З.Нарантуяа: Засгийн газарт ашиг сонирхлын зөрчилгүй хүмүүсийг оруулах ёстой

2017-10-06
|
Ярилцлага

УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяатай ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхий сайдыг шинээр томиллоо. Эдийн засгийн хувьд хэр хэмжээний чадамжтай Засгийн газрыг хүлээж авч байгаа вэ?

Өмнөх Засгийн газруудтай харьцуулахад гадаад худалдааны нөхцөл харьцангуй сайжирсан. Ж.Эрдэнэбатын Засгийн газар шиг эдийн засаг хямраад хүнд хэцүү байна гэж зовлон тоочоод байх асуудал байхгүй. Экспортын орлого 1.3 тэрбум ам.доллараар өссөн, өсөлт тодорхой хугацаанд үргэлжлэх хандлагатай байгаа. Хүлээгдэж байгаа өр төлбөрийн дүн өндөр байгаа ч өөр эх үүсвэрийг арай хямдаар олж болох нөхцөлд байна. Нүүрсний үнэ, НӨАТ-ын татвараас орж ирсэн татварын давсан орлого оны эцэст бараг 1 их наяд руу дөхөх тооцоо байна. Валютын сангийн хөтөлбөр, тэнцлийн алдагдал буурсан байдлууд гадаад хөрөнгө оруулагч нарт эерэг дохио өгч эхэлсэн.

Өмнөх Засгийн газраас ялгарахын тулд яаж ажиллах хэрэгтэй гэж бодож байна вэ?

Ухаантай зөв менежмент л хэрэгтэй. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэл, эдийн засгийг сэргээх хөтөлбөр гээд маш олон бодлогын баримт бичгүүд гаргасан. Тодорхой ч юм бий, ерөнхий жагсаалт ч бий. Засгийн газрын зүгээс зүтгээд, хэрэгжүүлээд тодорхой үр дүн гаргачихсан тоймтой юм бол бага гэдгийг шинэ Ерөнхий сайд сайн мэдэж байгаа. Тиймээс яг одоогийн нөхцөлд юу хийх хэрэгтэй гэдгээ зөв тодорхойлоод шууд л ажилдаа орох байх гэж хүлээж байна.

Ялангуяа урт хугацааны хөгжлийн үндсэн суурь аж үйлдвэрийн салбартаа гол анхаарлаа төвлөрүүлэхийг нөхцөл байдал шаардаж байгаа. Олборлох, боловсруулах салбарууд эдийн засагт ногоон гэрлийг одоо асааж эхэлж байна. Сайн муугаар хэлэгддэг бондын үр өгөөж боловсруулах салбарт гарч байгаа өсөлтөөр илэрхийлэгдэнэ. Аж үйлдвэрийн салбарын нийт хэмжээ 2 жилийн дотор 3 их наядаар нэмэгдсэн байна. Хөдөө аж ахуй, тээврийн салбарын ачаа эргэлт өссөн. Тиймээс энэ салбараа илүү их дэмжиж, өнөөдрийн 20 сая тонн нүүрс гаргаж 4.1 тэрбум долларын экспортын орлого олж байгаа үр дүнг л нэмэх хэрэгтэй. Төмөр замын даац, хил гаалийн нэвтрүүлэх чадвараа богино хугацаанд нэмэгдүүлж чадвал 30, 40 сая тонн нүүрс гаргах боломж бий болно. Яавал нэг худалдан авагчийн тулгасан үнээр бус, арай илүү өндөр үнээр нүүрсээ зарж болох вэ гэдгээ бодож тунгааж, хувилбар бодож олох хэрэгтэй болов уу. Ингэж чадвал маш их боломж бий.

АН-ын зүгээс Аж үйлдвэрийн яам, Хөдөлмөрийн яам зэрэг дөрвөн яамны чиг үүрэг, бодлогыг орхигдуулж байна, энэ тал дээр анхаарч ажиллах шаардлагатай гэдэг асуудлыг Ерөнхий сайдад тавьсан гэж ойлгогдсон. Тэгэхээр яам шинээр байгуулах асуудлыг тавьсан гэж ойлгох уу?

