Д.Эрдэнэбат: Нэг ч өдөр төрийн ажил хийж үзээгүй 11 компанитай хүн шууд сайд болж байна

2017-10-18
|
УИХ-ын чуулган

-Би өчигдөр Ө.Энхтүвшинг даргаас зүгээр нэг асуугаагүй юм. Яагаад та нар дандаа үгнээсээ буцаж байдаг юм. Хэнд чинь итгэх ёстой юм. Намд нь итгэх итгэл байхгүй. Гайгүй хэдэн ноён нуруутай улстөрчидөд нь ч итгэх итгэл байхгүй болчихлоо. Энд Ц.Нямдорж гишүүн сууж байна. Засгийн газар солигдох гэж байхад "За энэ Засгийн газрыг огцруулж байгаа нөхдүүдийн нэг нь ч сайд руу очихгүй шүү" гээд ярьж байсан. Гэтэл хамгийн түрүүнд манлайлаад очиж байгаа нь юуг хэлж байгаа юм бэ гэдэг л асуудал юм. Бид У.Хүрэлсүх Ерөнхий сайдтай бодлогын Засгийн газар байгуулах талаар ярилцсан. Гэтэл та хамарсалтай нь тохиролцооны Засгийн газар байгуулчихлаа. Энэ бол таны алдаа. Та олон нийтийн дэмжлэгийг авч болох байсан боломжоо өнөөдөр алдлаа гэдгийг чинь хэлмээр байна.
Ерөнхий сайд, Засгийн газарт хэлэхэд Монгол Улсын зовлон уул уурхайгаас эхэлсэн. С.Баярын Засгийн газар 2009 онд гарч ирэхдээ яг энэ У.Хүрэлсүх шиг бүхнийг өөрчлөх сэтгэлтэй гарч ирээд, дараа нь байхгүй болсон. Улс дамнасан уул уурхайн ашиг сонирхолд идэгдсэн гэж боддог. Энэ байдал руу шинэ Ерөнхий сайд, Засгийн газар нь явчих вий. Оюутолгойг янз бүрээр ярьдаг. Гэхдээ миний өнөөдрийг хүртэл эргэлждэг нэг зүйл бол 2009 онд байгуулагдсан Засгийн газар Оюутолгойн гэрээг байгуулахдаа 4 компани байгуулсан явдал. Тэдгээр 4 компанийн 2 нь оффшор компани байдаг. Энэ хоёр оффшор компанийн тухай өнөөдрийг хүртэл хэн ч ярихыг хүсдэггүй сэдвийн нэг болсон. Ерөнхий сайд энэ асуудлын учрыг нь олоорой. Үүнээс л бүх зүйлийн учир тайлагдах болно. Тэр 2 оффшор компанийн ард нь байгаа эздийг зарлах цаг нь болсон. Үүнийг хийж чадахгүй бол цаашдаа энэ уул уурхайн лецензийн тухай, манай улстөрчдийн гадныхантай хавсайдаж баялагийг гадагшаа зөөгөөд байгаа асуудал үлгэр болж замхарна.
Дараагийн асуудал би Н.Цэрэнбат гэдэг залуугийн тухай зүйгээр нэг асуугаагүй. Энэ Монгол Улсад төрд очих хүний цензүүр, шалгуур гэдэг юм заавал байх ёстой гэж санагдаад байх юм. Бид сумын Засаг даргыг томилохдоо 3 жил төрд алба хашсан байх гэсэн шалгуур байдаг. Гэтэл энэ 11 компанитай Н.Цэрэнбат гэдэг залуу дандаа бизнес хийж байгаад, УИХ-д орж ирсэн. Нэг ч өдөр төрийн ажил хийж үзээгүй хэрнээ шууд сайд болж байна. Хаана байна нөгөө шударга шалгуур чинь. Ерөнхий сайд энэ мэт зүйл дээр анхаарах ёстой. Мөн боловсролын салбар нэг жил гаруйн хугацаанд 3 сайд солигдлоо. Одоо харин боловсролынхоо бодлогыг цэгцэлж, цалинг нь заавал нэмэх хэрэгтэй. Энэ багш нар чинь ядуучуудын эгнээнд орсон байна шүү гэдгийг сануулж хэлэе.
/2017.10.18/ #Чуулган

Ангилал


Twitter


Facebook