С.Эрдэнэ: Бидэнд ард түмний дэмжлэг байна

2017-06-22
|
Ярилцлага

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Монголчууд хэдхэн хоногийн дараа Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгын хувьд Ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал хэр байгаа бол. Ер нь энэ сонгуулийн өнгийг хэрхэн харж байна вэ?

-Үе үеийн сонгуулиар тухайн сонгуулийн өнгө, нэр дэвшигчдийн чансааг тодорхойлсон судалгаа хийж, дүнг нь танилцуулдаг уламжлалтай. Энэ уламжлалынхаа дагуу өрсөлдөж байгаа гурван нэр дэвшигч дор бүрнээ л судалгаа хийлгэх шиг боллоо. Тэр судалгааг гурвууланг нь Ардчилсан намаас нэр дэвшигч өнгөлсөн байна лээ. Тэгэхээр манай нэр дэвшигчийн хувьд энэ эрчээрээ барианд орох зорилготой байгаа.

-АН-ын нэр дэвшигчийн хувьд маш богино хугацаанд 21 аймгаа тойрсон. Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд сурталчилгааны цаг хугацаа давчуу байсан нь хүндрэл учруулав уу?

-12 хоногт багтааж 21 аймаг, 20 гаруй сум, дөрвөн тосгоноор орж иргэдтэйгээ уулзлаа. Бид агаараар онгоц хөлөглөж ниссэнгүй, автомашинаар Монгол орноо бүтэн тойрлоо. Мэдээж амаргүй байсан. Гэвч иргэд сонгогчидтойгоо уулзах, тэднийхээ санаа бодлыг биечлэн сонсох чин хүсэл нэр дэвшигчид маань байсан. Олон түмэн маань хаана ч яваад очсон халуун дулаан уур амьсгалаар угтаж, илэн далангүй ярилцаж, урмын үгээ хэлж, ухаарлын үгээ харамгүй хайрласан. Өмнөх сонгуулиудтай харьцуулах юм бол Ардчилсан намын гишүүдийн идэвх илт сэргэсэн байна. Нам бус иргэдийн хувьд ч сонгуульдаа идэвхтэй оролцож, өмнөх сонгуулиар гаргасан алдаагаа засах хүсэл эрмэлзэлтэй байгаа нь ажиглагдлаа. Энэ бүхэн манай нэр дэвшигч очсон газар бүртээ найрсаг дулаан үгээр угтуулж, заал, талбай дүүрэн хүн цугларч үгээ хэлж байгаагаас нь анзаарагдлаа.

-АН-аас нэр дэвшигчийн “Монгол ялна” гэсэн уриа олны анхаарлыг чамгүй татлаа?

-Би Монгол хүн бүрээс асууя. Сүүлийн жилүүдэд бидний амьдралын үнэ цэнэ, үнэлэмж ямар хэмжээнд очоод байгаа билээ. Үнэндээ монгол хүний хувьд ялж байгаа зүйл маш ховор болчихлоо. Манай улс асар уудам газар нутагтай, байгалийн арвин нөөцтэй баян орон. Дэлхийд нэг хүнд ногдох газар нутгийнхаа хэмжээгээрээ нэгд ордог. Байгалийн баялгаараа бас эхэнд жагсч байна. Мал сүргийн тоон үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж байгаа орны нэг. Гэтэл иргэд нь амьжиргааны түвшин доогуур, ядаж л өргөн хэрэглээний бүтээгдэхүүнээрээ ч бүрэн хангагдаж чадахгүй байна. Тиймээс монгол хүнийхээ үнэлэмжийг нэмэгдүүлье, монгол хүний төлөө гэсэн төрийн бодлого үйл ажиллагааг бий болгоё гэж зорьсон. Ингэснээр монгол хүний амьдрал амьжиргааг дээшлүүлж асуудлыг цогцоор нь шийдсэн нийгэм эдийн засгийн хөгжлийг бий болгох юм. Энэ үндсэн дээр“Монгол ялна” гэсэн уриа үгийг багцалсан таван бүлэг, 115 зүйл заалт бүхий хөгжлийн томоохон мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Энэ хөтөлбөрөө эдийн засагч, эрдэмтэн мэргэд, улс төрийн лидерүүдийн хамтарсан багийн тооцоо судалгааг үндэслэж боловсруулсан учраас нэлээн чамбай болсон. Амьдралд ойр, биелүүлэх бүрэн боломжтой гэдэг нь иргэдтэй уулзаад явж байхад харагдсан.

