Л.Болд: Наймааны, тохиролцооны, эвлүүлгийн Засгийн газар бүрдлээ

2017-10-19
|
Мэдээ

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-САЙД НЬ ДЭЛГҮҮРИЙН ЭЗЭН АЯТАЙ ЗАГНАДАГ БАЙДЛААСАА ТАТГАЛЗААСАЙ-

-Засгийн газрын танхим УИХ-аас 100 хувь бүрдэж буйд та хувь гишүүнийхээ зүгээс ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Засгийн газар 100 хувь давхар дээлтэй бүрдэж буй нь харамсалтай, эмгэнэлтэй үзэгдэл юм. Нөгөө талаасаа шударга ёс ярьсаар эрх баригч намын гишүүд Засгийн газраа огцруулсан. Цаашдаа жинхэнэ Монголын ард түмний төлөө ажиллах ардын засаг байгуулна гэж ярьцгаасан. Энэ бүх хүлээлт талаар болж байна. Наймааны, тохиролцооны, эвлүүлгийн Засгийн газар бүрдлээ. Агуулгаараа ч тэр, “60 тэрбум”-ын Засгийн газар гарч ирлээ. Монголын нийгмийн хөгжил ухрах шинж рүүгээ орчихлоо гэж би харж байна.

-Танхим бүрдэх явцад АН-ын зүгээс яамдын тоог нэмэх, тэдгээр яамд дээр намаасаа хүн томилуулах асуудлыг хөндсөн гэх мэдээлэл цацагдсан. Мөн тодорхой яамд дээр МАН-ын гишүүн хэдий ч танай намтай ойлголцож чадах хүнийг сайдаар томилох санал тавьсан гэх яриа бий?

-Өмнөх Засгийн газрын унасан гол шалтгаан нь “60 тэрбум”-ын асуудал. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын үндсэн ажил нь төрийн албыг бялуу хуваах замаар зарж борлуулахад чиглэсэн явдал юм. Сайд нар өөрсдөө концесс, тендер, хөрөнгө оруулалт нэрээр асар их мөнгө хувааж авсан асуудал дэгдсэн. Ийм нөхцөл байдалд шинэ засгаа бүрдүүлэх гэж байгаа бол сайд нь салбараа хуваадаг, дэлгүүрийн эзэн аятай загнадаг байдлаас татгалзаасай гэж хүссэн юм. Гол нь Засгийн газар бодлогоо барих хэрэгтэй байна. Үүний тулд эдийн засгаа хөгжүүлэх, ажлын байрыг үнэмлэхүй нэмэгдүүлэх, Үндэсний тусгаар тогтнолыг илэрхийлэгч соёлын салбараа анхаарах ёстой гэсэн үүднээс тодорхой саналуудыг тавьсан. Бүтцээ өөрчлөхгүй гэдэг нь байж болох асуудал. Гэхдээ энэ бүтцээрээ бодлогын чиглэлд түлхүү анхаарах ёстой гэдгийг нь сануулаад байгаа юм. Үүнийг мушгин гуйвуулах замаар хардлагууд үүссэн. АН-ын хувьд сөрөг хүчнийхээ үүргийг энэ парламентад гүйцэтгэх ёстой. Энэ чиглэлээ алдахгүй ажиллана.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нар яригдаж эхлэх үеэр АН-ын бүлэг дээр мэдээлэл хийж байв. Энэ үедээ 32/33-ын бүлгээс нийлүүлсэн байдлаар танхимаа бүрдүүлнэ гэсэн байр суурийг илэрхийлсэн болов уу?

-Тийм байр суурь илэрхийлээгүй. Засгийн газраа чигч шударгаар байгуулна гэдгээ тодотгож байсан. Өмнө нь Шадар сайдын албан тушаалаа өгөх хүсэлтээ гаргахдаа ч тэр, нийгэмд шударга ёс алга боллоо. “60 тэрбум”-ын хэрэг замхарч, нийгмийн баялгийг цөөхөн хэдэн гэр бүл завшдаг, компанийн засаглал бүрдлээ гэж онцолсон байдаг. Энэ бүгдийг өөрчлөх байр суурьтай байгаагаа ч манай бүлэг дээр илэрхийлсэн. Яг энэ байр сууриараа танхимаа бүрдүүлнэ гэсэн боловч сүүл рүүгээ наймаа руу орчихлоо. Энэ нь маш том ухралтын шалтгаан болно. Наймааны сайд нар танхимд ороод, төрийн бодлого гэхээсээ илүүтэйгээр наймаагаа л хийнэ. Аль аль нь төлөөлж байгаа хэдийнхээ асуудлыг шийдэхийн төлөө л ажиллана. Ингэхээр 60 тэрбумын бүтэц эвдрэхгүй, цаашаа үргэлжлэхээр л харагдаж байна.

