Д.Эрдэнэбат: Монголбанкны шалгалт улстөржсөн хардалт байсан

2017-05-31
|
Ярилцлага

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Сүүлийн үед Монголбанкийг тойрсон асуудал анхаарлын төвд байна. уиХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гарч Төв банкны 2012-2016 оны үйл ажиллагаанд шалгалт явуулахад 14 их наядын алдагдалтай ажилласан нь ил болсон гээд байна л даа. Өнгөрсөн дөрвөн жил засагласан Ан-ынхны л буруу гээд байгаа юм билээ. Үүнтэй санал нэгдэхгүй байгаа гэдгээ та бүлгийн мэдээллээрээ хэлж байсан л даа?

-Төв банк бол хуулиар олгогдсон тусгай статустай, хараат бус, Монгол Улсын мөнгөний бодлогыг барьдаг байгууллага. Үндэстэн ямар үед тусгаар оршдог вэ гэвэл өөрийн газар нутагтай, өөрийн ард түмэнтэй, өөрийн мөнгөн тэмдэгттэй үед. Харамсалтай нь өнөөдөр төгрөгийн бодлого валютын хараат болчихоод байгаа нь асуудлын гол юм. Нэг үгээр хэлбэл гадаадын мөнгөн тэмдэгтийн хараат шахуу болчихсон. 2012 онд Голланд өвчний эхний шинж тэмдэг илэрч байхад АН засгийн эрх барьсан. Энэ нь ганц тулгууртай байсан эдийн засаг 2008-2012 оны үед Оюу толгойн хөрөнгө оруулалтаар огцом тэлэлтийг бий болгосон. Оюу толгойн хөрөнгө оруулалт орж ирснээр манай орны жижиг эдийн засагт тэлэлт үүсгэж, үүнийг дагасан валютын урсгал нэмэгдсэн. Үүний дүнд дагалдах үйлдвэрлэл, үйлчилгээ, хөрөнгө мөнгө нэмэгдсэн юм. 2008-2012 оны хооронд бид ямар нөхцөлд амьдарч байсан бэ гэдгийг хүн бүр мэднэ. 2008 оны сонгуульд МАН-ынхан иргэн бүрт 1.5 сая төгрөг өгнө гэж амласан. Энэ популист амлалтаа хэрэгжүүлэхийн тулд эдийн засгийн өсөлтөөс бий болсон бэлэн мөнгийг ямар ч хуримтлал үүсгэлгүй иргэн бүрт 20 мянган төгрөг болгон тараасан. Тэд мөнхийн мөнгөтэй байх юм шиг аашилсан. Үүнийг л би Голланд өвчний шинж гээд байгаа юм. 2012 онд АН засаг авсны дараа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ огцом унасан. Үүнээс шалтгаалсан үр дагавар нь валютын урсгал огцом багасахад нөлөөлсөн юм. Гадаад худалдааны төлбөрийн тэнцэл сөрөг болж, хямралын шинжтэй болж эхэлсэнээр манай оронд валют дутагдаж эхэлсэн. Уул уурхайн уналтын мөчлөгийг сөрсөн энэ хүндрэл бий болсон. Тиймээс мөнгөний бодлогоороо зохицуулахаас өөр аргагүй болсон нь үнэн. 2008-2012 онд 4.5 тэрбум ам.доллар валютын урсгал болж орж ирэхэд баярласан ч, тэр урсгал тасрахаар эдийн засгийн огцом агшилт дагуулсан. Үүнээс гарах арга зам нь ажлын байрыг хадгалах, валютын ханшийн савалгааны эрсдлээс хамгаалах гэх мэтчилэн олон асуудалтай тулгарсан юм. Тэр цаг үед УИХ-аас Засгийн газар, Монголбанктай хамтарч мөнгөний бодлогоо хадгалж үлдэх арга хэмжээ авах шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу Монголбанк, Засгийн газартай хамтарсан санамж бичгийн хүрээнд хэрхэн зөөлөн газардах вэ гэдэг арга хэмжээ авсан.

