МАН-ын хууль бус үйл ажиллагаатай холбоотой 90 минутын бичлэгийг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар боллоо

2017-05-31
|
Мэдээ

-МАН-ын удирдлага сонгуулиар төрийн эрхийг хууль бусаар авах төлөвлөгөөний нууц бичлэгээр сонсгол хэлэлцүүлэг хийлээ-

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс МАН-ын УИХ-ын сонгуулийн үеэр төрийн эрхийг эрхэн хууль бусаар авсан тухай "60 тэрбумын", хар машиныг болоод цахим орчинд хэрхэн нөлөөлсөн тухай нууц бичлэгийн нээлттэй сонсгол, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлүүлэгт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, хуулийн байгууллагын төлөөлөл, дүүрэг бүрийн иргэдийн төлөөлөл болоод холбогдох албаны хүмүүс оролцлоо. Хэлэлцүүлгийн УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандан удирдан явууллаа. Энэхүү бичлэгтэй холбоотойгоор Төрийн эрхийг хууль бусаар авахаар иргэдийн цахим орчныг хууль бусаар хянах үйл ажиллагаа явуулсан талаар, Facebook, Twitter, viber, whatsapp, wechat зэрэг цахим орчинд Монгол Улсын иргэдийг хянах, тандах, хаах зэрэг үйл ажиллагааг дэмжсэн байж болзошгүй байгаа тул ХБНГУ, АНУ, БНХАУ-ын элчин сайдын яамдаар нь дамжуулан тухайн улсын хууль хяналтын байгууллагаар нь шалгуулах хүсэлт гаргахаар боллоо.

Сонгуулийг санаатайгаар луйврын аргаар буюу мафын сүлжээ маягаар зохион байгуулалттайгаар хийгдсэн түүх байгаагүй

Хэлэлцүүлгийг нээж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "“УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн дараа МАН-ын хууль бус үйл ажиллагааны талаархи бичлэг олон нийтийн хэрэгслээр цацагдсан. Уг бичлэгийн бүрэн эхийг манай бүлэгт өгсөн. Нийт 90 орчим минутын бичлэг бий. Та бүхэнтэй бичлэгийг сонсож, энэ асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэхээр АН-ын бүлэг шийдвэрлэлээ. Бичлэгт МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй, намын гишүүн А.Ганбаатар гэх хүмүүсийн хооронд сонгуулиар төрийн эрхийг хууль бусаар авах нууц төлөвлөгөө, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх тухай ярьсан. Энэнхүү яриа нь хэрхэн биелэлээ олсон байгаа харуулсан ийм бичлэг болсон. Тухайн үед МАН-ын удирдлагууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан “Энэ бичлэг эвлүүлэг болох нь тогтоогдсон” хэмээн олон нийтэд мэдээлсэн. Гэвч бичлэгт дурьдагдаж байгаа шиг хууль шүүхийн байгууллага дахь өөрсдийн гар хөл болсон нөхдүүдээр төрийн эрхийг хууль бусаар авахаар хийсэн луйвар, бохир үйл ажиллагаагаа нуун дарагдуулах, өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хянаж, хүссэн мэдээ мэдээллээ түгээхийг тулгах төлөвлөгөөгөө бүрэн хэрэгжүүлж чадсан нь энэ бичлэгээр илэрхий болж байгаа юм. МАН-ын удирдлагын цөөхөн хүний дунд яригдсан энэхүү төлөвлөгөө нь гэмт хэргийн шинжтэй. Тэр дундаа Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд аюул учруулах хэмжээний асуудлыг дагуулж байна. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу нөхцөл байдлыг хуулийн хүрээнд хянуулж, шалгуулах хэрэгтэй. Мөн хууль бус үйл ажиллагаанд холбоотой байж болзошгүй гадаадын компаниудын асуудлыг холбогдох Элчин сайдын яамаар дамжуулан тухайн улсын хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлт гаргах нь зүйтэй гэж үзсэн. Хуулиар сонгуультай холбоотой төлөвлөгөөг хэлэлцэж, ярилцахыг хориглоогүй. Гэхдээ төрийн эрхийг хууль бусаар авах энэхүү төлөвлөгөө нь Монгол Улсын олон хууль тогтоомжийг зөрчиж байгаа нь илэрхий байна. Монгол Улс ардчилсан тогтолцоонд 27 жилийг үдэхдээ ийм бусармаг байдалтай Үндсэн хуулийг зөрчсөн, ард нийтийн сонгуулийг санаатайгаар луйврын аргаар буюу мафын сүлжээ маягаар зохион байгуулалттайгаар хийгдсэн түүх байгаагүй. Харин анхны үйлдэл 90 минутын энэхүү бичлэгээр тодорхой болж буйг бид өнөөдөр харж байна" гэлээ.

