Л.Болд: Том донсолгооны үр дүнд жижиг МАНАН үүсвэл тун удахгүй онхолдоно

2017-09-13
|
Ярилцлага

-ЕСӨН ГИШҮҮНД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ НЭЭСЭН ГЭСЭН-

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа

-Хамгийн ойрын улс төр гэвэл Монгол улсын Засгийн газар огцорлоо.Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зүгээс бидний оролцоогүйгээр өөрсдөө асуудлаа шийд.Манай нам ямар ч хамаагүй гэж байсан л даа.гэхдээ огцруулах кнопыг дарсан. улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ?

-Бидний ардчилсан хувьсгалаар сонгосон улс төрийн тогтолцоо энэ.УИХ-ын бүрэн эрхэт парламентыг бүрдүүлж буй нам шийдвэрээ гаргадаг.Засгийн газрыг огцруулах асуудал дээр бидний хэлж байсан бүхэн биелэлээ олсон.Ардчилсан нам Засгийн газрыг огцруулахад ямар ч оролцоо байгаагүй.Бид сөрөг хүчний хувьд ажил хийхгүй, авлигатай тэмцэхгүй, концесс мэтээр улсын мөнгийг ашиг сонирхлын зөрчлөөр хуваарилсан Засгийн газар огцрох ёстой гэдэг шийдвэр гаргасан.Энэ улс төрийн байр суурь юм.МАН-ын огцруулах кноп 31:33 байсан.Тиймээс бидний оролцоо байхгүй тул МАН-ын шийдвэр байсан гэдэг нь нотлогдож байгаа л даа.

-Цаашид тэгээд яах ёстой вэ?

-Монголын улс төрийг зөв авч явах нь чухал.1996-1998 онд бидний хийсэн алдаа шиг явж болохгүй.Энэ монгол төрийн алдаа байсан.Нэг намын хямрал энэ намрыг туулж байна.Намын хямрал нь төрийн хямрал болж цаашлаад том мухардал руу явахгүй байх арга замыг олох учиртай.65 гишүүнтэй бүлэг дотроо ярьж, учраа олж, саналаа хураах цагийн тоолуур ажиллаж эхэлсэн.Манайхан нам гэж ярьдаг.Бие даагчаас бусад нь намаас нэр дэвшиж тойргоос сонгогдсон.Энэ удаа намын сонгууль яваагүй шүү.Бүх гишүүн жижиг тойргоос сонгогчдынхоо саналын дэмжлэгээр гарч ирсэн.Өнгөрсөн парламент шиг ялсан нам, олонх болсон нам гэж ярих бололцоо энэ парламентад байхгүй.Ядаж томсгосон можаритор байсан бол намын санал хураалт, намын хариуцлага гэж ярих ёстой.

Тэгэхээр нэг намын бүлгийг бүрдүүлж буй 65 гишүүн ард түмнээс мандатаа авсан.Энэ хүмүүсийнхээ хүрээнд асуудлаа яриад яаралтай мухардал хямралаас гарах ёстой юм.Ард түмэн, сонгогчдынхоо өмнө хүлээсэн тэдний үүрэг нь энэ.Заавал нэг сарын хугацаа байгаа гээд үүнийг сунжруулах шаардлагагүй.Ирэх долоо хоногоос намын бүлэг хуралдаад шийдвэрээ гаргаад явах хэрэгтэй.

Тэд төрийн дээр нам гэдэг тогтолцоог бий болгохоор үнэхээр их зүтгэсэн.Тэр нь МАНАН-гийн гэдэг хуйвалдааны байдал нь нам, улстөрчдөө аль алийг нь муу нэртэй болгосон.Одоо цэвэрших хэрэгтэй.Тэд нам төлөөлсөн төлөөлөөгүй нэг ёсны бие даагч гишүүд тул ард түмнийхээ өмнө хариуцлагаа хүлээх ёстой.Энэ хамгийн тулгамдсан асуудал шүү.

-МАНАН-гийн бүлэглэлийг арилгана гэж маш их ярьдаг.Ялангуяа Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд МАНАН-гаас салъя гэж их “орилсон”.Үнэндээ дахиад шинэ МАНАН үүсчихсэн юм биш үү.МАН, АН хоёр сая Засгийн газрыг огцрууллаа шүү дээ?

