Ж.Батзандан: Фашист, коммунист намыг татан буулгах ёстой

2017-06-02
|
Ярилцлага

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө МАН-ын удирдлагуудын нууц бичлэгт төрийн албыг хэрхэн наймаалцаж 60 тэрбум төгрөг босгох тухай яриа олон нийтэд цацагдсан. Үүнээс илүү ноцтой зүйлүүд ярьсан гэх 90 минутын бичлэгийг Ардчилсан намынхан олон нийтэд дэлгэж, хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгээс ямар шийд гарав?

-Улс төрийн намын тухай хуулиар аливаа улс төрийн нам нь Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулахыг хориглоно. Түүнчлэн шашны, цэргийн болон фашист нам байгуулахыг хориглоно гээд тодорхой заачихсан. Саяхан бидний ярьж заншсанаар 60 тэрбумын бичлэг бүрэн эхээрээ задарлаа. УИХ-ын сонгуулийн үеэр 60 тэрбумын бичлэгийн нэг хэсэг нь л ил болсон байсан. Саяхан Монгол Улсын иргэн Д гэдэг залуу 90 минутын бичлэгийг олон түмэнд хүргэлээ. МАН-ын гурван удирдлага хоорондоо төрийн эрх мэдлийг яаж булааж авах тухай ярьж байна. Албан тушаалыг үнэлж зарах гэдэг бол энэ бичлэгийн өчүүхэн нэг хэсэг нь.

-Ноцтой ямар асуудал байна вэ?

-Хамгийн ноцтой нь сонгуулийн хар машиныг яаж хакердах вэ гэж ярьсан байна. Гадны компаниудыг оруулж ирж сонгогчдын саналыг хүчээр засварлах тухай ярьж байна. Мөн фэйсбүүк, твиттер, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хяналтдаа оруулах, сошиал медиаг хянах тухай, бүх вэб сайтын сэтгэгдлүүдийг хяналтдаа оруулах, зөвхөн хэрэглэгчдэд өөрт нь харуулах код хэрэглэх тухай ярьж байна. Тэр битгий хэл эрүүгийн гэмт хэрэгтнүүдийг, “эвгүй” хүмүүсийг сонгуульд ашиглах тухай МАН-ын гурван удирдлага төлөвлөгөө гаргаад, хоорондоо ярьж байгаа бичлэг гарч ирлээ. Энэ бол Үндэсний Аюулгүй байдлын эсрэг зохион байгуулалттай төлөвлөгөө. Үүнээс болоод Д гэх залуугийн амь нас, эрүүл мэнд маш хүнд эрсдэлд ороод байна. Тагнуулын байгууллага энэ залууг өдөр болгон шалгаж, гэр бүлийг нь дарамтлаж байна. Төрийн эсрэг, сонгогчдын эсрэг гэмт хэрэг илрүүлснийхээ төлөө энэ залуу амь, амьдралаараа эсрдэлд орсон байна. Тиймээс Ардчилсан намын бүлэг МАН-ын удирдлагуудын стратеги төлөвлөгөө нэртэй нууц ажиллагааг олон түмэнд ил болголоо.

-90 минутын тэр бичлэгийг эвлүүлэг гэх хүмүүс байна. Сонгуулийн үеэр цацагдсан бичлэгийг хүртэл эвлүүлэг гэж байсан шүү дээ?

-90 минутын энэ бичлэгийг Мэдээллийн технологийн компаниуд шалгаад эвлүүлэг биш, бодит яриа, төлөвлөгөө болохыг нь тогтоосон. Үүнийг Улсын Ерөнхий прокурор, Тагнуул, Цагдаагийн байгууллага шалгах ёстой. Улс төрийн нам хууль бусаар төрийн эрх авах тухай төлөвлөгөө гаргаж болохгүй. Улс төрийн албан тушаалтнууд төрийн албыг мөнгөөр зарах тухай хоорондоо төлөвлөж, ярьж, үйлдэж болохгүй. Монголын сонгогчдын эрх мэдлийг хэдхэн гэмт этгээдүүд мөнгөний аргаар, хакердаж, эрүүгийн гэмт этгээдүүдийг ашиглах замаар булааж авсан мэт сэтгэгдэл төрж байна. Үүнийг шалгах ёстой. Сонгогчдын эрхийг хамгаалдаг, хүний эрхийг хамгаалдаг Олон улсын байгууллагуудад хандана. Америк, Германы компаниудад Элчин сайдын яамаар нь дамжуулж хандана. Монголын дотоод хэрэгт гадны хүчнийг ашиглаж болохгүй.

-Тавантолгойгоо хүртэл гадныханд зарах тухай ярьсан гэл үү?

-Тавантолгой зэрэг томоохон ордуудыг урьдчилж зарах замаар гадаадад оффшор бүсэд мөнгө босгох тухай МАН-ын гурван удирдлага хоорондоо ярьсан байна. Ийм байж болохгүй. Оффшортой нам байж болохгүй. Эх орныхоо баялгийг зарах тухай, зарсан мөнгөөрөө гадныхантай нийлж Монгол төрийг булааж авах тухай ярьж болохгүй. Энэ бол гэмт хэрэг. Монгол төрийн түүхэнд ийм бусармаг зүйл болж байгаагүй.

