АЛСЛАГДСАН ХОРООДЫН ОРШИН СУУГЧДАД ТУЛГАМДАЖ БУЙ ГАЗРЫН ЗӨШӨӨРӨЛ, ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН АСУУДЛААР ТАЛУУД ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

2017-09-14
|
Мэдээ

БЗД-ийн 11, 12, 13, 16-р хорооны иргэдийн нэн тулгамдсан асуудал болох газрын зөвшөөрөл болон Гэр хорооллын дахин төлөвлөлт төслийн хэрэгжилтийн талаар дээрх хороодын иргэд мөн уг төсөлд оролцож буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, асуудал шийдвэрлэх эрх, үүрэг бүхий албан тушаалтнууд, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын хамтарсан гурван талт уулзалт өнөөдөр /2017.09.14/ 10-13 цагийн хооронд “Хангарьд”ордны А танхимд боллоо.


Нийслэлээс алслагдсан 11-р хорооны хувьд Товчоо, Сүүл даваа, Ногоон зоорь, Туул зөрлөг, Хөлийн гол, Эмийн ургамал зэрэг газарт амьдарч байгаа газраа эзэмших, өмчлөх зөвшөөрөл авч чадаагүй нийт 1000 орчим өрх бий. Тухайн газартаа 10, 20, 30 жил амьдарч байгаа иргэдээс харамласан газраа аж ахуйн нэгжүүдэд бөөн бөөнөөр нь эзэмшүүлчихдэг талаар оршин суугчид гомдоллодог. Тухайлбал, “Цагаан хус”, “Гэрэлт хус”, “Өү Юу Жи Си Си Си Си” зэрэг компани их хэмжээний талбай зөвшөөрөлтэй болон хууль бусаар эзэгнэж, иргэдийг хөөж туух болсон. Мөн оршин сууж буй өрхүүдэд газрын гэрчилгээ олгохдоо ялгавартай ханддаг талаар ч иргэд хэлж байна. 27 айлын газрыг хамарсан 30 га газар эзэмшиж буй “Өү Юу Жи Си Си Си Си” компаний талд гурван шатны шүүхийн шийдвэр гарсан болохоор зөвшөөрлийг нь цуцлах боломжгүй, харин “Гэрэлт хус” ХХК-ийн зөвшөөрлийг цуцалсан талаар нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа мэдэгдсэн.

12, 13-р хорооноос Гэр хороолын дахин төлөвлөлт төсөлд хамрагдан газраа чөлөөлсөн179 өрхийн хувьд уг төслийн хэрэгжилт удаашралтай, бүр зогсонги байдалд байгаа нь маш их хүндрэл учруулж байгаа юм. Төсөл хэрэгжүүлэгчээр “Бэрэн” группийн охин компани “Грандлайн” мөн “Би Си Зи Си” ХХК шалгарсан. Хамрагдсан өрхүүд сонгон шалгаруулалтыг дахин явуулж, төсөл гүйцэтгэх чадамжтай компанид шилжүүлэхийг мөн өнгөрсөн хугацаанд өр тавин байж төлсөн түрээсийн төлбөрийг нь нөхөн олгохыг шаардаж байна. Нийслэлийн Засаг даргын дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч П.Баярхүү хэлэхдээ “Энэ төсөл хэрэгжвэл иргэдэд хэрэгтэй. Гэхдээ үндэсний компаниуд өөрсдөө хөрөнгөө гаргаад барих чадамжгүй, гаднаас хөрөнгө оруулалт татдаг. Гэтэл засаг төр ийм тогтворгүй байхад хөрөнгө оруулах компани бараг олдохгүй байх. Тиймээс иргэд өөрсдөө хашаандаа амины орон сууцаа барьсан нь дээр.” гэж зөвлөв.

Дахин төлөвлөлтөд хамрагдсан 179 өрхөөс гадна 13-р хорооны 150 өрх нэгдсэн “Газрын эзэн-Баянзүрх” нөхөрлөлийнхөн өөрсдийн эзэмшлийн 9,1 га талбайдаа 910 айлын орон сууц бүхий хороолол байгуулах зураг төсөл нь бэлэн, хөрөнгө оруулагч хайж байгаа. Улсаас төсвийн хөрөнгөөр дэд бүтцийг нь шийдэж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Дахин төлөвлөлтийн хүрээнд шийдэж чадаагүй олон асуудал байгаа учраас нийслэл оролцоогүй, иргэдийн санаачилгаар хийгдэж буй ажилд төсвөөс хөрөнгө гаргах боломжгүй гэсэн хариуг П.Баярхүү дарга өглөө.

16-р хорооны тухайд Нийслэлийн Засаг даргын “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах” тухай захирамжийн дагуу гурван байрыг нурааж дахин барих асуудал мөн сунжирч байгаа юм. Эдгээр байрны иргэдийн хувьд байр нь ихээхэн муудсан тул ашиглалтад орсон байранд шилжүүлэн оруулах хүсэлт тавихад П.Баярхүү дарга ТОСК-ийн байранд оруулах боломжийг судалъя гэлээ.


Түүнчлэн трасс дагуу оршин сууж буй Хөлийн гол, Товчоо орчмын 40-өөд өрх газар чөлөөлөх мэдэгдэл аваад чөлөөлсөн ч нөхөн олговрын дүн дээр тохиролцохгүй, маргаантай байгаа талаар иргэд уулзалтын үеэр хөндлөө.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрсөн хугацаанд эдгээр асуудлаар холбогдох газруудад удаа дараалан албан бичиг илгээж байсан ч 35 удаа бүтэмжгүй хариу ирсэн. Иймд энэ удаа талуудыг нүүр тулан уулзуулж, нэгдсэн ойлголтод хүрэхийг эрмэлзэж байна. Мөн нийслэл, дүүрэг болон өөрийн ажлын албанаас хамтарсан Ажлын хэсэг байгуулж, хамгийн боломжит хувилбараар аль болох богино хугацаанд асуудлыг шийдвэрлэх чиглэл өглөө.

Ангилал


Twitter


Facebook