-Тийм бололцоо байхгүй гэж хувь хүн талаасаа харж байна.МАН, АН гэсэн малгай өмсчихөөд ард түмнээс сонгогдоогүй гишүүд байдаг.МАНАН-гийн тогтолцоо төрийн дээр гараад суучихсан монгол төрийг үгүй хийх гэж байсан шүү дээ.Эргээд эрх мэдэл парламентдаа, ард түмэндээ ирж байна л даа.Нам бол бодлого тодорхойлдог, зорилт дэвшүүлдэг улс төрийн байгууллага.Тэнд албан тушаал хуваарилдаг, наймаалцдаг, мөнгө хуваарилдгийг харж байгаа биз.807 тэрбум төгрөгийн концессын асуудал яригдсан.Үүнийг өмнөх Засгийн газрын үед байгуулсан гээд байгаа биз.Үнэндээ МАНАН шийдэж байсан.МАНАН-гийн шийдвэр үргэлжилж байсан юм.МАНАН өмнөх парламентаас энэ парламент руу амь бөхтэй явж байсны нотолгоо.30 гишүүн гарын үсэг зурна гэж хэн ч зүүдлээгүй.Тэд нам гэдэг атгаалжин хар мангаснаас айна гэж бодсон.Гэтэл зөвхөн ард түмний өмнө хариуцлагаа хүлээх учиртай.Тойрогтоо очиход нь иргэд “Аятайхан байгаарай” гээд сануулсан учраас огцруулах бичгийг өргөн барьж парламентаараа шийдэж байгаа биз дээ.МАНАН бүх аргаа хэрэглэсэн.Эцэст нь мухардсан.Энэ бол МАНАН-гийн эсрэг том ялалт байж ээ л гэж харагдаж байна.

-Манайхан Засгийн газар тогтвортой байх ёстой гэж хамгийн их ярьдаг.Их хурлын гишүүд Засгийн газрыг тогтвортой ажиллуулна гэдгийг тогтвортой цагт огцруулж байна гээд ойлгочихсон мэт нэг жил гаруй болонгуут нь огцруулдаг.Засгийн газар олон солигдох нь сөрөг үр дагавартай гэдэг.Харин таны байр суурь ямар байгаа бол?

-Үндсэн хуулийнхаа хүрээнд бид тогтвортой амьдралтай болсон цагтаа л Засгийн газар тогтвортой байна.Тухайлбал, Германд дөрвөн удаа дараалан Засгийн газраа тогтвортой ажиллуулж байгаа.Учир нь тэнд төр ард түмэн нь нэгдэж амьдрал нь тогтворжсон.Хулгай хийдэггүй төртэй болсон цагт засаг 100 жил байсан ч болно.Улаан цайм хулгай хийж, амлалтаасаа буцаж, ард түмнээ хохироочихсон засгийг тогтвортой байлгах нь цаашаа сүйрэл рүүгээ очно.Тиймээс тогтвортой зөв, шударга ажиллах засгаа байгуулж байж тогтвортой байдал бий болно.Түүнээс биш шударга бус Засгийн газар аль болох үтэр түргэн зайлж байх ёстой.Энэ улс төрийн хууль шүү.Монголын улс төрийн тогтвортой байдлыг Засгийн газар гэж ойлгож болохгүй.Энэ нь парламентын тогтвортой байдлаар хэмжигдэх зүйл.1992 оноос хойш өнөөдрийг хүртэл нэг ч парламент хугацаанаасаа өмнө тарж байгаагүй.Тиймээс энэ нь манай улс төрийн системийн тогтвортой байдлын хамгийн том гайхамшигтай баталгаа.Үүнээс бид нэг сөөм ч ухарч болохгүй.

-Манайхан гадны хөрөнгө оруулагчдыг татна гээд хөрөнгө оруулагчдын чуулган хийж байхтай зэрэгцээд Засгийн газар огцорсон нь эдийн засагт сөргөөр нөлөөлөх үү?

-Хөрөнгө оруулагчид хоёр янз.Нэг хэсэг нь хулгай хийдэг, хуйвалддаг засагтай ажиллах сонирхолтой байдаг.Тэдний хувьд тийм засаг нь огцрохоор гонсойлгүй яадаг юм.Тиймээс ойлголцохгүй байна, хэнтэй нь ярихаа мэдэхгүй байна гэдэг.Харин үнэхээр хийж буй зүйлс нь ил тод байдаг, шударга засаг бий болбол улам их хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс ч бий.Бидэнд сайн хөрөнгө оруулагчид хэрэгтэй.Түүнээс биш бидэнд авлигыг цэцэглүүлдэг муу хөрөнгө оруулагчид хэрэггүй.Хөрөнгө оруулагчид үр дүнгээр ажилладаг.Түүнээс аль нэг Засгийн газрыг сонгодоггүй.Сайн хөрөнгө оруулагчид муу засаг гарч ирвэл яваад өгнө.Сайн засаг гарвал муу хөрөнгө оруулагчид явна.Ердөө энэ сонголтын л асуудал.Үүнийг чуулга уулзалтанд оролцогчид харлаа.Бүгд хүлээлтийн байдалд орчихсон.Муу засаг гарвал сайнууд нь явж муу нь үлдэнэ.Сайн засаг гарвал сайнууд нь эргээд ирнэ.Үүнд огт эргэлзэхгүй байна.

-Та чуулганы хуралдаан дээр хүний эрх зөрчсөн талаар дурдсан.Хэн хэнийг яаж дарамталсан юм бэ?

-Есөн гишүүнд эрүүгийн хэрэг нээсэн гэсэн.Энэ асуудлаар асуулга тавина.

-Ямар учиртай эрүүгийн хэрэг юм бол?

-Дарамтлах зорилгоор гэж яригдсан.Үүнийг асуулга тавьж тодруулах учиртай.Тиймээс асуулга тавихаар бэлдэж байна.