Ардчилсан намыг дөрвөн яам шинээр байгуулж, авах гэж байна гэсэн мэдээлэл гарсан. Тийм зүйл байхгүй. Бид Засгийн газарт орж ажиллахгүй гэдгээ аль эрт мэдэгдсэн. АН бодлогын хувьд Ерөнхий сайдад нэн тэргүүнд гурван салбарт төвлөрмөөр байна гэдэг саналыг хүргүүлсэн. Нэгдүгээрт, дээр хэлсэн аж үйлдвэрийн салбар, ажлын байр нэмэгдүүлэх бүтээн байгуулалтуудыг аль болох түргэн эхлүүлэх шаардлагатай. Ядуурал, ажилгүйдэл их байгаа учраас ажилгүй иргэдээ ажилтай болгох асуудалд төвлөрч ажиллах хэрэгтэй. Ажлын байрны нийлүүлэлт, ажил хайгчдын эрэлт хоёрын зохистой түвшинд тулгуурлаж, хөдөлмөрийн зах зээлийг төр зөв удирдан чиглүүлэхгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэх ямар ч боломжгүй гэдгийг өнгөрсөн жилүүдийн туршлага маань харуулсан.

Тиймээс Эдийн засаг, хөдөлмөрийн яам, Аж үйлдвэрийн яамны өмнө нь хийж байсан одоо мартагдсан “функцууд”-ыг сэргээж, яамдын одоогийн бүтэц рүү шингээж оруулаач гэдэг саналыг хэлж байгаа юм. Мөн манай улсын түүх соёлын асуудал онцгой чухал тул Монголын онцлогтой бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэлхийн хэмжээнд түгээж, брэнд болгож хүргэх, хөрөнгө оруулагчдыг татах зөөлөн дэд бүтэц гэдгээр нь Соёлын асуудлыг яамны түвшинд авчирч анхаарах бодлогын асуудлыг л тавьсан.

АН-ын бүлэг Ерөнхий сайдыг томилогдохоос өмнө нэр дэвшигчтэй уулзсан нь ийм хардлага дагуулаад та бүгдтэй сандал суудлын тохироо хийчихлээ гэж хардахад хүргэсэн юм биш үү. Ерөнхий сайд ямар хариу өгч байгаа бэ?

Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг АН-ын бүлэгтэй уулзаад, Засгийн газраа байгуулахын тулд хөшигний цаана ямар нэгэн тохироо хийлээ гэж хардаж байгаа хүмүүст хэлэхэд Ардчилсан нам ямар ч тийм эрх мэдлийн төлөөх тохиролцоо хийгээгүй, цаг хугацаа харуулна гэж хэлмээр байна. Дээрх гурван асуудал, мөн Монгол Улсад шударга ёс, хүний эрхийг хангах тал дээр илүү анхаарч ажиллахыг л шаардсан. Нэр дэвшигчийн өөрийн хэлсэнчлэн хууль хяналтын байгууллагууд улс төрийн намд үйлчилдэг, захиалгаар өрсөлдөгчийг нь намнадаг болчихсон эсэхийг шалгаж, үнэн зөвийг тогтоож, хэрвээ байгаа бол энэ ажиллагааг таслан зогсоохыг нь дэмжинэ гэдгээ УИХ дахь Ардчилсан намын бүлэг илэрхийлсэн. Гуравдугаарт Их хурлын гишүүн биш Ерөнхий сайд болж байгаагийн хувьд үндсэн чиг үүргийн яамдаа УИХ-ын гишүүнээсээ сонгож, УИХ дээр дэмжлэг авах нь зөв тул эдгээр яамдын сайдыг УИХ-аас давхар дээлтэй байлгахаар оруулж ирвэл дэмжинэ гэдгээ хэлсэн. Бусад яамдын хувьд мэргэжлийн хүмүүсийг оруулж, дэд сайдаасаа эхлээд цомхтгох, давхардсан, шаардлагагүй орон тоог эргэж харсан, төсвийн сахилга хариуцлага, хэмнэлтийг эрэлхийлж ажиллахыг санал болгосон.

Эдийн засаг тийм ч муугүй байгаа юм байна. Гэхдээ ирэх онд мөн л их хэмжээний бондын өр төлнө. Хэр хэмжээний өр төлөхөөр байгаа вэ?

