Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг хийж, гарсан санал дүгнэлтийг хуульд тусгах нь зүйтэй гэж үзлээ

2017-05-15
|
Мэдээ

     УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.05.15/ ээлжит хурлаа хийж, МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын гишүүдээс санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсан найруулгын төслийн талаар хэлэлцлээ.

Тус хуулиудын төсөлтэй холбоотойгоор Бүлгийн гишүүдэд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулсан ажлын хэсгийн ахлагч УИХ-ын дэд дарга Я.Санжмятав,Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо болон ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийж санал бодлоо солилцлоо.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын гишүүдээс санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад Монгол Улсын Үндсэн Хууль болон бусад хуультай зөрчилдөж буй заалтууд нэлээд байгаа төдийгүй Төрийн албаны зөвлөлийн хараат бус байдалд нөлөөлөх Засгийн Газраас төрийн албаны томилгоо, сонгон шалгаруулалтад дам болон шууд нөлөөлөх нөхцөл байдлыг үүсгэхээр зүйл заалтууд олон байгааг эргэж харж, Мэргэжлийн байгууллага хүмүүсийн саналыг тусган өөрчлөн найруулах, Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг хийх шаардлагатай гэж үзлээ.

Мөн хуулийн төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн 46.2 дахь хэсэгт заасан Монгол Улсын Төрийн жинхэнэ албан хаагч гэсэн агуулга томъёоллыг орхигдуулсан, журам дүрмээр зохицуулах боломжтой олон зүйлийг хэт хавтгайруулан тусгасан, Төрийн албаны зөвлөлийн чиг үүргийг Засгийн газрын мэдэлд /ЗГХЭГ/ шилжүүлэн төвлөрүүлэхээр заасан байгаа нь Төрийн албаны зөвлөл, төрийн алба хаагчийн хараат бус тогтвортой ажиллах нөхцөлд сөргөөр нөлөөлөхөөр байна гэж дүгнэлээ.

Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ лхагва гараг буюу 2017.05.17-ны өдөр Төрийн Албаны зөвлөл болон бусад мэргэжлийн байгууллага, холбоодын оролцоотойгоор тус хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулахаар болов.

Төрийн Албаны Зөвлөл Сүхбаатар аймгийн хууль зөрчсөн асуудалтай холбоотойгоор шаардлага хүргүүлсэн

Бүлгийн хурлын үеэр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогоос бүлгийн гишүүд одоо мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, Сүхбаатар аймагт үүсээд байгаа Улс төрийн нөхцөл байдлын талаар Төрийн албаны зөвлөлийн зүгээс авч буй арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогийн хэлж буйгаар “Сүхбаатар аймагт үнэхээр хууль зөрчсөн зүйл болсон. Төрийн албаны зөвлөлөөс байр сууриа албан тоотоор хатуу илэрхийлсэн байгаа. Өнөөдөр мөрдөж байгаа хуулиар ИТХ-ын гишүүн буюу улстөрийн албан тушаал хашиж байгаа хүн төрийн Захиргааны алба давхар хаших хууль эрх зүйн ямар ч боломж байхгүй.

Тиймээс Сүхбаатар аймагт хууль бусаар төрийн албанд ажиллаж байгаа гурван хүнийг ИТХ-даа, эсвэл төрийн захиргааны ажлыг нь хийлгэ” гэсэн шаардлага хүргүүлсэн. Харин аймгийн Засаг даргаас нь Төрийн албаны зөвлөлд хариу бичиг ирүүлсэн. Хариу бичигт “УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүний санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотойгоор тун удахгүй Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орох гэж байна. Тиймээс тэр болтол энэ байдлаараа ажиллаж байх болно” гэсэн батлагдаагүй байгаа хуулийн төсөлтэй холбон, одоо мөрдөгдөж буй хуульд нийцээгүй албан тоот ирүүлсэн байгаа гэсэн хариултыг өглөө.

Түүнчлэн сүүлийн үед төрийн албанаас 22365 хүн халагдсан. Үүнээс 3000 гаруй хүн тэтгэвэрт гарсан тухай Төрийн Албаны Зөвлөлийн дарга мөн энэ үеэр мэдээлэл өгсөн. Тиймээс одоо УИХ-аар хэлэлцэж буй Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр төрийн албаны тогтвортой байдлыг анхаарч үзэх хэрэгтэй байгаа талаар мөн ярилцлаа.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зүгээс төрийн албыг арилжааны хэрэгсэл болгож буй талаар ярилцсан “60 тэрбум”-ын гэж нэрлээд буй асуудлаар тодорхой мэдээлэл өгөхийг Төрийн Албаны Зөвлөлд даалгалаа.

УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг байгууллаа

Бүлгийн хуралдааны эцэст Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн З.Нарантуяа эдгээр ажлын хэсгийн ахлагчаар ажиллахаар болов.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ХМОНХХ

Ангилал


Twitter


Facebook