-Та шинэ Засгийн газраас тодорхой салбаруудад ямар ахиц дэвшил гаргаасай гэж хүсч байна. Бид зарим асуудал дээр үсрэнгүй шатанд гарч чадах найдвар байна уу?

-Өнгөрсөн Засгийн газар унасан шалтгаануудад ажил яваагүй, ухралттай байдал нь ч бас нэрлэгдэх учиртай. Эргэж буцсан, цаг алдсан, ард түмнийхээ язгуур эрх ашгийг хөндсөн шийдвэрүүд их гаргалаа. Дээрээс нь гадныхныг аялдан дагасан байдал хэт их анзаарагдлаа. Ард түмнийхээ эрх ашгийг хамгаалагч нь байж чадаагүй учраас ард түмний сэтгэл хөрчихсөн гэж болно. Шинэ Засгийн газар энэ бүхнийг маш сайн бодолцох хэрэгтэй. Өнөөдөр тэтгэврийн насыг эргэж харах, бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох, салбаруудад гарсан ухралтуудыг эргүүлж засч залруурах чиглэлд ажиллаасай гэж харж, хүлээж байна. Гол нь хууль ёсыг чандлан сахих ёстой. Хуулийн байгууллагуудыг улс төржилтөөс хол байлгах шаардлага чухал байна. Энэ мэтээр шинэ Ерөнхий сайд олон сайхан зүйл ярьсан. Тэр бүхнийгээ хэрэгжүүлэх байх аа л гэж найдаж байна.

-ҮНЭХЭЭР БЯРТАЙ ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛАГДСАН ЮМ БОЛ ОДОО
БЯРАА Л ҮЗҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ-

-Нийгмийн халамжийн бодлогын асуудлаар манай улс ОУВС-тай дахин зөвшилцвөл амжилт олох магадлал хэр вэ?

-Амьдрал өөрөө баян. Төсвийн орлого бидний төсөөлөөгүй хэмжээгээр даван биеллээ. Эдийн засгийн өсөлт ОУВС-тай тохирч, төсөөлж байснаас үнэмлэхүй өндөр гарч ирлээ. Бодитой нөхцөл байдал ингэж өөрчлөгдөж байгаа учраас ОУВС-тай тухайлсан асуудлуудаар хэлэлцээр хийхэд буруудах зүйл байхгүй. Үнэхээр бяртай Засгийн газар байгуулагдсан бол одоо бяраа л үзүүлэх хэрэгтэй. Аливаа хэлэлцээр хоёр талтай. Хоёр талдаа тохирох л асуудал яригддаг. Түүнээс биш хэн нэгэнд барьцаалагдсан, хөтлөгдсөн байдлаар сул дорой хэвээр явбал асуудал нэг их урагшилж чадахгүй.

-Сангийн яам гадаад орчноос шинэ бонд босгохоор ажиллаж байна. Өмнө нь босгосон “Хуралдай” бондоос хүү нь доогуур байна гэсэн хүлээлттэй байгаа. Таны хувьд бонд босгож буй үйл явцыг хэрхэн дүгнэх вэ?

-Бонд босгоно гэдэг өөрөө хугацаа шаардсан ажил. Өнөөдөр гарлаа гэхэд маргааш босоод ирчихгүй. Тодорхой байдлаар процесс явж байх зуур энд Засгийн газар эмхлэн байгуулагдаж, ажил урагшилж эхэлнэ. Эдийн засгийн үзүүлэлтийн хувьд харьцангуй эерэг байгаа нь мөн давуу тал болж өгнө. Сангийн яамнаас гадаад орчинд бонд босгох ажлаа эхлүүлсэн нь зөв үзэгдэл гэж харж байна.

