 6-нд Их хурлаа хийхээр төлөвлөсөн, хийнэ. Ард иргэд Ардчилсан намыг шинэ даргатай болоосой гэж хүлээж байгаа гэж бодохгүй байна, харин шинэ бодлоготой, шинэ үйл ажиллагаатай болоосой гэж хүсэж буй болов уу.

Ардчилсан намын шинэчлэл бол зөвхөн намын шинэчлэл биш Монгол Улсын ирээдүйн улс төрийн бодлогын шинэчлэл болно гэж харахыг хүсэж байгаа. Энэ зүйл рүү шинэчлэл явуулахыг хүсэж байгаа.

Их хурлаараа шинэ дүрмээ батална. Орон нутгийн сонгуультай хамтатгаад орон нутгийн сонгуулийн дараа шинэ дүрмийн хэлэлцүүлгийг нийт ард иргэд гишүүдийнхээ дунд хийх нь зөв гэж үзэж байна. Намын даргыг нийт гишүүд дэмжигчдийнхээ дундаас гаргах нь зөв.

Ангилал


Twitter


Facebook