Б.Пүрэвдорж: 90 минутын бичлэг бүхэлдээ бодит баримт

2017-06-06
|
Ярилцлага

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдоржтой ярилцлаа.

-УИХ дахь АН-ын бүлгээс МАН-ын 60 тэрбумтай холбоотой асуудлаар нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг зохион байгууллаа.Жилийн өмнө энэ бичлэг ил болоход цагдаагийн байгууллагаас эвлүүлэг гэдгийг нь тогтоосон гэдэг зүйл ярьж байсан.Гэтэл танай намын бүлгээс 90 минутын бичлэгийг нь ил болгочихлоо. Сонгууль дөхчихсөн үед санал тоолох машинаас эхлээд нэлээд зүйлсийг ярьсан байсан нь ил болсон байна...

-Төрийн эрхийг яаж хууль бусаар авах вэ гэдэг 90 минутын бичлэг байгаа юм. Эрт урьд цагт дайн байлдаан, жад, буу, сэлмээр төрийн эрхийг авдаг байсан бол соёлт нийгэмд сонгуулиар авдаг болсон. Сонгуулийн болон бусад хуулийн дагуу ажиллаж байж улс төрийн хүчин ялалт байгуулдаг.Харамсалтай нь сонгуулийг яаж луйвардах вэ, яаж ард түмний санаа бодлыг хянах вэ, иргэдийн саналыг авахын тулд төрийн залгамж болсон төрийн албан хаагчдын албан тушаалыг худалдах замаар хэрхэн мөнгө босгох вэ гэдэг увайгүй ярианууд тэр бичлэгт бий. 90 жилийн түүхтэй том намын дарга байтугай жирийн гишүүн нь ч ярьж боломгүй тийм зүйлийг ярьцгаасан. Бид ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ. Сонгуулиар бид сонголтоо хийж чадаж байна уу эсхүл бидний сонголтыг өөрчлөөд байна уу гэдэг эргэлзээ дагуулсан яриа өрнөсөн байна лээ. МАН-ынхан уг бичлэгийг ноднин эвлүүлэг гэж мэдэгдсэн.Цагдаагийн байгууллага үүнийг яагаад хуурамч гэсэн бэ гэхээр хойно, урдаас нь хассан болохоор тэгсэн юм. Түүнээс биш 90 минутын бичлэг бүхэлдээ бодит баримт.

-АН-ын бүлгийн зүгээс уг бичлэгт нэр дурдагдсан орнуудын Элчин сайдын яаманд хандана гэсэн.Мөн хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэв үү?

-Хуулийн байгууллагынхан энэ асуудлыг өнөөдрийг хүртэл бүрэн дүүрэн шалгахгүй байгаа.Ардын нам УИХ-д үнэмлэхүй олонх болж засгаа байгуулсан.Хууль хяналтын байгууллагад ч гэсэн хүн ажилладаг болохоор тодорхой хэмжээнд ажлаасаа халагдчихвий гэдэг айдас хүйдэстэй байгаа байх. Тиймээс үнэн мөнийг нь ил болгохоос эмээж байгаа байлгүй.Ямартай ч бид энэ бичлэг дээрх асуудлаар хууль хяналтын байгууллагад хандана, үнэн учир нь олдоно гэж бодож байна. Энэ Их хурлаар Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан нэг хууль хэлэлцэгдэхгүй байгаа л даа. Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай хуулийг баталчихвал Их хурлын гишүүн би чуулганы танхимд УИХ-ын даргад асуулга тавих эрхтэй болно. Төрийн эрхийг хууль бусаар булааж авах талаар ярьсан ярианыхаа талаар тодруулж өг гээд гарыг нь өргүүлж, тангаргийг нь хэлүүлж байгаад 90 минутын бичлэгийн талаар асуух боломж надад ирэх байсан юм. Гэтэл энэ хуулийг хэлэлцэхгүй байна гэдэг нь хууль хяналтын байгууллага тэдний гарт байгаагаас харж болно. Иргэд өөрсдийн үзэл бодлоороо саналаа өгнө гэж найдаж байна. Улстөрчдөд сонгуулиар хариуцлага тооцдог. Тиймээс хариуцлага тооцох үе нь ирсэн гэсэн үг.

-60 тэрбум төгрөгийг албан тушаалаар босгоно гэдэг талаараа уг бичлэгтээ ярьсан байна лээ. Төрийн алба хар захын хэмжээнд явдаг болсон юм биш үү.Гэхдээ тийм зүйл байхгүй гэдгийг хэлээд байна л даа?

