З.Нарантуяа: Баялгийг тэгш хүртээмжтэй хуваарилах замаар иргэдийг зээлийн дарамтаас гаргахад анхаарна шүү гэдгийг АН-аас нэр дэвшигчид сануулсан юм

2017-07-04
|
Ярилцлага

УИХ-ын гишүүн Загдхүүгийн Нарантуяатай ярилцлаа.

-Ардчилсан намынхан иргэдийн зээлийг нэг удаад төлнө гэсэн мессэж маш хурдтай тархаж байна. Нэг хэсэг нь баярлан хүлээж авч байгаа бол нөгөө хэсэг нь эрс эсэргүүцэж байна л даа. Эдийн засгийн өсөлт 4.2 хувьтай гарсан ч үүнийг шийдэх боломж байхгүй мэт л санагдах юм. Та харин өөр байр суурьтай байх шиг байна?

-Төсвөөс санхүүжүүлэхгүй. Ер нь хэрэгжих боломжтой, зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудал болоод байгаа.

-Яагаад?

-Олон жил яригдаж байгаа ч хэрэгжиж чаддаггүй УИХ, Засгийн газрын шийдвэрүүд байдаг. Байгалийн баялгаасаа иргэддээ хүртээх тухай. Эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч байсан тэр үед ч үүнийгээ хийж чадаагүй. Тэр үед хүний хөгжлийн санд хуримтлагдсан мөнгөө иргэдэд шууд бэлнээр тарааж хуваарилж байсан. Энэ нь өрхийн бодит орлого, хуримтлал, хөрөнгө болж үлдээгүй, хэрэглээг нь дэмжиж, импортын барааны үнэ болоод гарсан учраас дотоодын эдийн засагтаа дэмжлэг болж чадаагүй. гэтэл өрхийн бодит орлого өсөхгүй, буурч байна.

Эдийн засгийн хямралын үед анхаарах үндсэн асуудал бол айл бүрийн орлого буурахгүй, ажлын байр хадгалагдаж байх явдал. Гэтэл манайд өрх гэрүүд өөрийн санхүүгийн хэрэгцээгээ олж байгаа орлогоороо хангаж чадахгүй байна. Өөрөр хэлбэл, илүү хуримтлал үүсгэж чадахгүй байгаагаас зээл авч л төлбөрөө төлдөг, зээл авч зээлээ төлдөг процесс эргэлдсээр өрийн гүн дарамтанд орсон нь бодит зүйл шүү дээ. Энэ оны тавдугаар сарын байдлаар нэг сая шахуу иргэд давхардсан тоогоор 5.7 их наяд төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байна.

Иймээс зөв бодлого явуулж, энэ хэрэгцээ, боломж хоёрыг зохицуулж, удирдах нь чухал байна. Үр дүнд нь иргэд баялгаасаа тэгш хүртэж, энэ хэмжээгээр өр зээлийн дарамтгүй, зээлгүй болж, хуримтлалтай болох нөхцөлийг бүрдүүлэх нь эдийн засгийн бодлогын үндэс болох хэрэгтэй байна.

Одоо эдийн засгийн өсөлт 4.2 хувьд хүрч байна. Энэ боломжийг дахин алдахгүй байх нь эрх барьж байгаа хүчний бодлого баймаар. ЗГ-ын зүгээс том төслүүдийг эргэлтэд оруулах, иргэдэд хувьцаа эзэмшүүлэх, ногдол ашиг хүртээх тухай ерөнхий яриа л хийгээд байгаагаас бодитой ажлын хувилбар яригдахгүй нэг жил болж байна. 2017 оны таван сарын байдлаар Монгол Улс 14.9 сая тонн нүүрс экспортлоход 10.7 тэрбумын орлого олсон байна. Энэ нь 2016 онд бүхэлдээ ийм хэмжээний нүүрс гаргахад 600 сая ам.доллар олж байсантай харьцуулбал 12-13 дахин өссөн байгаа биз. Энэ таатай, үнийн өсөлтийн цонх үеийг ашиглая гэж Ардчилсан намаас ийм санаачилга гарсныг бодитой л зүйл гэж харж байна. .

-Судалгаа ер нь ямархуу байдлаар гарсан юм бол?

