З.Нарантуяа: Ерөнхий сайд төсвийн тодотголыг яаралтай буцаан татах ёстой

2017-10-12
|
Ярилцлага

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай 2017 оны төсвийн тодотгол болон цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.

-2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Тодотголын төсөлтэй танилцахад орлого, зарлагаа хоёуланг нь өсгөж, алдагдлыг өндөр байхаар тооцжээ. Таны хувьд Төсвийн зарлагын дэд хорооны даргын хувьд зарлага нэмэгдүүлж байгаа шалтгааныг юу гэж дүгнэж байна вэ?

-Төсвийн тухай хуульд тухайн жилийн төсвийг ямар тохиолдолд тодотгох шаардлагатайг хуульчлан заасан. Урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдал үүсч төсвийн орлого буурахаар бол орлогыг нэмэгдүүлэх гэж, эсхүл зарлага өссөнөөс төсвийн алдагдал нэмэгдэхээр бол зардлыг бууруулахын тулд төсөвт тусгаж орлого зарлагаа тэнцвэржүүлэх ёстой. Үүнээс өөр нөхцөлд төсвийг өөрчлөх хуулийн үндэслэл байхгүй. Жилийн дундуур төсвийн зарлагыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай бодлогын шийдвэр гарч, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд зарлага нэмэх нөхцөл үүссэн ч түүнийг дараа оны төсөвт тусгаж хэрэгжүүлэх ёстой. Одоогийн нөхцөлд тодотгол хийх хуулийн үндэслэл бий болоогүй, орлого буураагүй, алдагдлыг нэмэгдүүлэх хэмжээний зайлшгүй зарлага гаргах шаардлага хүүхдийн мөнгөнөөс өөрөө байхгүй байна гэж дүгнэж байна. Төсөвт тусгаагүй байж, хуулиа зөрчөөд хүүхдийн мөнгө олгосныхоо төлөө Засгийн газар огцорсон. Хууль зөрчсөн энэ үйлдлийнх нь үр дагаврыг арилгаж, хуулийн дагуу болгохын тулд харин хүүхдийн мөнгөний зарцуулалтыг тодотголоор, эсхүл 2018 оны төсөвт суулгах шаардлага бол байна.

Ер нь практикт анхнаасаа төсөв боловсруулахдаа бодлогогүй, тооцоо судалгаагаа муу хийж, олох орлого, учирч болох эрсдэл, гарч болох зардлаа зөв тооцоолоогүйгээс санхүүжилтээ дутаах, хэмнэх, тооцоолсон орлогоос нэмэлт орлого олох гээд бүхий л тохиолдолд төсвийг тодотгол нэрээр жилд 1-2 удаа өөрчилж, хуулийн үндсэн зарчмыг эвдэж байгаа нь төсөв сахилга хариуцлагагүй зарцуулагдах үндсэн шалтгаан байна гэж харагдаж байна. Ялангуяа нэмэлт орлогын бараа хараад л зарлага болгож хуваарилах гэсэн эрмэлзэл их болж. Зарлагадаа нийцүүлж, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл, төсвийн тусгай шаардлагаа өөрчилдөг буруу жишиг хэвшил болсон. Энэ нь төсвийг хуульд заасан үндэслэлээр биш, өөр зориулалтаар, хэрэгтэй хэрэггүй аар саар зүйлд зарцуулж, төсвийн хөрөнгийг үрэн таран хийх нөхцөлийг бүрдүүлж байна.

Тиймээс Засгийн газар эхнээсээ хууль тогтоомжийн хэрэгжилтийг ягштал баримталдаг, мөрддөг соёл руу орохоос үйл ажиллагаагаа эхлүүлэх хэрэгтэй. Ингэхгүйгээр Ерөнхий сайдын хэлсэн төсвийн сахилга хариуцлага гэдэг нь ямар ч утгагүй, хоосон зүйл болно.

-Гэхдээ зардал тал дээр зайлшгүй шийдвэрлэх асуудал гарсан юм биш үү. Жишээ нь, хүүхдийн мөнгө, өвөлжилтийн бэлтгэл зэрэг шийдвэрлэх зардлууд гарсан гэж тайлбарлаж байгаа?

- Хүүхдийн мөнгөний тухайд дээр хэлсэн. Өвөлжилтийн бэлтгэлийг хангах, малын өвчинтэй тэмцэх, авлигатай тэмцэх хөтөлбөрийн зардал, Засгийн газрын авто баазын шинэчлэл хийх, сумын төвийн ЗДТГ-ын байрыг дуусгах зэрэгт нэмэлт санхүүжилт шаардагдах болсон нь анхнаасаа зардлаа буруу тооцоолсны үр дагавар учраас дараа оны төсөвт нэмэлт санхүүжилтүүдийг суулгаад явах боломж бий. Энэ бол төсвийг тодотгох хуулиар заасан үндэслэл биш.

