З.Нарантуяа: УИХ төрийг институцийнх нь хувьд олонхоороо түрий барин “самарч” байна

2017-06-13
|
Ярилцлага

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.

-УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ТҮВШИНД АЖИЛ УРАГШЛАХАА БОЛЬЧИХЛОО-

-Таны бодлоор хаврын чуулганы үр дүн ямархуу байв. Үр өгөөж өндөртэй чухал хуулийн төслүүдээ баталж амжив уу?

-Хаврын чуулган хүлээж байсан хэмжээнд үр ашигтай ажиллаж чадсангүй. Ерөнхийдөө ОУВС-тай байгуулах хөтөлбөрийг харж нэлээд их цаг алдсан учраас 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөлөл цаг хугацаанд шахагдаж, хөнгөн хуумгай байдлаар батлагдаж өнгөрсөн. Дээр нь Эрүү болон зөрчлийн хууль, дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэж баталлаа. Энэ хэдэн хуулиудаас бодлогын түвшний дорвитой сайн хууль гарсангүй. Эдгээр хуулиуд ч нэлээд эргэж буцлаа. Нэг баталсан хуулиа долоо хоноод дахин засвар хийгээд байхаар цаг алдалтад бас их нөлөөлсөн. Уг нь УИХ өөрийн үүрэг зорилгоо биелүүлэхийн тулд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг дээрдүүлэхэд чухал нөлөөтэй хуулиудаа эхлэн хэлэлцэх учиртай байлаа. Харамсалтай нь энэ чиглэлд төдийлөн анхаарлаа хандуулж ажилласангүй.

-УИХ нэг баталсан хуулиа дахин дахин өөрчлөх зэргээр эргэж буцдаг хэв шинж рүү орчихлоо. Сонгодог парламент жинхэнэ утгаараа ажиллаж чадахгүй байгаа нь нэг нам хэт олонхи болсных уу, эсвэл УИХ, Засгийн газрын гишүүдийн чадамжаас шалтгаалж байна уу?

-Энэ нь гурван хүчин зүйлээс хамаарч байна. Нэгдүгээрт, УИХ дээр асуудлууд тодорхойгүй орж ирээд, эргэж буцаад байгаа нь Засгийн газарт тууштай бодлого байхгүй байгаатай холбоотой. Татвар нэмье гэж орж ирснээ “Өө больё” гээд дахиад саналаа өөрчлөх жишээтэй. Эрүүгийн хууль нь ч тэр хэд хэдэн удаа өөрчлөгдлөө. Энэ бүхэн Засгийн газар асуудалд алсын хараагүй хандаж байгааг л харуулж байна. Асуудлаа олон талаас нь харж, ингэх л ёстой гэсэн тодорхой бодлого өнөөдөр Засгийн газарт алга байна. Хоёрдугаарт, Засгийн газар өөрөө мэдээд бодлогоо явуулж чадахгүй байна. ОУВС, намынхаа амыг л харах юм. Гуравдугаарт, хэт олонхи дотроо учраа олохгүй байгаатай холбоотой. Үүн дээр УИХ, Байнгын хороо тэргүүлж буй гишүүдийн эмх цэгц, чиг байдал бас дутаад байна. Ерөөсөө УИХ дээр маш задгай, замбараагүй асуудлууд орж ирдэг болчихсон. Би урьд өмнө олон парламентад ажиллаж байлаа. Сайн муугаараа хэлэгддэг ч асуудлууд нь сайн боловсруулагддаг байсан. Ийм задгай, судалгаа муутай асуудал орж ирдэггүй байлаа.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа явагдаж буйтай холбогдуулан эрх баригч нам гишүүдээ орон нутагт ажиллах чиглэл өгсөн. АН-ын зүгээс гишүүдээ орон нутагт ажиллах чиглэл өгөв үү?

-Одоогоор Ардчилсан намаас тийм чиглэл ирээгүй байна. Мэдээж эрх барьж буй олонхи маань чуулганыг завсарлуулна гэвэл кнопоо дараад баталчихна. Чуулган нэгэнт засварлачихаар гишүүд тус тусын ажлаа хийгээд явна. Миний хувьд УИХ Ерөнхийлөгчийн сонгуульд илүү ач холбогдол өгч, өөрийн үндсэн үүрэг болох парламентын үйл ажиллагаагаа саармагжууллаа гэж харж байна. Монгол Улсын Засгийн газрын хувьд ч гэсэн маш их ажлууд хийх хэрэгтэй байгаа. Том төслүүдээ явуулах саналаа УИХ-д оруулах, өрхийн орлого тогтмол буурч буй үзэгдэлд анхаарал хандуулах, бизнесийн ерөнхий орчноо сайжруулах гэхчилэн өчнөөн ажлууд хүлээгдэж байна. Ийм суурь чухал асуудлуудаа орхигдуулж, сонгуульд хэт анхаарч байгаа нь буруу. Ер нь УИХ, Засгийн газрын түвшинд ажил урагшлахаа больчихлоо.