-Янз бүрийн хөтөлбөрүүд, тэр дундаа “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр ингэж эхэлсэн биз дээ?

-Тэгсэн. “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрөөс гадна ипотек, “Сайн” хөтөлбөрүүд хэрэгжиж, 2016 он хүртэл үргэлжилсэн. Ёроолдоо хүртэл унах магадлалтай байсан эдийн засгийг байж болох тэр түвшинд нь хадгалсан. Үүнээс өөр гарц, арга зам байгаагүй. Засгийн газар УИХ-д таван тэрбум ам.долларын хэрэгцээ байна гээд 2012 онд асуудлаа оруулсан. Учир нь жил бүр 4.5 тэрбум ам.долларын хэрэгцээ эдийн засагт бий болчихсон байсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль өнөөдрийн үүссэн эдийн засгийн эрсдлийн хэмжээг зохицуулахаар заалттай байсан ч харамсалтай нь сөрөг хүчин өнөөдрийн эрх баригчид унагаасан. Засгийн газар эрхийнхээ хүрээнд 1.5 тэрбум ам.долларыг Чингис бондоор босгосон. Чингис бондын хүрээнд Чингис бондын эсрэг төгрөг гаргаж төгрөгөө үнэ тогтворжуулах хөтөлбөр рүү хийсэн. Энэ нь Монгол Улсын мөнгөний бодлогын хүрээнд хийгдсэн ажил байлаа. Тиймээс л 2013-2015 онд эдийн засаг харьцангуй тогтвортой явж ирсэн. Харин 2015 онд хөтөлбөр хэрэгжээд дуусах үед эдийн засгийн бууралт эхэлсэн.

-Өөр боломж байгаагүй юу. Сүүлд нь ингэж баалуулахгүйгээр шийдэх ч гэдэг юм уу. Ер нь бол бодлогын алдаа гээд байгаа л даа?

-Үүнээс өөрөөр шийдэх боломж тухайн үеийн Засгийн газарт байгаагүй. Хэрэв бид энэ эрсдлийг давах бодлогыг хэрэгжүүлээгүй бол өөрөөр үүнийг давах боломж байгаагүй юм шүү. Энэ бодлогыг хэрэгжүүлээгүй бол ам.долларын ханш хэдэн мянгад хүрэх байсныг хэн ч мэдэхгүй. Валютаас хараат болж, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, мянга мянгаар тоологдох ажлын байр байхгүй болох эрсдэл байсан.

-Монголбанкны ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхтэй ч манайд тийм орчин байхгүй байгаа юм биш үү. Сав л хийвэл улс төр орчихоод байх юм?

-Монголбанк гэдэг бол өөрийн эрхзүйн тусгай орчинтой, ерөнхийлөгч нь өөрийн бүрэн эрхтэй, тиймээс үүнд улс төрийн арга замаар хэрхэвч хандаж болохгүй. Яагаад улс төрийн гэж онцлов гэхээр Байнгын хорооны ажлын хэсэгт хэдэн улстөрчийг оруулан зорилтот шалгалт хийсэн. Бүр улс төржсөн хардалтын шалгалт гэж хэлье. Монголбанкин дээр яагаад ийм их төсөл хөтөлбөр хэрэгжчихэв, хэн идээд уучихав, хэнд хариуцлага тооцох вэ, хаашаа мөнгө орж гарсан байна вэ гэдэг ийм л шалгалт хийсэн шүү дээ. Түүнээс яагаад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон юм бэ гэсэн бодлогын шалгалт хийгдээгүй. Шалтгаан нь юу вэ гэдэг дүгнэлт гаргаагүй. Хөтөлбөрүүдийн үр дүнд тэлсэн эдийн засгийн агшилт юунд хүргэх байсан бэ гэдэг дүгнэлт ч алга. Хөтөлбөр хэрэгжсэнээр ямар эерэг үр дүнд хүрсэн бэ гэдгийг тодорхойлохыг хүсээгүй. Тийм болохоор улс төржсөн шалгалт гээд байна л даа.