Ж.Батзандан: Бичлэгийг хийж, олон цацсан залуугийн амь нас, аюулгүй байдал хүнд нөхцөлд орсон

Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан бичлэгт Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, иргэдийн эрхэнд халдсан гурван ноцтой асуудал ярьсан тухай онцолж байв. Тэрбээр “МАН-ын удирдлагуудын сонгуультай холбоотой асуудлаар ярилцсан 90 минутын бичлэг ирсэн. Бичлэгийг олон нийтэд илчилж, хэвлэл мэдээлэлд ил тод болгосон тухайн үед МАН-д ажиллаж байсан эх оронч залууд баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн МАН-ын удирдалгуудын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илчилсэн нь Монгол төрийг илүү ариун байлгахад тус болсон. Мөн дараа дараагийн төрийн сонгуулийг зохион байгуулахад их хэрэг болно гэж бид үзэж байгаа. Бичлэгийг хийж, олон нийтэд ил болгосон залуугийн амь нас, гэр бүлийн аюулгүй байдал хүнд нөхцөлд орсон гэх мэдээлэл бидэнд ирсэн. АН болон иргэний нийгэм, иргэдээс хамгаалал хүсч байгаа гэдгийг хэлэхийг хүсч байна. Хэлэлцүүлэг эхлэхийн өмнө Монгол Улсын хэд хэдэн хууль тогтоомжийг танилцуулъя. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, завдахыг хориглоно гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан байдаг. Эрүүгийн тухай хуульд төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдвал 16-20 жил хорих ял шийтгэнэ гэж маш тодорхой заасан. Мөн гүйцэтгэх ажиллагаа явуулах тухай яриа энэ бичлэгт орсон. Иргэдийн фэйсбүүк, мэдээллийн хэрэгсэл рүү орж иргэдийн мэдээлэл авах эрхийг хязгаарлах тухай МАН-ын удирдлагууд ярилцсан. Энэ нь Гүйцэтгэх ажлын тухай хуулийг зөрчсөн үйлдэл. Уг хуулийг зөрчсөн тохиолдолд гурав хүртэлх жилийн хугацаанд хорих ял шийтгэх хуулийн заалт бий. Иргэнийг үзэл бодлоор нь мөрдөн мөшгөхийг хуулиар хориглодог. Гэтэл энэ мэдээллийг ил болгосон залууг ТЕГ, Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах газарт хэрэг үүсгэн өдөр бүр дарамталж буй мэдээлэл бидэнд ирж байгаа” гэлээ.

МАН-ынхан нууц бичлэгтээ юу ярив...

Тус бичлэгт сошиал мэдээллийг зохицуулах, санхүүжилтийн схемын тухай дэлгэрэнгүй ярьжээ. Тодруулбал, дэд сайд 500 сая, сайд нэг тэрбум гэх зэргээр нийслэлээс 60 тэрбумыг босгох тухай ярьсан байна. Харин хураасан мөнгөө яаж нуух тухайгаа, мөн Тавантолгойн мөнгийг оффшордох, гадаадад зарах, мөнгө авах тухай, хуулийн хамгаалалт хэрэгтэй байгаа тухайгаа хоорондоо ярьжээ. Шуурхай ажиллагааны багаа “эвгүй” хүмүүсээс бүрдүүлж, сонгуулийг бүх талаас нь дайрах тухай яриа ч өрнөсөн байна. Түүнчлэн сонгуулий хар машиныг хакердах тухай ярьжээ. Хэрвээ улс төрийн хамгаалал үзүүлбэл хакердахад бэлэн, гадаадын компаниа авчирсан хэмээн ярьж байгаа бичлэгийг протоколоор хүргэе.