-УИХ дахь АН-ын бүлэг хэр сайн ажиллаж чадаж байна. Хэдий цөөхүүлээ ч гэсэн тодорхой асуудлууд дээр өөрсдийн байр сууриа илэрхийлэх байдлаар хоёр чуулганы ард гарч байна?

-Парламент дахь АН, МАН-ын гишүүдийн харилцаа өөрөө үнэмлэхүй эрс тэс. Үндсэндээ АН-ын есхөн гишүүн эрх баригч намын 65 гишүүний өөдөөс өөрсдийн байр сууриа илэрхийлж, санаа оноогоо хүлээн зөвшөөрүүлтэл ажиллана гэдэг боломжгүй зүйл. Гэхдээ сөрөг хүчний 9 ба 27 байхын ялгаа нэг их байхгүй. Асуудлаа зөв гаргаж ирж чадаж л байвал нэг хүн ч цөөдөхгүй явдаг. Тиймээс ч өнгөрсөн хугацаанд эрх баригч намын явуулж буй үйл ажиллагааны зөвийг дэмжиж, бурууг нь хэлж ярьж явах чигийг барьж ажилласан. Хэдий чинээ зөв тайлбарлах тусам эрх баригчид огт сонсохгүй явах тохиолдол өчнөөн гарлаа. Тухайлахад, “Приус” машины татвар нэмэх хугацааг ядаж сунгахгүй бол амьдралд нийцэхгүй гэж бид хичнээн хэлэв. Тэд “АН-ын гишүүн хэлж байгаа учраас дэмжихгүй” гэсэн байр сууринаас кнопоо эсрэг дарцгаасан. Одоо болохоор “Сунгахгүй бол үнэхээр болохгүй юм байна” гээд асуудлаа дахин оруулж ирэх жишээтэй.


-ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖИХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ ТОГТООЛЫГ УИХ-ААС БАТАЛЛАА-

-Сонгууль бүрийн өмнө нэр бүхий банкуудад хийсэн шалгалтаар дуулиан үүсгэдэг боллоо. УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг хувийн болон төрийн байгууллагаа шалгаж, шүүхийн шийдвэртэй дүйцэх хэмжээнд шууд ялладаг энэ тогтолцоог та хувь гишүүнийхээ зүгээс хэрхэн харж байна вэ?

-Хэт олонхи маань өнөөдөр УИХ, төрийн байгууллагуудыг хэвийн ажилладаг тэр дэг жаягаас нь холдуулчихлаа. Энэ бол хамгийн аюултай үзэгдэл. Эдийн засгийн гэхээсээ илүү төрийн хямрал руу түлхэж байгаа хэлбэр юм. Сонгуульд ялангуутаа бүх төрийн байгууллагуудад албан тушаалын наймааны үндсэн дээр хийгдсэн томилгоонууд явуулж, өмнөх санах ойг нь алга болгочихсон. Дээрээс нь АН-ыг муухай харагдуулах зорилгоор өнгөрсөн хугацаанд гадаад зах зээл дээрээс босгож ирсэн бүх бондын үр ашгийг идэж уугаад тараачихсан мэтээр орон нутгийн сонгуулийн өмнө дуулиан тарилаа. Түүнийг нь бодит байдал дээр шалгаад ирэхээр өөрсдийнх нь дүгнэлттэй нийцэхгүй нь тогтоогдсон. Тэгэхээр шууд дараачийн хувилбар руу шилжихдээ дотоодод хэрэгжүүлсэн мөнгөний нийлүүлэлтээ дэмжиж, валютын урсгалыг нэмэгдүүлэн, импортын барааны эргэлтийг саармагжуулахад чиглэсэн ажлуудаа өөрчлөөд эхэлж байгаа юм. Энэ бүх бодлогыг үгүйсгэх улс төрийн зорилгоор хийсэн ажил нь Төвбанкаа өнөөдөр бие даасан байдлаар ажиллах боломжгүй болгочихлоо. Шүүхийн байгууллагууддаа УИХ-аас шууд тогтоолоор чиглэл өгч, бие даасан хараат байдлыг нь алдагдуулж байна. Хувийн секторын хөрөнгийг шүүхийн байгууллага хууль зөрчсөнийг нь тогтоогоогүй байхад УИХ тогтоол гаргаад хурааж авдаг боллоо. Дээр нь арилжааны банкуудын олгосон зээлүүдийг буцааж аж ахуйн нэгжүүдээр нь төлүүлэх шийдвэрийг УИХ-аас гаргадаг болов. Өөрөөр хэлбэл, энэ УИХ төрийг институцийнх нь хувьд олонхиороо түрий барьж “самарч” байна.