-АН-ын бүлгийн гишүүдээс ажлын хэсэгт ороод шалгах боломжгүй байсан юм уу?

-Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэгт орох уу гэдэг саналыг хэн ч тавиагүй. Ажлын хэсэгт байгаа бүрэлдэхүүнд ямар хүмүүс орсныг хараарай. Ажлын хэсгийн дүгнэлт нь буруутныг хайсан, нэг үгээр хэлбэл ичсэн хүн, хүн алах гэж байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөрт олон компани хамрагдсан. Хөтөлбөрийн үр дүнд өнгөрсөн дөрвөн жил үнэ хамгийн тогтвортой байсан. Инфляци эсрэгээрээ буурсан. 2008-2012 оныг бид эргээд санах хэрэгтэй. Эдийн засгийн өсөлттэй байсан энэ жилүүдэд инфляци ч хурдтай өссөн. Бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, шатахууны үнэ 200 төгрөгөөр савж байсныг бид мартаж болохгүй. Эдийн засаг өсч байна гэсэн хэрнээ махны нэг кг-ын үнэ нь 12 мянгад хүрч байсан. Гэтэл үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд шатахууны үнэ өнгөрсөн дөрвөн жил хамгийн тогтвортой явж ирсэн.

Валютын ханш 1300-1900 төгрөгт хүрсэн нь үнэн. Эдийн засаг ийм хүнд байсан өнгөрөгч дөрвөн жилд валютын ханшийг 600 төгрөгөөр бид алдсан. Хэрэв бид бодлогын арга хэмжээг аваагүй бол хэд хүрэх байсныг таах аргагүй. Барилгын материалын үнэ, импорт хоёр дахин буурсан. Илүү хэрэглээ багасч, цемент, арматураа бид дотооддоо үйлдвэрлэж үнийг тогтвортой барьж чадсан. Хэрэв бид валютын ханшийг тогтвортой барина гэсэн бол өнөөдрийн эрх баригчид шиг гаднаас зээл авч болох байв. Монгол Улс үргэлж валютын дутагдалд явж ирсэн. Төлбөрийн тэнцэл яагаад хямраад байдаг юм бэ гэхээр бид биет бүтээгдэхүүнээрээ экспортлочихдог. Гаргасан бүтээгдэхүүнээс орж ирж буй мөнгөний хэмжээ зөрүүтэй байдаг. Энэ зөрүү Оюу толгой дээр гарч ирдэг. Оюу толгойгоос жил бүр 1.5 тэрбум ам.долларын борлуулалт хийчихээд байхад борлуулалтын мөнгөний дутагдал нь валютын дутагдал үүсгэж байгаа. Би наад гэрээнийхээ нөхцлийг яриач ээ гэж байнга хэлдэг байсан. Бид мөнхийн валютын дутагдалд орно. Оюу толгойн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдсэн ч тэр мөнгө нь Монголоор орж ирэхгүй бол монгол валютын хомсдолд байсаар байна гэдгийг тооцох хэрэгтэй.

-Уг нь 2017 оны төсвийг тодотгохдоо наад асуудлыг чинь шийдсэн ч УИХ 29 дүгээр тогтоолоо хүчингүй болгочихсон. Валютын хомсдлоос гарах боломж байжээ, уг нь?

-УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр заалтаар гадагшаа гарч буй бүх түүхий эдийн борлуулалтын мөнгийг Монголбанкаараа дамжуулж байя гэдэг заалт хасагдсан. Үүнийг би буруу гэж харж байгаа. Ямар ч сайн Засгийн газрын өмнө тулгардаг толгойны өвчин энэ. Үүнээс бид гарахгүй бол валютын ханшийн тогтвортой байдлыг ярихад хол сонсогдоно. Одоо яах вэ, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдлаа. Энэ гурван жилийн л асуудал. Түүнээс хойш бид яах вэ гэдэг нь бүрхэг хэвээрээ үлдсэн. Тиймээс бид зайлшгүй үүнийг шийдэх ёстой.