-Хүмүүсийн фэйсбүүк, твиттер дэх мэдээллийг хянана гэдэг хууль зөрчиж байгаа үйлдэл биз дээ?

-Ардын намын гурван дарга хувь хүний нууцад халдах тухай ярьж байна. Дата бааз байгуулаад, аж ахуйн нэгж, хувь хүний бүх мэдээллийг цуглуулна. Өдөр бүхэн анализ хийнэ гэж байна. Ийм байж болохгүй. Улс төрийн намын хийж болохгүй ажил. Маш ноцтой мэдээллүүд ил болж байна. Гүйцэтгэх ажлын тухай хууль, Иргэний захидал харилцааны нууцыг зөрчиж байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Хувь хүний нууцын тухай хуулиудыг зөрчиж байна. Тиймээс Улсын Ерөнхий прокурор, Тагнуулын байгууллага шалгаж нэг тийш нь болгох хэрэгтэй.

-Шалгах ёстой гэдэг. Хуулийнхан өөрсдөө шүүрч аваад шууд шалгах уу? Өмнөх асуудал ч тэгсхийгээд намжсан. Танай бүлгийн зүгээс хуулийн байгууллагад шалгуулахаар албан ёсоор хандах уу?

-Ирэх долоо хоногийн даваа гаригт Ардчилсан намын бүлэг Улсын Ерөнхий Прокурортой уулзалт хийнэ. Мөн Тагнуулын Ерөнхий газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөнтэй уулзана. Үүнийг нэг тийш болгох ёстой. Фашист, коммунист намыг татан буулгах ёстой. Улсын дээд Шүүх Улс төрийн намын тухай хуулийн эсрэг, Үндсэн хуулийн эсрэг үйл ажиллагаа явуулсан, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, авахыг санаархсан улс төрийн хүчнийг татан буулгадаг. Бид Улсын Дээд шүүхэд хандана. Ардын намын мянга, мянган шударга гишүүдэд итгэж байна. Удирдлагынхаа увайгүй үйл ажиллагааг тэд өмөөрөхгүй. Өмөөрөх ч ёсгүй. Ардчилсан намд ч болох, болохгүй олон зүйл байгаа. Өнөөдөр улс төрийн намуудыг шинэчилж, санхүүжилтийг ил тод болгож, төрийн болон намын эрх мэдлийг хууль бусаар авдаг явдлыг эцэс болгохгүй бол Монголын дампуурал улам гүнзгийрнэ. Бид алдаагаа засаж урагшаа явах ёстой. Ардын нам ч, Ардчилсан нам ч өмнөх алдаагаа засах ёстой. Монголын төрийг гэмт бүлэглэлээс чөлөөлөх ёстой.

-Бичлэгийг ил болгосон залуугийн амь насанд аюул учраад байна гэлээ. Танай намын бүлгийн зүгээс энэ залуугийн эрхийг хамгаалах асуудал дээр яаж ажиллах вэ?

-Монгол Улсын иргэн Д төрийн эрхийг хууль бусаар авах, оролдлого, санаархлын тухай мэдээллийг олон нийтэд дэлгэсэн. Энэ бол иргэний үүрэг, эр зориг. Энэ залуугаар бахархаж байна. Д гэх залуу өмнө нь МАН-д ажиллаж байсан. Гэсэн хэдий ч намынхаа удирдлагуудын хууль, бус бусармаг үйлдлүүдийг эсэргүүцэж энэ мэдээллийг ил болгосон байна. Энэ залууг Монголын төр, иргэний нийгэм, ард түмэн шударга иргэд хамгаалах ёстой. Гэмт хэрэгтэй тэмцэх нь иргэн бүрийн журамт үүрэг шүү дээ. Тийм учраас Ардчилсан намын бүлэг онцгой анхаарал тавина. Энэ залуугийн амь нас, аюулгүй байдал, гэр бүлд нь анхаарал тавьж ажиллана.

-МАН 65-уулаа. Энэ бичлэгт дурдагдсан төлөвлөгөөний дагуу сонгууль явагдсан гэж үзэж байна уу?

-Ардын намд олон шударга хүн байгаа. Олон шударга гишүүн байгаа. Удирдлагуудынхаа увайгүй хууль бус үйл ажиллагааг Ардын намын мянга, мянган шударга гишүүн эсэргүүцнэ гэдэгт би итгэлтэй байна. Монголд фашист маягийн нам хэрэггүй. Монгол төрийн хуулийг ягштал биелүүлдэг улс төрийн хүчин хэрэгтэй. Улс төрийн эрүүл ухаан гаргаж дотоод шинэчлэлээ хийх ёстой. Энэ асуудлыг намчирхах үүднээс биш, үндэсний эрх ашгийн үүднээс тавьж байгаа. Энэ бол намын асуудал биш, Монгол Үндэсний тусгаар тогтнол, аюулгүй, бүрэн эрхт байдалтай холбоотой асуудал гэж үзэж байна.

Ж.ГАНАА

Эх сурвалж: medee.mn

Ангилал


Twitter


Facebook