Д.Эрдэнэбат: Дахиж татвар нэмнэ гэвэл ард түмэнд тийм тэнхээ байхгүй

2017-06-09
|
Ярилцлага

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Приус машины онцгой албан татварыг хойшлуулах асуудлыг Ардчилсан намын бүлэг хөндөж тавьсан. Гэвч эрх баригчид өөрсдөө энэ асуудлыг оруулж ирээд хугацааг нь хойшлуулах тухай ярьж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан “шоу” болчих вий гэсэн болгоомжлол байна?

-Приусын татварыг Сангийн сайд Олон Улсын Валютын сангийн шаардлагаар гэж оруулж ирсэн. Тухайн үед Ардчилсан намын бүлэг байнгын хорооны хуралдаан дээр зарчмын зөрүүтэй санал гаргаад “ард түмний унаа, тэдний өдөр тутмын амьдралтай холбоотой асуудал дээр ухаалаг хандахгүй бол болохгүй” гэсэн. Байнгын хорооны 16 гишүүн оролцоод долоо, есийн харьцаагаар унасан. Татварын асуудлаар манай бүлэг завсарлага авсан. Тэр үеэр Сангийн сайдтай уулзаад нэгдүгээрт приус машины татварын асуудал, хоёрдугаарт хүүхдийн мөнгийг 40 хувь руу битгий оруул гэсэн саналыг хэлсэн. Энэ бол монголчуудын асуудал, татварын дарамтад оруулж болохгүй гэсэн. Харамсалтай нь хүлээж аваагүй. Энэ хууль батлагдсаны дараа над дээр 800 хүний гарын үсэгтэй иргэдийн хүсэлт орж ирсэн. Үүнийг Засгийн газар руу оруулсан. Та бүхэн үүнийгээ эргэж хараач гэж хэлсэн. Гэтэл ниргэсэн хойно хашгирав гэгчээр одоо оруулж ирж байна. Би үүнийг сонгуультай холбоотой гэж харж байгаа.

-Ардчилсан намын бүлгээс оруулсан санал нь аравдугаар сарын 1 хүртэл хойшлуулах байсан. Одоо оруулж ирсэн төслөөр долдугаар сарын 1 гэдэг нь хэр боломжит хугацаа юм бэ?

-Одоо оруулж ирж байгаа хугацаа нь долдугаар сарын 1. Гэхдээ Засгийн газар тогтооно. Олон Улсын валютын сангийнхан долдугаар сарын 1 гэж хэлсэн гэж байна лээ. Би үүнд итгэхгүй байна. Зургадугаар сарын 26-нд Ерөнхийлөгчийн сонгууль дуусна. Тэр болтол иргэдийн дунд үүсээд байгаа маргаан, бухимдлыг түр аргацаах гэсэн оролдлого байх. Би тэгж хардаж байна. Бид анх төслөө оруулахдаа аравдугаар сарын 1 гэж оруулсан. Чамлахаар чанга атга гэж өнөөдрийн оруулсан төслийг нь дэмжихээс өөр арга байхгүй. Ямар ч байсан шийдье. Цаашид юу болохыг таашгүй байна. Японоос оруулж ирж байгаа импортын бүтээгдэхүүн шүү дээ. Бид өмнө нь Япон улстай эдийн засгийн түншлэлийн гэрээ хэлэлцээр хийсэн. Хоёр орны хилээр орж гарч байгаа экспорт, импортын бараа тэгтэй байна гэдгийг ойлголцоод хэлэлцээр хийчихсэн. Хэрэв Японы талаас асуудал үүсгэвэл энэ асуудал дахиад л яригдана. Бид юмыг дутуу бодож хийгээд байна, бодлогогүй яваад байна гэдгийг эрх баригч нарт хэлж байгаа юм. Түүнээс биш улстөржөөд, туйлшраад байгаа юм огт байхгүй.

Эрх баригчдын алдаатай бодлого шийдвэрээс ард түмэн л хохирч үлдэх юм?

-Приусны үнэ дөрөв, таван сая төгрөгөөр өсчихлөө. Энэ үнэ дахиад буухгүй шүү дээ. Тэгэхээр худалдаж авсан хүн нь л хохирсон. Төрийн ийм болчимгүй шийдвэрээс болж иргэд хохирч байна. Улстөржиж болдог асуудал гэж байна, болохгүй асуудал гэж байна гэдгийг приусны татвар нэмэх үеэр хэлж байсан. Улстөргүйгээр ярих юм шүү гэхэд л ийм шийдвэр гарсан.