-Монголбанкны салхинд хийсгэсэн гээд байгаа 14 их наяд төгрөг яг юу юунаас үүсчихэв. Хүүгийн алдагдал, Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс болсон гэх юм. Өөр тодорхой зүйл бий юу. Энэ хүрээнд тухайн үеийн зарим сайд нарт хариуцлага тооц, зээл авсан нэр бүхий компаниудын зээлийг арилжааны банкны хүүгээр тооцож эргүүлэн төлүүл гээд байна л даа?

-Ажлын хэсгийн гишүүдийн ярьж байгааг сонссон. Нэгдүгээрт, хэтэрхий бага хувийн хүүтэй зээл өгсөн байна гэж шүүмжилж байсан. Хоёрдугаарт, Монголбанк зээл өгөөгүй юм. Арилжааны банкуудаар дамжуулан зээл олгосон. Арилжааны банкууд аливаа компанид зээл өгөхдөө зорилтот зээлийг хөтөлбөрийн хүрээнд олгодог байсан. Ямар ч банк өөрсдийн эрсдлийг тооцоод зээл өгнө биз дээ. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд зээл авсан компаниудын ихэнх нь авсан зээлээ эргүүлэн төлсөн байна. Юугаар хохирчихсон юм. Хүү өөрөө бодит хохирол мөн юм уу. Хүүгийн алдагдлыг бодит хохирол гэж тооцож болох уу. Ялангуяа Төвбанкны мөнгөний бодлогын хүрээнд үүнийг алдагдал гэж тооцож болдог юм уу. Хэрэв тухайн компани гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй, эргэн төлөлтөө хийгээгүй бол үүсэх хариуцлага нь банк, компани хоёрын хоорондын асуудал. Түүнээс биш Төв банкны удирдлагууд нь УИХ, Засгийн газрын шийдвэрээр үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүс.

-Ажлын хэсгийн дүгнэлт дээр хүмүүсийн нэр цохон хариуцлага тооцох талаар дурдсан байна лээ. Сонгуулийн өмнөх шоу ч гэж харах нэгэн байна л даа?

