Ж.Батзандан: ТӨсвийн мӨнгӨ зувЧуулсан, Тавантолгойгоос мӨнгӨ завшсан гэх асуудлуудыг шалгах Ёстой

2017-10-05
|
Ярилцлага

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхтэй уулзаж, өөрсдийн байр сууриа илэрхийлж, саналаа хэлсэн билээ. Тэгвэл энэхүү хурлын дараа УИХ-ын гишүүн Ж.Батзандантай цөөн хором ярилцлаа.

-УИХ-ын чуулган өнгөрсөн даваа гарагт нээлтээ хийлээ. Уг нь төсвөөс авахуулаад УИХ-аар хэлэлцэх маш олон асуудал байгаа. Гэтэл яагаад байнгын хороод хуралдахгүй, УИХ-ын үйл ажиллагаа зогсонги байдалтай байна вэ?

-УИХ-ын намрын ээлжит чуулган өнгөрсөн даваа гарагт албан ёсоор нээлтээ хийсэн. Намрын чуулганаар ямар асуудал хэлэлцэх тухай мэдээллийг УИХ-ын гишүүдэд тарааж өгсөн. Надад ч ирсэн байгаа. Нэн тэргүүнд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлах, шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлыг шийдэх ёстой. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. УИХ-ын чуулган бол хуваарийнхаа дагуу хуралдах ёстой. Тэгэхээр ирэх өдрүүдэд хуралдана гэж бодож байна. Мэдээж УИХ-ын даргад хуваарийг наашлуулах эрх нь бий. Хурлын дарга хүсвэл дөрөв дэх өдрөөс өмнө, магадгүй маргааш /өнөөдөр/ УИХ-ын чуулганыг зарлан хуралдуулах боломж байгаа. Сөрөг хүчний гишүүдийн хувьд манай намын бүлэг Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхтэй уулзлаа. АН-ын бүлгээс эдийн засаг, улс төрийн реформ хийхийг шаардаж байгаа. Эдийн засаг амаргүй байна. Үйлдвэрлэлийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, банк санхүүгийн байгууллагын реформыг хийж, банкны хүүг бууруулахад чиглэсэн дорвитой ажил хийх санал санаачилгыг Ерөнхий сайдад нэр дэвшигчид хүргүүлсэн. Улс төрийн реформын хүрээнд хийх ажил их байна. Монголын улс төр үнэхээр завхарчихсан. Хариуцлага гэж алга, алдагдсан. Авлига, албан тушаалын гэмт хэрэг ихэссэн гэсэн үзүүлэлтүүд гарч байна. Тийм болохоор улс төрийн намуудыг шинэчлэх. Намын санхүүжилтийг тодорхой болгох. Улс төрийн намуудын стандартыг шинэчлэх чиглэлээр мөн У.Хүрэлсүхэд хүргүүлсэн. АН-ын бүлгийн гишүүн болгон Ерөнхий сайдад нэр дэвшигчтэй чөлөөтэй ярилцаж, юунд анхаарах ёстойг хэллээ. Мөн намын бүлгээс 16 саналыг албан ёсоор өгсөн.

-АН-ын бүлэг Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг багаар нь дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Харин та Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын үеэр сайдуудыг хулгайч хэмээн хэлж байсан. Тэгвэл У.Хүрэлсүх өмнөх Засгийн газрын сайдуудаас улираагаад оруулаад ирвэл та дэмжих үү?

-Засгийн бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотойгоор АН-ын бүлэг шинэ Ерөнхий сайдад гурван санал хүргүүлж байгаа. Нэгдүгээрт, аль болох цөөн “давхар дээл”-тэй сайд оруулж ирээрэй гэж хүссэн. Хоёрдугаарт, ашиг сонирхлын зөрчилгүй сайд томилоорой гэсэн санал хүргүүлсэн. Тухайлбал, уул уурхайн сайд нь уул уурхайн бизнес хийдэггүй. Худалдааны сайд нь тамхины бизнесгүй байвал сайн байна. Боловсролын сайд нь хувийн сургуульгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, хувийнхаа өмч, компанийн төлөө ажилладаггүй сайд нарыг томилоорой гэсэн хүсэлт тавьж байгаа. Гуравдугаарт, дэд сайдын асуудал байна. Төсөвт дарамт болсон хэрэггүй албан тушаалуудаа цомхотгооч гэдэг саналыг тавьж байгаа. Өмнөх Засгийн газрын огцорсон шалтгаануудыг битгий давтаасай гэдэг захиасыг хэлсэн. Ер нь бол өмнөх Засгийн газрын сайдуудын идсэн, уусан гэх асуудлыг олон түмэн хангалттай ярьж байна. Идсэн, уусан, хулгай хийсэн хүмүүстэйгээ хариуцлага яриач гэдэг хүсэлтийг миний бие хүргүүлсэн. Түүнээс биш хэн нэгэн хүнийг нэр зааж яриагүй. Худлаа ярьсан уу, хулгай хийсэн үү гэдгийг гурван шатны шүүх тогтооно. Гэхдээ нийгэмд, ард олны дунд хардлага, сэрдлэг байна. Цагаан суварга, Эрдэнэтийн 49 хувь, найман концестэй холбоотой янз бүрийн асуудал өрнөж байгаа. Төсвийн мөнгийг цувчуулсан, Тавантолгойгоос мөнгө идсэн, уусан гэх мэт хардлага сэрдлэг гарсаар байна. Энэ болгоноо шалгуулаач ээ гэж би хэлж байгаа. Түүнээс биш хэн нэгний нэрийг зааж, энийг шалгаарай, тэрийг битгий шалгаарай гэх эрх надад байхгүй. Харин энэ олон хардлагыг нэг тийш нь болгох зайлшгүй шаардлага байгаа.

-УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнгөрсөн даваа гарагт хуралдсан. Хурлаар хамгийн залуу гишүүнийхээ талаар хэлэлцсэн гэсэн. Тэр хүн ёс зүйн хариуцлагаа хүлээх ёстой гэдэг талаас нь өмгөөлөгчид, хуулийн фирм ажиллаж эхэлсэн байна билээ. Энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Ёс зүйн дэд хороо дургүйд хүчгүй гэдэг шиг олон сарын дараа хуралдаж эхэлж байгаад харамсаж байна. УИХ-ын гишүүдтэй холбоотой асуудал үүсэхэд Ёс зүйн дэд хороо долоо хоногийн дотор хуралдаад, дүгнэлтээ гаргаж, Их хуралд оруулах үүрэгтэй. Энэ ажлаа хийхгүй өчнөөн сар боллоо. Иргэдийн бухимдлыг асар их төрүүллээ. Бухимдал битгий хэл уур хилэн бий болж байна. Тийм болохоор Лүндээжанцан даргатай Ёс зүйн дэд хороо дүгнэлтээ хурдан гаргаж, асуудлыг хуулийн дагуу шийдээд явах нь зөв гэж бодож байна.

-Ерөнхийлөгчийн сон­гуу­лийн үеэр АН-ын зүгээс нэр дэвшигчдээ санал хүргүүлсэн. Тэр нь дөрвөн төрлийн хэрэглээний зээлийг тэглэх тухай. Иргэдийн дунд зээл тэглэх болов уу гэсэн хүлээлт үүсчихсэн. АН зээл тэглэхэд чиглэсэн ямар нэг бодлого гаргаж байгаа юу?

-Жилийн өмнө УИХ-ын сонгуулийн үеэр МАН, АН болон бусад улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт иргэдийн нуруун дээр байгаа зээлийн дарамтыг бууруулна гэсэн амлалт багтсан. МАН-ын мөрийн хөтөлбөрийн 5.11-т ийм амлалт байсан санагдаж байна. АН-ын мөрийн хөтөлбөрт ч зээлийн өрийн дарамтыг бууруулна гэсэн заалт, амлалт байгаа. Мөн хэдхэн сарын өмнө болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хоёр нэр дэвшигч энэ асуудлыг ярьсан. Аж ахуйн нэгжийн зээлийн дарамтыг бууруулах чиглэлээр Монголын төр олон хууль гаргаж ажилласан. Өр зээлийг нь хөнгөлж, чөлөөлж байгаа. Аль болох зээл, хүүгийн дарамтаас чөлөөлөх бодлого барьж ажиллаж байна. Түүнээс гадна ард иргэд зээлийн хүүгийн дарамт дор амьдарч байгаа нь үнэн. Энэ дарамтаас гаргах, зээлийн хүүг бууруулах бодлогыг гаргах зайлшгүй шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа. Энэ хүрээнд баялагийн шударга, тэгш хуваарилалтыг хийх ёстой. Мөн банк санхүүгийн реформыг хийх хэрэгтэй. Удахгүй энэ бүхэн рүү чиглэсэн хуулийн төслүүдийг УИХ-д оруулна. АН-ын бүлэг ажлын хэсэг байгуулсан. Мөн Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхэд энэ мэт асуудлаар хүсэлт тавьсан. Онцгой анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн. Ухнаагийн Хүрэлсүх бол МАН-аас Ерөнхий сайд болж байгаа хүн. Тийм учраас МАН-ын мөрийн хөтөлбөрийг биелүүлэх ёстой.

-АН-ын бүлгийн зүгээс Засгийн газрын бүтцийг өөрчлөх хүсэлтийг тавьж байгаа юм билээ. Ерөнхий сайдад нэр дэвшигч бүтцээ өөрчлөхгүй гээд байр сууриа илэрхийлчихсэн шүү дээ?

-Нэр дэвшигч хуучин бүтцээрээ явна гэсэн байр сууриа илэрхийлж байгаа. Харин АН-ын бүлэг Хөдөлмөрийн яамыг байгуулах нь зүйтэй байна гэсэн хүсэлтийг тавьсан. Мөн эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамыг байгуулах шаардлага байгааг ч хэлсэн. Дээрээс нь бие даасан Соёлын яамтай болох хэрэгтэй гэсэн саналыг хэллээ. Ний нуугүй хэлэхэд, Монголын соёл урагшаа явчихлаа. Бид үндэсний язгуур соёлоо хамгаалсан, дэмждэг яамтай болох хэрэгтэй. Хөдөлмөрийг дэмждэг яам бий болгож байж ядуурлаас гарна гэж харж байгаа. Аж үйлдвэрийг дэмждэг яамтай болж байж олон ажлын байр бий болно гэж тооцож байна. Тийм болохоор бүтцийн өөрчлөлт хийх саналаа өгсөн. Хүлээж авах эсэх нь Ерөнхий сайдад нэр дэвшигчийн шийдэх хэрэг. Гагцхүү бүтцийн өөрчлөлт хийвэл энэ чиглэлд л хийгээрэй гэсэн саналаа бид өгсөн.

 

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

Ангилал


Twitter


Facebook