МАН ИРГЭДИЙН ЭРХЭНД ХАЛДАЖ, ХЯНАЖ, ТАГНАЖ, ЦАХИМ ОРЧНЫГ ХАКЕРДАХ ТУХАЙ ЯРИА

Хар машиныг хакердаж төрийн эрхийг мэдлийг хууль бусаар авах тухай

 Төрийн албыг арилжаалж 60 тэрбум төгрөг босгох тухай

Үүний дараа хэлэлцүүлэгт оролцогчид МАН-ын маш нууц байсан бохир бодлогыг, Үнэн биш гэж дүгнэлт гаргуулсан 60 тэрбумын бичлэг нь үнэн болохыг, шударга бус байдлыг, үнэн төрхийг илчлэх бичлэгийг сонсгосон юм. Улмаар бичлэгтэй холбоотойгоор хэлэлцүүлэгт ороцогчид байр сууриа илэрхийллээ.

Г.Баасан: МАН монголын төрийн эрхийг хууль бусаар аваад нэг жил гаруй хугацаа өнгөрчихлөө
/Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн/

-Бичлэгээс харахад, Монголын ард түмний сонгох, сонгогдох эрхэнд маш ноцтойгоор халдсан байна. Энэ бол Үндсэн хуулиар иргэн бүрт олгогдсон эрх. Мөн хүний итгэл үнэмшлийг хянаж эхэлжээ. Хэн юу боддог вэ гэдийг хянаж байна. МАН Монголын төрийн эрхийг хууль бусаар аваад нэг жил гаруй хугацаа өнгөрчихлөө. Үүнийг таслан зогсоох хууль хяналтын байгууллага манай улсад бий. Прокурорын эрх байна. хөдөлгөөнгүй нотлох баримттай үйлдэгдсэн төгс гэмт хэрэг байна. Бүрэлдэхүүн, зорилго, захиалагч гээд бүх зүйл нь тодорхой байна. Прокурорын гол ажил байна. Монгол Улсын прокурор хамгийн эхэнд уг хянах, шалгах хэрэгтэй.

Ц.Оюунгэрэл: Төрийн байгууллагуудыг худалдах сүлжээ бий болгосон байна.
/УИХ-ын гишүүн асан /