-Дараагийн Засгийн газарт МАН, АН хамтарсан Засгийн газар байгуулна гэх юм.Нэг хэсэг нь үгүй гэж байгаа ч үнэний ортой гэж нөгөө хэсэг нь ярьж байна л даа.Та нартай МАН-ынхан уулзсан уу?

-Уулзаагүй. Уулзах шаардлага байхгүй.Хэвлэлээр тиймэрхүү мэдээлэл гарч байгаа.Гэхдээ нарийн учрыг нь мэдэхгүй юм.Эцсийн эцэст МАНАН-гийн тогтолцоо унаж буй улс төрийн том донсолгооны үр дүнд жижиг МАНАН үүсэх юм бол бас л тун удахгүй онхолдоно.

-Ноднин танай намд бугшсан идээ бээр хагарсны дараа Ардчилсан нам шинэчлэлээ эхлүүлсэн гээд байгаа.Одоо бол МАН хачиг хувалзнаасаа салж эхэллээ гэх юм.Танай намын шинэчлэл дуусав уу.Мөн МАН доторх үүсээд буй нөхцөл байдлыг юу гэж харж байна вэ?

-Манай хоёр нам яг ихэр юм шиг явж ирсэн.МАНАН 17 жилийн өмнө анх үүссэн юм.Ноднин манай нам дэлбэрч идээ бээр нь цутгасан бол одоо Ардын нам дэлбэрч байна.Эрүүлжих цэвэрших шинэ тогтолцоо үүсэх процесс эхний шатандаа явна.Үүнийг ганц хоёр жилийн дотор анагаачихна гэж байхгүй.

-МАНАН үүсээд 17 жил боллоо гэлээ.МАНАН-г үүсгэгчид нь хэн юм бэ.Та улс төрд маш олон жил явсан?

-Та түүх судлаад үз.Маш олон хүн бий.Би 27 жил энэ гал тогоонд явна.1990 оноос хойш ардчилал үүссэн, хүндрэлд орсон гээд бүх зүйлийг мэднэ.МАНАН үүссэн процессыг ч мэдэх юм.Үүнийг гэрчлэх цөөн хүний нэг нь би.

-Тэр үед нь эсэргүүцэж болоогүй юм уу?

-Болоогүй. Яг л энэ улирал шиг гэсэн үг.Одоогийн улс төрийн нөхцөл байдал хахир хатуу хавар шиг байна.Удахгүй зуны дэлгэр цаг ирнэ.Дараа нь дахиад болохгүй зүйлс гарч ирж цэцэг навч хагдарна.Хүний л амьдрал юм чинь ийм зүйлс гарах нь гарцаагүй.

-Засгийн газрын энэ тогтворгүй байдал нь Үндсэн хуультай их бага хэмжээгээр холбогдох уу.Одоо Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх асуудал орж байгаа юм билээ.Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хуйвалдааны зарчмаар явлаа.Үндсэн хуулийг хууль бусаар төрийн эргэлт хийх маягтай ард түмнийг төөрөлдүүлсэн өөрчлөлт явж байна.Процесс болон үр дүнгийн хувьд буруу.Үндсэн хуультай холбоотой ганц өөрчлөлт хийх нь дордуулсан долоогоо өөрчлөх.Үүнийг энэ парламент эхний ээлжинд хүчингүй болгочихоод дараа нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх том процесс эхэлнэ.Түүнээс биш Эрдэнэт, Дарханыхныг та нарыг хот болгоод өгье, давхар дээлийг цөөлье гэж хуураад явчихдаг ажил биш.Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмж Ерөнхийлөгчийнхийг бууруулъя гэж байна.Монголчууд нэг хүний дарангуйлалд хэдэн зуун жил байж үзсэн.Болохгүй гэдгийг нь харчихсан.Годройтоод, унаад, дампуураад хөгөө чирсэн.Дахиад бид улсын нэг эзэн тодруулаад явдаг Үндсэн хуультай байж болохгүй.Энэ маш буруу.

-Гэхдээ таныг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэгт багтаад толгой дохиод дэмжиж байсан хэрнээ ийм зүйл ярилаа гээд байна шүү дээ?

-Өнгөрсөн парламентад Үндсэн хууль баталсан есөн гишүүний ажлын хэсгийг ахалж би орсон.Гарах үр дүн нь буруу байсан.Тэгэхэд Ерөнхийлөгчийн засаглалтай болгох гэж байсан юм.Үүнийг эсэргүүцээд нэг дарангуйлагч хэрэггүй гээд би тэр ажлын хэсгээс гарсан.Энэ парламентад дахин ажлын хэсэг байгуулахдаа Үндсэн хууль баталж авсан гээд намайг оруулсан.Шинэ Ерөнхийлөгч сонгогдлоо.Гэтэл Ерөнхийлөгчийн оролцоогүй ар хударгаар нь Үндсэн хуулийг өөрчилнө гэж байхгүй.Төрийн бүх институц дахин зохион байгуулагдаж Үндсэн хуулийн өөрчлөлтийг дахин эхлэх ёстой.

Э.ЭНХБОЛД

 

Ангилал


Twitter


Facebook