-943 мянган иргэн давхардсан тоогоор 5.8 их наяд төгрөгийн иргэдийн ангилалд ангилагддаг зээлтэй байна. Үүнээс, өрхийн орлого болж үлдэх ипотекийн зээл, үйлдвэрлэл, үйлчилгээний бизнестээ зориулж авсан зээлүүдийг хасч харвал өрхийн бодит орлогыг хорогдуулж байдаг цалингийн, малчны, тэтгэврийн, оюутны сургалтын төлбөрийн зэрэг зээлүүд нэлээд хэмжээгээр ихэнх өрхийн авдаг зээлийн төрөл болж байна. Төгрөгийн зээлийг өнөөдрийн ханшаар ам.долларт шилжүүлбэл, ийм төрлийн зээлийн дүн 1 тэрбум 180 гаруй сая орчим ам.доллар болж байгаа. Энэ дарамтыг арилгах эх үүсвэр болгож эхний шатанд Эрдэнэс Таван толгой ХХК-ийн ашгаас иргэдэд ногдол ашиг хуваарилж болох юм гэсэн тооцоог мэргэжлийн шинжээчид хийсэн байна.

Эрдэнэс Таван толгой компани өмнөх жилүүдэд тавьсан 350.0 сая ам.долларын зээлээ төлж дууссан, гаргах бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлсэн тээвэр ложистикийн боломж бүрдсэн, нэг тонн нүүрсийг хуучин шиг 20-30 ам.доллараар биш 71 ам.доллараар худалдаж байгаа нь ашгийг 600-700 сая ам доллар хүргэх боломжийг бий болгосон байна. Иймээс эзэмшлийн асуудлыг шийдвэрлэхийг хүлээж суух биш санаачилга гаргаж, Засгийн газарт чиглэл өгч, ужгирсан асуудлыг иргэдэд ашигтай өгөөжтэй хэлбэрээр шийдүүлэх нь Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын нэн тэргүүнд анхаарах зүйл юм гэж үзсэн.

-Төсөвт дарамт болохгүй юу?

-Төсөвт дарамт болохгүй. Нэр дэвшигч хувиараа тэр мөнгийг төлөхгүй. Газрын доорх баялгаа л хурдан эргэлтэд оруулъя гэж байгаа юм. Хэрэв иргэд иргэд уул уурхайн төрийн өмчийн компаниудын хувьцаа эзэмшигч болж нээлттэй ил тод, хариуцлагатай уул уурхайн компаниудтай болчихвол компаниуд гадаад орчин таатай байгаа үед ашигтай ажиллах боломжтой.

-Ямар замаар хэрэгжүүлнэ гэж?

-Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Ардчилсан намын бүлгээс хуулийн төсөл өргөн барина.Стратегийн орд эзэмшиж байгаа төрийн өмчийн компаниудын төрийн мэдлийн хувьцааг иргэдэд өмчлүүлэх эрх олгох хууль. Тэгж байж стратегийн ач холбогдол бүхий ордуудыг нээлттэй компани болгож хөрөнгийн бирж дээр бүртгүүлэх, хувьцааг нь иргэдэд эзэмшүүлэх, тэр хэмжээгээр компанийн удирдлага засаглалыг эрүүл болгох, үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээ авагдана. Энэ утгаар нэр дэвшигч Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдвол баялгийг тэгш хүртээмжтэй хуваарилах замаар иргэдийг зээлийн дарамтаас гаргах, орлогын эх үүсвэртэй болгох нь бодлогын зорилтын хувьд хамгийн түрүүнд анхаарал хандуулах асуудал шүү гэдгийг хэлж л намын зүгээс санал болгосон.

-Гэхдээ сонгуулийн сурталчилгаа, шоу биш үү. Санал авах үүднээс иргэдэд амлаж буй амлалт шиг харагдах юм?

-Сонгуулийн сурталчилгаа, шоу биш ээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр санал хураалт зургадугаар сарын 26-нд болсон. Иргэдийн олонх нь хэнийг дэмжих гэж байгаа нь тодорхой байсан. Тиймээс Ардчилсан нам нэр дэвшигчээ Ерөнхийлөгчөөр сонгогдох нь тодорхой болж байна уу даа гэдэг үүднээс дараагийн ажлаа эрт төлөвлөж, эрэмбэлэхэд нь аль асуудлаас эхлэхийг анхааруулах гэсэн санаа. Ерөнхийлөгч боллоо гэхэд өөртөө биш, цөөн хүмүүсийн өмчлөлд биш, нийт иргэдийн эзэмшлийн компаниуд болгоо гэсэн даалгавар гэж ойлгож болно.

Үүнийг нэр дэвшигч би хийнэ гэж амлаагүй. Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт зээлийг чөлөөлнө гэсэн үг үсэг байхгүй. Харин байгалийн баялгийг иргэддээ ашигтай хүртээх бодлогыг дэмжинэ гэж байгаа. Ерөнхийлөгчөөр сонгогдвол энэ ажлыг хийгээрэй, бидний хамтран хэрэгжүүлэх бодлого шүү гэдэг саналыг Ардчилсан намаас тавьсан. Тиймээс үүнийг сонгуулийн амлалт гэж үзэх үндэслэлгүй.