-Н.Золжаргал, мөн гурван сайдын нэр дурдагдсан. Энэ зүгээр л улс төржсөн, нийгэмд сенсаци тарих гэж зориудаар нэр цохон дурдаж байна. Эдгээр хүмүүс ямар буруутай юм. УИХ-ын шийдвэрийг биелүүлснийхээ төлөө буруутах ёстой юм уу. Засгийн газар хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Хэрэв гурван сайд дээд байгууллагын шийдвэргүйгээр дураараа авирласан бол асуудал өөр. Тийм зүйл байхгүй. Хэрэв өмнөх дөрвөн жилд гаргасан Их хурлын шийдвэрийг дараагийн Их хурал нь үгүйсгээд байвал энэ төрд залгамж бодлого үлдэх үү. Тухайн жилүүдэд гишүүн болсон хүмүүс үг хэлж, шийдвэр гаргах нь хэнд хэрэгтэй юм. Одоо тийм хэлбэр рүү хүчтэй орж байна. Өмнөх Засгийн газар, Их хурлын шийдвэрийг бүгд үгүйсгэдэг. Өөрийнх нь сэтгэлд нийцээгүй бол “Та нар буруу юм хийсэн байна” гэдэг. Тухайн үедээ Монголбанкны авч хэрэгжүүлсэн бодлого зөв байсан. Тэр үеийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал өнөөдрийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хоёр өдөр, шөнө шиг зөрүүтэй. Өнөөдрийн хэмжүүрийг өчигдрийн хүнд нөхцлийн хэмжүүртэй дүйцүүлж, буруутгаж болохгүй. Үүнийг алдаатай бодлого гээд зарлаад байх юм. Юун дээр нь алдаа байсан юм. Тэр нөхцөлд бид биш тэд байсан бол юу хийх байсан юм бэ. Ялгаагүй л валютын дарамтаас гарахын тулд өр тавих л байсан. Өөр яах байсан юм. Тиймээс асуудалд бодитой хандах ёстой. Тэгэхгүйгээр хэн нэгэнд хариуцлага тооцох гэж, эдийн засгийн хүндрэлээр гарч буй бодлогыг яллах гэж, бодлогын шийдвэр гаргасан хүмүүст ял тохоох гэж байгаа юм бол бид ямар нийгэм рүү алхаад байгаа юм бэ. 2008-2012 оны Засгийн газар Голланд өвчний суурийг тавьсан юм байна, хүн бүрт 1.5 сая төгрөгийг амлаж, 20 мянган төгрөгийг бэлнээр тараасан бодлого нь буруу байсан гээд бид явж болох байсан. Гэхдээ бид тухайн үеийн Засгийн газар, Их хурлын шийдвэрийг хүндэтгээд явсан. Хэн нэгнийг яллах гээд байгаагаараа улс төржөөд байна гээд байгаа юм, би. Ийм явдал сонгууль бүрийн өмнө болдог. Ингэж сөхөж гаргах ирэхдээ хэн нэгний нэртэй заавал наадаг. Үүний дүнд Монгол Улс, иргэд эдийн засгаараа юу хожив. Хожил байхгүй.

-Эрх баригчдын ярьж байгааг сонсоход танай намынхан л улс орныг бүр самраад хаячихжээ. Хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэр, Монголбанк гээд л сонсоход л хэцүү санагдах юм байна шүү дээ?

-Би нэг л зүйл хэлье. 2012-2016 оны эдийн засгийн амаргүй үед Ардчилсан нам сайн ажилласан. Ардын намтай ч, “Шударга ёс” эвсэлтэй нь ч хамтарсан. Олонх болж чадаагүй олон суудал авсан болохоор бидэнд хүндрэл байсан. Асуудлын шийдэл дээр байнга эсэргүүцэлтэй тулгардаг байлаа. Гэхдээ бид ард нь гарсан. Хэрэв Ардчилсан нам бодлого хэрэгжүүлээгүй бол энэ улс орны хувь заяа 2016 онд үүнээс хүнд болох байсан гэдэгт би итгэл үнэмшилтэй байдаг. Бэлэнчлэх сэтгэлгээ өдөөгдчихсөн, эдийн засаг Оюу толгой гэдэг ганц удаагийн хөрөнгө оруулалтад ханачихсан байв шүү дээ. Оюу толгойн эхний шатны хөрөнгө оруулалт зогсонгуут эдийн засаг буцаад хуучин байрандаа очсон. Бид гадаадын хөрөнгө оруулалтын тухай маш их ярьдаг. Гадаадын хөрөнгө оруулалт манайд ямар сонирхлоор орж ирдэг вэ гэхээр уул уурхай, газрын баялгийн үнэ өссөн үед л орж ирдэг. Өөрөөр манай эдийн засгийг сэргээх гадаадын хөрөнгө оруулалт ганц ч байхгүй. Аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт оруулж буй хөрөнгө оруулалт шалихгүй. Эдийн засагт нөлөөлөх хэмжээнд очиж чадахгүй байхгүй юу. Одоо бид хөрөнгө оруулалт оруулж ирэх юм бол суурь аж үйлдвэрийн хөгжилд түлхэц болох хөрөнгө оруулалт оруулж ир. Хүнд үйлдвэрийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг оруулж ир. Суурь аж үйлдвэрээ дэд бүтэцтэйгээ хамт оруулж ирсний дараа Монгол харин жинхэнэ хөрөнгө оруулалтын талбар болж хувирна.

