Д.Эрдэнэбат: МАН-ынхан ажил хийсэн хүмүүсийг яллаж болохгүй

2017-06-09
|
Ярилцлага

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-“Приус”-ын татварыг нэмсэн. Гэтэл одоо хураасан татвараа буцааж, хугацааг нь хойшлууллаа. Татварын хугацаа хойшилсон ч зах зээлд хөөсөрсөн үнэ буурахгүй байна. Үүнийг та юу гэж харж байна вэ?

-“Приус”-ын татвар нэмэгдүүлэх асуудлыг Олон улсын валютын сан /ОУВС/-гийн шаардлагаар оруулж ирлээ гэж Сангийн сайд танилцуулсан. Тухайн үед “Наад асуудал чинь буруу байна, энэ машин чинь ард түмний унаа” гэдгийг хэлсэн. Бид гадныхны шахалтаар, 33 тэрбум төгрөгөөр дутах болоогүй. Ядаж ард түмний өдөр тутмын амьдралтай холбоотой асуудалд ухаалгаар хандах ёстой. Ингээд Байнгын хороон дээр зарчмын зөрүүтэй санал гаргахад 16 гишүүн оролцоод, 7:9 харьцаатай унаж байсан. Тэр үед Ардын намынхан олонхын шийдвэрээр энэ асуудлыг дарсан. Үүний дараа бид Сангийн сайдтай уулзаад, хоёр асуудал эргэж харахыг хүссэн. Нэгдүгээрт, “Приус”-ын татвар. Хоёрдугаарт, хүүхдийн мөнгийг 40 хувь руу битгий оруулаач гэж. Бид ядарсан гэдгээр далимдуулаад бүх юмаа танаад, татварын дарамтад оруулж болохгүй. Харамсалтай нь хүлээж аваагүй. Төсвийн тодотгол батлагдсаны дараа над дээр 800 гаруй хүний гарын үсэгтэй хүсэлт орж ирсэн. “Приус”-ын татварыг битгий нэмэгдүүлээч гэж Ардчилсан намын бүлгээс Засгийн газарт бичиг хүргүүлсэн. Гэтэл Засгийн газар нэргэсэн хойно нь хашгирав гэгчээр боллоо. Би бодохдоо Ерөнхийлөгчийн сонгуультай холбоод оруулаад ирлээ гэж хардаж байна. Яагаад гэхээр одоо оруулж ирж байгаа хугацаа нь долдугаар сарын 1 хүртэл сунгаж байгаа юм. Тэгэхээр үүсээд байгаа маргаан, бухимдлыг түр намжаах төдий гэж хардаж байна.

Гэхдээ Ардын намынхан дутуу бодоод байх шиг байна. “Приус” машин чинь Япон улсаас орж ирж байгаа. Бид хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр хоёр улсаас орж ирэх бараа бүтээгдэхүүн тэг хувийн татвартай байна гэдэг гэрээ хэлэлцээр хийчихсэн. Хэрэв Японы талаас асуудал үүсгэх юм бол дахиад үүнийг эргэж харах шаардлага гарна. Тэгэхээр аливаа зүйлийг дутуу бодож хийгээд, бодлогогүй яваад байна.

-Эрх баригчдын эргэж буцсан тогтворгүй шийдвэрүүдийн дунд иргэд хохироод байх шиг харагдаад байна. Яагаад нэг шийдвэртээ бат зогсож болдоггүй юм бэ?

-Иргэд хохирч байна. “Приус”-ын үнэ сургаар өсчихсөн. Гэтэл хураасан татвараа буцаагаад ченжүүдэд өгөхөөр дунд нь машин худалдаж авсан иргэн хохирч байгаа юм. Төрийн бодлогогүй шийдвэрээс болж иргэд хохирч байна гэдгийг энэ хууль нотлоод байна. Одоо эрх баригчид эзэн биегүй хариуцлагын тухай ярьдаг болсон. Энэ асуудлаар хэнтэй хариуцлага тооцох юм бэ? Үүнийг бид дахиж өдөөж болохгүй. Улстөржиж болдог, болдоггүй асуудал байна гэдгийг тухайн үед хэлж байсан. Улстөргүйгээр ярья гээд байхад л ийм асуудал боллоо.