-Цалингийн, малчны, оюутны сургалтын төлбөрийн, тэтгэврийн зээлд хамрагдаагүй хүмүүс нь яах юм. Зээлтэй хүмүүс нь зээлээ төлүүлчихлээ гэж бодоход бусад хүмүүс нь гомдолтой үлдэх юм биш үү?

-Ногдол ашгийг бүх хувьцаа эзэмшигчдэд хуваарилах ёстой. Компанийн хуулиараа ч тийм байдаг. Ногдол ашгаа авсан хүмүүсээс зээлтэй нь зээлээ төлөөд, зээлгүй хүмүүс нь өөр зүйлд зарцуулах эрх нь нээлттэй. Түүнээс биш таны хэлсэн дөрвөн төрлийн зээлтэй хүмүүст л ногдол ашиг хуваарилна гэж яриагүй. Нийт иргэдэд ногдол ашиг хуваарилуулахын төлөө ажиллана л гэсэн.

-Ардчилсан намынхан өөрсдийн хүмүүсийнхээ компаниудын зээлийг төлүүлэх гэлээ гээд байна л даа...

-Компаниудын зээлийн тухай огт яригдаагүй.

-Өнгөрөгч долоо хоногт тэтгэврийн насыг наашлуулах асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцсэн. Тийм боломж байгаа юу?

-Хоёрхон сарын өмнө олон улсын жишгийн дагуу тэтгэврийн насыг зайлшгүй уртасгах шаардлагатай болсон гэж ярьж байгаад эрэгтэй хүн 65, эмэгтэй нь 60 настай тэтгэвэрт гардаг байхаар болсон. Гэтэл одоо худлаа байнаа, урагшуулъя гэж байгааг харахад асуудал хариуцсан яам нь асуудлаа судалж, тооцоолж чаддагүй юм байна. Эсвэл цэвэр сонгуулийн санал татах зорилгоор хийж буй ажил байна л гэж хэлэхээр байна.

-Сонгууль ер нь маш хүчтэй эд юм аа. Тэтгэврийн насыг наашлуулж, иргэдийн зээлийг төлүүлэх хүртлээ ид шидээ гаргаж байгаа юм биш үү?

-Сонгуульд ялахын тулд бодлогоор цэвэр өрсөлддөг болохгүй л бол цаашид маш хэцүү болох нь. Таньтай санал нэг байна.

-Та энэ удаагийн Ерөнхийлөгийн сонгуулийг хэрхэн харж байна вэ?

-Сонгууль зохион байгуулалтын сайн байгааг олон улсын ажиглагчид үнэлсэн. Олон оронд жишээ болохуйцаар автомат санал тоолох машиныг хэрэглэж чаддаг болсон. Харддаг ч саналын дүнд нөлөөлсөн, хакердсан гэх зүйл одоогоор илэрсэн, тогтоогдсон зүйл алга. Ашиглаж байна. Харин намууд сонгуулийн сурталчилгааны үед явуулж буй пиар ёс зүйн асуудлын хувьд асуудал байгааг онцгойлж сануулсаныг намууд цаашид бодох хэрэгтэй болов уу.

Улс төрийн хоёр том намын шинэчлэл, үйл ажиллагааны өөрчлөлтөөс Монголын улс төрийн орчин цаашид ямар байх нь хамаарна. Аль нэг нь нөгөөгөө муу хэлээд илүү оноо авна гэж байхгүй. Хоёулаа л нэр хүндээ алдаж, үнэлэмжээ алдаж байгаадаа дүгнэлт хийх хэрэгтэй. Намуудын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун биш байгаа хүмүүс гуравдагч орон зайг хайж С.Ганбаатарт санал өгсөн гэж бодож байна. Түүнээс С.Ганбаатар сайн лидер, МАХН зөв бодлоготой нам болохоор 400 мянга гаруй сонгогч саналаа өгсөн гэж бодохгүй байна. Сонгуулийн дараа улс төрийн орчноо ёс зүйтэй, соёлтой болгохын тулд улс төрийн намууд хэлэлцээрийн ширээний ард сууж, шинэчлэлээ жигд эхлүүлэх шаардлага байгааг сая ойлгоцгоосон байхаа. Нэг нь шинэчлэгдээд нөгөө нь хэвээрээ байвал улс төрийн орчин бүхэлдээ одоогийн дүр төрхөөрөө л үргэлжилнэ.

-Долдугаар сарын 7-нд хоёр дахь санал хураалт явагдана. Ирц хүрэх болов уу?