-Ер нь Төв банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнд хамгийн түрүүнд хариуцлага тооц гээд байгаа. МАН-ын УИХ-ын гишүүн Б.Жавхлан тухайн үед Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан байх аа?

-Монголбанкны удирдлагуудын гаргаж буй шийдвэр хамтын шийдвэр байдаг. Түүнээс биш түүвэрлэж ялгах асуудал байхгүй. Дахин хэлэхэд Засгийн газрын шийдвэр ч тийм. Хэн нэгнийг татаж аваад яллаад байх асуудал байхгүй. Төрийн бодлого заавал уламжлагдаж байх ёстой. Тухайн дөрвөн жилд төр барьж буй эрх баригчид өөрсдийн шийдвэрийг гаргах бүрэн эрхтэй. Түүгээрээ дөрвөн жилийн дараа хариуцлага хүлээх бүрэн чадвартай байх хэрэгтэй. Түүнээс биш өмнөх дөрвөн жилээ шүүж ялладаг, үүн дээрээ дөрөөлж улс төр хийж өөрсдийн хийж байгаа зүйлээ сайн болгож харагдуулдаг хүмүүс Монголд хүлээгдэж буй улс төр биш. Гурван сая хүнийг талцуулсан, үл ойлголцол руу явуулсан зүйлсийг бид хөхиүлэн дэмжиж болохгүй. Гурван саяулхнаа байж эвтэй сайхан амьдаръя гэж ярьдаг. Эвтэй сайхан амьдаръя гэхээр нэг юм яриад эрх барьж байгаагаа умартан хэн нэгнээс алдаа хайгаад явчихдаг. Ийм алдаа байна гэчихээд өөрсдөө ямар ч ажил хийдэггүй. Хэн нэгэнд хариуцлага тооцуулахаар зүтгэж болно. Гэхдээ өөрсдөө юм хийсэн байх ёстой шүү дээ. Засгийн газар байгуулагдсанаас хойш Монголд юу өөрчлөгдөв. Таны амьдрал сайжирсан уу. Энэ улс оронд ямар зүйлс хийв. Тиймээс хоосон улс төрөөр битгий хоолло гэж байгаа юм. Ажил хийж, үр дүн гаргах хэрэгтэй. Ардчилсан намыг эрх баригчид сөрөг хүчин байхдаа өчнөөн л балбасан. 1.5 тэрбум ам.долларын Чингис бондоор ард түмнийг өртэй болгосон гээд баахан улс төр хийсэн. Гэтэл өнөөдөр ОУВС-д орох нь зөв. Өр тавих нь зөв гээд өмнөх Засгийн газрын буруу бүхэн өнөөдөр зөвдөж эхэлсэн. Энэ чинь өөрөө зөв юм уу. 1.5 тэрбум ам.доллар дээр улс орныг өрөнд бариуллаа гэсэн хүмүүс 5.5 тэрбум ам.долларыг авахаар ярьж байгаа. Өчигдрийн буруу зүйл яахаараа өнөөдөр зөв болдог юм. Өнөөдрийн тэдний зөвтгөөд байгаа зүйл өчигдрийнхөөр яагаад буруутгагддаг юм бэ. Энэ тогтолцоо, улстөржилт нэг л буруу яваад байна. Үүнийг зайлшгүй өөрчлөх ёстой. Үл ойлгогдох байдал руу явж байгаа нь бидэнд ямар ч сайн зүйл авч ирсэнгүй. Нэг сэдэв дээр дөрөөлж гардаг баахан популист улстөрчидтэй болчихсон.

-Гарц нь Үндсэн хуулийн өөрчлөлт байх л даа...

