УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдлаа

2016-10-11
|
Хэвлэлийн хурал

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2016.10.05/ өргөтгөсөн хурал хийлээ. Хуралд УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөхүүд хүрэлцэн ирж оролцов. Хурлаар Монгол Улсын 2017 төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай болон холбогдох хуулийн төслүүд, мөн Орон нутгийн сонгуулийн талаар хэлэлцсэн юм.

Бүлгийн хурлаар УИХ дахь АН-ын бүлгээс Төсвийн ажиллах ажлын хэсгийг гаргаж ажиллах шийдвэрийг гаргалаа. Энэхүү ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, УИХ дахь зарлагын дэд хорооны дарга З.Нарантуяа ахлаж, гишүүдээр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар ажиллахаар болов.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ "Бүлгийн хурлаар ирэх оны төсвийг хэлэлцэхдээ өөрчлөлт, шинэчлэлт харагдахгүй байна хэмээн дүгнэлээ. Энэ Засгийн газрын хэрэгжүүлж байгаа арга хэмжээ улс орныг эдийн засгийн хямралаас гаргаж чадах эсэхийг Ардчилсан намын бүлгийн ажлын хэсэг дүгнэлт гаргаж ажиллах болно" гэв.

Мөн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөхүүд 2017 оны төсөвт мөнгөний бодлого дээр анхаарлаа хандуулан ажиллахыг зөвлөлөө. "Засгийн газрын өрийн нийт хэмжээ ирэх онуудад тоон дүнгээрээ буурахгүй байгаа үзүүлэлтэд санаа зовинож байна. Монгол Улсын 2017 оны төсөвт иргэд рүү хандсан үйлчилгээг зогсоох замаар эдийн засгийн хэмнэлт хийж, үнийн өсөлт, зардал, өр зэргийг нэмэгдүүлэх болсонд анхаарлаа хандуулах"-ыг орон тооны бус зөвлөхүүд хэлсэн юм.

Харин орон нутгийн сонгуулийн тухайд сурталчилгааны хугацаанд асуудал үүсч байгаа бөгөөд нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх, хасах зэрэг үйлдэл их гарч байгаа юм. Мөн Сонгуулийн хороо 3:6 харьцаагаар байгуулагдаж байгаа учраас сонгуулийг луйвардах, улмаар олонхиороо хүч түрж шийдвэр гаргах зэрэг зохион байгуулалттай үйл ажиллагаа ажиглагдаж байна хэмээн АН-ын бүлгийн гишүүд үзлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн өргөтгөсөн хурлын дараа АН-ын бүлгийн дарга УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, АН-ын бүлгийн Ажлын албаны дарга Д.Золжаргал нар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Ангилал


Twitter


Facebook