-Одоо хичнээн иргэн, аж ахуйн нэгжид буцаан олголт хийх талаар ярьж байгаа юм бол. Хүндрэл үүсэх үү?

-Гааль дээр орж ирсэн машинуудад буцаан олгох нь хүнд зүйл биш. Хамгийн их хохирсон нь үнэ өссөн дүнгээр машин худалдаад авчихсан иргэд байна.

-Хэрвээ манай улс Валютын сангийн шаардлагыг хэрэгжүүлэхгүй, хөтөлбөр үр дүнгүй байвал өөр төрлийн татвараа нэмэхийг шаардаж магадгүй гэх яриа байсан. Манайхан ингээд гаргасан шийдвэрээсээ эргэж буцаад байх нь хөтөлбөрийн хэрэгжилтэд нөлөөлөх болов уу?

-Үүнийг Валютын сангийнхантай ярьж, тохиролцож хийж байна гэдгийг Сангийн сайд хэлсэн. Одоо дахиж татвар нэмнэ гэвэл ард түмэнд тийм тэнхээ байхгүй.

-Ардын намыхан 2012-2016 онд Ардчилсан намынхан эрх барьж байхдаа л эдийн засгийг сөхрүүлсэн гэх утгатай мэдээллийг өгөх боллоо?

-2012-2016 оны манай намын үйл ажиллагааг алдаа гэж хараад байгаа юм. Албаар тэгээд ч байгаа юм уу. 2012-2016 оны үед бид уул уурхайн нэг тулгуурт эдийн засагтай байсан. Мөнгөний нийлүүлэлт 2008 онд 2,2 их наяд байсан. 2012 онд долоон их наяд болж тэлсэн. Оюутолгойн хөрөнгө оруулалтаас болж, зах зээл дээр нүүрсний үнэ гайгүй байсан. Үндсэн шалтгаан нь тэр. 2012 онд засаг авсаны дараа Оюутолгойн эхний хөрөнгө оруулалт дуусаад, ерөнхийдөө татарсан, нүүрс, зэсийн үнэ унасан. Тэлсэн эдийн засаг дотор валютын хомсдол огцом үүссэн. Бид мөнгөний бодлогоороо төгрөгөөр дотоод эдийн засгаа тэтгэсэн. Бидэнд өөр гарц байгаагүй. Тэр үед Валютын санд орох тухай асуудал яригдаж байсан. Орох байсан бол яг энэ эрх баригчдын хийж байгаа схемээр нэмж өр тавих гарц л байсан. ОУВС-аас авч байгаа мөнгө чинь ялгаагүй л өр шүү дээ. Буцалтгүй тусламж биш. Бид дотооддоо төгрөгөө яагаад эргүүлж болохгүй гэж, заавал доллараас хараат байж хийх ямар хэрэг байгаа юм бэ. Бид чинь тусгаар тогтносон, үндэсний мөнгө тэмдэгттэй улс учраас хамгийн хохирол багатай энэ хүндрэлийг давах ёстой.

-Тэгээд Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг үр дүнгүй зарцуулсан л гээд байгаа юм?

-Өнөөдрийн бензиний үнэ тогтвортой байгаа чинь “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн үр дүн шүү дээ. Ипотекийн зээл гэдэг чинь зөвхөн 80 мянган айлыг орон сууцанд оруулах асуудал биш. Хэрвээ бид үүнийг хэрэгжүүлээгүй бол 80 мянган өрх орон сууцанд орохгүй байсан юм. Үүний цаана дотоодын үйлдвэрлэл байхгүй болох байсан. 120 мянган ажлын байраа алдах байсан. Сөрөг үр дагавруудаа төсөөлөөд үз дээ.

-Таны хэлсэн үр дүнгүүд улс төрийн өнцгөөс биш эдийн засгийн талаас харж байгаа бодит үр дүн мөн үү?