Ард түмнийхээ амьдралыг дээшлүүлье, улсаараа, гурван саяулаа хөгжилд хүрье гэж зүтгээд байгаагийн цаана “Монгол хүн ялах учиртай” гэсэн маш том тэмцэл байгаа юм. Үүний ард бид гарна. Тиймээс ч “Монгол ялна” гэсэн уриа дэвшүүлсэн.

-Энэ удаагийн сонгуульд гурван нэр дэвшигчтэй холбоотой сөрөг мэдээлэл цөөнгүй гарч байгаа нь ажиглагдлаа. Эсрэгээрээ нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, тавьж буй бодлогын өрсөлдөөн тэр болгон харагдахгүй байх шиг?

-Намууд боломжит хүнээ л Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлсэн байх. АН-ын хувьд 180 мянган гишүүнээсээ асууж, намынхаа шилдэг боловсон хүчнүүдийг өрсөлдүүлэх зарчмаар нэр дэвшигчээ тодруулсан. Тэр дундаас Халтмаагийн Баттулга гэдэг хүн олонхын санал авч сонгогдсон. Өөрөөр хэлбэл, хэсэг бүлэг хүн, хэн нэгэн намын даргын үзэмжээр шийдсэн хэрэг биш.

Миний хувьд нэр дэвшигчийнхээ тухайд “Хийсэн бүтээсэн нь олон нийтийн өмнө ил, улс төр, бизнест явсан зам мөр нь ил шударга, туршлагатай улстөрч, амжилттай бизнесмэн” л гэж хэлнэ. УИХ-д гурвантаа сонгогдсон, Засгийн газрын гишүүнээр ажилласан туршлагатай хүн. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын бэлтгэгдсэн боловсон хүчнүүдийн нэг. Сөрөг сурталчилгааны тухайд хэлэхэд, бидэн рүү дайрч, гүтгэж байгаа шиг ор үндэсгүй хар пиарыг бид лав тараагаагүй. Сүүлдээ утгаа алдаад төрийн сайд, дарга нар нь хүртэл ор үндэслэлгүй гүтгэлэг тарааж байна. Төрийн алба ийм хямдхан болчихсон хэрэг үү. Монгол төрийг худалдсан, монгол төрийн үнэ цэнэ үнэлэмжийг бууруулсан, төрийн эсрэг онц ноцтой гэмт хэрэг хийсэн үйлдлийг ил гаргасан нь хэн нэгнийг гүтгэж байгаа хэрэг биш гэдгийг ялгаж салгаж ойлгоорой. Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, наймаалцаж буй 90 минутын бичлэг нотлох баримттайгаа ил болчихлоо шүү дээ. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагынхан шалгаж тогтоох л дутуу байна. Нөгөө талаар тэртээ тэргүй нийгмийн анхаарлын төвд орчихсон, иргэд хариулт нэхэж байгаа асуудлыг манай намаас явуулж байгаа эсвэл хар пиар гэж харж болохгүй л дээ.

-Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж зарсан гэх бичлэгийн асуудал аль хүрээд зогсох нь сонирхол татаж байна. Асуудал улам л ээдрээтэй болоод байх шиг?

-Хүрэх цэг нь тодорхой шүү дээ. Энэ асуудалд нэр холбогдсон хүмүүс шүүхийн өмнө очиж хар цагаанаа ялгуулах хэрэгтэй. Анх гурван минутын ярианы бичлэг ил болоход эвлүүлэг, гүтгэлэг гэж тайлбарласан. Гэтэл бүтэн 90 минутын ярианы бичлэг, 120 гаруй цаасан материал, фото зурагтайгаа гараад ирлээ. Одоо хэн үүнийг худлаа гэх юм бэ. Монголын ард түмнийг басамжилж болохгүй. Төрийн эрхийг атгаж байгаа хүмүүс төрөө үл хүндэлж хуурч, худалдаж болдог юм байж. Гэхдээ Монголын ард түмнийг нийтээр нь хуурч, худалдаж авна гэж байхгүй. Монгол түмэн хэзээнээс төрийнхөө сүлдийг дээдэлж ирсэн уламжлалтай. Энэ үнэт зүйл рүү нь ингэж увайгүйгээр халдахыг хэрхэвч зөвшөөрөхгүй.

-Ингэхэд энэ хэргийг хуулийн байгууллагаас шалгаж байгаа бил үү?