-Хамгийн их асуудалтай, тийм зүйлд холбогдсон хүн хамгийн түрүүнд, хамгийн чангаар хашхирдаг. Албан тушаал наймаалцах яриа 90 минутын бичлэгт бүхэлдээ бий. Бодитоор амьдрал дээр хэрэгжээд явж байна гэдгийг ард түмэн ам уралдуулан ярьж байгаа. Монгол Улс цөөн хүн амтай.Тэр утгаараа мэдээлэл маш хурдан солилцдог. Хамаатан садан нь албан тушаалд очих болохоор мөнгийг нь хайгаад явдаг нь үнэн.Үүнд Ардын намын зарим гишүүд эмзэглээд байх шаардлагагүй. Ардын намынхан дунд бохир зүйлд холбогдоогүй шударга гишүүд бий. Албан тушаал зарж намынхаа нэр хүндийг унагаад, дахин Ардын намд итгэж саналаа өгөхгүй гэсэн олон хүнийг ажлаас нь халж байгаа увайгүй гишүүд ч олон байгаа.

-Таныг хууль хяналтын байгууллагаар шалгуулна, ямар хуруу гаргахыг чинь харна гэж ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат чуулганы хуралдаан дээр хэлж байсан...

-Би үүнд огт эмзэглэхгүй.МАН засгийн эрхэнд гарч хууль хяналтын байгууллагыг хараандаа байлгаж байгаа. Тэд намайг бүх талаар нь шалгаж болно. Миний эмзэглэхгүй байгаа шалтгаан нь намайг шалгаад но-той юм гарч ирэхгүй болохоор тэгж байгаа юм. Яахав ээ, улстөрчид нэгнийгээ янз бүрээр хэлж л байдаг. Үнэхээр шалгамаар байгаа бол шалга. Хамгийн гол нь урагшаа хараад явах нь зөв. Шалгуулахад ямар нэгэн асуудалгүй хүн л эрх баригчдын зарим увайгүй үйлдлийг илчилж, хэлэх зоригтой байдаг. Би асуудалтай байсан бол хумсаа нуусан муур шиг хүний ард байж байх байсан болов уу.

-90 минутын бичлэг дээр хуулийн хамгаалалт хийгээд өгвөл хар машиныг хакердах ч байдаг юм уу тийм зүйлс хийж болно хэмээн ярьсан байна лээ. Өнгөрөгч Их хурлын сонгуулиар МАН 65 суудал авсан нь хакердсан юм биш байгаа гэдэг хардлагыг дагуулаад эхэллээ.Таны байр суурь ямар байна вэ?

-Энэ талаар мэдээлэл алга. МАН-ын гишүүдийн зарим нь Засгийн газарт давхар дээлтэй сууж байгаа.Сонгуулийн автомат машин биднийг цөөнх болгочихлоо гэж байсан хүн л дээ. Давхар дээлийг эсэргүүцэж, сонгуулийн санал тоолох автомат машиныг шатааж байсан хэрнээ давхар дээлтэй болсон зарим нэг нэг нь юу ч болоогүй юм шиг байж байгаа биз. Гэхдээ бид нэг л зүйлийг ойлгох ёстой. Үүнд АН, МАН огт хамаагүй.Юу гэхээр засаглаж байх үедээ зөв засаглахгүй, ард түмний эсрэг яваад байвал “баяртай” л болно шүү дээ. Ардчилсан нам хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийг дээдлэх бодлого дээрээ тууштай зогсоогүй, эв нэгдлээ хангаагүй учраас бид цөөнх болсон. Сонгуульд ялагдахаараа бид өөрсдөөсөө буруу хайхгүй хэн нэгэн хар машинаас буруу хайдгаа болих хэрэгтэй. Ирэх сонгуульд би ялагдвал дөрвөн жил Их хуралд ард түмнийхээ төлөөлөл болж чадаагүй юм байнаа л гэж ойлгох ёстой юм. Дөрвөн жил хувийнхаа эрх ашгийг бодчихоод, ард түмэнтэйгээ уулзахгүй, тэдний санаа бодлыг сонсохгүй явчихаад түүнд нь дүн тавьсан ард түмэнд “Та нарын сонголт хамаагүй. Намайг хар машинаар л унагачихлаа” гэж ярьдаг нь улстөрч хүний амнаас гарах үг биш.Хар машинаас буруу хайх биш ард түмэнтэйгээ ойр байж тэдний үгийг төрд хүргэх ёстой.