-Хөтөлбөрүүдийн хүрээнд зээл авсан ААН-үүдийг зээлийн мөнгөө зориулалтын бусаар зарцуулсныг УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг шууд тогтоох боломжтой юу?

-Эдгээр зээлийг арилжааны банкууд олгосон. Засгийн газар зээлийн мөнгөний эх үүсвэрийг зах зээл рүү оруулах шийдвэрт хүрч, үнэт цаасаа гаргасан. Тэр үнэт цаасыг Төвбанк мөнгөжүүлсэн. Ийм л хэлбэр. Зээл нь арилжааны банкуудаар дамжсан. Нэгэнт зах зээл рүү мөнгөө гаргачихсан арилжааны банкууд ААН-үүдийг зориулалтын бусаар зарж уу гэдэгт хяналт тавих учиртай. Гэтэл төр банкны өмнөөс тусгайлан хүлээгээгүй үүрэг биелүүлэхээр зүтгэж байна. Банкны хуулин дээр энэ төрлийн харилцааг зохицуулсан ямар ч заалт байхгүй. УИХ-аас батлагдсан энэ тогтоолоор Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, төвбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хоёр ААН-үүд дээр очиж, хариуцлага тооцох юм байна. Энэ тохиолдолд УИХ-ын баталсан тогтоолын аль ч заалт хэрэгжих боломжгүй. Хууль эрх зүйн хүрээнд хэрэгжих ямар ч боломжгүй тогтоолыг УИХ-аас баталлаа. Ийм тогтоол батлаад сууж байгаа өнөөдрийн УИХ ичих хэрэгтэй.

-Тогтоолд тусгагдсанаар Засгийн газар Монголбанкнаас өнгөрсөн жилүүдэд ипотекийн зээл олгосон арилжааны банкууддаа аудит хийлгэх юм уу, эсвэл зээлдэгчдийнхээ материалыг нэг бүрчлэн шүүж үзэх хэрэг үү?

-Засгийн газар иргэдийн ипотекийн зээлийн материалыг шүүж үзэх юм байна. Уг нь арилжааны банкнаас авсан зээлээрээ та яг орон сууц худалдаж авсан уу, үгүй юу гэдгийг банк өөрөө хянах ёстой. Гэтэл Засгийн газарт хийх ажил олдохгүй байгаа учраас арилжааны банкны өмнөөс иргэдийн зээлийн хэрэгжилтийг шалгаад суух юм гэнэ. Төв банкны бүрэн эрхт байдал, мөнгөний бодлогоо хэрэгжүүлдэг арга замыг миний бие өнөөдрийг хүртэл сайжруулахад гар бие оролцсоор ирсэн. Гэтэл нэг л өдөр өмнө нь ахиулсан бүх сайн зүйлээ ухрааж, 1990 онд Төв банк улсын банкны харьяа байх үед өгдөг байсан хэв шинж рүү оруулж буй үзэгдлийг харлаа. Үнэхээр харамсалтай. Хэлэх үг алга.


-АЛЬ Ч ҮЕИЙН УИХ ИЙМ МЭДРЭМЖГҮЙ, МЭДЛЭГГҮЙ ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙГААГҮЙ-

-Сөрөг хүчнийг Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг өмөөрлөө гэж эрх баригч нам шүүмжилсэн. Харин та бүхний зүгээс нэг хүнийг яллах гэсэн тогтоол оруулж ирлээ гэж маргаан дэгдээсэн. Ер нь танай бүлэг энэ асуудлар Төв банкны өмнөх ерөнхийлөгчтэй санал солилцов уу?