-Асуудал төрийн эсрэг гэмт хэрэг хүртлээ өндрөө аваад байхад хуулийн байгууллага таг чиг, дүлий дүмбэ оргиод л байна. Бодвол эрх барьж байгаа намын удирдлагууд холбогдсон учраас түүнийх нь нөлөө, тусгал байдаг биз. Гэхдээ мэргэжлийн ес зүй байх ёстой. Төр, ард түмний өмнө хүлээсэн үүрэг гэж бий. Энэ бусармаг үйлдлийг зориуд зохион байгуулалттайгаар нуун дарагдуулахыг оролдож байгаа хүмүүс энэ хэргийн хамсаатан болж байгаагаа ухамсарлах хэрэгтэй. Өвөг дээдсийнхээ халуун цусаа урсган байж олсон тусгаар тогтнолыг, бүрэн эрхт бүтэн төрийг арилжаа наймааны хэрэгсэл болгон салаа мөчир бүрээр нь зарж байна гэдэг арай л хэтэрсэн асуудал. Иргэдтэй уулзаад явж байхад үнэхээр хэлэх үг олдохгүй байгаагаа илэрхийлж байна лээ.

Өнөөдөр хууль, шүүх үйлчилдэггүй юмаа гэхэд маргааш үнэн шүүгдээд л гараад ирнэ. Тиймээс бид нэгэнт тодорхой болчихсон энэ зүйлтэй орооцолдож цаг хугацаа алдахыг хүсэхгүй байна. Бидэнд мөрийн хөтөлбөрөө олон нийтэд танилцуулж, ойлгуулах нөр их ажил бий. Нэр дэвшигчийн маань хувьд хаа очиж хийсэн юмтай хэлэх үгтэй хүн. Хийж бүтээсэн нь ч нүдний өмнө байна. Тийм учраас хэлдэг ярьдаг, худлаа амалдаг биш хийдэг Ерөнхийлөгчтэй болохын төлөө Ардчилсан нам бүхлээрээ зүтгэж байна. Ард түмэн биднийг дэмжиж байна. Тийм учраас бид зорьсондоо хүрэхийн төлөө эцсээ хүртэл явна. Зорилгодоо хүрэх ч болно.

-Нэр дэвшигчдийн халз мэтгэлцээний асуудал юу болсон бэ?

-Бид мэтгэлцэхэд бэлэн. 12 хоногт 16 мянга гаруй километр зам туулж 21 аймаг, 20 гаруй сум, дөрвөн суурин тосгоноор орлоо. Ард түмэнтэйгээ уулзлаа, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Бас тэднийгээ сонслоо. Монголын ард түмэн юу хүсч байгааг, бас бидний мөрийн хөтөлбөр хэрхэн хэрэгжих боломжтойг ч мэдэж авлаа. Бид цаасан дээр бичсэн бодлогоор бус бодит амьдралаас урган гарсан бодлогоор өрсөлдөж, мэтгэлцэхэд бэлэн болсон. Бусдыгаа ч гэсэн цээжний бан, худал хуурмаг амлалтаар биш бодит хөрсөнд буух бодлогоор мэтгэлцээсэй гэж хүсч байна. Тийм учраас л бид анхнаасаа л ард иргэдээ эхэлж сонсъё гэсэн бодол, зорилготой байсан хэрэг. Гэтэл хэдэн мянган километрийн цаанаас л “маргааш мэтгэлцье” гээд дуудаад байж болохгүй биз дээ. Бид ямар хэдэн мянган доллар төлж, онгоц хөлөглөж яваа улс биш. Амжихгүйг нь мэдээд албаар тэгж явуургүй улс төр хийж байгаа юм.

Бид 21 аймгаар тойрч иргэдтэйгээ уулзах маршрут, төлөвлөгөөгөө аль эрт гаргачихсан байсан. Түүнийхээ л дагуу явсан. Ер нь урьд урьдын сонгуулиар хугацааны төгсгөл рүүгээ нэг л удаа мэтгэлцдэг уламжлалтай байсан. Бид тэр уламжлалаа л барьсан.

-Таны хувьд нэр дэвшигч Х.Баттулгыг хувь хүнийх нь хувьд хэр сайн мэдэх вэ?