-Баяр наадам давхцаж байгаа болохоор хэцүү. Дээр нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж цөөнхийн санал Ганбаатар цагаан хуудсаар санал өгөөрэй гэж улс төрийн хувьд соёлгүй уриалгыг гаргаж байгаа нь сэтгэл түгшээж байна. Тодорхой хэмжээгээр сонгогчдод нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Гэсэн ч дөрвөн жилд ганц удаа эдэлдэг төрийн тэргүүнээ сонгох эрхээ эдлэх байх гэж ард түмэндээ найдаж байна. Энэ сонгуулийг даруйхан дуусгахгүй бол нэмэлт санал хураалт, дахин сонгууль болж зунжин сунжирна. Түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа. Магадгүй Үндсэн хуулийн өөрчлөлтөөр олонх маань өөрсдийн намд ашигтай байдлаар Ерөнхийлөгчийг иргэдээс биш Их хурлаас сонгодог байх өөрчлөлтийг хийгээд явахыг үгүйсгэхгүй.

-МАН-ынхан 50 мянган төгрөгөөр иргэдийн саналын худалдаж авлаа. Ардчилсан намынхан тэрбум тэрбумаар мөнгө ачиж яваад баригдлаа гэх юм. Сонгуулийг мөнгөнөөс салгахгүй бол цаашид сонгууль хийхэд ч хүндрэлтэй болох юм шиг байна...

-Улс төрийн намуудын санхүүжилтийг ил болгож, шилэн данстай болгохгүй бол энэ байдал цаашид ч давтагдана. Мөн сонгуулийн хуулийн заалыг мөрдүүлэх ёстой байгууллагууд нь шуурхай ажиллаж аль нэг талыг барилгүй ажиллах ёстой байна. МАН-ынхан мөнгө тараасан, АН-ынхан мөнгө тээвэрлэж яваад баригдлаа гэдэг асуудлыг хуулийн байгууллагууд маш шуурхай үнэн зөв шийдэж, иргэдэд үнэн зөвөөр нь мэдээлэхгүй байгаагаас эргэлзээ, хардлага их гарч байна.

-Танай намынхан сонгуулийн төв байгууллага, хууль хяналтынхан эрх баригчдад үйлчилж байна гэх юм...

-Улс төрийн намуудын соёл, ёс зүйн түвшин, хэрэгжүүлж буй үйл ажиллагаанаас хамаараад төрийн албан хаагчид өөрсдийн чиг шугамаар ажиллах боломжгүй болж байна. Эрх барьж буй олонх болсон хүчинд үйлчлэхгүй бол тухайн албан хаагчийн ажлын байртай холбогдож яригддаг тул яах аргагүй аялдан дагалдахаас өөр замгүй нөхцөлд оруулж байгаа нь харамсалтай. Тиймээс төрийн албан хаагчдыг аль нам эрх барьж байгаагаас үл хамааран хийх ёстой ажлаа хийгээд явдаг нөхцөлд байлгаж, дархлаажуулах нь засаглалын хямралыг засах үндэс болоод байна даа.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаар Х.Баттулга нэр дэвшигч хамгийн өндөр санал авахад олон улсын зах зээлд гарсан Монголын компаниудын хувьцааны ханш унаж эхэлсэн гэх юм.

Үнэн үү. МАН-ынхан яалт ч үгүй нөлөөлж байна гэсэн л дээ?

-Өрсөлдөгч намынхаа нэр дэвшигчийг хамгийн өндөр санал авангуут ханш уналттай холбож, нэр хүнд рүү нь дайрсан пиар явуулж байгаа нь харамсалтай байна. Ямар ч оронд, хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах гэж байгаа бол тухайн компанийнхаа эрсдэлийг тооцно. Олон эрсдэлүүд бий. Тухайн орных нь улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын эрсдэл, компанийн өөрийнх нь санхүүгийн эрсдэл, болзошгүй учирч болох бусад нөхцөлүүдийг тооцож, үнэлнэ. Энэ жишгээр манай компаниудын хувьцааг авч, хөрөнгө оруулах гэж байгаа болохоор монголын улс төрийн үйл явц, ялангуяа болж байгаа сонгуулийг зайлгүй ажиглана. Хүлээнэ. Шийдвэрээ гаргахаа түр азнана. Бид ч гэсэн л тэгнэ. Үүнээс болж хувьцааны эрэлт тодорхой хугацаанд буурах нь ойлгомжтой шүү дээ. Эрэлт буурахад үнэ яах аргагүй буурна. Ийм л процесс явагдсан. Түүнээс биш Х.Баттулга гарах гээд байгаа болохоор хувьцаа авахгүй гэж ямар ч хөрөнгө оруулагч хэлэхгүй. Улс орных нь улс төр, эдийн засгийн процессоос ажигласан эрсдэлээ ирээдүйд бий болох вий гэдгээс сэргийлсэн хөрөнгө оруулагчдын хүлээлтээс л үүдэлтэйг манайхан улс төржүүлж л байхгүй юу.


Ярилцсан
Э.ЭНХБОЛД

 

Ангилал


Twitter


Facebook