Буруу, дутуу тооцоолсон зардлуудыг нэмээд байх юм бол алдагдал л нэмэгдэнэ. Жишээ нь, 2017 оны төсөвт тодотгол хийж, зарлагыг 498.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлье гэж оруулж ирсэн байна. Төсвийг сайжруулах гэж тодотгодог болохоос муутгах гэж тодотгодоггүй. Төсвийн алдагдлыг нэмэгдүүлж, 2.8 их наяд төгрөгт хүргэж, ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэх хэмжээнд тодотгоно гэж байж болохгүй. Ер нь макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдээ муутгаж, Засгийн газрын өрийн үлдэгдлийн хэмжээг 1.1 их наяд төгрөгөөр нэмж, төсөв тодотгоно гэвэл шууд дээр дурдсан хуулийн заалтыг зөрчих үйлдэл болно.

-УИХ 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцээд эхэлсэн байгаа шүү дээ. Энэ нөхцөлд буцаан татах боломжтой юу?

-Хэлэлцүүлгийн аль ч шатанд хуулийн төслийг буцаан татан болно. Байнгын хороодын хуралдаан дээр АН-ын бүлэг завсарлага авсан байгаа. Хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг Засгийн газар байя гэвэл шинэ Ерөнхий сайд төсвийн тодотголыг татаж, шинэ Засгийн газрын өмнө тулгарч байгаа хамгийн чухал зорилго-тулгамдсан өр төлбөрийн төлбөрт зарцуулж, өрийн хэмжээг бууруулах нь ухаалаг алхам болно.

-АН-ын бүлгээс шинээр байгуулах Засгийн газар дэд сайдгүй ажиллахыг шаардсан байна. Дэд сайдын цалин, хангамж төсвийн зарлагад тийм их орон зай эзэлдэг юм уу. Дэд сайдын албан тушаалыг байхгүй болгосноор төсөвт ямар орон зай гарч, түүнийг нь юунд зарцуулах боломжтой юм бэ?

-Мөнгөн дүнгээрээ дэд сайдад зарцуулж байгаа зардал төсөвт бага л даа. Дэд сайд гэдгээр төрийн байгууллагуудад байгаа илүүдэл, хэрэггүй орон тоог цомхотгож, үр дүнтэй цомхон бүтэцтэй ажиллуулах санаа байгаа болохоос бусад илүүдэл орон тоог хадгалж, ганцхан дэд сайдыг явуулахыг ярьж байгаа зүйл биш л дээ. Тухайлбал, аймаг, агентлагууд хоёр орлогчтой байна. Өмнө нь нэг хүний хийдэг байсан ажлыг одоо хоёр, гурваараа хувааж хийж байна. Төрийн данхар бүтэц улам л томроод байна. Сүүлийн хэдхэн жилийн дотор төрийн албан хаагчийн тоо 120-180 мянгад хүрсэн. Тиймээс төрийн давхардсан үүрэг функцийг нэгтгэж, цэгцлэх эхлэлийг тавих үүднээс ийм шаардлага тавьж байгаа.

-Төсвийн тодотгол болон 2018 оны төсвийн төсөөллийг хэлэлцэх үед нийгмээс тавигдаж буй гол шаардлага нь багш эмч, нарын цалин нэмэх асуудал боллоо. Засгийн газрын зүгээс цалин нэмэгдүүлэхийг ОУВС руу чихэх хандлага байх шиг байна. Тэд “Валютын сантай тохирсон хөтөлбөрийн хүрээнд цалин нэмэх боломжгүй” гэж тайлбарлаж байна. Таны харахад цалин нэмэх боломжгүй юу?

-Боломж байгаа нь харагдаж байна. Зардлыг 498.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, тодотгох гэж байна. Нэгэнт Засгийн газарт нэмэлт орлогын эх үүсвэр бий болсон бол багш, эмч нарын цалин, төрийн албан хаагчдын цалингийн санг нэмэх зайлшгүй шаардлагыг нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Өрхийн орлогыг үе шаттайгаар нэмэгдүүлэх бол хамгийн тулгамдсан зорилт, тэр тусмаа шинэ Засгийн газрын хувьд нэн тэргүүний бодлого нь байх нийгмийн шаардлага аль хэдийн үүссэн. Валютын сангаас асуулгүйгээр Монгол Улсын Засгийн газар өөрөө шийдвэрлэх асуудал байх ёстой. Сүүлийн үед Засгийн газар өөрийнхөө хүссэн зүйлээ бол хийчихээд, хүсээгүйгээ Валютын сангийн шаардлага гэсэн том халхавч зүүдэг болсон л доо.

-Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар иргэдийн өрийн дарамтыг бууруулах чиглэлээр судлах, түүнд чиглэсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг та ахалж байгаа. Энэ чиглэлийн ажил ямар шатанд явж байгаа вэ. Эдийн засгийн талаас нь ямар тооцоо судалгаа, зөвлөмж өгч ажиллаж байгаа вэ?

- Хуулийн төслийн эхний хувилбарыг боловсруулж дуусч байна. Хүмүүсийн хэлээд байгаа шиг өрийг нь шууд төлөөд өгчих юм биш л дээ. Өрхийн орлогын шинэ эх үүсвэр бий болгож байгалийн баялгийн өгөөжийг иргэн бүрт хүртээх агуулгатай хуулийн төсөл байгаа юм. Стратегийн ач холбогдол бүхий ордуудын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хуулийн этгээдийн төрийн эзэмшиж байгаа хувийн тодорхой хэсгийг иргэдэд эзэмшүүлж, эзэмшиж байгаа хувьцаанд нь ногдол ашиг хуваарилахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулна. Ногдол ашгаараа өрөө төлөх үү, хуримтлуулж хадгалах уу гэдэг нь хувь иргэний эрхийн асуудал байх болно. Гүйлгээг хийхдээ өрхийн бодит орлогыг бууруулахад нөлөөлж байгаа хэрэглээний дөрвөн төрлийн зээлтэй иргэдийн хувьд зээлийнх нь данс руу шилжүүлж, бусад иргэдийн хувьд өөрсдийнх нь мэдээлсэн дансанд нь шилжүүлнэ. Үндсэн концепци нь энэ. Компани үр ашигтай ажиллаж, ашиг орлого сайтай байх шаардлагатай. Тиймээс компанийн үйл ажиллагааны зарчмыг компанийн хуульд заасан нийтлэг зохицуулалтаас өөрөөр тусгаж байгаа. Засгийн газар өдөр тутмын үйл ажиллагааг санхүүжүүлж, улс төрийн амлалт, бусад өр ширийг хариуцах үүргийг эдгээр компаниудад үүрүүлээд байвал хэзээ ч үр ашигтай ажиллаж чадахгүй гэдгийг "Эрдэнэс-Тавантолгой"-н туршлага харуулсан. Тиймээс Үндсэн хуулийн 6.1 дэх заалтыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн хуулийн шинэ зохицуулалтыг бий болгохоор зорьж байгаа юм.

-Та шинээр байгуулах Засгийн газрын бүрэлдэхүүнийг ямар байгаасай гэж харж байгаа вэ. Ерөнхий сайд парламентаас танхимаа бүрдүүлнэ гэж мэдэгдээд байгаа. Мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлж чадах болов уу. Өмнөх Засгийн баг мэргэжлийн бус байсан гэж зарим хүн дүгнээд байгаа шүү дээ?

-Мэргэжлийн байх, сайд нар бүгд дан дээлтэй байх гэх зэргээр хэлбэр талаас нь туйлшрах бол утгагүй зүйл. Хамгийн гол нь У.Хүрэлсүхийн Засгийн газар түргэн хугацаанд бүрэлдэж, тогтвортойгоор үйл ажиллагаагаа явуулах нь чухал. Тийм боломж олгох улс төрийн орчин байх хэрэгтэй. 33, 32-оороо талцсан намын хуваагдал нь төрийн бүх ажлын гацаа, эдийн засгийн хөгжлийн гацаа болбол Монгол Улсад л илүү хортой. Улс төрийн өнцгөөс өнгөц харж, “манай намд ашигтай, ингээд хагаралдаад байгаасай” гэж би хүсэхгүй байна.

Харин нам дотроо хууль бус, шударга бус зүйлтэйгээ хатуу тэмцэж байгаа гишүүдийн бодлогыг дэмжиж байгаа. Мэргэжлийн гэхээсээ илүү ашиг сонирхлын зөрчилгүй хүмүүсээр кабинетаа бүрдүүлэхгүй бол “65”-ын том бүлэг хуваагдсан шалтаг шалтгаан хэвээрээ үлдэнэ гэсэн үг.

 

Эх сурвалж: www.itoim.mn

Ангилал


Twitter


Facebook