-Би МоАХ-ны долоо дахь дарга. Манай Х.Баттулга найм дахь дарга. Нэг үгээр хэлбэл, миний ажлыг үргэлжлүүлж яваа хүн. Бас Х.Баттулга Яармагт өссөн. Би Үйлдвэр комбинатад өссөн. Бид Ажилчдын районы довон дээр хамт өссөн нэг үеийнхэн. Хожим нь УИХ-д хамтдаа сонгогдож, Монгол төрийн төлөө зүтгэж байлаа. Засгийн газрын кабинетад ч цуг ажиллаж байв. Би эндээс юу олж харсан гэхээр Х.Баттулгын уйгагүй хөдөлмөрч, бүтээлч зан. Энэ чанарыг би маш их үнэлсэн. Нэг зорьсон л бол түүнийхээ ард гарах гэж зүтгэдэг нь тэр болгонд байгаад байдаггүй чанар. Мөн уран бүтээлч хүн болохоороо аливаад нягт няхуур ханддаг.

-Боловсролын хувьд..?

-Манай хүнийг боловсролгүй энэ тэр гэж яриад байгаа. Энэ яриаг гаргаж байгаа хүмүүс Х.Баттулгын оронд байсан бол вагон вагоноор нь диплом худалдаад авчих байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Х.Баттулга бол тэднээс өөр хүн л дээ. Байгаагаараа л байдаг хүн. Эсрэгээрээ хоёр өрсөлдөгчийнх нь диплом хоёулаа л но-той гэдэг нь илэрчихлээ. Ингэж төр түмнээ хуурч, шившгээ дэлгэж яадаг байна аа. Х.Баттулга шиг үнэнээрээ байж болдоггүй юм уу. Ер нь тэгээд зураач хүнийг хэн боловсролгүй гэх юм. Боловсролын хэмжүүрээр нь авч үзвэл Х.Баттулгыг өндөр боловсролтой нэгэн гэж хэлнэ. Эгэл борог амьдралаас баялаг бүтээсэн хүн ховор шүү. Ялангуяа энэ нийгэмд. Анх ээжийнхээ оёдлын машинаар хүүхдийн хувцас оёж, Унгарт аваачиж зарж, видео камер, шинэ технологийг Сингапураас импортолж оруулж ирж бизнесээ өөрийн хөдөлмөрөөрөө босгосон гэдгийг бид бүгд харлаа, үзлээ. Тийм учраас түүнийг төрөөс төрсөн тэрбумтнуудтай харьцуулах хэрэггүй.

Өнөөдөр хөрөнгө, мөнгөтэй хүн цөөнгүй бий. Гэтэл тэднээс хичнээн нь сайн үйлс хийж, бусдад тусалдаг юм бол. Хэн Х.Баттулга шиг “Майдар” төслийн бүх зураг төсвийг өөрийн хөрөнгөөр хийлгэж, Хүннү гүрний өлгий “Гол модны булш”-ны малтлага экспедицийн зардлыг хувиасаа гаргаж, маш олон хүүхдийн зүрхний хагалгааны зардлыг дааж, олон залуусын сургалтын тэтгэлгийг төлдөг бил ээ. Спортод оруулсан хувь нэмрийг энд дурдаад ч яахав. Ямартай ч тэр Эзэн богд Чингис хаанаараа бахархдаг, өв соёлоороо бахархдаг эх орны эгэл жирийн хүү. Энэ хүн Монголоо гэсэн сэтгэлийг тээж яваа, Монголоо гэсэн өв уламжлалаа шүтэж яваа.

-Төмөр замын асуудлын цаана юу байгааг нэг кабинетэд ажиллаж байсан хүний хувьд та сайн мэдэх байх. Энэ талаар ярьж өгөхгүй юу?

-Нэг танхимд ажиллаж байсны хувьд би хэлэхгүй бол өөр хэн хэлэх билээ. Анх “Төмөр замын төсөл” нэрээр 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд босгож байсан. Тэр мөнгөний ихэнхийг 800 гаруй төсөл хөтөлбөрт олгосон байдаг. Бондын мөнгөнөөс 200 сая ам.долларыг л зориулалтынх нь дагуу Төмөр замын төсөлд зарцуулсан. Бодит байдал дээр 200 сая ам.долларыг хэд дахин нугалсан их ажлыг хийчихсэн юм шүү дээ. Мэргэжилтнүүд хэлнэ дээ, төмөр замын үндсэн гол ажил нь далан босгох. Өөрөөр хэлбэл, төмөр замаа тавихаас бусад бүх бэлтгэл ажлыг хангачихсан. Үүнийг өнөөгийн эрх баригчид, тухайн үеийн сөрөг хүчнийхэн зүгээр л сонгуулийн шоу болгочихсон хэрэг. Өнөөдөр үнэн ялгараад гараад ирж л байна шүү дээ. Ардын намын тэргүүлсэн Засгийн газрын Зам тээврийн сайд н.Ганбат “Төмөр зам барих ажлын гүйцэтгэл 86 хувьтай байна. Сайн чанарын төмөр зам барих бэлтгэл ажил үндсэндээ хангагдлаа” гэдгийг албан ёсоор хэлсэн.