-Хамгийн бодит зүйл. Өөр ямар арга байсан юм бэ. Ардын намын хийж байгаа зээл авах арга байсан. Энэ бол долларын хараат болох арга шүү дээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өрийн таацыг 45 хувиас илүү гарахгүй гээд, сөрөг хүчин байсан Ардын намынхан та нар ард түмнийг өрөнд оруулах гэлээ гээд эсэргүүцсэн. Өнөөдөр ардын намынхан өрийн таацыг 105 болгочихсон. Чингис бондыг шүүмжилж байсан хүмүүс 5,5 тэрбумыг хямдхан зээл авч байна гээд өр ярихаа больсон байна шүү дээ. 2012-2016 онд олонхи, цөөнх бүгд шийдвэрээ гаргасан. Эдийн засгаа ингэж идэвхижүүлье, Мөнгөний бодлогоо ингэж батлая гээд Монгол Улс хуулиа баталсан, тэр хуулийн хүрээнд Монголбанк Засгийн газар хоёр хэрэгжүүлсэн. Хэрвээ бид мөнгөний бодлогыг хэрэгжүүлээгүй байсан бол яг л өнөөдрийн хийж байгаа аргаар татвар аваад ард түмний нуруун дээр буух байсан. Ард түмэн тэр өртгийг төлөх байсныг төр мөнгөний бодлогоороо өөр дээрээ авсан.

-5,5 тэрбум төгрөгөөр эдийн засгаа тогтворжуулна гээд байгаа. Гэхдээ л зээл шүү дээ?

- Нэг улсаас хараат зээл битгий аваарай гэж хүсч байна. Яваандаа Монгол Улсын төгрөг өөр валют болчих вий дээ. Тусгаар улсын тухай ойлголт холдоно шүү дээ. Өр бол өр шүү дээ. 5,5 тэрбум долларыг эдийн засгийг тогтворжуулах гэж ойлгоод байна. Ялгаагүй л энэ улсын бусдад тавьж байгаа өр шүү дээ. Харин энэ мөнгийг үр ашигтайгаар яаж зарцуулах вэ гэдэг дээр ойлголцох хэрэгтэй.

-Монголбанкны шалгалтын хүрээнд Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн мөнгөөр Ардчилсан намынхан “гараа угаачихлаа” гэдэг мессэжийг олон нийтэд өгөөд байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан ажиллагаа гэж харж байна уу?

-Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Ардчилсан намыг аль болох харлуулах үйлдэл хийж байна. Нэг хүн гарч ирээд хэдэн зуун тэр бумаар идсэн бол энэ олон зээл авсан компаниуд гомдол гаргана биз дээ. Тэд нарыг төлөөлөөд энд идсэн ууснаар нь цоллож байдаг нь зөв юм уу. Гомдол гаргах болохоороо Их хурлын гишүүд гарын үсэг зураад хууль хяналтын байгууллагад өгдөг. Тэд нар хохирсон юм уу, компани өгөөгүй байхад ямар учиртай юм бэ. Хэн нэгнийг буруутгах гэсэн зорилттой шалгалт хийдэг. Би нэг зүйлийг хүлээж авна. Энэ бодлого чинь ийм учраас буруу байна, ингэж хийх ёстой гэвэл ойлгоно шүү дээ. Бодлоготойгоор Ардчилсан намын хийсэн бүхнийг харлуулах үйл ажиллагаа. Бидний хийсэн бүхний өөрчлөлтийн үр дүнг ард түмэн харсан. Өнөөдрийнхөөс маш хүнд нөхцөлд бид ямар бүтээн байгуулалт хийсэн билээ. Хичнээн км зам барив, хичнээн үйлдвэр босгов, мөнгө байхгүй гэж гонгинож суугаагүй шүү дээ. Хийгээгүй гэж хэн ч хэлэхгүй. Улаанбаатар яаж өөрчлөгдөв. Гэтэл энэ замыг хийхийн тулд чи тэрэнтэй нийлээд тэдэн төгрөг авсан байна гэж “дайрна”. Хэн нотлов, энэ бол улс төр. Ардчилсан намыг хэзээ ч харлуулж чадахгүй. Бидэнд алдаа байсан уу гэвэл байсан. Бас оноо ч бий. 2012-2016 оны хүнд үед бид ажлаа л хийсэн. 2016 оны сонгуулиас хойш жилийн хугацаа өнгөрлөө. Одоо юу хийх вэ, юу хийсэн юм бэ гэдэг асуулт тавигдаж байна. Амлалтаа биелүүлэхгүй бол хоёр жилийн дараа бид нар үгээ хэлнэ.

-Уг нь өнгөрсөн парламентын үед байсан гишүүд одоогийн парламентад нэлээн хэд байгаа. Та бүхний хийсэн ажлын сайн үр дүнг хэлэх хүн одоо алга уу?

-Ардын нам манайхтай хамтарч ажиллаж байх үед муулж л байсан. Өнөөдөр бас олонхи болчихоод муулж л байна. Хүнээр ярих юм бол жудаг харагдаж байгаа юм даа.

Ж.ГАНАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

Ангилал


Twitter


Facebook