Чингис бондын 500 сая ам.доллар, Дим сан бондын 161 сая ам.доллар төлөх ёстой. Тодорхой хэмжээний өрийг төсвийн давсан орлогоос, үлдсэнийг аль болох хөнгөлттэй нөхцөлтэйгөөр бага хүүтэй бондоор солих арга хэмжээг Сангийн яам авч хэрэгжүүлэх байх. Түүнээс өөр гарц байхгүй. Энэ чиглэлд Сангийн яам ажиллаж байгаа гэж ойлгож байна.

Багш нар цалин нэмэхийг Засгийн газраас шаардаад удаж байна. Араас нь мөн эмч нар цалин нэмэхийг яриад эхэлсэн. Багш нарын цалинг ирэх оноос нэмэх боломж байгаа юу?

Өнөөдрийн байгаа нөхцөлд бол цалин нэмэх боломж бага. Ирэх 2018 оны төсвийг батлахдаа орлогыг нэмэгдүүлэх бүх боломжийг хайсан реформын шинжтэй шинэчлэлийг хийж оруулах ёстой. Зөвхөн уул уурхайн компаниудын төлж байгаа нэмүү өртөг, аж ахуйн орлогын албан татвараар төсвийг бүрдүүлнэ гэж олон жил явж байна. Татварын бус бусад орлогын эх үүсвэрийг олохын төлөө Засгийн газар ажиллах ёстой. Өмнөх Засгийн газар энэ тал дээр хангалтгүй ажилласан. Энэ Засгийн газар орлогоо бүрдүүлэх тал дээр дорвитой ажил хийхгүй бол багш, эмч нарын цалинг нэмж чадахгүй. ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд төсвийн зарлагыг хязгаарласан хатуу үүрэг авсан байгаа. Харин орлого нэмэх тал дээр 7 төрлийн татвар нэмснээс өөрөөр илүү томоохон зорилтыг Засгийн газар үүрэг болгож тавиагүй. Тиймээс орлогын суурийг өргөтгөхөд шинэ Засгийн газар ажиллах хэрэгтэй. Төрийн мэдлийн хэрэггүй, үр ашиггүй компаниудыг цэгцлэнэ гэж бүтэн жил ярьсан ч ажил хэрэг болоогүй.

САНДАЛ СУУДЛЫН ЭВ НЭГДЭЛ УДААН ЯВАХ ЭВ НЭГДЭЛ БИШ

АН-ын зүгээс Хүүхдийн мөнгийг олгох асуудлаар Засгийн газарт шаардлага тавьж байгаа. Эдийн засаг сайнгүй байгаа энэ үед шаардлагатай зардал, халамж байж чадах уу?

Хүүхдийн мөнгийг анх олгох болсон шалтгаан нь монгол хүнийг өсгөх, хүүхдийнхээ хөгжлийг дэмжих бодлого байсан. Аливаа улс хөгжих асуудлын цөм нь хүнээ өсгөх, хөгжүүлэх явдал. Гуравхан сая хүн амтай улсын хувьд дор хаяж 10 мянга болгох хэрэгтэй. Энэ хирээр хэрэглээ бий болж хэрэглээнд суурилж, үйлдвэрлэл, үйлчилгээ өснө, тэлнэ. Хүүхдийн мөнгө олгох нь олон хүүхэд төрүүлэхийг эдийн засгийн хувьд дэмжих, нөгөө талаас төрсөн хүүхэд бүрт сурч боловсрох наад захын хэрэгцээг нь хангаж өгөх бодлого байсан. Үүнийг халамжийн бодлоготой адилтгаж үзээд зөвхөн орлого багатай өрхийн хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулна гэж үндсэн зарчмаас нь хазайлгасныг буруу гэж үздэг. Аль ч нам засаг барьсан Монгол хүнээ өсгөх, хүүхдээ хөгжүүлэх бодлого дээр нэгдмэл байх нь чухал байна.

Энэ жилийн хувьд хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох боломж бүрдлээ гэж олгож эхэлснийг дэмжиж байгаа. Төсвийн төлөвлөснөөс давсан орлогоос Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө 148 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд өгсөн. Тиймээс шинэ Засгийн газар хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох боломжийг хайж үргэлжлүүлэх байх.