-Сүүлийн үеийн олны анхаарлыг татсан сэдэв бол Ерөнхий сайд танхимынхаа сайдыг огцруулсан явдал байлаа.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийг огцруулах шалтгаан нь шалгалтын тест задарсан, 29 дүгээр сургууль дээр анхаарал хандуулаагүй гэх.Гэхдээ энэ нь сайдыг огцруулах хэмжээний шалтгаан биш гээд байгаа л даа?

-Сүүлийн үед хариуцлагагүйн зуд бий болсон. Тиймээс МАН ард түмнийг өөртөө татахын тулд сайдаа огцруулсан.Үүгээрээ хариуцлагатай нам гэж харуулахыг зорьсон байж магадгүй. Гэхдээ энэ нь байгаа оноогүй. Ж.Батсуурь сайдыг огцруулсан үндэслэл нь тэр хүнд хариуцлага тооцох үндэслэл болохгүй. Сайд бодлого боловсруулаад явдаг. Харин яамны өдөр тутмын үйл ажиллагаа, шалгалтын тест, багш нартай холбоотой доорх ажилтнуудын асуудал юм. Тэр хүмүүстээ хариуцлага тооцоогүй байж сайдыг нь огцрууллаа. Нийгэмд шуугиан тариад буй 60 тэрбум төгрөгөө босгож чадаагүй өвгөнийг эхэлж огцруулж байгаад нь иргэд дургүйцээд байгаа юм. Хэл аманд өртсөн, ажлын хариуцлага алдсан, авлигад автсан гээд асуудалтай сайдууд бий. Хоёр хүний алтан амь эрсдэхэд нь Батлан хамгаалахын сайдыг огцруулах албан бичгийг би өргөн барьсан ч одоо болтол дарчихаад байж байна. Засгийн газар зөв хүндээ хариуцлага тооцохгүй байгаагийн илрэл. Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан явуургүй арга хэмжээ боллоо. Ерөнхий сайд үнэхээр зоригтой хариуцлага тооцоё гэж байгаа юм бол хариуцлага тооцуулахаар сайд олон байна. Хоёр сарын дотор валютын ханшийг 600 төгрөгөөр алдсан Сангийн сайд байна шүү дээ. Үүнээс болж ямар олон бизнес эрхлэгчид хохиров. Ийм хүмүүстээ хариуцлага тооцоогүй байж Ж.Батсуурь сайдыг огцруулсныг бид эсэргүүцээд байгаа юм.

-Танай бүлгийн гишүүдийн зүгээс дараагийн сайдыг дан дээлтэй хүн тавих ёстой гээд байгаа.Давхар дээлтэй хүн сайд болчих гээд байгаа юм уу?

-Дараагийн сайд дан дээлтэй байх ёстой. Ард түмэн нэг амтай хүнд л дуртай байдаг. Өөрийн бодол, бодлого дээрээ тогтвортой явж ирсэн хүнийг ард түмэн хүндэтгэдэг. Ардын намынхан өнгөрсөн дөрвөн жил сөрөг хүчнийхээ үүргийг сайн гүйцэтгэсэн. Тэд эрх баригчдыг шахаж, шаардлага тавьж ажилласан учраас 2016 онд тэдэнд ард түмэн саналаа өгсөн. Энэ хүрээнд тэд давхар дээлгүй байх, татвар нэмэхгүй, хүүхдийн мөнгө, оюутны 70 мянган төгрөгийг олгоно, цалин, тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлнэ, өр нэмэхгүй гээд олон зүйлийг амласан. Пүрэвдорж эрх баригч хүчнийг шүүмжилж байгаад жилийн дараа таг дуугүй болчихвол ард түмэн дахиж сонгохгүй. Ардын нам сонгуулийн мөрийн хөтөлбөр гэж асар олон зүйл амлачихаад тэндээсээ тэс өөр юм хийгээд явчихбал сонголт нөгөө тийшээ ханарна. Эрх баригчид үүн дээрээ анхаарах ёстой. Тиймээс сонгуулиар ярьж байсан шигээ дан дээлтэй хүнийг сайдаар томилох шаардлагатай. Амласан бол амласандаа хүрэх хэрэгтэй л дээ.

Э.ЭНХБОЛД

 

Ангилал


Twitter


Facebook