Ж.Батзандан алслагдсан хороодод ажиллалаа

2017-09-04
|
Мэдээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ сарын 2, 3-ны бямба, ням гарагт Баянзүрх дүүргийн 11, 13, 16-р хороонд ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзлаа. Тэрбээр УИХ-аас 2016, 2017 онд хэлэлцэн баталсан хуулиуд болон хэлэлцэж буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгч, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар иргэдийн саналыг сонссон юм.

Эхний өдөр 11-р хорооны Хонхор, “Урган наран” хороолол, Товчоо орчмын иргэдтэй уулзсан юм. 3000 орчим өрхийн 8000 гаруй оршин суугчтай тус хорооны хувьд газрын зөвшөөрөл болон эрчим хүчний хангамж нэн тулгамдсан асуудал болоод байгааг иргэд хурцаар тавьж байв. Тухайлбал, 3 өрх тутмын нэг нь амьдарч буй газраа өмчлөх нь байтугай эзэмших зөвшөөрөл авч чадаагүй, 400 өрх гэрэл цахилгаанд холбогдоогүй аж.

Тус хорооны нутаг дээр керамзит болон аккумулятор, төмөрлөгийн үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулдаг. Тэндээс ялгарч байгаа утаа, үнэр нь агаарыг бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа асуудал олон жил яригдаж ирсэн ч өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй. Ж.Батзандан гишүүн энэ удаагийн уулзалтандаа БЗД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Очирыг байлцуулсан бөгөөд түүнд дээрх асуудлаар дүгнэлт гаргаж, хотын зах руу нүүлгэн шилжүүлэх тал дээр анхаарч ажиллах чиглэл өглөө.

Хонхорынхны хувьд хотоос алслагдсан, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжөөгүй болохоор ажлын байр хомс, залуус нь хотод ажилд орохоор унааны зардалдаа цалин нь таардаг, өөрсөндөө ажлын байр гаргаад самар жимс түүгээд зарах гэхээр хөөж тууж, торгох хүмүүс мунддаггүй. Тиймээс хорооныхоо газар нутаг дээр жижиг дунд үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлээч гэсэн саналыг тавьж байлаа. Ж.Батзандан гишүүний хувьд ажлын байрыг хувийн хэвшил бий болгодог, тиймээс бизнес хийх сонирхолтой, чадвартай хүмүүсийг дэмжиж ажиллахад бэлэн гэдгээ хэлсэн юм.

13, 16-р хорооны иргэдийн хувьд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл зогсонги байдалд орсон нь төсөлд хамрагдахаар газраа чөлөөлсөн иргэдэд ихээхэн хүндрэл учруулж байгаа талаар голлон ярьж байлаа. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хот утаанаасаа, хөрсний бохирдлоосоо салахын тулд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг урагшлуулах ёстой” гэдгийг онцолж хэлсэн бөгөөд уг төсөлд хамрагдаж буй айл өрхүүд болон газрын зөвшөөрлөө авч чадахгүй, маргаантай байгаа 11-р хорооны өрхүүдийн төлөөллийг хотын дарга болон холбогдох хүмүүстэй уулзуулан, гурван талт хэлэлцээр хийхээр боллоо.

16-р хорооны иргэд хороонд нь олон сайхан барилга байшин баригдаж байгаа ч дэд бүтцийн асуудал орхигдсоны улмаас зам нь там болсон тул засвар хийх хөрөнгийг шийдэж өгөхийг хүссэн. Гэр хороолол голлосон дээрх хороодод явган хүний зам, гэрэлтүүлэг зэрэг тохижилтын ажил хийх мөн хулгайн гэмт хэрэг эрс өсч байгаа тул гудамжнуудыг камержуулах шаардлагатай байгааг хэлж байлаа. Түүнчлэн багш нарын цалинг нэмэгдүүлэхэд анхаарах, тэтгэврийн насыг хойшлуулахгүй байх даалгавар өгөв.

 

Уулзалтын үеэр иргэд тойргоос нь сонгогдсон гишүүн офшорчдын эсрэг тэмцлийг эхлүүлж, Эрдэнэтийн 49 хувийг ард түмэнд эзэмшүүлэхийн төлөө хичээл зүтгэл гаргаж буйд талархаж байгаагаа илэрхийлж, 60 тэрбумын хэргийн үнэн мөнийг олж, төрийн албыг наймаалцсан хүмүүст хариуцлага тооцуулахыг захиж байлаа.

Ангилал


Twitter


Facebook