-Төсвийн тодотголыг ОУВС-гийн шаардлагаар оруулж ирлээ гэж Сангийн сайд тайлбарласан. Тодотголд туссан шийдвэрээс эргэж буцаад байгааг валютын сан юу гэж харж байгаа бол?

-“Приус”-ын татварын тухайд ОУВС-тай тохирсон гэдэг тайлбарыг өгсөн. Цаашид дахиад татвар нэмнэ гэвэл ард түмэн дийлэхгүй. Одоо бол бүх юмаа юүлж байна. 2012-2016 оны манай намын үйл ажиллагааг эд нар алдаа гэж хараад байгаа юм. 2008 онд мөнгөний нийлүүлэлт 2,2 их наяд төгрөг байсан. 2012 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтаас шалтгаалаад 7 их наяд төгрөг болтлоо тэлсэн. Тухайн жил засаг авсны дараа Оюутолгойн эхний шатны хөрөнгө оруулалт дуусаад, Монгол Улсын нийт хөрөнгө оруулалтын хэмжээ татарсан. Нүүрсний үнэ, зэсийн үнэ унаж, валютын ханш огцом нэмэгдсэн юм. Зээл авах гэхээр 1,5 тэрбум ам.доллараас илүүг зөвшөөрөхгүй. Та нар энэ мөнгөөр болго гэсэн. 14,6 их наяд төгрөг дутаж байхад 1,5 тэрбум ам.доллар юу ч биш. Энэ дутагдлыг бид мөнгөний бодлогоор зохицуулсан. Өөрөөр хэлбэл төгрөгөөр, дотоод эдийн засгаа тэтгэсэн. Өөр гарц байгаагүй. Хэрэв бид тэр үед ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан бол эд нартай адил өр тавих гарц байсан.

-Өр тавихгүй эдийн засгаа сэргээх гарц бол төгрөг хэвлэх шийдвэр байсан гэж үү?

-Эдийн засагт эргэж байгаа мөнгө бол хүний биед эргэж байгаа цустай адилхан. Энэ дутагдлыг заавал ам.доллараас хараат байдлаар хийх шаардлагатай гэж үү. Монгол Улсад өөрийн гэсэн үндэсний мөнгөн тэмдэгт бий. Өөрсдийн мөнгөн тэмдэгтээр энэ хямралыг давж, хамгийн хохирол багатай хийх гэж хичээсэн.

-Мөнгө хэвлээд Монголбанк алдагдалд орсон гэж Т.Аюурсайхан нарын гишүүд дүгнээд, УИХ тогтоол баталчихлаа.Та үүнийг юу гэж дүгнэж байна?

- Заавал мөнгийг ам.доллартай холбох нь хаанахын ёс вэ. Ам.доллар байхгүй бол Монгол байхгүй болчих юм уу. Тийм зүйл байхгүй. Харин бид нар төгрөгөө үнэ цэнэтэй болгоно гэдэг нь дотоодын үйлдвэрлэлийг идэвхжүүлэх, экспортоо нэмэгдүүлэх, шинэ үйлдвэрийн эх үүсвэр олох эрмэлзэл юм. Эрмэлзлээ больё гэж бодоход бидэнд байгаа ажлын байрыг хадгалж үлдэх боломж. Хэрэв бид үүнийг хийгээгүй бол ам.доллар 3000, 4000 хүрэх байсан. Тэр үед яах яах байсан юм. Гэтэл гурван жилийн хугацаанд ам.долларын ханш 600 төгрөгөөр савласан.

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүнд өнөөдөр бензин тогтвортой байна. Ипотекийн зээлийг хэрэгжүүлж 80 мянган айл орон сууцтай болсон. Үүний цаана барилгын үйлдвэрлэл, цемент, шохойн үйлдвэр хөгжсөн. Барилгын салбарын 120 мянган хүн ажлын байртай үлдсэн. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, ипотекийн зээл хэрэгжүүлээгүй байсан бол энэ бүгд бий болох уу.