-Монгол Улсын төрийг бүх талаар нь зарж худалдах тухай хууль бус асуудал байсан. Мэдээллийг илчилсэн Д гэх залуу хилээр гарах хориотой, хоёр гурван удаа баривчлагдсан, хуулийн байгууллага гэр бүлд нь нэгжлэг хийж, эхнэр, нялх хүүхдүүдийг нь айлгаж, сүрдүүлсэн байсан. Өөрөө Тагнуулын Ерөнхий газар дээр энэ бичлэгт гарч байгаа А.Ганбаатар гэж хүний нэхэмжлэлээр мөрдөн байцаагдаж байгаа. Гомдол гаргаснаас хойш Д гэх залуугийн бүх банкны картуудыг хурааж авсан, машины түлхүүр, автобусны картыг хурааж авсан. Ийм байдалтай хоёр сар болж байна. Мөн гэрт нь байсан бүх л электрон тоног төхөөрөмжийг нь хурааж авсан. Энэ хүнийг нийгмээс тусгаарлаж, хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр хорих, тэр ч бүү хэл С.Зоригийн хэрэг шиг болгоно шүү гэж дарамтлах байдалд оруулж байна. Түүнчлэн Д гэх залууд биеийн хүчний, сэтгэл санааны болоод, эдийн засгийн хувьд дарамтад оруулж байна. Энэ хүний аюулгүй байдлыг хамгаалах ёстой. Төрийн албыг хууль бусаар наймаалцаж байгаа энэ бичлэгийг илрүүлснийхээ төлөө хохирох юм бол Монгол Улсад Ардчилсан үнэт зүйл, хүний эрх эрх чөлөө тэр зэргээр аюулд орно. Тиймээс Д гэх залууг өмгөөлж, хамгаалах ёстой . Төрийн бүх албыг худалдахаас гадна худалдаж болох газрын лиценз, зөвшөөрлийг мөнгө босгох тооцоондоо оруулсан. Улс орны батлан хамгаалах, хил хамгаалах, Тагнуулын Ерөнхий газар зэрэг аюулгүй байдлын амин сүнс болсон газруудыг худалдахаар төлөвлөгөөндөө оруулсан байдаг. Тухайлбал,Батлан хамгаалах яамны сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, санхүү, нябо, дөрвөн хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнээс мөнгө авна гээд хүснэгтэд оруулсан байна. Тагнуулын Ерөнхий газрын дарга, дэд дарга, мэргэжилтнүүдэс мөнгө авна гээд оруулчихсан байна. Энэ нь улс орны аюулгүй байдлыг ноцтой хохиролд оруулна гэж харж байна. Хил хамгаалах газрыг худалдана гэдэг чинь хилээ худалдана гэсэнтэй ялгаагүй болж байна. ХХЕГ-ын дарга, санхүүгээс мөнгө авна, ЗХЖШ-ын дарга санхүүгээс мөнгө авна. Хэзээ ч худалдаж болохгүй газрууд шүү дээ. Хамгийн их мөнгө авах газар нь газрын харилцаа, Геодези зураг зүйн газар байгаа. 726 хүнээс мөнгө авна гэж байна. Юу гэсэн үг юм бэ. Хаана, ашигт малтмал, юу байна гэдгийг зурж байдаг газрын 726 хүн нь худалдагчихаар Монгол Улсын газар юу болох вэ. Татварын Ерөнхий газрын 738 хүнээс мөнгө авахаар юу болох вэ, ингээд яам бүр, аймаг, орон нутгийн төрийн байгууллагаас мөнгө аваад нийлбэр дүн нь 57 гаруй тэрбум төгрөг болж байгаа юм. Хэзээ ч худалдаж болохгүй төрийн байгууллагуудыг худалдах сүлжээ бий болгосон байна. Монгол Улсын төр мөнгө төлсөн хүний л гарт орох юм байна. Энэ мөнгийг нь бүтнээр нь төлчихдөг мөнгөтэй этгээд өөр улсаас гараад ирвэл Монгол улс хэний халаасанд орох вэ гэдэг нь ойлгомжтой байна. Энэ бол гэмт хэргийн шинжтэй үйлдэл, нөгөө талаас ард түмний эрх мэдэл шууд булаагдсан үйлдэл харагдаж байна. Монгол Улсын өвөг дээдсийн тэмцэж ирсэн бие даасан хараат бус байдлыг үгүй хийх гэсэн, аюул учуулсан үйл явдал болж байна. Хуулийн байгууллага заавал анхааралдаа авч төрийнхөө төлөө, ард түмнийхээ төлөө үйлчлэх ёстой.

Н.Тэгшбаяр: 60 тэрбумын хурган дарга нар толгой дээр гарч суулаа
/Ардчилсан намын гишүүн/

-Монгол Ардын нам мафи болжээ. 60 тэрбумын хурган дарга нар толгой дээр гарч суучихлаа. Мөнгө өгөөгүй хүмүүсийг бүгдийг нь халсан. Албан ёсны тоогоор 20 гаруй мянга болчихоод байна. Шүүх дээр очоод халагдсан хүмүүс нь хууль бусаар халагджээ гэдгээ тогтоолгочихоод байхад шүүхийн шийдвэр биелүүлдэггүй, шүүхийн дээр гарчихсан хурган дарга нар даварч байна. Энэ хүмүүстэй хариуцлага тооцох ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дарга хариуцлага хүлээж огцрох ёстой. Мөнгөөр төрийн албанд орж ирсэн хүмүүс хүн чанар, нинжин сэтгэлгүй болдог юм байна. Төрөх дөхчихсөн, тэтгэвэрт гарах дөхчихсөн хүмүүсийг халаад явуулчих юм.

 

Ангилал


Twitter


Facebook