Хэрэв Х.Баттулга тэдэн шиг улс төр, мөнгөний ашиг хонжоо хардаг байсан бол зөрүүдлээд байлгүй тэр нарийн царигийн төмөр замыг нь барьчихсан л байгаа. Гол нь Монголын төмөр зам бие даасан байж баялгаа гуравдагч орон руу экспортлох ёстой. Тэгж байж бид эдийн засгаа хараат байдлаас гаргаж, дэлхийн зах зээлийн үнээр худалдах боломжтой болно. Тийм учраас итгэл үнэмшилдээ, улс эх орондоо үнэнч үдэх замыг сонгосон. Тэр нь ч алдаагүй гэдгийг өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшиж, олон түмнийхээ өндөр итгэлийг хүлээж байгаагаас нь харагдаж байна.

-Улс орон даяар уулзалт хийгээд иргэд сонгогчидтойгоо уулзаад явахад ард түмэн юуг захиж, юуг хүсч байна вэ?

-Биднийг ярилцаад сууж байх энэ цаг мөчид байгалийн баялаг хэдэн мянган тонноороо гадагшаа урсч байгаа. Тэр их баялгийн үнэ цэнийг монголчууд эдэлж чадахгүй, үр шимийг нь хүртэж чадахгүй байгаагаа гайхаж асууж байна. Монголын төр яагаад ийм шударга бус болчихсон юм. Төрийн өндөр албан тушаалтнууд хуулиа биелүүлдэггүй, зарим нь бүр хуулийн дээр гараад суучихсан дураараа загнаж байгааг хараад эгдүүцэж, дургүйцэж байна. Цөөн хэдэн олигархи гэр бүл Монголын баялгийг цөлмөж, төрөөс төрсөн тэрбумтнууд нь мөнгийг баруун солгойгүй цацаж, саналыг нь худалдаж авахаар улайрч байгаад эгдүүцэж байгаагаа хэлж байна. Энэ бүхнээс салгаад өгөөч, Шударга ёсыг тогтоогоод өгөөч, Монголын төрийг төр шиг төр болгоод өгөөч гэсэн хүмүүс л байна.

-АН Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулвал Монгол Улсын хөгжлийн төлөө юу хийх вэ. Ард түмэндээ өнөөдөр юуг амлаж чадах вэ?

-Мөрийн хөтөлбөрөө цогцоор нь хэрэгжүүлнэ. Үүнээс гадна биелүүлж чадахгүй бол хүлээх хариуцлагын тогтолцоо нь ч тодорхой байгаа. Жишээлбэл, оффшорчдын гадаадад нуусан 17 тэрбум төгрөгийг эх орондоо буцааж авчирч чадахгүй юм бол огцорно гэдгээ мэдэгдчихсэн. Монголын эгэл жирийн ард түмний өмч байх ёстой тэр их мөнгийг буцааж авчирах л ёстой. Үүний төлөө хэн өнөөдөр дуугарч байна Х.Баттулга л дуугарч байна шүү дээ. Учир нь, түүнд оффшор данс, гадаадад нуусан мөнгө байхгүй.

Тэрчлэн манай нэр дэвшигчид судалгаатай, үндэслэлтэй, маш чамбай боловсруулсан мөрийн хөтөлбөр бий. Зүйл заалт болгон нь цаашаагаа нарийн задарч улсын хөгжлийн бодлого болж явна.Энэ бүх ажил бодитой хэрэгжинэ. Хамгийн гол нь Монголын ард түмэнд дутагдаж, үгүйлэгдэж буй хүчирхэг удирдагч бол тэр. Түүн шиг Монгол түмнээ өмгөөлж хамгаалж чаддаг, иргэдээ төлөөлж дуугарч чаддаг, тэдний эрх ашгийн төлөө тэмцдэг, шаардлагатай бол өөрийгөө золиосолж чадах төрийн тэргүүн, удирдагч, манлайлагч бидэнд хэрэгтэй. Би Х.Баттулгыг тийм манлайлагч байж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Б.ДОЛЗОДМАА

Ангилал


Twitter


Facebook