-Танай намын зүгээс өнгөрсөн долоо хоногт Төсвийн тодотголоор байнгын хороод дээр завсарлага авсан. Энэ нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй тохиролцох замаар цаг хороож байна гэх хардлага төрүүлсэн?

-Завсарлага авах хоёр үндсэн шалтгаан байсан. Нэгдүгээрт, огцорсон сайд нар төсвөө хэлэлцүүлэх нөхцөл байдал бүрдсэн явдал. Төрийн ажил буух эзэн, буцах хаягтай байх ёстой. УИХ-аас баталж буй хамгийн чухал хууль нь өөрөө төсөв. Хоёрдугаарт, төсвийн тодотгол өөрөө луйвар, булхай, дээрэм байна лээ. Төсвийн давсан орлогоо дахиад л төсөл хөтөлбөрүүдийн нэрээр хувааж авахыг зорьсон. Өмнө нь хууль бусаар зарцуулчихсан мөнгөө УИХ хямралтай үеэр хууль ёсны болгож авахыг зорьсон явдал ч байна. Төсвийн тодотгол ийм байдлаар маш явуургүй боловсруулагдсан. Үүнийг бүрмөсөн буцаах хэрэгтэй. Орлого нэмэгдлээ гээд төсөв тодотгодог байдал өөрөө буруу юм.

-Гэхдээ одоо хуулийн хугацаанд нь төсвөө батлах гэж УИХ яаравчилна. Нөгөө талд шинэ сайд нар нь асуудалтайгаа бүрэн танилцаж амжихааргүй нөхцөл байдал үүсчихлээ. Үүнийг хэрхэн харж байна вэ?

-Шинэ Засгийн газар өмнөх Засгийн өмнөөс хариуцлага хүлээхгүй. Тиймээс аливаа асуудал дээрээ өөрсдөө гардаж л ажиллах ёстой. Одоо төсвөө яаралтай өргөн барьж, ирэх оныхоо асуудалд анхаарлаа хандуулах нь чухал байна. Түүнээс биш өвлийн хоёр сард ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх гээд төсвийн тодотголтойгоо ноцолдож суух юм бэ. Тийм цаг зав байхгүй. Энэ чинь зүгээр л луйвар. Үүнийг зогсоох хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.

-Та саяхан гадагшаа албан томилолтоор ажиллаад ирлээ. Засаг, төр хямралтай байгаа энэ үед гадны орнууд биднийг хэрхэн харж, хүлээж авч байна вэ?

-Улс төрийн дотоод хямралтай энэ цаг үеүдэд хоёр хөршид онц чухал ач холбогдол бүхий чухал үйл явдлууд өрнөлөө. Урд хөршид хоёр жил тутамд зохион байгуулагддаг Монгол-Хятадын экспо боллоо. Эдийн засгийн чухал уулзалтууд болж өнгөрсөн. Мөн ОХУ-д Олон Улсын парламентын холбооны ээлжит чуулган боллоо. Үүнд ОХУ-ын төр засаг маш их ач холбогдол өгсөн. Чуулганд 96 улсын УИХ-ын дэд дарга, 66 улсын УИХ-ын дэд дарга нар оролцсон. Монгол Улс НҮБ-ын дараа ордог энэ том нэр хүндтэй байгууллагын Ази, Номхон далайн бүсийг даргалдаг. Даргалж буй бүлгийнхээ хуралд ч оролцож чадахгүй, ийм нөхцөл үүсчихсэн байсан. Тиймээс сөрөг хүчнийг төлөөлж буй АН-аас сонгогдсон УИХ-ын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Үнэхээр гадаад харилцаанд нам хамаагүй юм байна. Биднийг тэр нам, энэ нам гэж хүлээж аваагүй. Монгол Улсын төлөөлөл гэсэн байдлаар талархан хүлээж авсан. Монгол Улсын гадаад харилцааны бодлого намын бодлогоос ангид гэдгийг хоёр хөршид ойлгуулахад маш чухал алхмууд болсон. Олон талт уулзалтууд хийж, Монгол Улсын байр суурийг тодорхой байдлаар илэрхийллээ.

Ж.МЯДАГБАДАМ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

Ангилал


Twitter


Facebook