Л.Болд: Улс орны эрх ашгийг бодож У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн

2017-10-10
|
Ярилцлага

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-Ардчилсан нам өчигдөр өргөтгөсөн хурлаа хийлээ. Уг хурлаар ямар асуудал хэлэлцэв?

-УИХ дээр хэлэлцэх 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсөв, мөнгөний бодлого зэрэг тулгамдсан асуудлуудыг ярилаа. Мэдээж хэрэг төсвийн тодотголд маш шүүмжлэлтэй хандаж байгаа. Хуулийн зөрчил үүсгээд, буруу үйлдлээ зөьтгөх гээд байх юм. Хамгийн гол нь огцорсон Засгийн газарт бурууг тохоод байна. Буух эзэн байхгүй учраас төсвийн тодотгол хариуцлага муутай болох шиг боллоо. Бидний хувьд гол тавьж буй шаардлага нь Засгийн газар огцорчихоод байхад яаралтай сайд нараа батлаад ажлаа хий гэж байгаа юм. Өвөл хаяанд ирчихсэн байхад МАН-ынхан ажлаа хийхгүй хувийн эрх ашгаа чухалчлаад байна. Эндээс харахад манайд хариуцлагын зуд нүүрлэх шинжтэй болчихож. Иймэрхүү зүйл дээр төвлөрч хуралдлаа. Эрх баригч намынханд хатуу шаардлага тавихгүй бол болохгүй нь. Дуусашгүй хуйвалдаан, далд явуулга хэтэрлээ. Сүүлдээ юу болоод байгаа нь ч мэдэгдэхгүй болсон. Сайдын алба гэдэг бол монгол төрийн хамгийн хариуцлагатай ажил. Уг нь тухайн чиглэлд мэргэжлийн ямар хүн байна вэ гэдгийг олон түмнээр хэлэлцүүлээд батлаад явчихмаар байгаа юм. Тэгэхгүйгээр албан тушаалын наймаа хийгээд байвал олон түмэнд хохиролтой.

-Төсөв өргөн барьсан боловч эргүүлээд татчихлаа. Ингэж болдог юм уу?

-Хууль, эрхзүйн хувьд болохгүй. Огцорсон Засгийн газарт хариуцлага тооцно гэж юу байх вэ дээ. Тиймээс УИХ хуулийн зөрчлөө яаралтай арилгах боломж, нөхцлөө бүрдүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй улс орны эдийн засаг, нийгмийн байдал хүндхэн байхад төсөв ч байхгүй, мөнгө цаас ч байхгүй ингээд суугаад байж болохгүй байна. Тиймээс яаралтай Засгийн газраа бүрдүүл гээд байгаа юм. МАН-д ийм шаардлага тавихаар хуулийн хугацаа л яриад байгаа. Ерөнхий сайдыг томилсноос хойш 14 хоногийн хугацаанд Засгийн газрын бүрэлдэхүүнийг өргөн барьдаг. Энэ бол зүгээр л хуулийн хугацаа. Заавал хамгийн сүүлийн өдрийг хүлээх хэрэггүй. Наана нь шийдчихэж болно шүү дээ.

-Ерөнхий сайдыг Ардчилсан намын дэмжлэгтэйгээр томиллоо. У.Хүрэлсүхтэй ямар тохиролцоо хийчихэв ээ?

-Ямар ч тохироо хийгээгүй. Улс орны эрх ашгаа бодож л шийдвэр гаргасан. Тэртээ тэргүй МАН-аас нэр дэвшигчид тодроод Засгийн газраа бүрдүүлнэ. Тиймээс бид улстөржсөнгүй, асуудлыг дэвэргэсэнгүй. Буруу хөдлөхгүй, зарчим барьж ажиллая гэсэн байр суурийг баримталлаа. Тэгээд ч У.Хүрэлсүхтэй уулзаад цаашид хамтарч ажиллах үндсэн саналаа танилцуулсан. Түүн дотор ямар нэгэн албан тушаал байхгүй байгаа биз дээ.

-Засгийн газарт орж ажиллая гэж тохиролцож болоогүй юм уу?

-Аливаа сонгууль ард түмний сонголт байдаг. Ард түмний сонголтоор МАН 65 суудалтай болсон. Тэрийг бид хүндэтгэх хэрэгтэй. МАН асуудлаа дотроо шийдээд явах байх. Сөрөг хүчний хувьд санал хураалтад орохгүй байж болно. Тэгвэл төрийн хямрал үүсэхээс өөр хожоо байхгүй. Хэрэв МАН-ыг хохирооё, Ерөнхий сайдаа томилж чадахгүй байдалд хүргэе гэвэл бид чуулганы хуралд оролцохгүй. Эцсийн эцэст ард түмэн хохироод үлдэнэ шүү дээ. Зөв шийдвэр байж чадахгүй учраас чуулганд ороод Ерөнхий сайдаа томилоод явлаа. Нэг ёсондоо МАН-ыг хохирооё гэхээсээ илүү улс орны том эрх ашгаа бодож чуулганы хуралд орсон.

-Ерөнхий сайдтай уулзах үеэрээ ямар санал хүргүүлэв. Гол санаа нь юу байсан бэ?

-Аль нэг нам гэхээсээ илүү монгол төрд болохгүй байгаа бүхнийг хуулийн өөрчлөлтөөр шийдэх хэрэгтэй. Тэр асуудлаа гол нь ярилцлаа. Эдийн засгийг урагш хөдөлгөх том төслийн асуудал бий. Тэр бүхэн дээр хэрхэн хамтарч ажиллах талаар ярьсан. Тодорхой хийх ажлууд дээр нэлээн тодорхой чиглэл өгсөн.

-Хүүхдийн мөнгийг олгох боломжтой гэж АН үзэж байгаа. Ирэх оны төсөвт хүүхдийн мөнгийг бүрэн суулгах боломж бий юу?

-Төсөв өргөн барингуут тийм боломжийг нь гаргаж өгнө. Дэд сайдгүй ажиллах ёстой. Төрийн данхар бүтцийг цомхон болгож чадвал хүүхдийн мөнгө байтугайг олгож болно. Гагцхүү эрх баригчид төсвийн мөнгийг хоорондоо бие биедээ найр тавьж хуваах хэрэггүй. Ямар ч байсан бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгохын төлөө Ардчилсан нам ажиллана. Бид У.Хүрэлсүхэд өгсөн арав гаруй шаардлагын хамгийн эхэнд хүүхдийн мөнгөний асуудал бий.

С.АЛТАН

Ангилал


Twitter


Facebook