Уул уурхайн томоохон ордуудын үйл ажиллагаа дорвитой урагшилсангүй. Одоо шинэ Ерөнхий сайдыг уул уурхайн том төслүүдээ яаралтай хөдөлгөхийг сануулж байна. Мэргэжлийн Засгийн газар энэ тал дээр тааруу ажиллалаа гэж ойлгогдож байгаа. Та энэ тухайд юу хэлэх вэ?

Өнгөрсөн Засгийн газар 2017 оны төсвийг төслийг батлахдаа эдийн засгийг 3.2 хувиар өсөлттэй байлгана гэж тооцоолоод Оюутолгойн гүний уурхайн ашиглалт, Тавантолгой, Гацууртын төсөл, Тавантолгойн дулааны цахилгаан станцын төсөл гэх мэт дэд бүтцийн төслүүдийг эхлүүлж, энэ үр дүнд хүргэнэ гэсэн. Харамсалтай нь энэ төслүүдээ явуулж чадсангүй. Үүнээс хамаарч тооцоолол өөрчлөгдөхөөр байгаа биз.

Тэгж таарна?

Засгийн газар яагаад мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгасан, эдийн засгийг хямралаас гарах, сэргээх хөтөлбөр зэрэг гол бодлогын баримт бичгүүддээ тусгасан ажлуудаа хийж чадсангүй вэ гэдэг асуулт тавигдана. Үүний хариултыг эрх барьж байгаа нам маань үндсэн бодлого дээрээ нэгдэж чадахгүй байгаа учраас ажил нь явсангүй гэж дүгнэж байна. Эрх ашгийн том зөрчилдөөн байгаа учраас 65 гишүүнтэй том бүлэг хоёр тийшээ тас хуваагдлаа шүү дээ. Одоо МАН-ын бүлэг үндсэн гол асуудлууд дээрээ хурдан ойлголцохгүй бол энэ нь зүгээр нэг 65 гишүүний хоорондын зөрчил биш Монголын эдийн засгийн чөдөр тушаа болох гэж байна. Тиймээс хоорондоо эвээ олох хэрэгтэй. Хоорондоо хэн нь хэдэн сайд авах бэ гэж тохиролцох нь эв нэгдэл биш. Улс орны хөгжлийн том язгуур эрх ашиг дээрээ санал нэгдэж чадвал энэ нам бодлогын хувьд нэгдлээ гэж тооцогдоно. Тэгж чадахгүйгээр сандал суудлын эв нэгдэл бол удаан явах эв нэгдэл биш юм.

Иймд одоо Засгийн газартаа ч гэсэн ашиг сонирхлын зөрчилгүй хүмүүсээ оруулаарай гэдэг шаардлагыг АН-ын зүгээс тавьж байгаа.

Оффшор бүсээс мөнгө орж ирлээ. Энэ мөнгийг улс хураагаад авчихгүй байх. Хөрөнгөө Монголдоо оруулж ирж эдийн засгийн эргэлтэд оруулах талаасаа ашигтай гэдэг үүднээс Ерөнхийлөгч уриалга гаргасан гэж ойлгогдож байгаа?

Монгол Улсын Ерөнхийлөгч “Хэрвээ оффшор бүсд хамаарах улс, орнуудад нуусан хөрөнгө байгаа бол түүнийгээ Монголдоо оруулж ирээч” гэсэн уриалга гаргасан. Хөрөнгөө сайн дураараа Монголдоо оруулж ирэх нь Монголынхоо эдийн засгийг тэлэх том хөрөнгө оруулалт болно. Энэ тохиолдолд эдийн засгийн өршөөлд хамруулах асуудал байж болно. Нэг хүн хөрөнгөө Монголдоо оруулж ирсэн гэж сонссон. Тэр хүнийг эдийн засгийн өршөөлийн хуульд хамруулж үзээсэй гэж хүсч байгаа. Яг хуулийн заалт нь ямар байгааг сайн мэдэхгүй байна. Зарчмын хувьд ярьж байна.

Т.Түвшин

 

Эх сурвалж: ZINDAA.MN

Ангилал


Twitter


Facebook