-Ардчилсан намын бүлгийн зүгээс УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд энэ ажлуудыг хийж хэрэгжүүлж байсан өмнөх удирдлага, мөнгөний бодлогын зөвлөл, мэргэжилтнүүдийг оролцуулах хүсэлт тавьсан. Нэгэнт бүлгээс хүсэлт тавьсан учир чиг үүргийнхээ хүрээнд энэ ажлыг Эдийн засгийн байнгын хороо зохион байгуулах ёстой. Харамсалтай нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өмнөх хүмүүсээс нэг нь ч үзэгдсэнгүй. Хяналтын зөвлөлийн 1-2 гишүүн нь ирж суусан юм билээ. Өөр хүмүүс ирээгүй. Ер нь сүүлийн үед өмнө нь төрийн тодорхой ажлууд хариуцаж байсан байгууллагуудын дарга нарыг солихдоо тэр хүмүүсийн хийж хэрэгжүүлж байсан ажлын тайлан, явцыг огт сонсоогүй, дүгнэж үнэлээгүй. Уг нь тайланг нь сонсчихсон бол муу ажлаа хийснийг нь халж сольж, ажлаа зөв сайн хийсэн хүмүүсийг нь ялгаад авч үлдэх боломж байсан. Гэтэл ийм боломжийг аль ч улс төрийн нам олгохгүй байна. Өргөдлийг нь өгөөд шууд хөөгөөд явуулчихдаг. Тэр хүн сайн ажилласан ч, муу ажилласан ч тэр чигээрээ хараар будагдаад өнгөрдөг. Яг энэ утгаараа дан ганц Н.Золжаргалыг муулаад өнгөрч байгаа асуудал биш юм. Гол нь УИХ тогтоол гаргах замаар Н.Золжаргал болон АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг харлуулах өчүүхэн жижиг зорилго тавьж байна. Энэ бүхний цаад үр уршиг нь Төв банкны үйл ажиллагааны хэвийн байдлыг алдагдуулах, цаашаа ажлаа явуулахад асар том тээг үүсгэчихлээ.

-Хохирол бодитоор тогтоогдохгүй бол Засгийн газар, Монголбанк, шүүхийн байгууллагууд эргээд УИХ-ын тогтоолыг зөрчсөн нөхцөл үүсэх юм шиг ойлгогдоод байна?

-Тогтоолоор Н.Золжаргал гэдэг хүн албан тушаалаа хэтрүүлэн ашиглах замаар улсад онц их хэмжээний хохирол учруулчихсан учраас хуулийн байгууллага хохирлыг нь барагдуул гээд хэлчихэж байгаа юм. Гэтэл Н.Золжаргалыг хуулийн байгууллага шалгаад, албан тушаалаа хэтрүүлэлгүй, Засгийн газраас өгсөн үүргийн дагуу мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэрэгжүүлсэн байна гэдэг нь тогтоогдвол яах вэ. Өөрөөр хэлбэл, шүүхээс ямар ч хохиролгүй нь тогтоогдвол хохирлыг заавал барагдуул гэсэн чиглэл авчихсан одоогийн ерөнхийлөгч УИХ-ын өмнө хэрхэх вэ. УИХ-ын тогтоол өөрөө хуулийн нэгэн адил хэрэгжих эрхтэй. Заалт бүр нь хэрэгждэг, эргэж тайлагнагддаг байх ёстой. Арилжааны банкууд зээл зориулалтаараа зарцуулагдсан байна гэвэл Ерөнхий сайд, Төв банкны ерөнхийлөгч хоёр яаж ААН-үүдээс мөнгөө авах вэ. Иргэний хуулиар гэрээг цуцлах боломжгүй байна гээд шүүх шийдчихвэл тогтоол хэрэгжих боломжгүй болно. Энэ бүх зүйлийг нарийвчлаад,тайлбарлахаар улс төржлөө гээд үг сонсож өгсөнгүй. Уг нь аль ч үеийн УИХ ийм мэдрэмжгүй, мэдлэггүй шийдвэр хэзээ ч гаргаж байгаагүй. Үргэлж Төв банкныхаа бодлогыг дэмжиж, мөнгөний бодлогын арга хэрэгслүүдийг ойлгож шийдвэр гаргаж байсан түүхтэй. Харин энэ удаа 20 гаруй жилийн туршид энэ салбарт гарсан дэвшил нураад уначихлаа.