-Магадгүй. Гэхдээ л танай намыг Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн гээд олонх буруутгасан тогтоол баталчилаа?

- Тэгвэл өөр юу хийх байсан юм бэ. Ардын намынхны өнөөдрийн хийж байгаачлан зээл авах арга уу. Энэ бол ам.доллараас хараат болох зам юм. Бид тэр үед төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар өрийн таазыг 45 хувьд барьсан. Гэтэл өнөөдөр өрийн тааз 105 хувьд хүрсэн. Одоо хар даа, 1,5 тэрбум ам.доллар оруулж ирсэн “Чингис” бондыг шүүмжилж байсан хүмүүс өөрсдөө 5,5 тэрбум ам.долларын зээл авч байна. Өчигдөр зөв байсан зүйлийг өнөөдөр буруутгаж болохгүй.

-Тэгвэл өнөөдөр яагаад бүгдийг буруу гэж яриад байгаа юм бэ?

-Энэ чинь улстөржилт байхгүй юу.

- Аливаа улсын Төв банк хараат бус байх ёстой. Тэгвэл улстөрчдийн популизм хийх сэдэв нь Монголбанк мөн үү?

-За тэр Т.Аюурсайхан гэдэг нөхрийг хая. Надад тэр сонин биш байна. Би ганцхан Монгол төрийн тухай ярьж байгаа юм. 2012-2016 оны хооронд энэ төр шийдвэр гаргасан. Олонх цөөнх бүгд байж байгаад шийдвэр гаргасан. Эдийн засгаа идэвхжүүлье, мөнгөний бодлогоо ингэж батлая гээд УИХ хуулиа баталсан. Яг тэр хуулийн хүрээнд Монголбанк, Засгийн газар хоёр ажилласан. Хэрэв бид мөнгөний бодлого хэрэгжүүлээгүй байсан бол татвар нэмэгдэж, ард түмний нуруун дээр ачаалал ирэх байсан. Ард түмэнд ирэх ачааллыг төр өөр дээрээ авсан хэрэг. Одоо Монголбанкны 3 их наяд төгрөгийн алдагдал гэдэг нь төр өөр дээрээ авсан ачаалал юм. Үүний төлөө ажил хийсэн хүмүүсийг яллана гэдэг утгагүй. Ардын нам засаг авснаас хойш юу хийж байгаа юм бэ. Баахан зээлийн гэрээ батлаад сууж байна. Гэхдээ надад нэг болгоомжлол бий. Нэг улсаас хараат зээл авч болохгүй. Хэрэв тэгвэл явцдаа төгрөг өөрөө валют болно. Ам.доллар, юанийн гүйлгээ рүү шүтэж орох юм бол тусгаар улсын статусаа алдана. Одоо 5,5 тэрбум ам.долларыг та бүхэн эдийн засгийг тогтворжуулах гээд ойлгоод байх юм. Ялгаа байхгүй Монгол Улсын нэр дээр тавьж байгаа өр. Одоо ганцхан үр ашигтай зарцуулах тал дээр сайхан ойлголцоод ажиллах хэрэгтэй.

-Та УИХ-ын гишүүний тангараг өргөөд гарч ирэхдээ “Би Ардын намын мөрийн хөтөлбөрийг өдөр бүр ширээн дээр нь гаргаж тавина” гэж хэлж байсан. Одоо нэг жил болох гэж байна. Засгийн газрын хийсэн ажилд дүн тавихгүй юу?

-МАН-ынхан юу ч хийгээгүй. Бүтэн жил ОУВС ярьсан. Бүтэн жил Ардчилсан намыг муулсан. Баахан татвар нэмээд, бүх төрлийн хуулийг хүчингүй болгоод өөрсдөө нэг юм оруулж ирдэг. Тэр өргөн барьсан зарим хууль нь гурав хоногийн настай хууль. Нийгмийн шүүмжлэлийг хүлээж авдаггүй, мэдрэмж байхгүй. Олонх кнопоор батлаад, маргааш нь буцаагаад засвар оруулж ирдэг. Ийм жишиг тогтлоо. Яавч зөвтгөж болохгүй.

Ангилал


Twitter


Facebook