Д.Эрдэнэбат: Шинэ Засгийн газарт ашиг сонирхлын зөрчилтэй нэг ч хүн орох ёсгүй

2017-10-02
|
Мэдээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр эхэллээ. Чуулган эхэлсэнтэй холбогдуулан цаг үеийн асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас зарим зүйлийг тодрууллаа

-УИХ-ын намрын ээлжит чуулган эхэллээ. Нэн тэргүүнд ямар асуудлыг хэлэлцэх шаардлагатай хэмээн АН-ын бүлгийн зүгээс үзэж байна вэ?

-Намрын чуулганд хүрээнд хэд хэдэн асуудлыг нэн тэргүүнд хэлэлцэх шаардлага бий. Тухайлбал, шинэ Ерөнхий сайдын асуудал. Засгийн газарт тавигдах шаардлагын асуудал яригдана. АН-ын бүлгийн зүгээс хэд хэдэн асуудлыг хөндөж ярих болно. Үүнд ашиг сонирхол, дэд сайд, давхар дээлний асуудал зэргийг хэлж болно. Мөн Үндсэн хуулийн асуудлыг ярих болно. Ард нийтийн асуулгыг явуулж байж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Үндсэн хууль бол нийгмийн зөвшилцөл, намуудын зөвшилцөл, бүх талын зөвшилцөл байж өөрчлөлт хийх ёстой. Мөн 2018 оны төсөв дээр эдийн засгийн бодлогын асуудлаа тодорхой болгох хэрэгтэй.

-Өмнөх Засгийн газар Шийдлийн засгийн газар байсан. Одоогийн Засгийн газар ямар байх ёстой гэсэн хүлээлт байна вэ?

-Одоо байгуулагдах Засгийн газар бол Бодлогын засгийн газар байх ёстой. Энэ үзэл баримтлалд нийцсэн бүтэцтэй байх ёстой гэсэн шаардлагыг бид тавих болно. Чуулганаар төрийн албан хаагчийн эрхзүйн статус болон нийслэлийн эрхзүйг ярих болно. АН-ын бүлэг энэ асуудал дээр нэгдсэн байр суурьтай байх болно.

-Энэ Засгийн газарт ашиг сонирхлын зөрчилтэй сайд орж ирэх ёсгүй гэсэн асуудал яригдаад байна?

-Энэ бол зөв. Шинэ Засгийн газарт ашиг сонирхлын зөрчилтэй нэг ч хүн орох ёсгүй гэдэгт хатуу байр суурьтай байх болно.

Т.БАТСҮРЭН

 

Эх сурвалж: medee.mn

Ангилал


Twitter


Facebook