-Олон нийт, ААН-үүдийн зүгээс болгоомжлоод байгаа гол зүйл нь зээлийн хүү эргээд өсөх магадлал. “Алдагдал” гэж хүчээр нэрлээд байгаа их тоогоо нөхөх зорилгоор зээлийн хүүгээ өсгөчих, тийм эрсдэл үүсчих юм биш биз?

-Тогтоолд алдагдлыг барагдуулах арга хэмжээг ав гээд маш тодорхой заагаад өгчихлөө. Уг нь алдагдал гэж нэрлээд байгаа зүйл бол Н.Золжаргалын бодит байдлаар ачаад аваад явчихсан мөнгө биш. Энэ хэлэлцүүлгийн явцад маш тодорхой ойлгогдсон. Монголбанкны мэргэжлийн улсууд нь ч хэллээ. Энэ нь нягтлан бодох бүртгэлийн асуудал юм. Олон Улсын нягтлан бодох бүртгэлийн дагуу гаргасан зардлаа алдагдал дээрээ бүртгэсэн нь зөв байна аа л гэж гадны аудитын байгууллага үзсэн юм. Түүнээс биш ажлын хэсгийнхний хэлээд байгаачлан алдагдалтай ажиллаж гэж гадны аудитын байгууллага дүгнээгүй юм. Үүнийг нь УИХ дээр алдагдал мөн байна, гадны том байгууллага тогтоож өглөө гэж мушгин тайлбарласан.

-Та мэргэжлийн үүднээс сайн тайлбарлаж өгөв үү?

-Үг хэлээд нэмэр ч алга. Ардчилсан намын гишүүн хэлж байгаа нь бол буруу, дэмжих ёсгүй гэж олонхиороо хүлээн авч байна. Асар эрүүл бус тогтолцоо руу энэ УИХ шилжиж буйн нэг том илрэл л дээ.

-Төв банк зардал гаргахгүйгээр мөнгөний бодлогоо хэрэгжүүлэх учиртай гэж УИХ үзлээ гэж ойлгогдсон. Энэ нь өнөөгийн нөхцөлд хэрхэн нөлөөлөх бол?

-Монголбанк өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 3.1 их наядын алдагдалтай ажилласан гэж УИХ-ын ажлын хэсэг үзсэн. Энэ нь хүүгийн зөрүүний алдагдал гэж бүртгэгдсэн. Үүнийг нь гадны аудитын байгууллага зөв гэж үзсэн юм. Тэгэхээр хүүгийн алдагдлын зөрүү нь юу вэ гэхээр зах зээл дээр гол нэрийн барааны үнэ өсч, улмаар инфляци дагаад хөөргөдөх гээд байсан учир Төв банкны удирдлага зоригтой алхмууд хийсэн. Тухайлбал, үнэ өсөхөд гол нөлөө үзүүлж буй тодорхой хэдэн бараануудын үнийг тогтвортой байлгахын тулд Төв банк холбогдох ААН-үүдэд бага хүүтэй зээлийг санхүүжүүлж, түүнийг нь арилжааны банкууд олгосон. Энэ бүх шийдвэр, үнэт цаас гаргалтыг Засгийн газар хийж байв. Тэндээс үүссэн хүүгийн зөрүү нь нягтлан бодох бүртгэлийн дагуу зардал талд бичигдэж байгаа юм. Бодитойгоор идэж уучихсан зүйл ерөөсөө биш. Одоо гол нэрийн барааны үнийг бууруулах чиглэлд Монголбанк ямар ч бодлогын ажил хийх боломжгүй болчихлоо. Тогтоолын төсөлд шууд Н.Золжаргалыг шийтгэх гэсэн заалт орчихоор одоо Н.Баяртсайхан зоригтойгоор ажлаа хийж чадах уу. Шатахуун, гурил, махны үнийн өсөлтийн эсрэг Засгийн газраас явуулж буй бодлогыг дэмжиж, үнэт цаасыг нь санхүүжүүлж болохгүй юм байна гэсэн ойлголттой л боллоо. Тэгэхээр Төв банкны мөнгөний бодлого яаж хэрэгжих юм. Мөнгөний бодлогоо хэрэгжүүлж чадахгүй байдлыг УИХ сая гаргачихлаа. Төв банкнаа зардал гаргаж болохгүй гэчихээр мөнгөний бодлогоо явуулах боломжгүй болчихно.

Ж.МЯДАГБАДАМ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

Ангилал


Twitter


Facebook