-Гарц нь Үндсэн хуулийн өөрчлөлт гэж таны хэлдэг зөв. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хувь хүнийхээ хувьд дэмжиж байгаа. Олон толгойтой, олон удирдлагатай үл ойлгогдох улс төрийн хүчнүүд талцдаг. Болохгүй байгаа энэ бүхнээ бид нэг удаа цэгцлэх хэрэгтэй. Хөдөө орон нутагт ах дүүсээрээ улс төрждөг. Багийн Засаг дарга тавихаас эхлээд хоорондоо хэрэлддэг. Үүнийг цэгцлэх хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаран батлахгүйгээр улс орон даяар хэлэлцүүлэг зохион байгуулж, эрх баригчид үнэмлэхүй олонх байгаа дээрээ Үндсэн хууль зөв болох ёстой.

-Монголбанкинд улс төр орохгүй байх боломж бий юу. Алдагдлыг эргэн төлүүлнэ гэвэл ипотекийн зээлд хамрагдсан бүх хүн төлөх үү. “Сайн” хөтөлбөрт хамрагдсан бүх хүн мөн төлж таарах уу?

-Монголбанкны дүгнэлтэд бага хүүтэй зээл өгсөн байна, буруу. Бусад нь яагаад өндөр хүүтэй зээл авдаг юм бэ гээд байгаа. Энэ зээлийг ямар хүмүүс авсан юм бэ гэхээр ипотекийн найман хувийн зээл авсан 80 мянган өрхийн асуудал хөндөгдөнө. Найман хувийн зээлийг бага гэж байгаа юм байна. Хэрэв тийм бол үүнийг нэмэх гээд байгаа юм байна. Алдагдлыг гэрээлэгч этгээд төлдөг болохоос хэн нэгэн дарга төлдөггүй. Бид ийм хуультай. “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд 50 мянган малчин зээл авсан. Тэдэнд бага хүүтэй зээл өгсөн гэж байгаа бол тэднээр алдагдлыг буцаан төлүүлнэ гэсэн үг. Шатахууны үнийг нэмэхгүйн тулд төр мөнгөний бодлогоороо эрсдлээ хийгээд явсан. Үүнээс ард түмэн хожсон. Монгол Улсын иргэнээ хамгаалсан мөнгөний бодлогыг өнөөдөр арилжааны банкны тооцоо хийж байгаа юм шиг ингэж хийдэг нь ямар учиртай юм бэ. Хэрэв бензиний үнэ 50 төгрөгөөр нэмэгдсэн бол хичнээн хүн үүнийг төлөх байсан бэ гэдгийг тооцсон юм уу. Малчны зээлийг тэр өндөр хүүтэй өгсөн бол хэдэн малчин хохирох байсан юм. Хэчнээн иргэн ипотекийн зээлээс хохирол амсах байсан юм бэ. Үүнийгээ тооцсон юм уу. Асуудалд ингэж хөнгөн гоомой хандаж болохгүй. Монгол төрийн бодлогод сэтгэлийн хөөрлөөр хандаж болдоггүй юм аа. Энэ монгол төрийн бодлого байсан.
Төрийн шийдвэрийг хэн нэгэн улс төрөөр дамжиж гарч ирчихээд яллаж болдоггүй юм. Үүнийгээ болих хэрэгтэй. 2020 онд өөр улс төрийн хүчин гарч ирээд өмнөх шийдвэрүүд буруу байна гэж алх цохиод бүгдийг нь шоронд хийгээд байх юм бол төр хаана нь орших юм бэ. Хэн ялтан болохын тулд төрийн өмнөөс шийдвэр гаргаж, хэрэгжүүлдэг болох юм бэ. Үүн дээр нь хууль хяналтынхан тоглодог. Улстөрчид нь матдаг. Хэрэв чи төрийн хүн болсон бол төрийн залгамж чанарыг байнга хадгалж явах ёстой. Хардах эрх байж болно. Үндэслэлгүй зүйл дээр улс төрийн аргаар хардаж, улс төрийн аргаар шийтгэл ноогдуулж болохгүй.


Э.ЭНХБОЛД

 

Эх сурвалж: Өдрийн сонин

Ангилал


Twitter


Facebook