С.Эрдэнэ: Иргэдийг төрийн эсрэг гэмт хэрэгт хүчээр түлхэж байна

2017-06-22
|
Мэдээ


-МАН-ЫНХАН 2016 ОНЫ СОНГУУЛИАР АШИГЛАСАН БОХИР ТЕХНОЛОГИ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР АШИГЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. Нэр дэвшигч богино хугацаанд Монгол орноо тойрч ирснийг мэдээллийн эхэнд дурдаад, хүч тэнцвэргүй сонгууль болж байна гэв. Эрх баригчдын зүгээс АН-ын сурталчилгааг бүхий л талаар хааж, боогдуулах ажиллагааг явуулж байгаа, мөн АН-ын сурталчилгааг нийтэлсэн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг дарамтлах, торгох, сүрдүүлэх үйлдэл хэрээс хэтэрч байгааг намын дарга С.Эрдэнэ хэллээ.

Тэрбээр “Ардчилсан намын сурталчилгааг цацсан гэх үндэслэлээр 30 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийг цагдаад дуудаж, байцаалт авах зэрэг дарамтыг янз бүрийн хэлбэрээр үзүүлж байна. Үүнд АН-ын хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч багтаж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн луйврийг илчилсэн иргэнийг цагдаагийн хамгаалалт нэрээр бүсэлж, сэтгэлзүйн дарамт үзүүлж, үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэх зэрэг бүхий л талын дарамтыг үзүүлж байна. Цагдаа, хүчний байгууллагууд Ардчилсан намын сонгуулийн штаб, хороо дүүргийн ухуулах байраар явж сурталчилгааны хэвлэл материалыг хураах, ажиглах зэргээр дарамт учруулж байна.

Цагдаа, хууль хүчний байгууллага эрх баригчдын гар хөл болсныг харуулж байна. Нийгмийн тогтвортой, аюулгүй байдлыг хангах, төрийн хуулийг мөрдөж ажиллах үүрэгтэй цагдаа нар аль нэг улс төрийн хүчинд ажиллаж байгаа нь харамсалтай. Ийм хүнд нөхцөлд ажиллаж байгаа АН-ын нэр дэвшигч маш олон судалгааг тэргүүлсээр байна. Төрийн сайд нар ч гэсэн ор үндэслэлгүй мэдээлэл тарааж байна” гэлээ. АН-ынхан дээрх үйдлүүдийг зохих хуулийн байгууллагад хандсан ч хариу өгөхгүй байгаа аж. Нэр дэвшигч Х.Баттулга 60 тэрбумын бичлэгийг шалгаж өгөхийг хүсэж хуулийн байгууллагад хандсан ч өнөөдрийг хүртэл шалгаж байна гэсэн мэдээлэл өгөөгүй байна.

Түүнчлэн “МАН-ын зүгээс Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авч, сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн үйлдлийг явуулж байна. Иргэдийн регистрийн дугаарыг авах, төрийн албан хаагчдыг дарамтлах, санал өгчихөөд зургийг нь дарах, мөнгө амлах зэрэг асуудал гарч байна. төрийн албан хаагчдыг уулзалт цуглаанд хүчээр цуглуулах үйлдэл хэрээс хэтэрч байна. Уулзалтад оролцоогүй бол ажилгүй гэж ойлгоорой гэх ганцхан комдандтай, цалингийн хувиар торгох, албан тушаал буурлна гэх зэрэг дарамтуудыг үзүүлж байна. Төрийн албан хаагчдыг ах, дүү хамаатан саднууд, найз нөхдийнхөө регистрийн дугаарыг цуглуулах зэрэг үүргийг өгсөн байна. Сонгуулийн сурталчилгаандаа хөлсөөр ажиллуулж байгаа ажиглагч, ухуулагч нартаа нэг хүн 20-30 хүний регистрийг цуглуулаад цалингаа ав гэж хэлээд төрийн эсрэг гэмт хэрэгт иргэдийг хүчээр түлхэж байна” гэлээ.

