Б.Пүрэвдорж: Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл тунхагийн шинжтэй болсон

2017-07-04
|
Ярилцлага

Багшийн хөгжлийн тухай хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага аваад байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн байр суурийг хүргэж байна.

-Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн амин сүнс нь багш нар ажлын байрандаа хөгжих гэж байгаа. Танай намын бүлэг хуулийн төслийг хэрхэн харж байна вэ?

-Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл дээр АН-ын бүлэг завсарлага авсан. Чуулганы завсарлагаанаар өргөн барьсан хуулийн танилцуулгыг манай намын бүлгийн гишүүдэд өгөөгүй. Танилцуулаагүй шууд оруулж ирлээ. Хаврын чуулган баасан гаригт завсарлах учраас энэ удаагийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж амжихгүй.

Намрын чуулганаар хэлэлцэнэ. Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл тунхагийн шинжтэй болсон. Хуульд ингэж тэгж болно гэсэн зааснаас биш тухайлсан заалтууд ховор. Хуулийн төсөлд хоёрхон төрлийн шинэ заалт орсны нэг нь багшийн хөгжлийн төвийн тухай юм. Энэ нь одоо ч сургууль болгонд байдаг. Хоёрдугаарт нь ёсзүйн хорооны тухай оруулж ирсэн. Ёсзүйн хороогоороо багш нарыг намын харъяаллаар нь хэн нэгэн албан тушаалтан сургуулийн захирал цэцэрлэгийн эрхлэгч нар өөрсдөөсөө хамаатай ёс зүйн хороог байгуулаад, түүгээрээ өөртөө таалагдаагүй багш нарыг донгодоод сууж байдаг нөхцөлд хүргэх гээд байна. Боловсролын тухай хуульд тусгасан багшийн ёсзүйн дүрмийг мөрдөхөд болохгүй гэх зүйлгүй. Маш сайн боловсруулсан дүрэм байдаг.

Гуравдугаарт, Багшийн хөгжлийн хуульд төсөвтэй холбоотой 13 заалт байгаа. Гэтэл Төсвийн тухай хуульд салбарын хуулиар төсвийн асуудлыг зохицуулах заалт байхгүй. Тиймээс энэ нь Төсвийн хууль зөрчсөн. Мөн Боловсролын тухай хуулийн хэд хэдэн заалтыг хассан нь энэ салбарт ажиллаж байгаа олон мянган хүний нийгмийн асуудлыг дордуулсан байна. Тухайлбал, Ерөнхий боловсролын сургуулийн болон цэцэрлэгийн багш нар таван жил тутамд улсын төсвийн хөрөнгөөр мэргэжил дээшлүүлдэг байдлыг үгүй хийсэн. Ингэснээр багш нарыг мэргэжлээ дээшлүүлэх илүү сайн сургалт явуулах боломжийг хаасан. Мөн хөдөөгийн сумдын захиалгаар багшийн мэргэжлээр суралцаж байгаа оюутан магистрантурт боловсролын зээлийн сангаас хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг хасч засаг захиргааны удирдлага руу шилжүүлж байна. Жишээ нь суман дээр хэдэн төгрөг тавигдлаа гэхэд дутагдалтай багшийг сургах зардал төсөвлөнө гэж байхгүй. Өчнөөн олон арга хэмжээг арай ядан хэрэгжүүлж байгаа төсвөөс улсын зүгээс хийх ажлыг санхүүжүүлнэ гэж хэзээ ч байхгүй.

-Тэтгэмжтэй холбоотой заалтууд дээр АН-ын бүлэг шүүмжлэлтэй хандаж байсан. Төсөл санаачлагчдын зүгээс шинэ болон олон жил ажилласан багш нарын цалингийн зөрүүг арилгасан гэж тайлбарлаж байна?

-Хамгийн гол заалт бол Боловсролын хуульд заасан таван жил тутамд багш болон бусад боловсролын албан хаагчдад зургаан сарын тэтгэмж өгөх асуудлыг хасчихсан байна. Сумын сургуульд 75 хүн ажилладгаас 35 нь багш байдаг. Эдгээрээс 25 нь тэтгэмж аваад арав нь шууд хасагдах хуулийн заалт оруулж ирлээ. Боловсролын хуульд сум, тосгон, багийн сургууль цэцэрлэгийн эрхлэгч, захирал, нийгмийн ажилтан дотуур байрын багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн аргазүйч, номын санч, сургууль цэцэрлэгийн эмч нар таван жил тутам зургаан сарын тэтгэмж авдаг байсан бол хасагдаж байна. Багшийн хөгжлийн тухай хуулийг төслөөр бол тус салбарт хүрсэн түвшингээсээ буцаад буухаар байна. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа олон мянган багш нарын нийгмийн асуудлыг дордуулж байна.

Багшийн хөгжлийн хуулийн төслийн 17.1.2-т Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн багшийн мэргэжлийн зэргийг суралцагчдын сурлагын амжилт, чанар, эсвэл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн сэтгэл ханамж, заах аргын чадвар өөрийгөө хөгжүүлсэн байдлыг харгалзан хугацаанаас өмнө нэмэгдүүлж болно гэсэн байна. Өөрөөр хэлбэл, таван жил тутамд нэмдэг байсан бол багш хүн ардын хүүхдийг сургахаасаа илүүтэй хүүхэд болон эцэг эхэд нь таатай харагдаж, тал засах хэрэгтэй болж байна. Энэ хууль бол багш нарын саналыг авахаар сонгуульд зориулж хийгдсэн гэж харж байна. Олон багш нарын асуудлыг хохироосон хууль болж хувирлаа.

-Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаан дээр өнгөрсөн оны төсвийн тайланг хэлэлцсэн нь асуудал дагуулж байна. Үүнийг бүлгийн хуралдаанаараа хэлэлцсэн үү?

-2016 оны төсвийн гүйцэтгэлийн тухайд макро эдийн засгийн тогтвортой байдлыг үнэлдэг 10 гаруй гол үзүүлэлт байдаг. Гэтэл үүнээс гадаад худалдааны тэнцэл л нэмэгдсэн. Энэ нь Засгийн газрын үйл ажиллагааны сайнаас биш дэлхийн зах зээл дэх нүүрс, төмрийн хүдрийн үнийн өсөлт нөлөөлсөн.

2016 оны зургадугаар сард Монгол Улсын нийт өр 22.5 тэрбум ам.доллар байсан бол энэ оны тавдугаар сард 24.9 тэрбум ам.доллар болж нийт 2.4 тэрбум ам.доллараар өссөн. Гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оны зургаадугаар сард 175 сая ам.доллар байсан бол энэ оны тавдугаар сард -30.8 сая ам доллар болж буурсан, инфляци 2016 оны зургаадугаар сард 1.6 хувь байсан бол 2017 оны тавдугаар сард 3.7 хувь болж өссөн. Монголбанкны төгрөгийн нэрлэсэн үнийн дундаж ханш 2016 оны зургаадугаар сард 1960 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 2410 болж 20.3 хувийн өсөлттэй гарсан. Эндээс харахад Монгол Улсын санхүү хангалттай байгаа. Тиймээс энэ өсөлтөд тулгуурласан ямар ажил хийх вэ гэдгийг эрх баригчид тодорхой гаргаж тавих ёстой. Эрдэс баялаг түүхий эдийн үнэ өсөлттэй байгаа энэ үеийг ашиглаад, иргэд рүүгээ чиглэсэн хуваарилалт хийх хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ангилал


Twitter


Facebook