“МАН-ынхан 2014 онд төлөвлөөд 2016 оны сонгуулиар ашигласан бохир технологио энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин ашиглахыг зорьж байна. Мөн сонгуулийн дараа СЕХ-ны удирдлагуудыг хүлээн авч, баяраа тэмдэглэж байгаа видео бичлэг цацагдлаа. Эвлүүлэг гэж мэлзэхгүй байлгүй. Дүрстэйгээ, дуутайгаа, оролцогчидтойгоо ил тод бичлэгийг олон түмэн үзлээ. Ийм цагаандаа гарсан үйлдлийг хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авах ёстой.

Энэ уулзалтын бичлэг дээр МАН-ын дарга М.Энхболд СЕХ-ны нарийн бичгийн дарга Болдсайхан нарын сонгуулийг луйвардсан байж болзошгүй яриа өрнөж байгаа. Энэ бүх үйлдэлдээ МАН-ын зүгээс тайлбар хийхийг шаардаж байна. Албан шаардлагаа бичгээр хүргүүлнэ. Эдгээр үйлдлүүдийг АН-аас тараагаагүй. Монголоо аврах гэсэн хэн нэгний нийтэд дэлгэсэн үйлдэл. Тиймээс АН-ыг гүтгэх замаар хариуцлагаас зугтах гэсэн явуургүй оролдлогоо болих хэрэгтэй” гэсэн юм.

-Х.БАТТУЛГА: МЭТГЭЛЦЭЭН 24-НД БОЛДОГООРОО БОЛНО-

Мөн МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын гадаадын иргэнээс 50 сая вон авч буй нууц бичлэг цацагдсан. Нэр дэвшигчид гадаадын иргэдээс хандив авах нь хуулиар хориотой байдаг аж. Гэтэл энэ их хэмжээний мөнгө хилээр яаж орж ирсэн, гааль дээр тэмдэглэгдсэн эсэх зэрэг асуудал үүсч байгаа юм. “Харин МАН-ын пи-арчид дээрх бичлэгийг Ардчилсан намаас гаргаж тавьсан мэтээр зохион байгуулах гэж байна. Үүнд ямар нэгэн хөндлөнгийн оролцоо байхгүй” гэдгийг намын дарга С.Эрдэнэ хэллээ. С.Ганбаатарт хандив өгсөн гэх гадаадын иргэд нь мөнгө өгснөө хүлээн зөвшөөрч Сонгуулийн Ерөнхий хороонд хандсан юм байна. СЕХ энэ асуудлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн байна. Үүнд Ардчилсан намын оролцоо байхгүй гэлээ.

Түүнчлэн Эрдэнэтийн 49 хувь болон 51 хувийн асуудлыг Ардчилсан намынхан орхихгүй, цаашид шаардлага тавих болно гэлээ. Учир нь МАН-ынхан сүр дуулиантайгаар зарлаж байж төрд авчихаад одоо тоглоомын гадна үлдээж байна гэв. Ганцхан 49 хувийн асуудал бус 51 хувийг ч гэсэн шалгах ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв.

Мэдээллийн төгсгөлд Ардчилсан намынхан өнгөрсөн засгийн газрын үед хийсэн 3000 орчим хатуу хучилттай замаараа явж богино хугацаанд монгол орноо тойрч сурталчилгаагаа хийгээд ирснийг онцолсон юм.

Нэр дэвшигчийн мэтгэлцээний тухай нэр дэвшигч Х.Баттулга “сурталчилгаа эхэлсэн өдрөөс эхлээд бүх аймагтаа уулзалтаа товлочихсон байсан. Уулзалтаа хийгээд явж байхад гэнэт араас мэтгэлцээний цаг товлоод, ирэхгүй гэнэ, айж байна гэнэ гээд олон нийтэд зарладаг. Хоёр, гурван ч удаа ийм зүйл болсон. Онгоцны бүх захиалыг блоклосон байсан. Би Увс аймагт явж байсан. Ирж амжихгүй байсан. Анхнаасаа мэтгэлцээнийг 24-нд гэж тохирсон. Энэ өдөр болдогоороо болно. Монголын Үндэсний Олон нийтийн радио телевиз дээрээ тохирсон” гэсэн тайлбар өгсөн.

Ж.ГАНАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

Ангилал


Twitter


Facebook